Гурван хүүгийн ээжид амьдрал бэлэглэе Монголчуудаа

 

        Энэ эмэгтэйн нэрийг Ё.Соёлням гэдэг. Олны танил биш, жирийн нэгэн эзэгтэй, хөвгүүдийн ээж, хүний хань. Ё.Соёлням гурван хүүтэй бөгөөд хамгийн бага нь дөрвөн настай харин том нь дөрөвдүгээр ангид сурдаг. Тэрбээр хөвгүүддээ ээж нь хэвээр үлдэж элэг бүтэн амьдрахын тулд уншигчид та бүхэнд хандсан нь энэ юм.  Хэзээнээс тусч, сайхан сэтгэлээрээ гайхагдаж ирсэн Монголын ард түмэн та бүхэн нэг ч гэсэн айлыг элэг бүтэн амьдрахад нь дэм хүргэж түүнд туслахыг уриалж байна. Ё.Соёлнямын ард түмэндээ хандан бичсэн захидлыг хүргэе.

 

Захидал

 

 Сайн байцгаана уу? "Сайн байна уу? Сайн, сайн" гэдэг монгол хүний мэндчилгээний энэ хоёр гуравхан үг... Хэлэхэд хэчнээн амар билээ дээ, хэд гуравхан энэ үг. "Сайн. Сайн байна уу?"... Гэхдээ цөөн хэдэн энэ үг ямар чухал, ямар үнэтэй ойрд би улам ихээр ойлгодог боллоо. Утга учрыг нь ухаарч ойлгох тусмаа урьд нь яагаад анзаардаггүй байсан юм бол гэж гайхах.

 

Намайг Ёндонжанхарын Соёлням гэдэг. Би 42 настай, гурван хүүгийн ээж, сайхан ханийн гэргий. Би олны танил биш, жирийн нэгэн эзэгтэй, хөвгүүдийн ээж, хүний хань. Гурван хүүгийн маань бага нь дөнгөж 4 настай, том нь 4 дүгээр анги. Нөхөр бид хоёр бизнес гэж хэлэхэд томдох хувийн жижиг сажиг ажил аялуулж, амьдралаа хүнээс илүүгүй ч, бас дутуугүй авч явах гэж хэрэндээ л хичээж ирсэн. Хүнд муу юм хийлгүй амьдарч, олсоноо гололгүй, алдсандаа амаа барилгүй амьдарч ирсэн тийм л айл, ийм л хүн. Миний мундагийнх ч биш, талийгаач ижий, настай буурал аав хоёр маань бидэнд ийм хүмүүжил суулгаж дээ. Тэр хоёр маань насаараа олны хүүхэдтэй бужигнасан багш нар. Хуучнаар Найрамдлын район, одоогийн Баянзүрх дүүргийн 44 болон 53 дугаар сургуулийнхан бол хоёулаа биеийн тамирын багшаар ажилладаг байсан нэг гэрийн хоёрыг санаж байгаа байх аа.

 

Цаг улирал ээлжилсээр, он жил жамаараа урссаар, хүүхдүүдээ зөөж, ажлаа хийж, үглэж дуулж, инээж хөөрч, амьдрал өөрийнхөө гольдролоор үргэлжилсээр байх юм шиг санаж явлаа, саяхан болтол. Гэвч энэ хавар би хэн хүн өдөр болгон сонсоод байдаггүй цочир хэцүү мэдээ сонслоо. "Элэг яаралтай солиулах шаардлагатай". Донор олох, эмнэлэг сонгох, зардлаа олох гэсээр зуныг үдэж, намар дундаа орлоо. Энэ бол миний асуудал, намайг л онилж дайрсан хувь зохиол, хүмүүст нялзааж, бусдад тохох хэрэггүй гэсэн бодолтойгоо яваад байсан хэрэг. Гэвч... Гэвч элэг солиулах хагалгааны зардал бараг 100 шахам сая төгрөгтэй нүүр тулан яг зогсох хүртлээ... Зарж болох бүхнээ борлуулж, зээлж чадах болгоноо цуглуулж явсаар "10 дугаар сарын 15-ны өдөр мөнгөө байршуулах эцсийн хугацаа" гэдэг товыг сонсоод энэ захидлыг бичихээр шийдлээ.

 

Танихгүй нэгэнд туслах алба танд байхгүй байж болно. Таньдаг нэг нь энэ захидлыг олж уншвал Соёлоодоо туслана уу. Миний данс: Хаан банк 5077015648 Соёлням.

 

"Элэг нэгтэй болъё" гэж хөвгүүд болон ханьтайгаа хамт би танаас гуйж байна. "Сайн байна уу?" гэдэг сайхан асуултын хариуд элэг бүтэн, инээд дүүрнээр "Сайн. Та сайн уу?" гэж мэндчилэх өдөр олон, олон намраар ирнэ гэж найдаад эрхэм танаа хүндэтгэн ёсолсон Ёндонжанхарын Соёлням.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)