Манай улсын өрсөлдөх чадварт ахиц гарсангүй

 

        Нээлттэй нийгэм форумын Эдийн засгийн бодлогын хөтөлбөрийн менежер Д.ОЮУНБАДАМТАЙ ярилцлаа.

 

-Дэлхийн эдийн засгийн форум /ДЭЗФ/- аас жил бүр улс орнуудын өрсөлдөх чадварын тайланг гаргадаг. Энэ удаад манай улсад ямар ахиц гарсан байна вэ?

 

-Манай улс өнгөрсөн оны үзүүлэлтээр 3.8 оноо авч, 104 дүгээрт жагсч байсан. Харин 2016-2017 оны шинэ тайлангаар Монгол Улсын өрсөлдөх чадварт ахиц, дэвшил гарсангүй гэсэн дүгнэлттэй байна. Учир нь, өмнөх онтой адил 3.8 оноо авч, 102 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Өрсөлдөх чадварын индексийг 12 тулгуур үзүүлэлтийг харж гаргадаг. Тэдгээрийн дөрөвт нь бага зэргийн ахиц гарсан. Тодруулбал, макро эдийн засгийн орчин 0.4, дээд боловсрол, мэргэжлийн сургалт, технологийн бэлэн байдал, эрүүл мэндийн үзүүлэлт 0.1 оноогоор өссөн байна. Ерөнхийдөө технологийн бэлэн байдлын үзүүлэлт өсөхөд интернэтийн хурд, хэрэглэгчийн тоо нэмэгдсэн гэх мэт дэд үзүүлэлт голлосон бол макро эдийн засгийн орчны үзүүлэлт бага зэрэг өсөхөд инфляцын төвшин нэлээд нөлөөлжээ. Өнгөрсөн жилийн тайлангаар инфляц 12.9 хувь байсан бол энэ жил 5.9 болсноор нэлээн өөрчлөлт гарсан гэж үзэж байгаа. Мөн дээрх үндсэн үзүүлэлт нь 115 дэд үзүүлэлтээс бүрддэг. Үүнээс 10 гаруй үзүүлэлтэд нь манай улс дэлхийн 140 гаруй орноос эхний 50-д багтаж чадсан.

 

-Ямар үзүүлэлтүүдээр эхний 50 орны эгнээнд орсныг тодруулна уу?

 

-Хөрөнгө оруулагчийн хамгаалалт найм, интернэтийн хурд 17, ажлаас халахад гарах зардал 19, татварын нийт хувь хэмжээ 23, математик, шинжлэх ухааны боловсролын чанар 40, бизнес эрхлэхэд шаардагдах журам 41, инженер, эрдэмтдийн хангамж, хүрэлцээгээр 47 дугаарт орсон байна. Манай улсыг Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудтай харьцуулахад дээд боловсрол, мэргэжлийн сургалт, технологийн бэлэн байдал, эрүүл мэнд ба боловсрол, зах зээлийн үр ашгаараа харьцангуй давуу байгаа юм.

 

-Тус судалгаанд хамгийн доогуур үнэлгээ авсан ямар үзүүлэлт байна вэ?

 

-Өрсөлдөх чадварын судалгааг статистик мэдээлэл, бизнесийн удирдах ажилтнуудын санал асуулга гэсэн хоёр зүйлд үндэслэн гаргадаг. Ерөнхийдөө макро эдийн засгийн үзүүлэлт 2013 оноос хойш нэлээн бууралттай гарч байгаа. Энэ жилийн тухайд жишээлбэл, ДНБ-нд эзлэх өрийн төвшин 76.5 хувьтай гарсан. Ерөнхий дөрвөн үзүүлэлтээр өрсөлдөх чадварын оноо буурсан. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээлийн үр ашиг, институтын чанар, бараа бүтээгдэхүүний үр ашиг зэрэг үзүүлэлт муу байснаас үнэлгээ буурсан гэсэн үг. Дэд бүтэц, зах зээлийн боловсронгуй байдал зэргээс болж авбал зохих долоон онооны талд нь ч хүрэхгүй үзүүлэлт ажиглагдаж байгаа гэдгийг онцолмоор байна.

 

 

-Дэлхийн өрсөлдөх чадварын индексийг нэмэхийн тулд юунд анхаарах шаардлагатай вэ?

 

-УИХ-аас баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бодлогын баримт бичгийн биелэлтэд өрсөлдөх чадвараар эхний 70 орны эгнээнд орно гэсэн зорилт тавьсан байгаа. Тэгэхээр зорилгодоо хүрэхийн тулд хамгийн түрүүнд институтын чанар, дэд бүтэц, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх үзүүлэлтийг сайжруулах талд анхаарах шаардлагатай.

 

-Танайх жил бүр улсын төсөвт анализ хийдэг. Сая төсвийн тодотгол хийлээ. Төсвийн алдагдалд орчихоод байгаа энэ цаг үед ирэх оны төсвийг хэлэлцэхэд анхаарал хандуулах гол зүйл нь юу гэж харж байна вэ?

 

-Төсвийн тодотголын хувьд анализ яг хийж байна. Ирэх сард танилцуулна гэж төлөвлөсөн байгаа. Макро эдийн засгийн орчинг тодорхойлдог өрийн асуудал, төсвийн алдагдал, инфляц, зээлийн үнэлгээ, үндэсний нийт бүтээгдэхүүн зэрэгт маш их анхаарч байж нэг том оноогоор дээшилж 2030 гэхэд өрсөлдөх чадвараараа эхний 70 орны эгнээнд орно.

 

-Дээрх үзүүлэлтээс гадна манайд бизнес эрхлэхэд ямар хүчин зүйл саад болж байгаа талаар судалгаа гаргадаг шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

 

-Монгол Улсад бизнес эрхлэдэг нэлээд олон удирдах ажилтнаас судалгаа авсан. Түүний дүнгээс харахад Засгийн газрын тогтворгүй байдал, санхүүжилт авах боломж, гадаад валютын зохицуулалт, бодлогын тогтворгүй байдал, төрийн хүнд суртал зэрэг үзүүлэлт эхний тавд явж байна.

 

-Дэлхийд өрсөлдөх чадвараараа тэргүүлж буй ямар орнууд байна вэ?

 

-Швейцарь, Сингапури, Америк, Герман, Швед, Нидерланд зэрэг улс уг судалгааг тэргүүлж байна. Манай хөрш болох БНХАУ 4.95 оноогоор 28, ОХУ 4.51 оноогоор 43 дугаар байрт оржээ. Эдгээр улсын хувьд өрсөлдөх чадварын аль үзүүлэлт нь өндөр байна гэхээр төрийн институтын үр ашигтай, ил тод байдал, макро эдийн засгийн орчин нь таатай, боловсролын чанар, бизнесийн төгөлдөршил, инноваци гаргах чадвар нь нэлээд өндөр байгаа юм.

 

-Уг судалгаанд манай улс хэдэн оноос хамрагдаж эхэлсэн бэ?

 

-Дэлхийн 140 гаруй орны өрсөлдөх чадвараар эрэмбэлсэн тайланг жил бүр гаргадаг. 2016- 2017 оны тайланг энэ сард Дэлхийн эдийн засгийн форум /ДЭЗФ/-аас танилцууллаа. Нээлттэй нийгэм форум ДЭЗФ-тай хамтарч ажиллаад 12 жил болж байна. Энэ хугацаанд 3.2-3.9 хүртэл оноо авсан байдаг. Уг тайлангийн дүнд улс орнуудын төр засаг анхаарлаа хандуулж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг. Монгол Улс ч гэсэн өрсөлдөх чадварын судалгааны дүнг бодлого шийдвэртээ тусган ажиллаж байгаа.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)