О.Энхбаатар: Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 739 зээлдэгчийн зээлийг ойрын хугацаанд шийднэ

 

        Ипотекийн таван хувийн зээлийн санхүүжилтийг Монголбанкнаас зогсоосон ч энэ сарын 4-нөөс өмнө зээлийн хүсэлтээ өгсөн иргэдийнхийг шийдэхээр болсон. Мөн иргэд 80 мкв-аас ихгүй хэмжээтэй орон сууц худалдаж авсан тохиолдолд ипотекийн зээлд хамрагдах боломжтой байсан бол Засгийн газар энэ журамд өөрчлөлт оруулснаар талбайн хэмжээг 100 болгон өөрчилсөн билээ. Эдгээр асуудлаар Монголбанкны эдийн засагч О.ЭНХБААТАРТАЙ ярилцлаа.

 

-Заасан хугацаанаас өмнө таван хувийн зээлийн материалаа бүрдүүлсэн 1900 гаруй иргэний хүсэлтийг шийдэхээр болсон. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү. Тухайлбал, таван хувийн зээлд хамрагдах хүсэлтээ өгсөн хэчнээн иргэн байна вэ?

 

-Монголбанкны захирлуудын зөвлөлөөс таван хувийн хүүтэй орон сууцны зээлийн санхүүжилтийг зогсоох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг гаргасан даруйдаа буюу энэ сарын 5-нд банкны бүх захирал руу албан бичгээр хүргүүлсэн. Тэгэхээр энэ сарын 4-нийг хүртэл зээл олголт, судалгаа хэвийн үргэлжилж байсан гэсэн үг. Манайхаас гарсан шийдвэрийн талаарх мэдээллийг хүлээж авсан банкуудад “Шийдэгдэх шатандаа яваа болон шинээр хүлээж авсан хүсэлтүүдийг санхүүжүүлж өгөөч” гэдэг хүсэлт тавьсан л даа. Бид энэ саналыг хүлээж аваад энэ сарын 4-ний өдрөөс өмнө банкуудад амжиж ирсэн саналуудыг санхүүжүүлэхээр шийдсэн. Ингээд банкуудаас санал авахад есдүгээр сарын 4-ний өдөр хүртэл 1948 зээлдэгчийн төвлөрсөн байсан. Үүнд 92.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх шаардлага үүссэн учраас бид нийт зээлдэгчээ ангилж үзсэн л дээ. Үүнд худалдан авах орон сууцных нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ нь гарсан буюу түүнээс цаашхи шатанд яваа 739 зээлдэгч байна. Энэ хүмүүс орон сууцандаа эхнээсээ орчихсон гэсэн үг. Тиймээс материал нь бүрдсэн хүмүүсийн зээлийг ойрын хугацаанд шийдэхээр төлөвлөж байна. Үлдсэн буюу зээлийн шийдвэр нь гарсан эсэх болон түүнээс өмнөх шатандаа яваа, зээлийг нь судалж байгаа 1209 зээлдэгчийн материалыг банкууд тус тусдаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь бэлэн байна уу гэдгийг судалсны дагуу манайх руу эцсийн байдлаар мэдээллээ ирүүлнэ. Тэр үед бид үлдсэн зээлдэгчдийн асуудлыг шийдээд явна.

 

-Ямар ч байсан 1948 хүний зээлийг таван хувиар нь бүрэн шийднэ гэж ойлгож болох нь ээ?

 

-Эдгээр хүний зээлийн санхүүжилтийг бүрэн шийднэ гэж ойлгож болно. Гэхдээ есдүгээр сарын 4-нөөс өмнө зээлийн хүсэлтээ өгсөн иргэдийнхийг гэсэн үг шүү дээ. Цаг хугацааны хувьд эхний хэсгийг нь ойрын хугацаанд үлдсэнийг нь банкууд мэдээллээ ирүүлэнгүүт санхүүжилтээ оруулна гэсэн үг.

 

-Таван хувьд хамаарах суурьшлын бүсийн талаар мэдээлэл өгнө үү?

 

-Шинэ суурьшлын бүс болон нийслэлийн алслагдсан буюу Налайх, Багануур, Багахангай дүүрэг багтаж байна. Мөн 21 аймгийн нутаг дэвсгэрт барьсан орон сууцнууд багтана. Эдгээр байршлаас орон сууц худалдан авсан болон заасан хугацаанд хүсэлтээ амжиж гаргасан тохиолдолд таван хувийн ипотекийн зээлд хамрагдах боломжтой.

 

-“Буянт-Ухаа” 1, 2 хороолол багтсан уу. Шинэ суурьшлын бүс учраас өнгөрсөн хугацаанд банкуудад зээлийн хүсэлтээ хүргүүлсэн хүмүүс таван хувьд багтана гэсэн хүлээлттэй байгаа юм билээ ?

 

-Монголбанк ипотекийн зээлд менежерийн үүрэг гүйцэтгэдэг гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид энэ зээлийг хэрхэн, яаж удирдаж явуулах вэ гэдэг бодлогыг л хийж ирсэн. Түүнээс чухам яг, аль байршлыг тав, алийг нь найман хувьд хамруулах вэ гэдэгт оролцдоггүй. Энэ бол Засгийн газрын бодлогын хүрээний ажил. Тиймээс суурьшлын бүсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

 

-1900 гаруй хүний хүсэлтийг шийдсэнээр цаашид таван хувийн зээлийг бүрэн зогсоож байна гэж ойлгох уу?

 

-Ипотекийн таван хувийн зээлийн санхүүжилтийг зогсоож байна гэсэн үг. Үүний учир нь нэг талдаа Монголбанк бодлогын хүүгээ 4.5 хувиар өсгөсөн. Энэ нь төгрөгийн активыг нэмэгдүүлэх, иргэд хадгаламжаа ам.долларт шилжүүлэх гэх мэт эрсдэл үүссэнтэй холбоотой. Үндсэндээ мөнгөний бодлогоо хатууруулсан л даа. Гэтэл нөгөө талдаа зах зээлийн өртгөөс хэт доогуур буюу хямд хүүтэй зээл олгож мөнгөний зөөлөн бодлого явуулаад байгаа нь хоорондоо уялдаа холбоогүй болчихож байгаа юм. Тиймээс Монголбанк бодлоготойгоо уялдуулахын тулд таван хувийн зээлийг зогсоосон гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар ямар ч байсан эх үүсвэрийн санхүүжилтийг зогсоолоо. Цаашдаа Засгийн газар таван хувийн зээлийг санхүүжүүлэх өөр эх үүсвэр олчихвол үргэлжлүүлэх бүрэн боломжтой.

 

-Иргэд таван хувийн зээлд хамрагдах боломжтой эсэхээ хэрхэн мэдэх боломжтой вэ?

 

-Нэгдсэн дүн мэдээллээ банкууд манайд ирүүлж байгаа. Харин иргэн бүрийн нэрийг манайхаас нэгбүрчлэн зарлах боломжгүй. Ипотекийн ээлд хамрагдах хүсэлт гаргасан иргэд хүсэлт гаргасан банкнаасаа мэдээлэл авснаар таван хувьд хамрагдах боломжтой эсэхээ мэдэж болно.

 

-Энэ зээлийг зогсоохоос өмнө буюу өнгөрсөн хугацаанд таван хувийн зээлд хэчнээн хүн хамрагдсан байдаг юм бэ?

 

-Долоодугаар сарын дүн мэдээгээр 3924 зээлдэгч хамрагдсан байна. Зээлийн хэмжээ нь 17.9 тэрбум төгрөг. Ипотекийн зээлийн сүүлийн тайлангаар ийм дүн мэдээ гарсан байгаа.

 

-Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн худалдан авах орон сууцны дээд хэмжээг 100 мкв болгох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Үүнд Төвбанк ямар байр суурь илэрхийлэх вэ?

 

-Өмнө нь 80 м.кв байсныг 100 болгох шийдвэрийг Монголбанк биш Засгийн газраас гаргасан. Бид өнөөдрийг хүртэл санхүүжилтийг 80 м.кв хүртэлх орон сууцанд олгож байсан. Тэгэхээр Монголбанк ипотекийн зээлийн журмыг батлахдаа анхнаасаа 80 м.кв-аар тооцож шийдвэр гаргасан шүү дээ. Одоо 100 м.кв болгож байгаа бол Засгийн газар таван хувийн зээл шиг эх үүсвэрээ олоод санхүүжүүлээд явж болно. Түүнээс Монголбанк бол өнөөдрийн байдлаар анхны журам буюу 80-аас доошх м.кв–тай орон сууцны зээлийг санхүүжүүлнэ гэсэн байр суурьтай байгаа. Ер нь ипотекийн зээлийг анх хэрэгжүүлэхдээ дундаж ба түүнээс доош орлоготой иргэдийг орон сууцжуулах үндсэн зорилготой байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, энэ бүлгийнхэн хамгийн дээд талдаа л 80 мкв орон сууц худалдаж авна гэж тооцсон байдаг. Харин 100 гэдэг бол тансаг ба түүнээс дээш зэрэглэлийн орон сууц болоод явчихдаг. Нөгөө талаар 100 м.кв болгочихоор санхүүжилт нь тодорхой хэмжээгээр нэмэгдэж таарна. Тэгэхээр өнөөгийн эдийн засийн нөхцөл байдал, төлбөрийн тэнцэл ямар байгаа зэргийг бодолцож үзэх хэрэгтэй. Цаашлаад гадаад орчноо харсан ч мөнгөний тэлэлт хийх боломж хомс байгааг хэлье.

 

- Монголбанк энэ шийдвэрт ямар нэгэн байдлаар оролцоотой биз дээ. Тухайлбал, танай банкны зүгээс ямар нэгэн журам боловсруулах уу?

 

-Засгийн газраас журмаа батлаад Монголбанкинд саналаа ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, хамтраад энэ журмыг баталъя гэсэн агуулга бүхий албан бичиг ирүүлсэн л дээ. Одоогоор Төв банк үүн дээр ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа. Энэ талаарх хариу шийдвэрийг захирлуудын зөвлөлийн хурлаар шийдэх байх.

 

-Тэгвэл найман хувийн зээлийг хэзээнээс хэвийн олгож эхлэх вэ?

 

-Хэвийн үргэлжлэх хугацааг хэлэх боломж байхгүй. Одоогоор найман хувийн тухайд санхүүжилтийн тогтвортой механизмыг бүрдүүлэх, нөгөө талаас эдийн засагтаа ямар нэгэн байдлаар дарамт үүсгэхгүй байхыг эрмэлзэж байна. Мөнгөний хатуу бодлого баримталж байгаа учраас найман хувийн зээлийн хүрээнд маш их мөнгө нийлүүлэх нөхцөлийг үүсгэхгүй гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэнцвэрийг нь хангахаар зорьж байна. Найман хувийн зээлийг үргэлжлүүлэх нь зөв гэдэг чиглэлийг Монголбанк барьж байгаа. Гэхдээ өмнөх дөрвөн жилд Монголбанк шаардлагатай хэмжээгээрээ мөнгө шууд хэвлэж байсан. Одоо эдийн засгийн тэнцвэр, валютын ханшийн дарамт, гадаад дотоод орчин нөхцөл, инфляц зэргийг хэрэгжүүлж байгаа бодлоготойгоо уялдуулаад хамгийн зөв гарц олохоор ажиллаж байна.

 

-Өнөөдрийн байдлаар банкууд найман хувийн зээлийн хүсэлтийг хүлээж авсан ч шийдвэрлэхгүй байгаа гэж ойлголоо. Ямар ч байсан эцсийн шийд гартал хүсэлтээ хүлээж авах уу?

 

-Яг тэгж ойлгож болохгүй. Найман хувийн зээлийг зөвхөн Монголбанкнаас санхүүжүүлээгүй. Тодорхой хэсгийн санхүүжилтийг арилжааны банкнаас гаргадаг. Зарим тохиолдолд тухайн арилжааны банк шаардлагатай гэж үзвэл санхүүжилтээ хийгээд яваа гэсэн үг.

 

-Арилжааны зарим банк ипотекийн зээлийн санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан тохиолдол байгаа юм билээ. Аль банкин дээр ийм асуудал үүссэн гэдгийг дурдаж болох уу?

 

-Энэ талаар нарийвчилсан мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ банкууд Монголбанк руу хүсэлт ирүүлдэг. Манайх түүнийг нь нарийвчлан судална. Ингэснээр хүмүүсийн нэртэй, нийт дүнгийн тооцоололтой жагсаалт ирүүлдэг. Түүнийг нь бид судалж үзээд санхүүжилтээ хийдэг. Өмнө нь сард нэг удаа ийм байдлаар банкууд руу санхүүжилт олгодог байсан. Харин зээлийг түр зогсоосноор ипотекийн зээлд зарцуулах байсан үлдэгдлээ өөр байдлаар зарцуулсан ганц нэгхэн тохиолдол гарсан байхыг үгүйсгэхгүй. Түүнээс учиргүй ноцтой зөрчил илэрсэн гэж ойлгож байхгүй. Банкууд энэ санхүүжилтээ зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэхэд бид мэдээж шалгалт хийдэг. Зайнаас болон газар дээр нь очиж хянадаг. Хэрвээ банкууд ипотекийн зээлийн санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулбал дахин ийм санхүүжилт авч чадахгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр санхүүжилтээ аваад зээлээ олгоод явах нь банкуудад ашигтай учраас зориулалтын бусаар зарцуулсан тохиолдол бараг гардаггүй.

 

М.Өнөржаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • HgodhKqOCEDcVJ (46.161.9.8)

    2017-02-17

    yT2rGZ gezrysqviepe, [url=http://inuzrsfkhnqq.com/]inuzrsfkhnqq[/url], [link=http://veznbluvkkea.com/]veznbluvkkea[/link], http://iymeisjablkk.com/