Йоко Оно: Чепмений дараагийн хохирогч би эсвэл Шон байж болох юм

 

         “Битлз” хамтлагийн ахлагч Жон Ленноны бэлэвсэн эхнэр, Японы зураач, дуучин, уран бүтээлч Йоко Оногийн “Esquire” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Өдгөө 83 настай “Панк эмээ” гэгддэг Йоко Оног алдарт “Битлз” хамтлагийн тарах шалтгаан гэж удаан хугацааны турш буруутгасан юм. Тэрбээр нөхрийнхөө гэгээн дурсгалд зориулж “Энхтайвны баталгаа ЛеннонОно” шагналыг санаачилж, олон нийтийн сайн сайхан, дэлхийн энхтайвны төлөөх үйлсэд гар бие оролцож буй уран бүтээлчдэд жил бүр гардуулдаг юм.

 

-Та урлагийн ертөнцөд амьдралынхаа 50 жилийг зориулжээ. Юу таныг алдартай болгосон гэж боддог вэ?

 

-Тодорхой хэлж мэдэхгүй юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр амны уншлага мэт давтан ярьдаг амьдралын минь хамгийн бүрхэг дурсамж л намайг олон хүнд таниулсан байх.

 

-Таны хувьд өөрийн уран бүтээл, үзэл баримтлалаа энхтайвантай холбон тайлбарладаг. Яагаад энхтайвныг чухалчилдаг юм бэ?

 

-Энхтайван гэдэг ганцхан надад бус хорвоо ертөнцөд амьдарч, амьсгалж буй хүн бүрт хамааралтай ойлголт. Дайн биднээс хол мэт боловч цаг тутамд заналхийлж байдаг. Тиймээс хүмүүст энхтайван гэдэг өнөөдрийн тайван байдлаас гадна ирээдүйн баталгаа гэдгийг ойлгуулахыг зорьдог.

 

-Саяхан эмнэлэгт хэвтээд гарсан. Бие тань хэр байна вэ?

 

-Сайнгүй байгаа. Аливаа зүйлд учир шалтгаан бий. Гэтэл яаж ч хичээгээд юуны учир бие минь өвдсөнийг ойлгохгүй байна. Магадгүй хөгшрөх гэдэг нь энэ бололтой.

 

-Уран бүтээлчийнхээ хувьд өвөрмөц дүр төрх, стиль имижээрээ олноос ялгардаг. Өнгөрсөн жилүүдэд янз бүрийн дүр төрхөд хувирсан. Сэтгэлд тань үлдэж хамгийн таалагдсан дүр төрх тань юу байсан бэ?

 

-Олон нийтэд огт харуулаагүй багийн минь дүр төрх. Түүнчлэн гэр бүлтэй болж, өөрийн хайраа хэн нэгэнтэй хуваалцаж байсан эзэгтэйн дүр төрх л хамгийн сайхан нь байсан.

 

-Тэгвэл стиль имиж, хэв маягаа хэрхэн тодорхойлох вэ?

 

-Хувь хүн талаасаа аливаа зүйлд ач холбогдол өгч бүх зүйлд нарийн хянамгай ханддаг. Харин гадаад байдлаасаа бол өөрийн имижээ бүрх малгайтай салшгүй холбоотой гэж боддог. Намайг дөрвөн настай байхад эцэг, эх маань “Малгайгаа гуталтайгаа заавал хослуулж бай” гэдэг байсан. Бяцхан охин байхаасаа л малгайгаар гоёсон. Янз бүрийн дүр төрхийг төвөггүй илэрхийлдэг болохоор малгай болон нүдний шилэнд дуртай.

 

-Таны хувьд төгс аз жаргал гэж юу вэ?

 

-Миний бодлоор төгс аз жаргал гэж байхгүй байх. Харин амар тайван байдал, аз жаргалтай хором мөч л гэж бий. Аз жаргалыг хүн өөрөө л бий болгодог. Хэн ч түүнийг өгдөггүй юм.

 

-Таны амьдралын баатар хэн бэ?

 

-Надад ухаарал хайрласан амьдралынхаа бүх зүйлийг хэлнэ. Гэхдээ хамгийн ойр бөгөөд жинхэнэ баатар бол мэдээж миний нөхөр Жон Леннон, хүү Шон хоёр минь.

 

-Таныг өнөөг хүртэл нөхөртэйгээ хамт амьдарч байсан орон сууцандаа байдаг гэж сонссон. Жоныг таалал төгссөний дараа нүүх талаар бодож байгаагүй гэж үү?

 

-Түүнтэйгээ хамт амьдарч, хуваалцаж байсан орон зайгаа орхиж зүрхлэхгүй.

 

-Миний бодлоор тэнд амьдрахад их л хэцүү байна гэж бодсон?

 

-Тийм байх л даа. Гэхдээ бидний хамтдаа байхдаа бүтээсэн сайхан дурсамж ямар ч муу зүйлийг дарах хүчтэй гэж боддог. “Дакота”-ийн орон сууц нөхөртэйгээ хамт байгаа мэт халуун дулаан сэтгэгдэл төрүүлдэг. Жоны хүрч, хайрлаж, засч байсан олон зүйл тэр орон сууцанд байгаа учраас орхиод нүүнэ гэж бодохоор амьдралынхаа нэгэн үеийг баллуурдах гэж байгаа мэт сэтгэгдэл төрдөг.

 

-Ленноныг хүйтэн хөндий гэж дүрслэх хүн цөөнгүй. Таньд ер нь тусалдаг байсан уу?

 

-Миний нөхөр эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлдэг феминист хүн байсан. Тэр хүү Шоноо асарч, хоол хийж, бүх чадлаараа л надад тусалдаг байсан.

 

-Нөхрөө өнгөрснөөс хойш их ганцаардсан байх даа?

 

-Ганцаардлаа гээд би яах билээ. Хар дарсан зүүд шиг цаг үед надад хоёр сонголт байсан. Ганцаардал, шаналалаасаа болж уурлаж бухимдаж, сэтгэлээр унаж өөрийгөө зовоох. Эсвэл бодит амьдралтай зохицож өөрийгөө өөрчлөх гэсэн. Уй гашуугаасаа салж чадахгүй их удсан. Гэхдээ хүүдээ тийм дүр төрхөө удаан харуулж болохгүй учраас худлаа инээж сурах гэж их хичээсэн.

 

-Жон Леннон та хоёрыг хар тамхи хэрэглэдэг байсныг олон нийт мэднэ. Бал сараа геройнтой хамт тэмдэглэн өнгөрүүлсэн гэж ярьдаг. Та хоёр ямар төрлийн ургамал хэрэглэдэг байсан юм бэ ?

 

-Үнэндээ би марихуаныг үзэн яддаг байсан. Тухайн үедээ зүгээр л дүр эсгэдэг байлаа. Энэ зүйл хүний биед ямар хортойг залуу үе ойлгох ёстой. Би одоог хүртэл биеэ бүрэн хоргүйжүүлэхийн тулд маш их хичээдэг.

 

-Хоргүйжүүлэх гэхээр тийм их хэрэглэсэн юм уу?

 

-1960-1970 оны үед нэлээн их хэрэглэсэн. Одоо бол хар тамхинаас гарч, архи уухаа больсон ч жирийн тамхи их татдагаас болж бие минь хордсон хэвээрээ. Жоныг нас барсны дараа эмч нар таныг хүсвэл бид морфин өгч болно гэж хэлсэн. Учир нь тухайн үед маш их уй гашууд автсан учраас өөрийгөө удирдах чадваргүй болж, ямар нэг эрсдэлтэй алхам хийх вий гэж эмээсэн юм билээ.

 

-Ленноны үхлийн дараа хэн нэгэн таныг буудчихвий гэж айх үе байв уу?

 

-Тийм ээ, санаа зовж байсан. Тухайн үед айхаас ч аргагүй байсан л даа. Заримдаа би амьд үлдсэндээ талархдаг. Хэрвээ тэр өдөр Жон бид хоёрыг хоёуланг буудсан бол хүү минь ганцаараа яах байсан бол гэж бодохоор үнэхээр аймшигтай байдаг.

 

-Ленноныг хөнөөсөн Марк Чепмений эхнэр өнгөрсөн жил тань руу ес дэх удаагаа хугацаанаас нь өмнө суллах өршөөлийн захидал илгээсэн. Чепменийг суллагдах тухайд ямар байр суурьтай байдаг вэ?

 

-Миний хувьд үнэхээр их айж, болгоомжилдог. Анчин буга агнахын тулд араас нь хэрхэн дагаж, мөшгиж ажигладагтай адил намайг тагнаж мөшгихийг үгүйсгэхгүй. Гэртээ байхдаа ч, гадуур гарахдаа ч түгшүүртэй байдаг. Хамгийн гол нь Чепмен өөрийгөө буруу зүйл хийсэн гэж боддоггүй, хүлээн зөвшөөрдөггүй учраас үргэлж л айдастай амьдарч байна. Нэг удаа буудсан хүн дахиад хэн нэгнийг устгахыг үгүйсгэхгүй. Түүний дараагийн хохирогч нь би эсвэл Шон байж болох юм.

 

-Чепменыг аюулгүй байдалд тань заналхийлнэ гэж боддог юм уу?

 

-Тэр бол галзуу амьтан. Олон нийтийн анхаарлыг татахын тулд Ленноныг хөнөөсөн. Магадгүй дараагийн “бай”- гаа ч төлөвлөсөн байх. Алдаа гэмээ ухаарах хүн биш гэдгийг бүгд мэднэ. Чепменийг зөвтгөх шалтгаан байхгүй.

 

-Ирэх арваннэгдүгээр сард Жон Леннон та хоёрын танилцсаны 50 жилийн ой болно. Лондон хотноо уран бүтээлийн анхны үзэсгэлэнгээ олонд толилуулж байхад Леннон танд анхны харцаар дурласан гэж ярьдаг. Таны хувьд Леннонд хэрхэн татагдаж байв?

 

-Тухайн үед миний амьдрал үнэхээр ярвигтай байсан. Би ч бас Ленноныг анх хараад л энэ хүнтэй хамт байж, хэцүү амьдралаа өөрчлөх юмсан гэж бодсон. Хажууд минь байгаач гэхэд нь өөрийн мэдэлгүй “үгүй” гээд хариулчихсан. Гэхдээ учрах жамаараа бид цаг хугацаа өнгөрсөн ч эргээд учирсан. Леннон бол миний амьдралыг өөрчилж, сайн сайханд хөтөлсөн хүн.

 

-Жон Леннон агсан анхны эхнэр Синтия Пауэлл, хүү Жулианыгаа орхиод таныг сонгосон. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд хатагтай Синтия 75 насандаа хорт хавдрын улмаас таалал төгслөө. Ленноныг нас барснаас хойш та хоёр холбоотой байсан уу?

 

-Тийм ээ. Синтиягийн залуу насыг би мэднэ. Тэр бол нүдэнд нь наран мандаж, гэрэлтдэг үзэсгэлэнтэй бүсгүй байсан. Харин одоо бидний дундаас холдож, амар амгалангийн оронд тайван нойрсч байгаа. Түүнийг гэнэт явсанд заримдаа итгэж чадахгүй юм. Жулиан, Шон, Синтия бид дөрөв уулзаж байсан цаг мөч өчигдөр юм шиг л санагдаж байна. Ганц хүүгээ бахархал хайрын харцаар ширтдэг үзэсгэлэнтэй залуу бүсгүйгээр нь үргэлж дурсах болно. Бид Ленноноор холбогдсон нэгэн гэр бүл. Ганц бие ээж байна гэдэг амар биш. Синтия бид хоёр хоёул энэ зовлонг мэдэх учраас сайн ойлголцдог байсан. Бид хамтдаа хоёр хүүгийнхээ төлөө залбирч, сайн сайхныг хүсдэг жирийн нэгэн ээжүүд. Бидний хэн хэн нь насан туршид минь хань болох ганц, ганцхан хүүтэй. Синтияг өнгөрсний дараа хүү Шоноо хараад улам их өрөвдөх боллоо. Хорвоогийн жам ч гэсэн хүүгээ орхимооргүй байна.

 

-Пол Маккартны өнгөрсөн 45 жилийн хугацаанд “Битлз”- ийг тарсанд таныг буруутгасан. Гэтэл өнгөрсөн онд “Rolling Stone” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Ленноныг таньд үнэхээр хайртай байсныг ойлгосон гэж ярьсан байдаг. Леннон та хоёр хэр харилцаатай байгаа вэ?

 

-Өнгөрсөн жилүүдэд яагаад намайг муучилдаг байсныг ойлгохгүй юм. Гэхдээ нэгэнт Леннон бид хоёрыг ойлгосон бол талархаж байна. Хэзээ ч намайг зориод ирсэн манай хаалга Полын өмнө нээлттэй.

 

-Өнгөрсөн амьдралынхаа талаар ном бичье гэж бодож байв уу?

 

-Үгүй. Надад тийм төвөгтэй зүйлтэй зууралдах хүсэл алга. Ном бичих гэдэг миний хийх ажил биш. Тэгээд ч миний дурсамж ихэнх хүнд таалагдахгүй биз.

 

А.даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (122.254.126.2)

    2016-10-03

    бас л сонин фигур шүү энэ авгай...