Ихэнх нутгаар нойтон цас орно

 

        Ихэнх нутгаар цас орж, хүйтэрсэнтэй холбоотойгоор орон нутагт зам, даваа хаагдсан эсэх болон цаашид цаг агаар ямар байх талаар ОБЕГ-ын Хэвлэл мэдээллийн мэргэжилтэн Б.ДУЛАМСҮРЭНГЭЭС тодрууллаа.

 

-Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

 

-Энэ сарын 4­нд Улаанбаатар хот, Хөвсгөл, Дундговь, Өмнөговь, Булган, Дорноговь, Завхан, Ховд болон Баян­Өлгий аймгийн нутгаар хур тунадас, нойтон цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа. Цаашид энэ сарын 6­9­ний өдрүүдэд ихэнх нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Хур тунадас ахиу орох нутгуудаар цас хайлмагтан мөстөж мал бэлчээрлэхэд мөн хальтиргаа гулгаа үүсч зам тээврийн ажилд хүндрэл үүсч болзошгүй.

 

-Орон нутагт зам, даваа хаагдсан тохиолдол гарсан уу?

 

-Нойтон цас орсонтой холбоотойгоор орон нутагт зам, даваа хаасан тохиодол өнөөдрийн байдлаар гараагүй байна. Гэхдээ гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс ОБЕГ-аас аймаг орон нутагт сэрэмжлүүлэг өгч эхэлсэн. Ер нь аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар хур тунадас олон жилийн дундажийн орчимд байна. Гэхдээ Хөвсгөл, Булган, Архангай, Хэнтий, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Дорноговь аймгийн зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хэмжээтэй хур тунадас орох төлөв бий.

 

-Урьдчилсан тооцооллоор өвөлжилт хүндэрч болзошгүй аймаг байна уу?

 

-2016 оны зуны улирлын цаг агаарын нөхцөл, ургамлын ургалт болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бэлчээрийн даац хүрэлцээ муу гарсан Увс, Баян-Өлгий, Ховд, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговийн аймгийн зарим сумдын нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа.

 

-Иргэд санамсар болгоомжгүй байдлаасаа болж төөрөх асуудал гарах болсон. Ойрын өдрүүдэд ийм тохиолдол гарсан уу?

 

-Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн Бүрэнгийн нуруу гэдэг газар 44 настай, эрэгтэй Б энэ сарын 4-ний өдөр самарт яваад төөрч сураггүй болсон. Мөн тус өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн Хантайн баруун Бэлсэг гэдэг газар 50 настай эмэгтэй Б жимс түүж яваад төөрч сураггүй болсон. Энэ талаарх мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээн авч эрлийн ажиллагааг зохион байгуулж байна. Үүнээс гадна энэ сарын 3-нд Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхар Тээл”-ийн гарам гэдэг газар 14 настай, эрэгтэй О Орхон голын усанд осолдсон дуудлагыг хүлээн авч эрлийн ажиллагааг явуулж байна.

 

С.Аз

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)