Дуучин Ц.Туяацэцэг хамтрагчаа сольжээ

 

      Монголын урлаг, түүний доторхи нийтийн дуу, уртын дууны ертөнцөд эгч дүү гурав хамтран уран бүтээлээ туурвиж байсан нь тун ховор. Тэр тусмаа хит болсон олон сайхан дууг ард түмнийхээ зүрх сэтгэлд эгшиглүүлсэн нь бүр ч ховор. Тэгвэл “Хослох зүрхний уянга”,  “Их хайр”-аас эхлээд олон сайхан дууны эзэн болсон Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин, СТА Ц.Туяацэцэг ээлжит уран бүтээлийн цэнгүүнээ түмэн олондоо хүргэх гэж байна. Үүний өмнө тэрбээр төрсөн эгч УГЖ Ц.Чулуунцэцэг, СТА Ц.Отгонцэцэг нартай хамтарсан уран бүтээлийн цэнгүүнийг удаа дараа хүргэж байсан болохоор үзэгч түмэн энэ л тоглолтыг хүссэн байж мэднэ. Тэгвэл Ц.Туяацэцэг энэ удаад   Дуурь бүжгийн эрдийн театрын дуучин СТА Б.Төрмөнхтэй хамтран “Их хайрын зөрөг”  уран бүтээлийн цэнгүүнээ 10 дугаар сарын 28-ны өдөр 19 цагт үзэгч олондоо хүргэх гэж байна. Дуулах ур чадварын хувьд өсч, дуурийн мэргэжлийн хүрээнээс өндөр үнэлгээ авах болсон СТА дуучин Б.Мөнхтөртэй хамтран уран бүтээл хийж байгаа нь санаандгүй хэрэг биш байж таарна. 

 

       Ийнхүү хамтрагчаа сольсон Ц.Туяацэцэг нь Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад ажилладаг учраас “Их хайрын зөрөг” тоглолтод чуулгынх нь уран бүтээлчид оролцоно. Мөнхүү ард олондоо “Өнөр бүл”-ийн Цэрмаа гэх дүрээр алдаршсан түүний эгч УГЖ Ц.Чулуунцэцэг болон бусад уран бүтээлчид оролцох аж. Ц.Туяацэцэгийн хамтрагч дуурийн өсч яваа залуу дуучин Б.Мөнхтөрийг ч ДБЭТ-ын найрал дуучид дэмжин оролцох юм билээ.  “Их хайрын зөрөг” тоглолтын эзэд маань хоёулаа урлагийн их үүр уурхай болсон СУИС-ийг дүүргэсэн мэргэжлийн уран бүтээлчид гэдгийг надаар хэлүүлэх юун. Урлагийн сургууль төгссөн цагаас хойш тасралтгүй уран бүтээлээ туурвиж ирсэн хоёр залуугийн уран бүтээлийн сан чамгүй арвижсан учраас үзэгч түмэндээ цоо шинэхэн уран бүтээлээ дээжлэн барих гэж байгаа хэрэг. Түүнээс гадна тэдний хит болсон уран бүтээл ч энэ үеэр эгшиглэх юм байна. 

 

      Мэргэжлийн урлагийн сургууль төгсөөд  урлагийн байгууллагад өнөөдрийг хүртэл ажиллаж,  дуулах ур чадвараа хөгжүүлээд зогсохгүй чамгүй туршлага цуглуулсан залуусын хамтарсан уран бүтээлийн цэнгүүн энэ намрын сонгодог тоглолт болно хэмээн мэргэжлийн хүрээнийнхэн дүгнэж буй. Дашрамд дурдахад залуу хоёр уран бүтээлчийн хамтарсан цомог ч олны хүртээл болоод байгаа аж. 

 

Н.Дөл

 


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • tuya (195.239.33.2)

    2016-10-20

    egch duu 3 saihan duuldag um shuu.