Ж.Батсуурь: Энэ онд 70 мянган оюутанд сургалтын төлбөрийн зээл олгохоор болсон

 

        Боловсролын зээлийн сан байгуулж, сургалтын төлбөрийн зориулалттай “Оюутны хөгжлийн зээл” олгох шийдвэрийг энэ сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргаад байна. Боловсролын зээлийн сангийн нээлт өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт Багшийн хөгжлийн ордонд боллоо. Энэ талаар БСШУС-ын сайд Ж.БАТСУУРИАС зарим зүйлийг тодрууллаа.

 

-Боловсролын зээлийн санг албан ёсоор нээлээ. Энэ сангийн ач холбогдол нь юу вэ, энэ талаар мэдээлэл өгнө үү?

 

-Боловсролын зээлийн санг байгуулснаар их, дээд сургууль, коллежийн оюутнууд сургалтын төлбөрийн дарамтгүй суралцах нийгмийн нөхцөл боломж бий болж байна. Боловсролын зээлийн сан нь сургалтын төлбөрийн зориулалттай “0юутны хөгжлийн зээл”-ийн үйлчилгээг зохион байгуулах үүргийг гүйцэтгэнэ. Боловсролын зээлийн сангийн нээлтийн арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан их, дээд сургуулийн оюутан суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүй болгох, Боловсролын зээлийн санг байгуулж, оюутан суралцагчдад олгох санхүүгийн дэмжлэг, зээлийн үйлчилгээг ил тод нээлттэй болгох, гурав ба түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуульд зэрэг суралцаж байгаа өрхөд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилтыг ажил хэрэг болгож эхэлснийг илэрхийлж байна.

 

-Харин “Оюутны хөгжлийн зээл” гэж?

 

-“Оюутны хөгжлийн зээл” нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан бүрт нээлттэй, сургууль төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн төлбөрийг төлөх нэн тааламжтай нөхцөлтэй үйлчилгээ байх юм. Зээлийн хүүгийн дарамтгүй, хамгийн бага хүүтэй хөгжлийн зээл байх болно. “Оюутны хөгжлийн зээл”-ийн үйлчилгээ бий болж байгаа нь оюутан, суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүйгээр амжилттай суралцах, төгсөөд ажилтай, орлоготой болох хариуцлагыг бий болгох, өрхийн санхүүгийн зардлыг бууруулж, амьжиргааг нь тэтгэхээс гадна дээд боловсролын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулах болно.

 

-Зээлийн үйлчилгээ тогтвортой үргэлжлэх хууль, эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлсэн бэ. Өөрөөр хэлбэл, зээл олгож эхэллээ гэхэд бэлтгэлээ бүрэн хангасан уу?

 

-Монгол Улсын Засгийн газраас “Оюутны хөгжлийн зээл”-ийн үйлчилгээг байнга, тасралтгүй, тогтвортой байлгахтай холбогдуулан Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Дээд боловсролын удирдлага, санхүүжилт, нийгмийн баталгааны тухай хууль, Дээд боловсролын тухай хуульд холбогдох зохицуулалтыг хийсэн. Мөн Засгийн газраас Боловсролын зээлийн санг байгуулах шийдвэрийг гаргаж, “Оюутны хөгжлийн зээл” олгох харилцааг зохицуулсан журмыг баталж /Засгийн газрын 111 дүгээр тогтоол/ 2016 онд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Төсвийн тодотголын хуулиар шийдвэрлээд байна.

 

-Эргэлтийн хөрөнгийг хэрхэн шийдвэрлэсэн бэ. Улсын төсөвт энэ онд болон ирэх онд хэдэн тэрбум төгрөгийг тусгасан бэ?

 

-“Оюутны хөгжлийн зээл”-ийн эргэлтийн болон хуримтлалын хөрөнгийг үүсгэхэд 2020 он хүртэл улсын төсвөөс санхүүжилт хийх бөгөөд Боловсролын зээлийн сан 2020 оноос эхлэн улсын төсвийн санхүүжилтгүйгээр, оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээг тогтвортойгоор тасралтгүй зохион байгуулдаг болно. Энэ онд 90 тэрбум, ирэх оны төсөвт 100 тэрбум төгрөгийг тусгаад байна. Боловсролын зээлийн сан “Оюутны хөгжлийн зээл”- ийг арилжааны банкаар дамжуулж олгох ажлыг энэ сараас эхлэн зохион байгуулна.

 

-Энэ онд хэчнээн оюутан сургалтын зээл авах боломжтой вэ?

 

-Энэ онд 70 орчим мянган оюутанд сургалтын төлбөрийн зээл олгоно. Мөн Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Боловсролын зээлийн сан энэ сараас эхлэн гурав ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын сургалтад суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгож эхэлнэ.

 

М.Өнөржаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)