Д.Очирбат: Эмчээ сонсч, салбараа эрүүлжүүлье

 

        Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбаттай ярилцлаа. Тэрбээр ажлаа аваад дөнгөж долоо хонож байгаа хэдий ч түүний хувьд эмч мэргэжилтэй, салбараа мэддэг, УИХ-ын гишүүн байхдаа холбогдох байнгын хороог нь удирдаж явсан гэдгийг уншигчид андахгүй биз ээ.

 

-Таны хувьд ажлаа аваад удаагүй байна. Гэхдээ та энэ салбарын хүн учир ажилтайгаа танилцахад асуудал гарахгүй байх. Эрүүл мэндийн яам өнгөрсөн 4 жилийн хугацаанд хамгийн их шүүмжлэлд өртсөн газар гэхэд болно. Тэр ч утгаараа ажил нэлээд цалгардсан болов уу гэж таамаглаж байна. Хийх ажил ч их л байгаа биз дээ?

 

-Таны хэлснээр ажлаа аваад удаагүй байгаа ч толгой өндийх завгүй л ажиллаж байна даа. Улстөржих ёсгүй газар өнгөрсөн 4 жилийн хугацаанд хамгийн их улстөржсөнөөс болоод бүх ажил зогсонги байдалд орчихсон байна. Үүнээс болоод шийдлээ хүлээж байгаа олон асуудал хуримтлагдчихжээ.

 

Манай яамтай хамтарч ажилладаг олон улсын болон дотоодын байгууллагууд өмнөх удирдлагуудын олон халаа сэлгээнээс болоод хаана хандаж, хэнтэй уулзаж ажлаа ярих учраа олохгүй төөрөлдөж, олон төсөл, хөтөлбөрүүдээ зогсоосон байна. Эхний ээлжинд гацсан бүх ажлуудтай танилцлаа. Олон улс болон дотоодын хамтарч ажилладаг төслийн байгууллагуудтайгаа харилцаа холбоогоо сэргээх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Үүнээс гадна нэн тэргүүнд тулгамдаж байгаа бас нэгэн асуудал бол салбарынхандаа итгэл үнэмшил өгөх, урам зоригийг нь сэргээх гэж харсан. Тиймээс  ойрын өдрүүдэд “Эмчээ сонсоё, салбараа чагная” гэсэн нэгдсэн уулзалтуудыг хийхээр төлөвлөж байна. Манай салбарын өмнө тулгамдсан маш олон асуудал байгаа нь нууц биш. Эрүүл мэндийн анхан шатны байгууллага, төвүүдийн санхүүжилт, бодлогын асуудлыг шийдэж чадахгүй хэмжээнд байна. Байдал ийм байгаа учир салбарынхаа ажилтнуудын үгийг сонсож, ажлын төлөвлөгөөндөө оруулахаас ажлаа эхэлнэ. Өөрөөр хэлбэл, манай салбар тамирдчихсан байна, сэхээн амьдруулах хэрэгтэй.

 

-Олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөр зогсонги байдалд орсон гэлээ. Үүнийг тодруулбал?

 

-Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, “Глобал” сангаас санхүүжүүлдэг төслийн ажлууд зогсонги  байдалтай байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд төслийн удирдлагуудтай уулзалт хийж байна. Гадаадын төсөл хөтөлбөрүүдээс гадна төсөв хүндрэлтэй байгаа энэ үед салбарынхаа санхүүжилтийг бууруулалгүй авч үлдэх асуудал ч тулгарчихлаа.  

 

ЦАРЦААСАН БАРИЛГУУДЫГ КОНЦЕЕСЫН ГЭРЭЭГЭЭР ГҮЙЦЭЭХЭЭР СУДАЛНА

 

 

-Танай салбарын бүтээн байгуулалтын ажлууд царцчихсанаас болоод эмнэлгийн хүрэлцээ одоо болтол асуудал дагуулсаар байна. Үүнийг шийдэх гарц олж харж байна уу?

 

-Тийм ээ, манай салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд царцаад удаж байгаа. Гарц хайжбайна. БСШУЯ сургууль, цэцэрлэгийн барилгуудаа концессын гэрээгээр бариулчихдаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт концессын гэрээгээр 1 ч барилга бариулаагүй байгаа нь өмнөх удирдлагуудын сэтгэл дутсаных юм болов уу гэж харах юм. Миний хувьд ашиглалтад оруулаагүй барилгын ажлуудыг концессын гэрээгээр хийлгэх гарцыг судалж байгаа. Асуудлыг нааштайгаар шийдчих байх гэсэн найдлага бий. Өмнө парламентад сууж, энэ асуудлыг хариуцсан байнгын хорооны дарга байсныхаа хувиар салбартаа төсөвлүүлэх мөнгийг тануулахгүй байх тал дээр анхаарч ажиллана. Ер нь хаа очиж, УИХ-ын гишүүд маань эрүүл мэндийн салбарт төсөвлөсөн мөнгийг танадаггүй гэж би үздэг. Би гишүүн байхдаа энэ асуудалд нэлээд анхаарал хандуулдаг байсан юм.

 

-Эмч нарын цалин бага, хангамж муу гэдгийг хаана, хаанаа хүлээн зөвшөөрдөг. Гэтэл Засгийн газар ирэх оны төсөвт эмч нарын 36 сарын тэтгэмжийг 1-12 сар байхаар тусгасан тухай нэлээд маргаан дэгдээд байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

 

-Энэ асуудлыг огт хөндөөгүй гэж ойлгож байгаа. Сонгуулийн сурталчилгааны үеэр л сөрөг хүчнээс гаргасан буруу, ташаа мэдээлэл юм болов уу. Би сая Шадар сайдтай хамт орон нутагт ажиллаад ирлээ. Иргэд яг наад асуудлыг чинь их хөндөхөд Шадар сайд огтхон ч тийм асуудал байхгүй тухай хэлж байсныг дахин давтах нь зүйтэй болов уу. 

 

-Шинэ Эрүүгийн хуулиар эмч нарт ногдуулах эрүүгийн хариуцлагын хэм хэмжээ нэмэгдсэн. Үүнийг эрүүл мэндийн салбарынхан маш ихээр эсэргүүцэж байгаа. Та бүхэн энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?

 

-Эмч хүн ажлаа гүйцэтгэх явцад гаргасан алдаанаас болж эрүүгийн хэрэг үйлдсэн хүнтэй адилтгахуйц хэмжээний хариуцлага хүлээлгэх нь өрөөсгөл асуудал. Манай яамны удирдлагын зүгээс уг асуудлыг эргэж харж, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Нааштайгаар шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Үүнээс гадна согтуу хүмүүсийг эмнэлэгт эрүүлжүүлдэг болсон нь эмнэлгийн ажилтнуудын ачааллыг нэмж, дарамтад оруулж байгаа. Энэ асуудлыг ч мөн бид хөндөж, согтуу хүмүүсийг эмнэлэгт эрүүлжүүлэхгүй байх асуудлыг холбогдох хуульд нь оруулахаар ажиллаж байна.

 

ХАЛДВАРТ ӨВЧНҮҮД АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА

 

 

-Та бүхэн эмч нарынхаа эрх ашгийг хамгаалахаар ажиллаж байгаа тань сайшаалтай ч сайны хажуугаар саар гэгчээр иргэдийн зүгээс “Эмч нар өвчтөндөө ялгавартай хандаж, гарыг нь цайлгахыг хүлээдэг” гэж байнга шүүмжилдэг. Нөгөөтэйгүүр, улсын эмнэлгийн томоохон эмч нар дэргэдээ хувийн эмнэлэг нээчихээд улсын ажлыг цалгардуулдаг тохиолдол энгийн үзэгдэл болсон шүү дээ.  Энэ бүх асуудлыг яах вэ?

 

- Төрийн ажлыг үдээс өмнө нь хийж, үдээс хойш хувийн ажлаа амжуулахдаа улсын ажлыг цалгардуулдаг, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүстэй Эрүүл мэндийн яам хатуу тэмцэнэ. Ийм хүмүүсийн ихэнх нь нэр, төртэй эмч нар байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс ийм хүмүүст төрийн ажлаа нэр төртэй хий, эс бол  бол хувийн ажлаа хий гэдэг сонголтыг өгнө. Эмч нар гар хардаг гэж иргэд их ярьдаг. Угтаа бол иргэд өөрсдөө баярласан талархсанаа илэрхийлэх гэж ийм байдалд оруулсан тохиолдол бишгүй бий. Эмч нар хэдэн цаг хоолгүй хагалгаанд ороод гараад ирэхэд нь өвчтөний ар гэрийнхэн хоол, цай бариад ирэх нь байдаг л үзэгдэл шүү дээ. Тангараг өргөсөн эмч нар иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ажил үүргээ л гүйцэтгэж яваа хүмүүс. Тиймээс эмч нар өвчтөнд ялгавартай ханддаг гэдэгтэй би хувьдаа санал нийлэхгүй. Намайг эмч хүн болохоор эмч нарыгаа өмөөрч байна гэж бүү бодоорой. Эмч нарт өргөсөн тангараг, ёс зүй гэж байдаг. Түүнийгээ баримталсаар байгаа гэдэгт нь би итгэлтэй байгаа учраас л ингэж хэлж байгаа юм.

 

-Та ярилцлагын эхэнд өмнөх удирдлагуудаа нэлээд шүүмжиллээ. Үнэхээр ч өнгөрсөн 4 жилийн хугацаанд эрүүл мэндийн яам хамгийн ихээр шүүмжлэлд өртөж байлаа. Улаан бурхнаас эхлээд халдварт өвчлөл аюулын харанга дэлдэж, олон хүүхдийн амийг авч одсон. Одоо халдварт өчвлөлийн идэвхижих цаг хугацаа эхэлж байна. Эрүүл мэндийн салбар хэр бэлэн байна вэ?

 

-Өмнөх удирдлагууд маш олон асуудлыг хэвлэл мэдээллийнхэн болон ард түмнээс нуусан байна. Үнэнийг хэлэхэд өнөөдрийн байдлаар манай улсад халдарт өвчлөлүүд маш их байна. Ялангуяа бэлгийн замын халдварт өвчин монголчуудад аюулын харанга дэлдээд байна. халвдарт өвчлөл гарахад эрүүл мэндийн салбарынхан дарж дийлэх нь бүү хэл урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадахгүй нөхцөл байдалд байгаа нь гашуун үнэн. Гэхдээ энэ бүх асуудлыг бид зохицуулахын төлөө ажиллаж байгаа. Би дээр хэлсэн. Олон улсын байгууллагуудаас санхүүждэг төслүүдийг эхлүүлэхээр ажиллаж байна. Өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлнэ. Олон улсын байгууллагуудад ч зохих ёсоор хандаж, тусламж хүсч байгаа.

 

ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДЫН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ

 

 

-Та Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдож байсан. Гэтэл Чингэлтэй дүүрэгт байрлалтай төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг оффисын зориулалтай ашиглахаар болсон. Одоо эмнэлгийн зориулалттай ашиглахаар болсон гэгдэж байгаа ч тодорхойгүй л хэвээр л байна. Энэ асуудалд хэрхэн анхаарал хандуулах вэ?

 

-Тийм ээ, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед чигнгэлтэй дүүрэгт байрладаг төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг оффисын зориулалтаар ашиглах шийдвэр гаргаж, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед энэхүү шийдвэрийг цуцалсан ч одоо болтол ажил хэрэг болоогүй байна. Бид энэ барилгыг анх барьсан зориулалтынх нь дагуу эмнэлэг болгох зорилт тавьж байгаа. Эмнэлгийн хүрэлцээ муу байгаа энэ үед энэ хувилбар хамгийн зөв гэж бодож байна. Бас нэг сайхан мэдээ дуулгахад чингэлтэй дүүргийн эмнэлэг зориулалтын бус байранд байдаг учир би УИХ-ын гишүүн байх үеэсээ л энэ асуудалд анхаарлаа хандуулж, шинэ эмнэлэгтэай болгох асуудлыг судалж байсан. Сонгинохайрхан дүүрэгт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр эмнэлэг баригдаж байгаа. Үүн шиг Азийн хөгжлийн банкныхантай хамтарч Чингэлтэйд стандарт, чанарын шаардлагад нийцсэн эмнэлэг барих ажлыг олон жил хөөцөлдсөний эцэст эхлүүлэхээр боллоо. Чингэлтэй дүүрэгт маань удахгүй шинэ эмнэлэг сүндэрлэнэ гэдгийг дуулгахад  таатай байна.

 

-Таныг мэргэжлийн хүн, УИХ-д эрүүл мэндийн салбарынх нь байнгын хорооны даргаар ажиллаж байсан гэдэг утгаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоход тань ямар ч асуудал гараагүй. Харин ч “Нүдээ олсон томилгоонуудын нэг боллоо” гэж байсан. Энэ ч утгаараа салбарынхан тань танаас нэлээд хүлээлттэй байгаа болов уу?

 

-Маш олон хүн надад баяр хүргэхээсээ илүүтэй хийх ажил их байгааг маань сануулж байсан нь надаас ямар их зүйл хүлээж байгааг илтгэж байгаа болов уу гэж бодож байгаа. Энэ нь манай салбар хэрхэн өвдөг дээрээ сөхөрсний ч илрэл байх. Миний хувьд эмч хүний хүүхэд. Аавын маань удмынхан оточ, маарамба нар байсан юм билээ л дээ. Тэр ч утгаараа аав минь надад мэргэжлээ өвлүүлсэн гэж боддог. Намайг дунд ангид байхад л алсын дуудлагад дагуулаад явчихдаг байсан юм. Намайг 9 дүгээр ангид байхад онгоцоор дуудлагад явж, хагалгаа хийснийг нь би огт мартдаггүй юм. Мухар олгой хагарчихсан тохиолдол байж билээ. Өвчтөний гэдсийг зүсэхэд гэрээр дүүрэн өмхий үнэртэж, би ч сургуулийн хүүхэд байсан болохоор хамраа чимхэж, буруу харж байсансан. Харин аав минь намайг заавал хар гээд би түүнийг хэрхэн мэс ажилбар хийхийг харж, эмч хэмээх мэргэжлээр бас ааваараа үнэхээр их бахархаж, эмч болохоор тухайн үед эргэлт буцалтгүй шийдэж байсан юм. Эмнэлэгт асрагч хийх хүртлээ эмчийн ажилд дурласан маань аавын минь нарийн ухаантай холбоотой. Тиймээс эмчийн ажлын ямар хэцүү, сайханыг нь мэдэрчихсэн хүн гэх үү дээ. Тэр ч утгаараа  яамныхаа гол “гал тогоог” барьж ажиллах хүний хувьд хийх, шийдвэрлэх олон ажил байна. Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын нийгмийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй. Манай салбарт ажиллагсдын дийлэнх нь өрх толгойлсон эмэгтэйчүүд, орон сууцанд хамрагдаж чадаагүй залуус байна. Тэд нийгмийн асуудал нь хүнд байдаг хэдий ч өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж, арай гэж амьдралаа авч явж байна. Тиймээс манай яамны зүгээс ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдэх тал дээр илүү анхаарч ажиллана гэдгийг хэлье.

 

-Таныг УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа эрүүл мэндийн салбарт хамааралтай нэлээд хуулийг батлах ажлыг гардсан гэдэг байх аа?

 

-Би өөрийгээ эрүүл мэндийн салбараас төрсөн улстөрчдийн нэг гэж боддог юм.  Парламентын гишүүн байх хугацаандаа Эрүүл мэндийн тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Жендерийн эрх тэгш байдлын, Халамжийн тухай зэрэг хуулийн ажлын хэсгийг ахалж, батлуулж байсныг маань л хэлж байгаа байах. Эрүүл мэндийн тухай хуульд 10 гаруй жил гар хүрээгүй байсан. Энэ салбарын чухал хуульд өөрчлөлт оруулж, хууль эрх зүйн орчныг нь сайжруулснаар эрүүл мэндийн салбарын бүтэц зохион байгуулалт, нийгмийн хамгаалал, хариуцлагын асуудлыг уг хуульд тусгаж өгсөн байдаг. Энэ бүхний үргэлжлэл болгож өөрөө яамных нь гал тогоонд ирчихсэн сууж байгаадаа баяртай байна.

 

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.            

 

-Баярлалаа.

 

Ц.Энхцэцэг

Эх сурвалж: http://tsenzurgui.mn/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (10)

  • Зочин (202.179.11.10)

    2016-10-25

    ЭМХТ-д ажилладаг бүх хүнийг солих шаардлагатай

  • Зочин (202.179.11.10)

    2016-10-25

    ЭМХТ-д ажилладаг бүх хүнийг солих шаардлагатай

  • Зочин (202.179.11.10)

    2016-10-25

    ЭМХТ-д ажилладаг бүх хүнийг солих шаардлагатай

  • shavi (150.129.141.49)

    2016-10-23

    Uranchimeg bagshaa ch hiij chaddaggui ee aimaar ovortoi hovond durtai avgai

  • (150.129.141.49)

    2016-10-23

    ЭМХТд захирлййн хамаатан явдаг хүүхнүүдээр нь дүүрсэн гэдэг 2012оноос хойш орсныг халах хэрэгтэй Уранчимэг багш л тэнцүүлж чадна гэдэг ш дээ худлаа шудрага авгай гэдэг дарга л лав хийж чадхгүй гэлцдэг

  • zochin (150.129.141.49)

    2016-10-23

    EMHT d Baterdenii olon hamaatan,yavdag huuhnuud n bgad 2012 onoos hoish orson buh humuusiig halah teregtei shuu Uranchimeg n darga gej dee zailuul wu ch chadahgui estoi shahaanii avgai zangaraggui shalgaltand tentsehgui bol mungu ugvul tentsuulne shuu

  • emch (150.129.141.49)

    2016-10-23

    Odoo salbaraa yaraltai shinechleh heregtei. EMHT-iin zahiral busad buh dargiig yaraltai solih mun Uranchimeg dargiig yaraltai solihgui bol olon emch nariig litsenziin shalgaltand huuli busaar erh medlee ashiglan tentsuulj bna shuu wu ch medehgui olon darga edniod bdag bugd AN- iin humuus shuu SAIDAA

  • AX (122.201.21.252)

    2016-10-22

    Сайн байна сайдаа. Бас өвчтнөө сонсох хэрэгтэй юм шүү. Өвчин зовлонтой иргэдээ өвчин эмгэггүй болгох л гэж эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлж байгаа биз дээ. Эмч нарын цалин хангамж ч энэ ажлынхаа үр дүнтэй шууд холбоотой, эдийн засгийн хөшүүрэг болох ёстой.

  • эмч (202.179.29.69)

    2016-10-22

    Эмч нарын цалинг тогтоохдоо улстөржмөөргүй байна. Хувийн эмнэлгийн эмч нар ч бас улсын эмнэлгийн ачааллыг давхар үүрч байгаа шүү дээ. Зөвхөн улсын эмнэлгийн эмч нараас гадна хувийн хэвшлийн эмч нартай нүүр тулж уулзаарай, сайдаа

  • эмч нэгэн (202.179.18.61)

    2016-10-22

    энэ салбарын эрхзүйн орчинд овоо юм хийсэн гэдэг юм билээ хэвлэлээс уншиж байхад бусад талаар нь ч мэдэхгүй ээ