Т.Саруул: Цусны архаг хавдрын эмчилгээнд шаардлагатай 500 сая төгрөгийг төрөөс шийдвэрлэсэн

 

        Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн эмч Т.Саруултай ярилцлаа.

 

-Цусны хавдрыг манайх хэдийнээс эхлэн эмчилж байна вэ. Та уг өвчний талаар мэдээлэл өгнө үү?

 

-Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төв Монгол Улсын хэмжээнд насанд хүрсэн цусны өвчтэй бүх хүнд үйлчилгээ үзүүлдэг ганц газар. Тус төв цусны хурц болон архаг хавдар, цус гоожимтгой эмгэг, цус багадалттай гэсэн гурван чиглэлээр иргэдэд үйлчилж байна. Манай цусны тасаг нийт өвчтөний 30-40 хувийг хэвтүүлэн эмчлэх боломжтой байдаг. Манай төв цусны хурц болон архаг явцтай хавдрыг 1953 оноос эмчилсээр ирсэн. Хүмүүсийн хэлдгээр булчирхайн хавдар нь цусны нэг төрлийн архаг хавдар байдаг. Уг хавдрыг дэлхийн нийтийн чиг хандлагаар цусны эмч нар эмчилдэг болсон. Иймээс 2009 оноос бид эмчилгээгээ орчин үеийн чиг хандлага руу чиглүүлэх зорилгоор бие даасан тасаг болон эмчилгээ үйлчилгээ явуулж байна. Үүний хүрээнд өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс ХСҮТ-өөс зарим нэг төрлийн хавдартай иргэдийг татаж авч, эмчилж эхэлсэн.

 

-Цусны хавдар хэдэн төрөл байдаг вэ. Манай улсад хэд нь илрээд байгаа юм бол?

 

-Цусны хавдрыг хурц болон архаг гэж хоёр ангилдаг. Дотроо маш олон төрөл. ДЭМБ-ын бүртгэлээр цусны 80 гаруй төрлийн хавдарт өвчин байдаг. Манай улсын хувьд хавдрыг ДЭМБ-ын ангиллаар бүрэн ангилж чадахгүй байна. Гэхдээ ангилдаг аппарат, тоног төхөөрөмж нь бий. Гагцхүү урвалжууд хангалтгүйгээс бид тухайн хавдрыг ямар хэлбэрийнх болохыг төдийлөн сайн тогтоож чаддаггүй. Одоогоор манай улсад цусны хурц болон архаг өвчтэй 200 гаруй хүнийг оношлоод, хянаж байна. Эдгээрийн 60-70 орчим хувь нь цусны архаг явцтай хавдар байдаг.

 

-Цусны хавдар үүсэх шалтгаан нь юу байдаг юм бол?

 

-Агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал, архи, тамхины хэрэглээ цаашлаад уул уурхай, ашигт малтмалд хэрэглэдэг янз бүрийн бодис зэргээс үүдэлтэй. Уг өвчнийг яг үүнээс болсон гэж шалтгааныг нарийн олж тогтооход төвөгтэй.

 

-Уг өвчний эмчилгээний үр дүн хэр байдаг вэ. Бүрэн эдгэрдэг үү?

 

-Өвчний үе шат гэж бий. Эмчид үзүүлээд эрт хугацаанд оношлуулж чадвал бүрэн эдгэрэх боломжтой. Манайд цусны хавдартай гэж оношлогдоод эмчлүүлээд эдгэрчихсэн бүр хүүхэд төрүүлээд хяналтдаа ороод яваа ээж ч бий. Тухайн хүн ямар оноштойгоос хамаараад 3-5 жилээр амьдрах хугацааг тооцдог. Цусны хурц хавдрыг эмчилгээ хийлгэхгүй удаан явбал ямар хэлбэрээс хамаараад 1-6 сарын л настай байдаг. Харин эрт мэдэж химийн эмчилгээнд орсноор амьдрах хугацаа нь нэг, гурав, тав түүнээс ч олон жил болох боломжтой. Архаг хавдрыг мөн ялгаагүй. Эхний удаад химийн эмчилгээгээр өвчнийг намжмал байдалд оруулчихлаа гэхэд дараагийн шатанд одоогоор дэлхий нийтэд 100 хувь үр дүнгээ өгөөд буй чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлсэн. Чөмөг шилжүүлэн суулгах мэс засал нь өртөг өндөртэй ч химийн эмчилгээнээс эдгэрүүлэх боломж өндөртэйгөөрөө давуу юм. Гэхдээ химийн эмчилгээний дараа 3-5 жилд уг өвчин эргээд сэдрэхгүй байх магадлал 60, чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг хийлгэвэл бүрэн эдгэрэх магадлал ямар оноштойгоос хамаараад 60- аас дээш хувьтай байдаг.

 

-Манай улсад 2014 онд чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг анх хийж байсан. Түүнээс хойш хэдэн удаа хийсэн бэ. Үр дүн нь ямар байгаа вэ?

 

-Хоёр жилийн өмнө анхны мэс заслыг солонгос эмч нартай хамтарч, хоёр дахийг манай эмч нар бие дааж хийсэн. Энэ ондоо багтаад чөмөг шилжүүлэн суулгах гурав дахь эмчилгээг хийхээр төлөвлөөд байна. Чөмөг шилжүүлэн суулгасан хоёр хүний биеийн байдал, эмчилгээний үр дүн маш сайн байгаа. Чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа нь өөрөөс өөрт нь, өөр хүнээс авч хийх гэсэн хоёр төрөлтэй. Монголын нөхцөлд одоогоор өөрөөс өөрт нь авч хийж байна. Манай төвийн хяналтад байгаа архаг хавдартай хүмүүст бүгдэд нь чөмөг шилжүүлэн суулгах шаардлагатай. Чөмөг шилжүүлэн суулгахад урвалж болон шингэн азот маш чухал байдаг.

 

-Чөмөг шилжүүлэн суулгахад болон уг өвчнийг намжмал байдалд оруулахад хэчнээн төгрөгийн зардал гаргадаг вэ?

 

-Мэдээж өртөг өндөртэй. Цусны архаг явцтай хавдрын эсрэг 4-6 курс эмчилгээ хийдэг. Өвчтөнүүд нэг курс буюу 15-29 хоногийн эмчилгээнд дунджаар хоёр сая төгрөг зарцуулдаг. Уг эмчилгээг хийснээр өвчнийг намжмал байдалд оруулж чаддаг. Цусны хавдартай биш ч гэсэн нэг курс эмчилгээг дөрвөн сая гаруй төгрөгөөр хийлгэдэг өвчтөн ч бий.

 

-Цусны хавдартай иргэдийн эмчилгээний төлбөрийг ирэх оноос улсаас даахаар болсон. Энэ мэдээллийг олон хүн талархан хүлээн авах байх?

 

-Өнгөрсөн болон энэ жилийн байдлаар уг өвчнөөр өвчилсөн иргэдийн судалгааг бид гаргасан. Судалгаагаар цусны архаг хавдартай хүн олон байгааг холбогдох газарт нь мэдэгдсэн. Эдгээр хүн ХСҮТ-д эмчлүүлж байгаад манай төв рүү шилжиж, хяналтад орж байгаа. Ерөнхийдөө ХСҮТ-өөс манайх руу шилжин ирсэн өвчтөнүүдийн хими эмчилгээний зардлыг улсаас шийдэж өгсөн. Өнгөрсөн онд цусны архаг хавдартай 100 орчим өвчтөн ХСҮТ-өөс манайд шилжин ирсэн. Тэдгээрийн эмчилгээнд шаардлагатай 500 орчим сая төгрөгийг улсаас гаргахаар шийдвэрлэлээ. Цусны архаг хавдартай хүн эхний удаад 10 гаруй сая төгрөгийн эмчилгээ хийлгэж өвчнөө намжмал байдалд оруулдаг. Үүний дараа уг өвчнөөс бүрэн салахын тулд чөмөг шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болдог. Чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын төлбөр үнэтэй. Тиймээс иргэдэд санхүүгийн бэрхшээл тулгардаг. Түүнийг нь төрөөс шийдэж өгсөнд өвчтөнүүд төдийгүй бид маш баяртай байгаа.

 

-Өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Удамшиж, халдварлах уу?

 

-Архаг хавдрын үед булчирхайнууд томрох, хөлрөх, бие дээр хөх тууралт үүсэх, амархан ханиад томуу тусч, дархлаа сулрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Цусны хавдар нь удамшиж, халдварлахгүй. Харин цус гоожимтгой болон цус багадах эмгэгт удамшдаг хэлбэр бий. Манай төвд цус гоожимтгой эмгэгтэй 100 гаруй хүн хяналтад байна.

 

Цус нь шингэн эрхтэн. Хүний биед цус хүрэхгүй газар гэж байхгүй. Тэгэхээр цусны хавдар нь хүний биеийн хаана ч үүсч болно. Арьс, хөх, ходоод, нүд, тархины хавдар байна гээд явж байтал тэр нь цусных байх жишээтэй. Цусны хавдрыг ялгаж оношлоход тусгай мэргэжилтэн, тоног төхөөрөмж шаардлагатай. Манай төвийн 10 гаруй эмч, сувилагч Солонгос, Хятад оронд мэргэжил дээшлүүлэн суралцсан. Одоо ч суралцаж, туршлага судалсаар байна.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • С, Дэмбэрэл (103.229.121.124)

    2016-10-23

    Цусны архаг хавдартай хүмүүсийн Глебик эм уул нь 8 срд Гаальд ирсэн. Гаалийн татвараас болж одоо хүртэл авч чадахгүй, хүмүүсийн эм тасраад байгаа. Нэг хүний сар уух эм 4 сая төгрөг. Олон хүн энэ эмэндээ дасал болоод сандарч байна. Глебик эмэндээ дасал болсон хүмүүс Сард 7 сая илүү төгрөгийн үнэтэй Тасигна гэдэг эм уух болоод байдал улам хүндэрч байна. Засаг төр анхаарч үзээд зохих гэрээ хэлцлийг хийгээд, зохих татвараас чөлөөлөөд байвал Тусламжаар үйлдвэрээс нь үнэгүй орж ирээд байх юм. Үүн дээр л ЭМЯ анхаарах хэрэгтэй байна.

  • (59.153.115.109)

    2016-10-22

    ЗӨВ ШҮҮ

  • g (202.72.245.165)

    2016-10-22

    MAN-n site uu setgegdel ustgaad bh chini