В, С вирусийг илрүүлэх, тоолох шинжилгээний төлбөрийг даатгалаас гаргана

 

        “Халдварт өвчний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам: Мэдээллээс үйлдэл рүү” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 20-21–ний өдөр Улаанбаатар хотноо болж байна. Хурлыг ЭМЯ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн /НЭМХ/, Халдварт өвчин судлалын үндэсний төв / ХӨСҮТ/, Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/ хамтран зохион байгуулж байгаа юм. Энэхүү олон улсын арга хэмжээний нээлт буюу эхний өдрийн хурлаас дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Засгийн газар, оролцогч талуудад хандсан халдварт өвчний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зөвлөмж гаргана Энэхүү хурлыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийнх нь манай улсад болж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой гэнэ. Тухайлбал, халдварт өвчний тархалтыг зогсоох, шийдвэрлэхэд бусад улс орны шилдэг туршлагатай танилцаж, сүүлийн үеийн шинэ мэдээлэл, нотлох баримтыг ашиглах гэх мэтчилэн олон давуу талтай аж. Хуралд бодлого боловсруулагчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, гадаад, дотоодын эрүүл мэндийн салбарын тэргүүлэх эрдэмтэд зэрэг 250 гаруй хүн оролцож байна. Хоёр өдөр үргэлжлэх тус хурлын төгсгөлд Монгол Улсын Засгийн газар болон оролцогч талуудад хандсан халдварт өвчний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зөвлөмж гаргах юм байна.

 

Олон улсын хурлын үндсэн илтгэгч нар болон салбарын холбогдох мэргэжилтнүүд сүрьеэ, ХДХВ, БЗДХ, вирүст хепатит, вакцинжуулалтаар урьдчилан сэргийлэх боломжтой, шинэ болон дахин сэргэж буй халдвар, зоонозын өвчнүүд, усан хангамж, ариун цэвэр эрүүл ахуй, усны чанар, аюулгүй байдлын талаар цаашид хийх боломжтой судалгаа, бодлогын өөрчлөлт зэргийг хөндлөө. Энэ үеэр хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор холбогдох байгууллагын зарим төлөөллөөс дараах зүйлийг тодрууллаа.

 

Шинэ Засгийн газар бий болсноор нийгмийн эрүүл мэндийн газар, тандалт судалгааны хэлтэстэй болсон

 

-Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлын нэг нь яах аргагүй халдварт өвчин. Энэ чиглэлд яамнаас хэрхэн анхаарч, ямар бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг: -Халдварт өвчин хоёр хэлбэртэй бөгөөд нэг нь шинээр тархах, нөгөөх нь нийгмийнх. Энэ нь алгуурхан атлаа хүн амын ихэнх хувийг хамардаг. Манай улсыг улаанбурханы тархалтыг зогсоосон гэж ДЭМБ дүгнэж, гэрчилгээ олгосон. Гэтэл 2015 онд дахин сэргэж, улс орон, эрүүл мэндийн салбар болон иргэдэд нэлээд хүндрэл учруулсан. Энэ нь халдварт өвчин Засгийн газрын анхаарлын төвд байх ёстойг илтгэж байгаа юм. Ялангуяа дархлаажуулалтын санхүүжилтийг Засгийн газрын эрсдэлийн санд тогтмол байрлуулах түүгээр дамжуулан иргэдийг байнга дархлаажуулах ёстой гэдгийг харуулсан. Харин нийгмийн халдварт өвчин буюу ДОХ, сүрьеэ, тэмбүү зэрэг нь сүүлийн жилүүдэд маш хурдацтай тархаж байна. Үүнийг бид анхаарлынхаа төвд авах ёстой учир шинэ Засгийн газар бий болсноор нийгмийн эрүүл мэндийн газар, тандалт судалгааны хэлтэстэй болсон. Боловсролын байгууллагаар дамжуулан оюутан, сурагчдад нийгмийн халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч, энэ чиглэлийн боловсролтой болгох зорилгоор хамтран ажиллах албан бичиг хүргүүлсэн.

 

Төрөлхийн тэмбүүгийн тохиолдол 2015 онд 52 хүрсэн нь тогтолцоонд ноцтой асуудал байгааг харуулж байна

 

-Манай улсад халдварт өвчний тархалт мэдэгдэхүйц нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоожээ. Тэр дундаас үндэсний эрүүл мэндийн аюулгүй байдалд ихээхэн заналхийлсэн болон цаашид нэмэгдэх магадлалтайд ямар халдварт өвчин багтаж байна вэ?

 

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др Су Ньюнт У: -Монгол Улс дахь өнөөгийн сүрьеэгийн тархалт “Үндэсний сүрьеэгийн хөтөлбөр” ба ДЭМБ-ын өмнө нь тооцоолсноос хавьгүй өндөр байна. Монгол Улсад БЗДХын чимээгүй тахал нүүрлэж, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол 2015 онд 52 хүрсэн нь тус улсын эрүүл мэндийн тогтолцоонд ноцтой асуудал байгааг харуулж байна. Тэмбүү, заг хүйтэн болон хүний хөхөнцөр вирусийн халдвараар өнөөдөр өвчилж буй эмэгтэйчүүд 10-15 жилийн дараа умайн хүзүүний хавдар, үргүйдэл, бага аарцгийн эрхтэний үрэвслээр өвдөх өндөр магадлалтай байгаа нь харамсалтай. 2015 оны гуравдугаар сараас гарсан улаанбурханы дэгдэлт энэ онд гэхэд 100 гаруй нялхсын амийг авч, эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхийг туршлаа. Өвчний дэгдэлт, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээ сул байх тусам хүний амь эрсдэж, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдлыг буй болгохоос гадна гарах зардал нь хэд дахин өсч, олон улсыг хамарсан онцгой байдалд хүргэдэг. Шинэ, сэргэж буй олон өвчний эрсдэл байсаар байна. Тухайлбал, Эбола, MERS коронавирус, Зика вируст халдвар, шар чичрэгийн дэгдэлт. Нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдал болон хариу арга хэмжээний чадавхи буюу тандалт, эрсдлийн үнэлгээ, эрсдлийн харилцаа холбоо, лабораторийн чадавхийг нэмэгдүүлэх нь нөөц хөрөнгөө үр дүнтэй ашиглах, босоо тогтолцоот хөтөлбөрийн уялдаа холбоог сайжруулах, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд үр дүнтэй арга юм.

 

В, С вирусийн эмчилгээнд 6000 гаруй хүнийг хамрууллаа

 

-Залуус В,С вирусээр халдварлаж буй нь эрүүл мэндийн салбар болон ДЭМБ-ын зайлшгүй анхаарах асуудлын нэг учир энэ талд ихээхэн ач холбогдол өгсөн. Тухайлбал, вирусийн эсрэг эм оруулж ирэн эмчилгээнд нэвтрүүлсэн. Ямар үр дүнд хүрсэн бэ?

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: -В, С вирусийг илрүүлэх, тоолох шинжилгээг ЭМД-д оруулж эхэлсэн нь том амжилт боллоо. Иргэн хармаанаасаа мөнгө гаргалгүй ЭМДаар дамжуулан мөнгөө төлнө гэдэг чухал. Нэг хүн даатгалаас жилд хоёр сая төгрөг хэрэглэх боломжтой. ХӨСҮТ-д 165 мянган төгрөгөөр С вирус тоолох шинжилгээг ЭМД-аар төлүүлнэ гэдэг ард иргэдийн нуруунаас санхүүгийн ачааллыг хуваалцаж байгаа засаг төрийн хамгийн том ажил юм. Мөн элэгний С вирусийг эмчлэх харвони эмийг Монгол Улсад оруулж ирсэн. Анх 96 мянган ам.долларын өртөгтэй байсан эмийг 1200 ам.доллараар худалдан авч гурван сарын хугацаанд хэрэглэх болсон. Үүнийг дахин багасгаж бүрэн эмчилгээг нь 900 ам.доллар болгон бууруулсны 30 хувийг ЭМДаар төлүүлэхээр болсон. Өнгөрсөн хугацаанд шинэ эмийг нэвтрүүлснээр 6000 гаруй хүнийг эмчилгээнд хамрууллаа. Үүний 90 гаруй хувь нь өндөр үр дүнтэй байгааг судалгаагаар тогтоогоод байна.

 

Салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах хэрэгтэй

 

-Манай улсад зонхилж буй халдварт өвчний дунд сүрьеэ, бэлгийн болон амьсгалын замын халдвар нь хүн амын нас баралт, өвчлөлтөд өндөр нөлөөтэй гэсэн судалгаа гарчээ. Халдварт өвчинтэй хэрхэн тэмцэх ёстой вэ?

 

ДЭМБ-ын мэргэжилтэн Ж.Нарантуяа: -Эдгээр халдварт өвчинтэй тэмцэхэд ганц эрүүл мэндийн салбар ажиллах боломжгүй. Тиймээс салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах хэрэгтэй. Нас насны хүмүүс эдгээр өвчнөөр өвчилж байгаа учир боловсрол, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбар хувь нэмрээ оруулах ёстой. Өнөөгийн глобальчлагдсан нийгэмд халдварт өвчин хурдацтай тархах эрсдэлтэй учир ямар ч орон халдварт өвчний аливаа дэгдэлт гарахад бэлэн байдлыг хамгийн түрүүнд хангах ёстой. Халдварт өвчнийг эрт илрүүлдэг, оношилдог хандалтын тогтолцоотой байх, хүн амд мэдээлэл хүргэхийг эрчимжүүлбэл халдварт өвчинтэй тэмцэхэд илүү үр дүнд хүрнэ.

 

Томуугийн эсрэг вакциныг арваннэгдүгээр сарын эхээр оруулж ирнэ

 

-Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор амьсгалын замын халдвар эрс нэмэгддэг. Томуу, томуу төст өвчнөөр бага насны хүүхдүүд өвдөх нь их байдаг. Үүний эсрэг вакциныг хэзээ оруулж ирэхээр төлөвлөж байна. Ямар зохион байгуулалттайгаар иргэдийг хамруулах вэ?

 

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа: -АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс зуучилж, 45 мянган тун вакциныг арваннэгдүгээр сарын эхээр оруулж ирэхээр гэрээ байгуулж байна. ДЭМБ хүлээн зөвшөөрсөн байгууллагаас тухайн вакциныг оруулж ирдэг. Үүнээс гадна Засгийн газар энэ төрлийн 30 мянга гаруй тун вакциныг захиалж байгаа юм билээ. Дархлаажуулалтын тухай хуулиар томуугийн вакциныг зургаан сараас дээш насныхан сайн дураар хийлгэдэг. Гэхдээ эмч, эмнэлгийн ажилчид болон эрсдэлтэй бүлэгт багтдаг цэрэг, цагдаагийн байгууллагын ажилчид, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч хүмүүст Эрүүл мэндийн сайдын тушаалаар томуугийн эсрэг вакциныг үнэгүй хийдэг. Харин энгийн иргэдэд төлбөртэй хийдэг. Өнгөрсөн жил 13 мянган төгрөгөөр хийж байсан. Энэ удаад оруулж ирж байгаа улсынхаа үйлдвэрээс шалтгаалж 15 орчим мянган төгрөг байх болов уу гэж бодож байна.

 

С.Юмсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Зочин (182.160.40.99)

    2016-10-23

    Хэзээнээс эхэлж даатгалаас төлөх юм бэ?Хүн бүр даатгалаас юм уу эсвэл тодорхой нэг хэсэг хүмүүсийг юм уу

  • (202.9.41.197)

    2016-10-22

    C,B virusiig tgd haldvartat daatgalaar tooluulah uu boloh uu

  • (59.153.112.32)

    2016-10-22

    МАНын нэг нөхрийн лабротори л байхгүй юу