“Их хайрын зөрөг”-өөр ижилдэн алхаарай

 

       “Их хайр”, “Хослох зүрхний уянга”, “Хайрын наран” гээд олон сайхан дууг ард түмнийхээ зүрх сэтгэлд хосоороо эгшиглүүлж буй ДБЭТ-ын дуучин СТА Б.Мөнхтөр, ХЦДБЧ-ын дуучин СТА Ц.Туяацэцэг нарын хамтарсан уран бүтээлийн цэнгүүн “Их хайрын зөрөг” нэртэйгээр түмний хүртээл болох гэж байна. Энэ сарын 28-ны 19 цагаас Монгол бөхийн өргөөнөө болох тоглолтод Б.Туяацэцэгийн эгч УГЖ Ц.Чулуунцэцэг, Ц.Отгонцэцэг нар оролцон ая дуугаа өргөхөөс гадна СТА Л.Банзрагч, Б.Гомбо-Очир, Н.Төмөрсүх, дуучин Н.Бизъяа нарын уран бүтээлчид ч ая дууны дээжээ өргөх аж. 

 

        Мөн хоёр уран бүтээлчийн ажиллаж, уран бүтээлээ тууривдаг  ДБЭТ, ХЦДБЧ-ын уран бүтээлчид оролцох юм. Харин “Чамгүй нүсэр бүтцээр үзэгч олны хүртээл болох “Их хайрын зөрөг” тоглолт нь мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдах болно. Энэ утгаараа “Их хайрын зөрөг” нь урьд өмнө төдийлөн болж байгаагүй шинэлэг, үзэгчдийг байлдан дагуулсан тоглолт байх болно” хэмээн мэргэжилтнүүд дүгнэж буй. Тоглолтын эзэд болох Б.Мөнхтөр, Ц.Туяацэцэг нарын хувьд ч Монголын урлагын их үүр уурхай болсон СУИС-ийг төгссөн мэргэжлийн уран бүтээлчид төдийгүй, мэргэжлийн урлагийн байгууллагад тасралтгүй ажиллаж өнөөдөрт ирсэн чадварлаг уран бүтээлчид юм.
 

 

     Монголын урлагийн түүхэнд эгч дүү гурван бүсгүйн хоолой хоршиж байгаа нь бас л ховор завшаан. Тэрбээр урьд өмнө эгч Ц.Чулуунцэцэг, Ц.Отгонцэцэг нартайгаа хамтран удаа дараа уран бүтээлээ ард түмэндээ толилуулж байсан бол энэ удаад мэргэжлийн тал дээр өсч өндийж яваа залуу дуучин Б.Мөнхтөртэй хамтран уран бүтээлээ толилуулахаар болсон нь санаандгүй хэрэг биш. Ид дуулах ур чадвар нь өсч, туршлага сууж яваа хоёр уран бүтээлч маань шинийг эрэлхийлж, үзэгч түмэндээ илүү сонирхолтой хүрэх гэсэн биз ээ. Тэгэхээр юу юугүй цасан дуулгаа нөмрөх гэж буй цаг дор хосууд “Их хайрын зөрөг”-өөр ижилдэн алхаж, хосгүй сайхан дуун цэнгүүнд сэтгэл зүрхээ баясгахад илүүдэх юун. .  

 

Н.Дөл
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)