“Дургүй ламд дарж байж сахил хүртээв”

 

        Хэдхэн хоногийн өмнө Орон нутгийн сонгууль болж ирц хүрээгүйн улмаас өнгөрөгч амралтын өдөр сонгогч олноо орчин цагийн төмөр хүлгээр зөөснөөр сонгуулийн ажиллагааг дуусгасан болов. “Дургүй ламд дарж байж сахил хүртээх”-ийн үлгэр боллоо. Сонгуулийн ирц хүрээгүйг янз бүрээр тайлбарлах авч яагаад гэсэн асуултад ганцхан хариулт бий. Ерөөсөө улстөрийн намуудад сонгогч олон итгэхээ больсон нь даамжраад түмний Төрд итгэх итгэл алдарчээ гэсэн дүгнэлтээс өөр хариулт алга. Сонгогч олон өнгөрөгч хорин хэдэн жилд баруун зүүнээ эзэлдэг гэх МАН, АН хоёрыг ээлжлэн сонгож ирлээ. Өөр арга ч байсангүй. Ямар АНУ-аас БНН-ыг, ОХУ-аас Нэгдсэн орос намыг, Хятадаас Коммунист намыг нь Монгол Улсад авчирч саналаа өгөлтэй биш. Байгаа хоёроо л ээлжлэн сонгож, тэд нь ч ийм байдалтай байсаар иржээ. 

 

       Шинэ залуу гэж болох АН-ыг сонгогч олон хоёр ч удаа төрийн эрхэнд гаргаж үзлээ. Дотоодын зодооноос өөр гавьяа байгуулсангүй. Яагаад АН-ыг сонгоод байна вэ гэхээр ард түмэн шинэлэг зүйл хүсээд байгаа хэрэг шүү дээ. Өөрчлөлт шинэчлэл хаа хаанаа хэрэгтэйг сануулаад байгаа юм. Даанч ард түмнийхээ энэ их хүсэл эрмэлзлэл рүү АН ахин дахин ус хийсэн. Үнэн хэрэгтээ өөрчлөлт шинэчлэл хүсээд байгаа сонгогчид ах намд хайртайдаа сонголт хийгээд ч байгаа хэрэг биш. Шинэчлээд өөрчлөхгүй юм гэхэд тураагаад алчихгүй байх гэж найдсандаа л сонголт хийсэн. Аргаа барсан л хэрэг. 
 

 

    Нөгөө нэг том зүйл нь манай улстөрийн намуудад үзэл баримтлал гэж алга болсон. Цоо шинэ үзэл баримтлалын дор уралдах цаг болжээ гэдгийг аль эрт нийгэм сануулаад эхэлсэн. Намууд хууль ёсоор татан буугдаад шинээр үзэл баримтлалаа боловсруулаад тэр шинээр боловсруулсан үзэл баримтлалын дор сунгаа явуулахаар эрх биш шинэчлэлийн салхи үнэртэх болов уу. Түүнээс биш эрх ашиг, хэтэвч мөнгөөрөө хэлхэлдсэн энэ улстөрийн намууд угаасаа насгүй болсон нь харагдана. Баруун зүүн үзэл баримтлалтай гэх АН, МАН хоёр улстөрийн хүчин ч үзэл баримтлалынхаа хөл толгойг олохоо больсон мэт. АН баруун төвийн үзэл баримтлалтай гэх авч зүүн баруунгүй шургалсан олон ургальч үзэлтний эрх ашгийн төлөөх нэгдэл гэдгээ удаа дараа харууллаа. Ах намын хувьд ч ялгарч харагдах үзэл баримтлал байхгүй. 

 

       Хүн төрөлхтөн хамгийн сайн нь, хамгийн сонгодог нь хэмээн ардчилсан нийгмийг сонгосон, энэ сонголтоос өөрийг олоогүй байна. Ардчилсан нийгмийн нэгэн том үндэслэл, учир шалтгаан нь сонгох сонгогдох эрх юм. Гэтэл бид сонгох сонгогдох энэ үнэт зүйлээ алдахад хүрлээ. Иймд тулбал, чухам нийгэм гэж юу вэ гэх асуулттай ч зүй ёсоор тулгарч таарна. Монголчууд бид 1992 оноос хойш долоон удаа сонгуульдахдаа идэвх нь дандаа буурч ирсэн үзүүлэлт бий. Тухайлбал, 1992 онд анх удаа сонгууль өгөхдөө 95.6 хувьтай ирц бүрдүүлсэн бол 1996 онд 88.4, 2000 онд 82.4, 2004 онд 81.1, 2008 онд 76.5, 2012 онд 65.24 хувийн ирцтэй санал өгсөн байдлаас харж болно. Харин өнгөрөгч буй 2016 онд хөдөө орон нутагт  75,5 хувь байсан бол нийслэлд 68 хувьтай байлаа гэх статистик мэдээлэл бий. Дандаа бууралттай байсан энэ үзүүлэлт 2016 онд өссөн нь сонгогчдын санал савсан явдал байснаас төдийлөн идэвхиэ нэмсэн үзүүлэлт биш байх. Нөгөө талаар 2012-2016 онд төрийн эрх барьсан улстөрийн хүчинд гомдсон бухимдал ийнхүү санал савж, ирцийн үзүүлэлтийг ахиулсан болов уу. Энэ үед төрийн эрх барьсан АН хүнээ орхиод бүтээн байгуулалт руу хошуурсан нь иргэдээ гомдоон санал савлахад хүргэсэн  байхыг ч шинжээчид өгүүлж байна лээ. 

 

      Энэ бол сонгогч олны боловсрол өндөр болчихоод, сонгогдон буй нам, сонгогдохоор зэхсэн хүмүүсийн орон зайд шинэчлэл гарчихсан хэрэг огт биш. Энэ бол сонгогч олны цаг зуурын бухимдал гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Саяхан Сонгуулийн ерөнхий хороо бусад албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар бол 18-25, 25-35 насны залуучууд саналаа өгөхгүй байгааг дуулгана лээ. Энэ албан баримтаас харахад л нэгийг өгүүлж хоёрыг бодогдуулах нь лавтай. Монгол Улсын ирээдүй болсон залуусын нийгмийн идэвхи ийн буурсан нь улстөрийн намуудад итгэх итгэл алдарч, аажмаар Төрд итгэх итгэлийг эвдсэн хэрэг болж байна.  Өргөн утгаар нь авч үзвэл Монгол Улсын ирээдүйд асар хортой зүйлийг өнгөрөгч хорин хэдэн жилд хийжээ гэдгийг үүнээс харж болно. Дашрамд дурдаж хэлэхэд улстөрийн намуудаас сонгогдон гарч буй төрийн зарим түшээдийн худал хуурмаг явдал, эрх ашгийн төлөөх тэмцэл нь ч итгэл алдуулсан гол зүйл юм. 

 

      Залуус ямар ч өндөр боловсрол эзэмшиж, өөрийгөө шавхаж бэлдсэн бай намд зүтгээгүй бол эзэмшсэн боловсрол туршлагажсан чадвараа хаа ч гаргаж чадахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл ажил алба олдохгүй гэсэн үг. Тэгэхээр олон залуусын улстөрийн намуудад итгэх итгэл буурч, энэ нь Төрдөө итгэхгүйд хүргэж байгаа нь бидний өмнө тулгарсан маш том гамшиг. Харин томоохон сургуулийн диплом өвөртөлсөн чадвар нимгэн нөхөд нам даган ажил албаны бараа харж байгаа нь өнөөдрийн ийм байдалд хүргэлээ гэх дүгнэлтийг хаа хаанаа өгч байгаа нь үнэн. Улс орныхоло ирээдүйг хорлож буй энэ системийг задалж шинэчлэлийн салхи сэвэлзүүлэх цаг нэгэнт болжээ. Намуудыг татан буулгана гэдэг устгана гэсэн үг биш. Шинээр үзэл баримтлалын дор байгуулагдаад бодлогоо уралдуулдаг байх зарчмыг л яриад байгаа хэрэг. Ийнхүү  “Дургүй ламд дарж байж сахил хүртээх”-ийн үлгэрээр яваад байвал биднийг сөнөл л угтаж авна. 

 

С.Ууганбаяр
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)