П.Хаянхярваа: Гурван настайдаа сонссон аялгуугаа одоо ч санадаг

 

        Монголын цэргийн хөгжмийн нэрт зүтгэлтэн, Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Хаянхярваатай ярилцлаа.

 

-Таныг хөгжмийн урлагт ямар хүн хөтлөн оруулсан бэ?

 

-Би цэргийн хөгжмийн даргын гэр бүлд төрсөн. Миний аав Хөвсгөл аймгийн уугуул Б.Пүрэвжав гэж цэргийн хөгжмийн ахмад удирдаач хүн байсан юм. Би мэдээ орсон цагаас эхлээд цэргийн хөгжмийн аялгуунд өссөн. Намайг төрсний дараахан манай нагац ах партизан Гончиг “Хүүхэд ахуйгаасаа хөгжим дуу чимээнд дасаг” гээд чанга яригч толгой дээр зүүчихсэн байгаа юм. Тэр чанга яригчаар цацагдах Монголын Үндэсний Радиогийн хөгжмийн нэвтрүүлгийн ая эгшигт бүүвэйлэгдэн өссөн хүн дээ би. Тэр балчирхан үе буюу гурван настайдаа сонссон аялгуугаа одоо ч санадаг. Би дээр хэлсэнчлэн нагац ах Гончиг гуайнд өсч торнисон юм. Манай Гончиг ах тухайн үед Хатанбаатар Магсаржавын гарын нарийн бичгийн дарга байсан бөгөөд ардын хувьсгалын үйл хэрэгт гар бие оролцож явсан ахмад партизан хүн байсан юм. Намайг төрж байх үе буюу 1935 онд Монголын хоршоодын холбооны даргын албыг хашиж байжээ. Манай аав, нагац ах Гончиг хоёр намайг анх хөгжмийн урлагт хөтлөн оруулсан хэмээн бахархан бодож явдаг. Миний ээж Ч.Тогоо ч хүсэл мөрөөдлийг минь ойлгож, их дэмждэг байсан. Ээж минь намайг 12 настай байхад Цэргийн ерөнхий сургуульд хөтөлж аваачаад оруулчихсан юм. Ингээд бодохоор би чинь хөгжмийн урлагт 70 дахь жилдээ зүтгэж яваа хүн шүү дээ.

 

-Ээж тань ямар ажил эрхэлдэг хүн байсан бэ?

 

-Намайг балчир залуу байхад үзэж харах зүйл ховор байлаа. Үлээвэр хөгжим, радио хоёр л намайг хүмүүжүүлсэн. Ээж минь Цэргийн ерөнхий сургуулийн уран сайханд явж, мандолина тоглодог байлаа. Тэр үед ээжийнхээ тоглодог байсан хуучны сайхан дуунуудыг би одоо ч санаж явдаг юм. Ээж, аавын минь тоглодог хөгжмийн аялгуу, радиогоор цацагдах ая эгшиг намайг хөгжимд дурлуулж хөгжмийн хүн болгоход голлон нөлөөлсөн л дөө.

 

-Та анх ямар хөгжим тоглож сурав?

 

- Цэргийн ерөнхий сургуульд 12 настайдаа орсон. Би одоо ийм жаахан өвгөн байгаа юм чинь хүүхэд байхдаа бүр ч жижигхэн байсан байлгүй. Том хөгжим нь томдоод жижиг нь хатуудаад байх. Миний анхны багш Гончигийн Таванцэрэг надад хөгжмийн зэмсэг сонгож өгөх гэж нэлээн зовсон гэж яридаг юм. Тэгээд сүүлд нь кларнит буюу бялар хөгжимд суралцуулахаар болсон. Кларнит анх зааж өгсөн Чүлтэм гэдэг хөгжимчин бий. Тэр хүн надад хэдэн хуруугаараа хаана дарах хэрэгтэйг анх заасан. Кларнит анх дарж эхлэхээсээ л би аав, ээжийнхээ тоглодог дууг оруулж чадаж байсан юм. Би их хүсч, мөрөөдөж байсных юм уу хөгжмөө маш хурдан тоглож сурсан даа. Аав, ээжийн тоглодог байсан ая, эгшиг сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэний ач тус байх.

 

-Та өөр олон хөгжим тоглодог уу?

 

-Хөгжмийн зохиолч хүний хувьд Москвад сурч байхдаа төгөлдөр хуур тоглож сурсан. Ер нь бол 1940-өөд оны сүүлээр буюу бага дарга болсон хойноо хүсэл сонирхолдоо хөтлөгдөн үлээвэр хөгжмийн бүх хөгжмөөр хөгжимдөж үзсэн. Нарийн бүрээг л арай тоглож сураагүй. Би хөгжмийн зохиолч болоогүй байхдаа л хөгжмийнхөө зэмсгийг судалчихсан хүн.

 

-Ер нь та яг хэдэн онд хөгжмийн зохиолч болсон юм бэ?

 

-1949 оны сүүлээр арванхоёрдугаар сард Г.Таванцэрэг багш намайг дуудаад “Хаянхярваа чи гармоний курст суух уу” гэсэн. Тэгэхээр нь би хөөрөгт хөгжим гармонь шиг юм бодоод их дуртай зөвшөөрчихсөн. Гэтэл цэргийн төв клубт яваад очтол гармоний буюу хөгжмийг найралжуулах ухааны курс байсан юм. Тэр нь Г.Бирваа багшийн хичээллүүлдэг 14 хоногийн хугацаатай, шахуу хөтөлбөртэй курс байлаа. 1950 онд энэ сургалтыг практикт хэрэгжүүлж эхэлсэн дээ. Тэр үед би 15 настай байлаа. Г.Бирваа багш даалгавар их өгдөг байж билээ. 1957 онд Москвагийн Хөгжмийн дээд сургуульд явсан. 1961 онд сургуулиа төгсч ирээд “Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ” гэдэг анхныхаа дууг зохиож байлаа.

 

-Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Г.Бирваа бол монголын хөгжмийн урлагийн суутнуудын нэг. Та багшийнхаа талаар эргэн дурсвал?

 

-Би их азтай хүн. Хөгжмийн урлагт анх орохдоо л Г.Таванцэрэг гэдэг сайн багштай учирсан. Дараагаар нь хөгжмийн урлагийг онолыг Гончигийн Бирваа багшаар заалгасан их хувь заяатай хүн дээ би. Г.Бирваа багш намайг хөгжмийн ухаанд хөтөлсөн хүний нэг яах аргагүй мөн. Багш бол хөгжмийн боловсролын хувьд тийм ч өндөр биш. Яагаад гэвэл 1945 онд Москвад хөгжмийн их сургуульд сурах гэж очоод бие нь муудсан учраас нэгдүгээр курсээсээ эх орондоо буцаад ирсэн. Агаар таараагүйгээс уушги нь муудсан гэдэг. Гэхдээ багш маань хөгжмийн зохиолчийн хувьд төрөлхийн агуу их авьяас өгөгдөл, хичээл зүтгэлтэй хүн байсан юм. Монголын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийг 1950 оны нэгдүгээр сард байгуулсан. Энэ байгууллагын анхны даргаар мөн оны тавдугаар сард Г.Бирваа багш ирж ажиллаж байлаа. Тэр үед би багштайгаа хамтран ажиллаж, их зүйл сурсан даа. Миний өнгөтэй өөдтэй сайн сайхан зүйл бүхэн Г.Бирваа багшаас минь эхтэй. Бас Урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналтан Гончигийн Цэрэндорж гэж хүн байсан. Тэр хүн өөрийнхөө үлгэр дуурайлаар намайг хөгжмийн урлагт оруулсан нэгэн. Намайг Гончиг гэдэг овогтой хоёр хүн хөгжмийн урлагт эргэлт буцалтгүй оруулж, зааж чиглүүлсэн юм. Энэ хоёрыгоо л шүтэж явдаг шүү.

 

-Таны анхны уран бүтээл болох “Цэргийн нөхөр цэрэнтэйгээ” дууг олон нийт хэрхэн хүлээн авсан бэ?

 

-Би эхлээд дуу зохиоё гэж ерөөсөө бодоогүй юм. Хөгжим найруулах, хөгжим зохиох тухай л бодож явлаа. 1961 онд миний таньдаг зохиолч таарч надад шүлгээ өгснөөр миний анхны дуу “Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ” минь бүтсэн. 1961 оны Улсын их баяр наадамд түрүүлсэн Цэрэн гэдэг хүнд энэ дууг зориулсан юм. Сонсогчид миний энэ дууг их сайн хүлээж авсан. Учир нь ардын дуутай ойролцоо аялгуутай, дуулахад эвтэйхэн болсон юм шиг байгаа юм. Тэр дууг зохиочихоод их онгирч байлаа. Анхны дуунаасаа хойш хоёр жилийн хугацаанд ямар ч дуу зохиож чадахгүй болчихсон. Оролдоод, оролдоод болдоггүй. 1964 онд Д.Сандагсүрэн гэх цэргийн хөгжмийн нэртэй зохиолч найз минь “Чи яагаад марш бичихгүй байгаа юм. Чи мэргэжлийн сургуулийг нь төгссөн юм чинь чадна. Одоо зохио” гээд онгироогоод байх боллоо. Тэгээд л найзынхаа өрөөнд сууж байгаад “Цэргийн хүү” хэмээх анхны маршаа бичиж байлаа. Энэ марш маань одоо хүртэл эгшиглэж л байдаг юм. Давгүй сайн бүтээл болчихсон байгаа юм. Ийм л байдлаар миний уран бүтээлийн гараа эхэлж байлаа. Мэргэжлийн хүний хувьд цэргийн ансамблиас уран бүтээлийн гараагаа эхэлсэн. 1961 оноос цэргийн ансамбльд ажиллаж эхэлсэн тэр үед цэргийн ансамблийн уран сайхны удирдагчаар Д.Дугарсүрэн гуай ажиллаж байлаа. Д.Дугарсүрэн гуай үг дуу цөөтэй, шаардлага өндөртэй, мэдлэг чадвартай хүн байсан юм.

 

-Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад таны ажил, амьдралын багагүй хугацаа өнгөрчээ. Тэр цаг үеийнхээ тухай яривал?

 

-1955 онд Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд ажиллаж байтал Г.Цэрэндорж багш цэргийн ансамбльд татаж авсан юм. Цэргийн ансамбльд 1957 он хүртэл хөгжимчин, бага даргын алба хашиж билээ. Ер нь нийтдээ 22 жил цэргийн ансамбльд ажилласан юм байна. Энэ хооронд ОХУ-д сургуульд суралцаж, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимдөө ажиллаж байлаа. Цэргийн ансамбль бол намайг уран бүтээлч, хөгжмийн зохиолч болгосон газар яах аргагүй мөн.

 

-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа, Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Гончигсумлаа зэрэг монголын хөгжмийн урлагийн алтан үеийнхэнтэй хамтран ажиллаж явсан дурсамжаасаа хуваалцаач?

 

-Миний үед монголын хөгжмийн зохиолчдын алтан үеийнхэн уран бүтээлээ ид туурвиж явсан. С.Гончигсумлаа, Монгол Улсын ардын жүжигчин Л.Мөрдорж гуай нарын уран бүтээлийн оргил үе нь өнгөрч байсан гэж хэлж болно. Мөн манай номын багш Ж.Бадраа гуай тэр үед бидэнд хөгжмийн нэр томьёог цэгцэлж өгсөн хүн юм. Би Ж.Бадраа гуайг номын багш гэж хүндэтгэж явдаг. Багш намайг оролдлого хичээл зүтгэлтэй сайн хүүхэд гэдэг байлаа. Ж.Бадраа багш “Чи дотоод яамны даалгавартай хүн биш биз” гэж намайг их цаашлуулдаг байж билээ. Багшаас хөгжмийн талаар их зүйл асуудаг байжээ. Номын багш минь надад гучин минутын хичээл зааж байгаагүй ч хийж бүтээсэн зүйл, амьдралаараа надад үлгэр дуурайл үзүүлж ихийг сургасан хүн.

 

-Батлан хамгаалахын их сургуулийн 95 жилийн ойгоор таны зохиосон “Номын далай их сургууль” дуунд зориулж гэрэлт хөшөө босгож, хүндэтгэл үзүүлж байсан. Энэ дуу хэрхэн бүтсэн бэ?

 

-Би ер нь хөгжмийн арай бага төрлийн зохиолч юм. Миний уран бүтээлд дуурь, симфони байхгүй. Гэхдээ би хөгжмийн бусад бага дунд төрөлд нэлээд мэргэшсэн. Тэр дундаа цэргийн марш, дуу сайн зохионо. Миний уран бүтээлийн гол нь бүжгийн хөгжим, дуу, марш байдаг. Дуу дундаа цэргийн дуу голлоно. Гэхдээ магтуу,уран сэтгэмж зэрэг хөгжмийн томоохон төрлийн бүтээлүүд бас бий. 1975 онд Жанжин штабын цэргийн хөгжмийн албаны дарга буюу армийн хөгжмийн ерөнхий удирдаач гэдэг албан тушаалыг хашиж байлаа. Тэгтэл тэр үед манай Батлан хамгаалах яамны жанжин штабын дарга байсан генерал Х.Ёндон намайг дуудаж “Манай Цэргийн ерөнхий дээд сургуулийн соёл урлагийн гурав хоног болно. Танайх концертыг найруулна” гэдэг юм байна. Соёл урлагийн хоногоо амжилттай зохион байгуулж байтал генерал Х.Ёндон дахин намайг дуудуулж, цэргийн ерөнхий дээд сургуулийг дуутай болгох даалгавар өгсөн юм. Ийнхүү даргын даалгавраар 1975 оны аравдугаар сард “Цэргийн дээд сургуулийн нэгдсэн дуу” гэж хийж өгсөн. Тэр дууг 1990-ээд он гартал дуулсаар ирсэн. Дараагаар нь Цэргийн ерөнхий дээд сургууль нэрээ өөрчилж Батлан хамгаалахын их сургууль болон өргөжсөн. Ингээд дахин шинэ дуу хэрэгтэй болж, би цэргийн яруу найрагч Г.Баатарнумтай хамтран “Номын далай их сургууль” хэмээх дуу зохиосон. Энэ дуунд зориулж, Батлан хамгаалахын их сургуулийн парад ёслолын талбайн баруун талд мандах наран зүгт харуулсан гэрэлт хөшөө босгож намайг хүндэтгэн урьсанд туйлын баяртай байна. Миний уран бүтээлийг хүндэтгэж ийнхүү мөнхөлсөнд өвгөн уран бүтээлчийн хувьд баярлаж л сууна. Миний энэ дуу тийм сүрхий сайн дуу биш цэргийн жагсаалын дуу юм. Гэхдээ марш хэлбэрийн, цэргийн хүн дуулаад явж болохоор уран бүтээл л дээ. 1975 онд бичсэн “Цэргийн дээд сургуулийн нэгдсэн дуу”-ны ая аялгууг энэ дуу арай гүйцэхгүй хэмээж бодож явдаг.

 

-Таны ажил амьдрал бүхэлдээ хөгжмийн урлаг дунд өнгөрсөн байна. Өнгөрсөн хугацаанд бүтээж туурвисан уран бүтээлүүдээсээ тоймлон ярина уу?

 

-Би 1000-аад дуу хийсэн байдаг. Төрөлжүүлбэл олон янзын дуу байна. Монголын худалдааны салбарын тухай гэхэд л арав гаруй дуу бий. Дандаа С.Дулдуйн шүлгээр хийсэн дуунууд л даа. Сүүлийн үед эрдэмтэн,том лам нар, гэгээнтнүүдийн тухай цуврал дуу хийж байна. Энэхүү төрөлд мэргэшсэн яруу найрагчидтай хамтран ажиллаж байгаа. Энэ бүхэн надад уран бүтээлийн шинэ туршлага болж байна. Ер нь би энгийн, иргэний сэдэвт дуу арай цөөхөн хийсэн байдаг юм. Гэхдээ огт хоосон биш энэ салбарын тухай хэд хэдэн дуу бий. Тухайлбал, “Хонгор нутгийн түмэндээ”, “Арын сайхан хангай”, “Уугуул ус суугуул нутаг” гэх зэрэг дуу бий. Тэр бүхнээс Баянхонгор аймагт зориулсан “Хонгор нутгийн түмэндээ” дуу нэлээд олон хүнд хүрсэн юм шиг байдаг. Би 1984 онд Зүүнбаянгийн цэргийн гарнизоныхонд зориулж, Г.Жанчивын шүлгээр “Их говийн гарнизон” гэдэг дуу хийсэн. Уг дууг говь нутгийнхан говийн дуу хэмээн их дуулдаг гэсэн. Иймд би ард түмнийхээ нэгээхэн хэсэгт ч болохноо хүрсэн сайн уран бүтээл хийж чадсан юм болов уу гэж өөрөөрөө бахархдаг шүү. Би дуу зохиохдоо аль болох монголжуу аялгуутай хийхийг хичээдэг. Сүүлийн үед ирлийз дуу их гарч байна. Монгол дуу зогсонги байхыг би хүсдэггүй. Гагцхүү монгол ухаан, хөгжмийн сэтгэхүйгээр хөгжих ёстой гэж үздэг. Одоогийн хүүхдүүд гадаадын дууг хуулаад дуулж л байна. Энэ нь нэг талаар гадаадын соёлоос суралцах нь зүйтэй ч монгол дууны ерөнхий хөгжлийн урсгалд саад болох үзэгдэл гэж харагдаад байна. Орос, Америк, Солонгос аль нь ч мэдэгдэхгүй дуу байж болохгүй шүү дээ. Ийм дуу олширно гэдэг нь залуу үеийнхээ хөгжмийн сэтгэлгээг үймүүлж байгаа хэрэг. Монгол дуу бол монгол дуу л байх ёстой. Энэ бол ярьж хөндөх ёстой сэдвийн нэг. Залуу үедээ нэмэр болох үүднээс 80 гарсан би уран бүтээлээ туурвисаар сууна. Миний хийсэн бүтээсэн зүйл хойч үеийнхэнд сургамж болоосой гэж бодож явдаг.

 

-Сүүлийн үед нэг хоногийн дотор ч дуу, клип гарч байна. Олон дуу зохиосон таны хувьд дууг хэр хурдан бичдэг вэ?

 

-Би бол чихээрээ хөгжмийг мэдэрдэг. Залуудаа их сайн сонсголтой байсан. Одоо ч тэгтлээ муудчихаагүй. Би одоо 1000 хүн хөгжимдөж байхад нэг хүн буруу нот тоглохыг сонсч чадна. Хөгжмийн зохиолч бүр өөр өөр арга барилтай. Шууд зохиодог хүн байна. Бодон бодон зугуухан зохиодог хүн байна. Хөгжим дуу зохиох нь миний хувьд амархан, тийм хэцүү зүйл биш. Төгөлдөр сайхан дууг төгөлдөр хуур дээр л зохионо шүү дээ. Би бүх насаараа ном цуглуулсаар байгаад хөрөнгө мөнгө цуглуулж чадаагүй нэгэн. Манай гэрт хөгжим тавих зай байхгүй. Тав, зургаан хүн хоёр өрөө жижиг байшинд амьдардаг. Тиймээс төгөлдөр хуураа өөрийн зээ охиндоо өгчихсөн. Одоо бол чих, толгой хоёроо ашиглаж хөгжим зохиож байна. Манай шавь нар бүтээлүүдийг минь сонсоод “Хөгжимгүй хийсэн гэж худлаа байх” гэдэг юм. Тэгэхээр нь манай гэрт очоод үз л гэдэг. Төгөлдөр хуур бол тухайн уран бүтээлчийн бүтээлийг шалгаж, төгөлдөржүүлдэг гайхамшигтай зэмсэг. Ийм зэмсэггүйгээр хөгжим зохиож байгаа нь миний хувьд өөрт шүүмжлэлтэй ханддаг зүйлийн нэг. Гэхдээ яахав амьдрал ийм л байна.

 

-Хамгийн сүүлд ямар уран бүтээл гаргасан бэ?

 

-Одоо ч миний үеийн яруу найрагчид ховор болжээ. Залуу үеийн яруу найрагчид намайг мэдэхгүй. Гэхдээ надад шүлгээ өгдөг яруу найрагчид байдаг. Тухайлбал, С.Дамбий, До.Цэнджав, Дашдондог нар. Надаас өмнөх үеийн зохиолчдын гайхамшигт бүтээлүүд байна. Энэ бол надад уран бүтээл туурвих сэдэл өгдөг. Тухайлбал, өнөөдрийн хувьд би Д.Нацагдоржийн “Намар” шүлэгт ая зохиож дуу болгож байна.

 

-Таны уран бүтээлийг төр хэрхэн үнэлсэн бэ?

 

-Миний авьяас төрд хожуу үнэлэгдсэн. Хүний авьяас гэдэг нүдэнд харагдаж, гарт баригдах тийм хялбар зүйл биш шүү дээ. Ер нь Батлан хамгаалах яам шагнал урамшуулалдаа их хатуу шүү дээ. 1978 онд Дуурийн театрт очоод 1979 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн болсон. Энэ бол төрөөс хүртсэн анхны том урамшуулал байлаа. 2008 онд Ардын жүжигчин цол хүртсэн. Үүнээс гадна саяхан миний зохиосон дуунд босгосон гэрэлт хөшөө байна. Энэ бол хойч үед П.Хаянхярваа гэж уран бүтээлч байсныг илтгэх том дурсгал болон үлдэж байна.

 

-Өдгөө та 82 нас хүрч байна. Цаашид юу бүтээж туурвихыг хүсч байна вэ?

 

-Уран бүтээлээ үргэлжлүүлэн хийх болно. Одоо дурсамжийн номоо бичиж байна. Өөрийн амьдрал, уран бүтээлийн алдаа оноо бүхнийг бичиж үлдээнэ. Хүн бүхэнд хэрэгтэй биш юм гэхэд түүхэнд үлдэг гэж бодож явна даа. Би хүн уншчихаар уншууртай ном биччих байх гэж бодож сууна. Би нэг ч ном бичиж үзээгүй ч шавь нарынхаа бичсэн 70 гаруй номыг редакторлосондоо эрэмшиж эрдэж сууна гэх үү дээ.

 

Г.Нямсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • 1 (202.180.216.162)

    2016-10-25

    БИТГИЙ ХУДЛАА ЯРЬ ЗА