Б.Сарантуяа: Уран бүтээлээ хийхийн зэрэгцээ төрийн албаа цалгардуулалгүй хашна

 

        Урлагт зүтгэсэн 30 жилийн ойгоо энэ сарын 29-нд тэмдэглэх гэж буй Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяатай ярилцлаа. Тэрбээр эдгээр жилд 21 цомог хэвлүүлж, 600 гаруй дуу бичүүлсэн байна.

 

-30 жил богино хугацаа биш. Ойн тоглолтдоо эртнээс бэлтгэсэн үү?

 

-Би 1996 онд “Хайрын бурхан-10 жил” тоглолтоо хийсэн. 2006 онд охиноо төрүүлж, 20 жилийн ойгоо тэмдэглэж амжаагүй юм. Тиймээс гучин жилийн ойдоо өнгөрсөн жилээс бэлтгэсэн. Манай олон уран бүтээлч 30 жилийн ойгоо тэмдэглэж амжилгүй өнгөрүүлсэн байдаг. Би өнгөрсөн есдүгээр сард тоглолтоо хийе гэж төлөвлөсөн ч аялан тоглолт давхцаад амжаагүй. Улаанбаатар хотод төрж өссөн учраас нийслэлийнхээ өдрөөр ойн тоглолтоо хийж буйдаа баяртай байна. Миний тоглолтод “Харанга”, “Камертон”, “Хөх тэнгэр” зэрэг хамтлаг, дуучин ирж хүндэтгэл үзүүлж, дуунуудаас минь дуулна. Тэдний дууны сонголтыг би хийсэн. Тоглолтынхоо орлогоор найрал дууны студи нээх бодолтой байна.

 

-Ирэх ням гаригаас таны уран бүтээлийн дараагийн арван жил эхэлж байна. Тоглолтын дараах уран бүтээлийн төлөвлөгөөнөөсөө хуваалцана уу?

 

-Миний уран бүтээл зогсолтгүй үргэлжилнэ. “Saraa’s music” продакшн ирэх арванхоёрдугаар сард “Мөнгөн шөнө” тоглолтоо хийх бол хоёрдугаар сард язгуур урлагийн цомгийн нээлтээ хийнэ. Гэхдээ 2017 онд уламжлал болгон тэмдэглэдэг төрсөн өдрийн тоглолтоо хийхгүй. Учир нь ирэх оны гуравдугаар сард амьд хөгжмийн “Рандом” хамтлагтайгаа АНУ-д аялан тоглолт хийхээр төлөвлөсөн. Мөн язгуур урлагийн “Олонх” хамтлагтай хамтран Өмнөд Солонгос, Японд суугаа монголчууддаа 30 жилийн ойн тоглолтоо толилуулна. Уран бүтээлээ хийхийн зэрэгцээ төрийн албаа цалгардуулалгүй хашна.

 

-Уран бүтээлийнх нь 30 жилийн босгон дээр таныг Соёлын төв өргөөний дэд захирлаар томиллоо. Албаа аваад ямар ажлыг нэн тэргүүнд хийе гэж бодож байна вэ?

 

-Би урлагт 30 жилийн зүтгэсний хувьд уран бүтээлчдийнхээ төлөө “Төрийн ажил хийе” гэсэн хүсэлт тавьсан юм. Миний хүсэлтийг харгалзан үзэж Соёлын төв өргөөний дэд даргаар томилж, сайхан хамт олонтой хамтран ажиллах болсондоо баяртай хүлээж авсан. Хэдхэн сарын дараа шинэ жилийн баяр болно. Шинэ жилийг угтан Соёлын төв өргөөнөөс зохион байгуулдаг хүлээн авалтыг сайн хийе гэсэн бодолтой байна. Би албаа хариуцлагатай хашиж чадна.

 

-“Хөх тэнгэр” хамтлагаас гарч соло дуучны карьераа эхэлсэн нь таны уран бүтээлийн шинэ үеийг нээсэн үү?

 

-Би “Хөх тэнгэр” хамтлагаас муудалцаж гараагүй. Миний бие даасан дуучин болох шийдвэрийг хамтлагийнхан маань эерэгээр хүлээж авсан. Бид одоо ч уран бүтээлийн хамтрагчид.

 

-Таныг Өвөрмонголын дуучинтай хамтран дуулна гэх юм. Энэ үнэн үү?

 

-БНХАУ-ын нэгдүгээр дэсийн жүжигчин, Өвөрмонголын алдарт дуучин Тэнгэртэй хамтран “Зүүдний говь” дууг дуулж магадгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн найруулагч Б.Баатараас тодруулаарай. Би уран бүтээлчийн ёс зүйг сахиж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй.

 

-Намтар номоо яагаад зохиолч, яруу найрагч Р.Эмүжинээр бичүүлэх болов?

 

-Би өмнө нь нэг сэтгүүлчээр номоо бичүүлэх гэсэн ч бүтээгүй юм. Роман бичдэг, кино зохиол бичдэг гээд олон зохиолч, сэтгүүлчээс сонголтоо хийсэн. Гэхдээ намайг сайн мэддэг хүнээр бичүүлэх хэрэгтэй гэж бодоод Р.Эмүжинг сонгосон минь алдаагүй. Би “Зууны дуу хоолой” номынхоо эхний гурван бүлгийг уншаад уйлсан шүү. Номоо тоглолтоос өмнө хэвлүүлж амжаагүй ч удахгүй уншигч, фэнүүддээ толилуулна. Номынхоо орлогоор залуу уран бүтээлчдийг дэмжих сан байгуулна.

 

-“Зууны дуу хоолой” гэж номоо нэрлэхэд тань “Зууны манлай эстрадын дуучин” гэсэн өргөмжлөл нөлөөлсөн үү?

 

-Би 1999 онд 29 насандаа “Зууны мэдээ” сонины санаачлагаар “Зууны манлай эстрадын дуучин” өргөмжлөлийг хүртсэн. Зуун солигдохоос 30-хан жилийн өмнө төрөөд энэ том өргөмжлөлөөр дуудуулна гэдэг өдрийн од шиг ховор тохиол. Тиймээс л энэ тохиолыг тодотгож нэрлэсэн юм.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (76.170.61.16)

    2016-10-25

    Ман дагаад дарга болсын байна Ард түмэндээ урлагийн хүн үйлчлэгч нь байдаг энэ хүн эсрэгээрээ нам дагаж албан тушаал аваад явж байдаг Чадахгүй дээ төрийн ажлыг ингэж унагаах гэж

  • зөв монгол (103.50.207.19)

    2016-10-25

    төрийн ажилд нь болон уран бүтээлд өндөр амжилт хүсье. үнэхээр хүчирхэг монгол эмэгтэйчүүдийн нэг шүү.