Пак Гын Хэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг санал болгожээ

 

        Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Тэрбээр парламентын хуралдаанаар төсвийн төслийг хэлэлцэх үеэр үг хэлэхдээ “Нэг хүн Ерөнхийлөгчөөр нэг л удаа сонгогдон ажиллах ёстой гэсэн Үндсэн хуулийн заалтыг өөрчлөх хэрэгтэй. Хязгаарлагдмал цаг хугацаа нь гадаад харилцаа болон дотоод бодлогын хүрээнд хийсэн ажлынхаа үр дүнг харахад хангалтгүй юм” гэжээ. Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг хариуцсан тусгай зөвлөл байгуулахыг мөн санал болгосон гэнэ. Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн төрийн тэргүүний алба хаших хугацаа нь 2018 оны арванхоёрдугаар сард дуусгавар болох юм. Өнгөрсөн долоодугаар сард явуулсан олон нийтийн санал асуулгаар иргэдийн 70 хувь нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн бол 40 хувь нь Ерөнхийлөгчид дахин сонгогдох эрх олгох нь зөв гэж үзжээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг парламентын гишүүдийн саналаар шийдвэрлэх бөгөөд нийт гишүүний гуравны хоёр нь зөвшөөрсөн тохиолдолд албан ёсоор батлах юм. Ерөнхийлөгч Пак Гын Хэ үргэлжлүүлэн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал нь миний мөрийн хөтөлбөрийн хэсэг байсан. Бүгд найрамдах Солонгос улсын тогтвортой хөгжлийн төлөө тогтсон хэв шинжийг өөрчилж, шинэчлэл бүхий зоригтой алхам хийх ёстой” хэмээн ярьжээ. Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн уг мэдэгдэлд сөрөг хүчний зүгээс эсрэг байр суурь илэрхийлж, уг асуудлыг хойшлуулж магадгүй байгаа аж. Өмнөд Солонгосын Үндсэн хуульд хамгийн сүүлд 1987 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)