Агаарын бохирдлыг бууруулахад шийдлийнхэн “сөхөрсөн” бол шинэ Засгийн газар давшилт хийлээ

 

         Улаанбаатар хот “Утаанбаатар” нэр зүүгээд олон жилийг үдэж байна. Жил бүрийн өдийд буюу өвлийн улирал эхлэнгүүт утааны асуудал нийслэлчүүдийн толгойны өвчин болдог. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэлээд их хэмжээний мөнгийг төсөвлөж, зарцуулж байсан. Гэсэн ч тухайн үеийн удирдлагууд буюу Шийдлийн Засгийн газрынхан зорилгоо умартсан учир хотын утаа бахь байдгаараа хоцорч, харин холбогдох байгууллагын зарим нь хариуцлага үүрсэн. Товчхондоо, тухайн үед төр, засгийн эрхийг атгаж байсан “Шийдлийн”-хэн утааны өмнө “сөхөрсөн” юм. Ингэхдээ “утаанд зарцуулах мөнгө байхгүй” гэсэн тайлбар өгсөн. Агаарын бохирдлыг бууруулахын тулд урт хугацааны бодлого боловсруулж, шат дараатай арга хэмжээ авах байтал өчүүхэн шалтгаан хэлж, гараа өргөн бууж өгсөн нь нийслэлчүүдийн дургүйцлийг төрүүлсэн удаатай. Тэдний ярианы сэдэв төрөх эмнэлэг, агаарын бохирдол, автозамын түгжрэл, эдийн засгийн хямрал, бараа бүтээгдэхүүний үнэ, валютын ханш зэрэг байв. Эдгээр асуудлыг шийдвэрлэх юм шиг дөрвөн жилийн турш ярьсан ч ямар нэгэн шийдэлд хүрч, арга замыг нь тодорхойлж чадаагүй бууж өгсөн.Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд сайхан ярьж, иргэдийн чихэн дээр цэцэг ургуулсан хэрэг.

 

“ЦЭВЭР АГААР САН”-Г СЭРГЭЭН БАЙГУУЛСНААР ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ ТУСАВ

 

Харин 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулсан шинэ Засгийн газар гурван сарын хугацаанд оновчтой бодлого боловсруулж, шийдвэртэй олон алхам хийж эхэлсэн билээ. Үүний нэг нь агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Цэвэр агаар санг сэргээсэн явдал юм. Нийгмийн Эрүүл мэндийн Хүрээлэнгээс гаргасан судалгаагаар агаарын бохирдол нь хүн амын нас баралтын үндсэн таван шалтгааны нэг болохыг тогтоожээ. Агаарын бохирдол буюу утаанаас үүдэлтэйгээр бага насны хүүхдийн эндэгдэл, архаг бронхит, зүрх судасны өвчлөл ихэсч эрүүл мэндийн байгууллагад хандах иргэдийн тоо улам бүр нэмэгдсээр байгаа юм. Товчхондоо, агаарын бохирдол ард иргэдийн эрүүл мэнд, байгаль орчны хамгийн ноцтой асуудал болоод байгаа билээ. Ийм үед БОАЖЯ агаарын бохирдлыг бууруулах талд бодлого боловсруулж, дээрх шийдвэр гаргасныг “цагаа олсон зөв шийдэл” хэмээн иргэд дүгнэв. БОАЖ-ын сайдын хэлснээр Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, “Цэвэр агаар сан”-г сэргээн байгуулсан бөгөөд агаарын бохирдлыг бууруулах санхүүжилтийн эх үүсвэр бий болгохоор төлөвлөжээ. Тус санд эхний ээлжид таван тэрбум төгрөгийг төвлөрүүлэх юм. Түүнийгээ гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөхөд голчлон зарцуулах юм байна. Энэ бол нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх эхний алхам болж байгаа юм. Тодруулбал, иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, том хөрөнгө оруулалт хийсэн гэсэн үг. Учир нь, дээр дурдсанчлан агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл нэмэгдэж байгаа нь хэн хүний сэтгэлийг түгшээсэн асуудал бөгөөд нийслэлийн утааг бууруулахад анхаарал хандуулах хэрэгтэйг сануулж буй юм. Сүүлийн жилүүдэд 17-гоос доош насныханд амьсгалын замын өвчлөл, дунд насныханд төв мэдрэлийн систем, уушгины үрэвсэл, хорт хавдрын өвчлөл нэмэгдсэн байна.

 

УЛААНБААТАР ХАМГИЙН БОХИР АГААРТАЙ ТАВАН ХОТЫН ЖАГСААЛТАД БАГТДАГ

 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ Улаанбаатар хотыг хамгийн их агаарын бохирдолтой гэж тодорхойлжээ. Тэдний хийсэн судалгаагаар өнөөгийн Улаанбаатар нэг шоо метр агаартаа 179 микрограмм тоосонцор агуулж байгаа нь хүний эрүүл мэндэд аюултай байх хэмжээнээс даруй ес дахин их аж. Түүнчлэн дэлхийн хамгийн бохир агаартай таван хотын жагсаалтын эхний тавд манай улс багтдаг юм. Сонирхуулахад, Иран улсын Ахваз, Санадаж, Энэтхэг улсын Лудхиана, Пакистаны Күвита хот тус жагсаалтад багтсан байна.

 

150 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН Ч, ЭЦЭСТ НЬ БУУЖ ӨГСӨН

 

Дэлхийн хамгийн бохир, хортой агаартай хотын тоонд багтахад маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа юм. Тухайлбал, түүхий нүүрс түлдэг 185 мянга гаруй өрх, хот утаа ялгаруулж буй 308 мянган автомашин, их хэмжээний утаа гаргаж буй цахилгаан станцууд болон сул шороон хөрснөөс тоосонцор их хэмжээгээр дэгддэг байна. Эдгээр хүчин зүйлээс болж Улаанбаатар хотын агаар бохирддог аж. Гэхдээ түүний 80 хувийг гэр хорооллын өрхийн яндангаас гарч байгаа утаа эзэлдэг гэсэн тоон мэдээлэл бий. Тиймээс төр, засгийн үе үеийн удирдлагууд гар хумхиж зүгээр суусангүй. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилд зүгээр суусантай ялгаагүй зүйл нийслэлд өрнөв. Улаанбаатар хотын агаарыг бохирдлыг бууруулах чиглэлд өнгөрсөн дөрвөн жилд ямар байгууллага ажиллаж, түүнд хэчнээн төгрөг төсөвлөж байсныг эргэн сануулъя. Тухайлбал, “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо”, “Агаарын чанарын алба”, “Цэвэр агаар сан”, “Цэвэр агаар төсөл” зэрэг хэд, хэдэн байгууллага үйл ажиллагаа явуулсан. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад “Мянганы сорилтын сан”-гаас гаргасан мөнгөтэй нийлээд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулсан тухай татан буугдсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос тухайн үед мэдээлж байсан. Ингэхдээ дөрөв, таван төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн аж. Үүнээс боловсруулсан зуух буюу утаагүй зууханд нийт 68 тэрбум, гэрийн дулаалгад 12, цахилгааны хөнгөлөлтөд 3.5, уурын зуухыг сайжруулж, шинэчлэхэд 17.9 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна. Ийнхүү агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах хөрөнгийн 80 тэрбумыг “Цэвэр агаар сан”-гаас гаргасан бол Засгийн газар 70 тэрбум, “Мянганы сорилтын сан”-гаас 50 тэрбум төгрөг олгож байсан. Үүнийг оноор нь ангилбал 2012-2013 онд агаарын бохирдлыг бууруулахад 105 тэрбум төгрөг төсөвлөсөн аж. Түүний 80 гаруй хувийг нийслэлд зарцуулсан гэдэг. Харин 2013-1014 агаарын бохирдлыг бууруулахад нийслэлд 22 тэрбум, 2015 онд 15 тэрбум төгрөг төсөвлөж, зарцуулсан удаатай. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгө тэрбум тэрбумаар тоологдох атлаа бохирдол нь бахь байдгаараа, нүдээр харвал бүр илүү нэмэгдсэн гэж хэлж болохоор байгаа юм. 2012- 2015 оны хооронд олон тэрбум төгрөг зарцуулсан атлаа төр, засгийн тухайн үеийн удирдлагууд эцэст нь бууж өгсөнд нь хэргийн учир байгаа юм. Улаанбаатарын утааг бууруулах зорилгоор дээр дурдсан байгууллагын заримыг нь шинээр байгуулж, татвар төлөгчдийн мөнгөнөөс хуваарилж, сүр дуулиантайхан эхлүүлсэн. Гэсэн ч эцэст нь нөгөөх байгууллагуудынхаа заримыг нь татан буулгасан удаатай. Хэрэв урт хугацааны бодлого боловсруулж, тууштай ажиллаж, хотынхоо утааг багасгахгүй байсан юм бол тэр их мөнгийг ашиггүй зүйлд зарцуулж, заримыг нь хэн нэгний халаасанд оруулах хэрэг байсан гэж үү. Сүүлдээ бүр агаарын бохирдлыг бууруулахад бодлого боловсруулж ажиллахгүйгээр шийдэж, 2016 онд мөнгө төсөвлөөгүй юм. Нэг талаараа тэр нь ч зөв шийдвэр байсан байж болох. Учир нь, мөн л хэдэн тэрбумыг төсөвлөөд түүнийгээ үр дүнтэй зарцуулж чадахгүй, аль эсвэл хэн нэгэн албан тушаалтны түрийвчинд орох байсан юм бил үү. Яагаад гэвэл, дээр дурдсан байгууллагаас “Цэвэр агаарын сан” зуух тарааснаас өөр дорвитой ажил хийгээгүй атлаа улсаас авч зарлагадсан мөнгө нь хэмжээлшгүй их. Мөн тухайн байгууллагын удирдлагууд улсын 1.9 тэрбум төгрөгийг хувьдаа завшиж, ял сонссон байдаг.

 

Энэ бүхний эцэст гэр хорооллын зарим айл өрх эсгий дулаалга, утаагүй зуухтай болж, хотын хаа нэгтээ байрлах агаарын бохирдлыг хэмждэг хянах самбараас өөр зүйл алга. Тиймээс л Улаанбаатарчууд утаагаа уушигласаар л. Гэхдээ шинэ Засгийн газрын бодлогоор “хонгилын үзүүрт гэрэл асав”. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотыг байнга бүрхэж байдаг утаан хөшиг, саарал манангаас бид чөлөөлөгдөх боломж нээгдлээ.

 

ИННОВАЦЫН ШИЙДЭЛ БАЙВАЛ ХУВААЛЦАХЫГ УРИАЛЖЭЭ

 

БОАЖЯ-наас гаргасан шийдвэрээс гадна Байгаль орчны газраас нэгэн уриалга гаргасан байна. Германы архитектор, дизайнер Даан Рүүзегаард агаар цэвэршүүлэгч бүтээхийн тулд хөрөнгө босгох арга хэмжээ зохион байгуулж, хандивлагчдад утаан манангаас ялган авсан нүүрстөрөгчөөр хийсэн бөгж дурсгасан аж. Түүний судалгаа агаарын бохирдлын ихэнх хувийг эзэлдэг нүүрстөрөгчийн давхар ислээс ялгасан нүүрстөрөгчийг хувиргах боломжтойг нотолсон байна. Энэ мэтээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах санал инновацын шийдэл байвал хуваалцахыг нийслэлийн Байгаль орчны газрынхан уриалжээ.

 

С.Юмсүрэн

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (103.57.92.74)

    2016-10-26

    ЗӨВ ШҮҮ

  • zochin (183.81.171.134)

    2016-10-26

    turuu jil shonii togiig hongolj bsan ene jil yah yum boloo tog hongolwol ih zugeer yum bna le