Н.Энхболд: Төсвийн орлогоос давсан өр, зээл ирэх оны төсвийн гол зовлон болчихоод байна

 

        УИХ­ын гишүүн Н.Энхболдтой ярилцлаа.

 

-УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлэг дундаа орсон үед гаднаас зээл, тусламж авахаар ярилцаж эхэлсэн нь төсвийнхөө тооцооллыг дутуу хийсэнтэй холбоотой гэх шүүмжлэл өрнөөд эхэллээ. Өнөөдрийн байдлаар манай улс хэчнээн улсаас ямар нөхцөлтэй, хэчнээн төгрөгийн зээл тусламж авахаар ярилцаж байна вэ. Та мэдээллээ хуваалцана уу?

 

-Одоогийн байдлаар тэр улсаас, тийм хэмжээний зээл авахаар тохирлоо гэсэн албан ёсны мэдээллийг бидэнд өгөөгүй байна. Нийт гадаад зээл 22 орчим тэрбумд хүрсэн бол ирэх жил зээл болон зээлийн үйлчилгээнд гэхэд л 6.6 их наяд төгрөг төлөхөөр байгаа. Гэтэл төсвийн орлого маань зургаан их наяд төгрөг байгаа шүү дээ. Ийм л нөхцөлд бид төсвөө хэлэлцэж байна. Бид ирэх сарын 15 гэхэд төсвөө батлаад гаргасан байх ёстой. Энэ бол цаг хугацааны нэг хүчин зүйл. Нөгөө талаас бидний гэрээ хэлэлцээр хийж буй улс орон, гадаадын банк санхүүгийн байгууллагуудад манай энэ хууль нэг их үйлчлээд байхгүй шүү дээ. Арваннэгдүгээр сарын 15 юм уу 30 байх эсэх нь тэдэнд падгүй асуудал. Аль аль талаасаа боломжийн нөхцөл болзлоо харгалзан үзэж байж л эцсийн тохироондоо хүрч таарна. Манай улс өмнө нь хоёр ч удаа ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж, тухайн үеийн хүнд нөхцөл байдлаасаа харьцангуй хохирол багатайгаар гарч байсан. Одоо бидэнд муу, тэрнээс муу гэсэн хоёр л сонголт үлдээд байна. Миний бодож байгаагаар хоёр муугаас арай дөнгүүр нь эхний ээлжид “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хувилбар гэж харж байгаа.

 

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар болбол төсөвтөө тодотгол хийж таарах нь ээ?

 

-Засгийн газар ямар байдлаар гэрээ хэлцэл хийхийг мэдэхгүй байна. Магадгүй, төсөв хэлэлцэх явцад юм уу эсвэл хэлэлцэж батлаад дууссаны дараа ОУВС-тай ашигтай тохиролцоонд хүрвэл төсөвтөө эргээд тодотгол хийхээс аргагүй болж таарна. Бид яриа хэлцэл хийчихээд “Саяхан төсвөө баталсан, тодотгохгүй” гэлтэй нь биш. Өөрөөр хэлбэл, биднээс өөрсдөөс маань хамаарахгүй хүчин зүйл байгаа учраас төсвөө батлангуутаа тодотгохыг үгүйсгэхгүй. Мэдээж, төсвийг батлахаас наана хоёр тал тохиролцоонд хүрвэл сайн л байна. Хэлэлцүүлгийн явцад ярьж хөөрөөд, зохицуулаад батлахыг бодно шүү дээ.

 

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд ОУВС-гаас хэдий хэмжээний зээл авахаар байгаа юм бэ?

 

-Энэ талаар одоогоор бидэнд ямар ч мэдээлэл алга. Энэ бол Засгийн газрын хийдэг хэлэлцээр. Өнгөрсөн сард Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар АНУ-д айлчлаад ирсэн. Энэ үеэр анхны саналуудаа ярьсан байх. Харин нарийвчилсан тоо хэмжээ юм уу хоёр талын нөхцөл болзлын талаар бидэнд мэдээлээгүй байна. Хамгийн гол нь, цаад тал эхлээд манай нөхцөл байдлыг үзэх ёстой. Манай улсын өр ямар хэмжээнд байгаа болон түүнийг төлөх бололцоо нь хэр юм. Бид зээл өгчихвөл өрнөөсөө гарч, ашигтай ажиллах боломж гарах нь уу, бидний тавьсан болзлыг биелүүлэх нь үү, үгүй юу. Төсөвтөө маш том зарчмын өөрчлөлт хий гэвэл тэр нь нийгэм, улс төрийн нөхцөл байдал, хүлээлттэй төдийлөн нийцэхгүй байвал хүлээж авахад хэцүү шүү дээ. Энэ мэтчилэн хөтөлбөрт хамрагдахад маш олон асуудал бий.

 

-Өргөн утгаар нь харвал 2017 оны төсөвтэй хамт Хямралаас гаргах төлөвлөгөөгөө оруулж ирсэн байх ёстой. Төсвөө хангалттай сайн боловсруулж чадаагүй байна гэх шүүмжлэлийг сөрөг хүчний зүгээс хэлээд байгаа. Та үүнтэй санал нийлэх үү. Засгийн газар бол тодорхой зүйлийг засаад явах боломжтой гэж байгаа. Та хувьдаа яаж харж байна вэ?

 

-Хугацааны хувьд засаад явах бүрэн боломж бий. УИХ дээр ярьж хэлэлцээд явах боломжтой. Гэхдээ Засгийн газар төсөв дээр огт ажиллалгүйгээр хэдэн тоо тавиад оруулаад ирлээ гэж байгаа бол санал нийлэхгүй. Дахиад хэлэхэд, бид ирэх онд төсвийнхөө орлогоос давсан зээл, зээлийн хүүгийн төлбөртэй байна. Өөрөөр хэлбэл, олж байгаа бүх мөнгөө зарцуулаад ч хүрэхгүй гэсэн үг шүү дээ. Энэ тохиолдолд хаанаас нэмэлт эх үүсвэр олох, хэнээс зээлэх, хөрөнгө оруулалтыг хэрхэн татах гэх мэт олон зүйлийг зэрэг бодолцож байж л төсвийг оруулж ирсэн байх. Мэдээж УИХын гишүүдийн зүгээс өөрсдийнхөө байр сууринаас шүүмжлэлтэй хандаж байгааг ойлгож байна. Гэхдээ миний хувьд нэг л зүйлийг бодож байгаа юм. Тодруулбал, уг нь төсвийнхөө бүтцэд нэлээд дорвитой өөрчлөлт хийгээд, ДНБ-д эзэлдэг халамжийн хөтөлбөрүүдээ илүү оновчтой болгоод оруулаад ирсэн бол зөв байсан болов уу гэж бодоод байгаа юм. Засгийн газраас оруулж ирсэн хөтөлбөрүүд ч бас шүүмжлэл дагуулаад байна. Нэгэнт өмнө нь хэрэгжээд явж байсан буюу хүмүүс хүлээгээд сурчихсан халамж, тэтгэврийн асуудлыг огцом өөрчлөхөд хүнд. Энэ бол ямар ч Засгийн газар хийсэн хүнд асуудал байсаар л байх болно. Хямралаас гарах төлөвлөгөөг төсөвтэй хамт оруулж ирэхэд цаг хугацааны хувьд амжаагүй болов уу гэж харж байгаа. Төсөв бол хуулийн хугацаатай асуудал. Хямралаас гаргах төлөвлөгөөг цаг хугацаанд шахагдсан байдлаар биш цаашдаа бид яаж амьдрах юм гэдгээ томоор нь бодож байж хийхгүй бол төлөвлөгөө гаргаад үр дүнгүй шүү дээ. Хямралаас гарах төлөвлөгөөг өнөөдрийн хүнд үеийг давж гарах гэхээсээ илүү цаашид улс орон яаж хөгжих юм, МАН урт хугацааны бодлогын баримт бичгийг баталлаа гэдэг нэртэй үлдээсэй л гэж хүсч байгаа юм.

 

-Ерөнхийлөгч 2017 оны төсөвт таван санал хүргүүлээд байна. Өр, зээлийнх нь төлбөр орлогоосоо давчихсан, боломжит бүхий л хувилбараар таналт хийж байгаа энэ үед төсөвт дахиад багагүй зардал үүсгэх юм биш үү гэх хүн ч байна. Ер нь хүлээж авахад хэр боломжтой саналууд вэ?

 

-Хүүхэд харах үйлчилгээ, 36 сарын тэтгэмж гэх мэт асуудлыг ганц Ерөнхийлөгч ярьсан юм биш. Бид өнөөдөр ч энэ бүх асуудлыг ярьсаар байна. Төрийн албан хаагчдад олгодог 36 сарын тэтгэмжийг аль болох бүтнээр нь өгөхөөр ярилцаж байна. Гагцхүү хаанаас эх үүсвэрийг нь гаргах вэ, өнөөдрийн оруулж ирсэн төсөл дотроос юуг нь хасах боломжтой байна гэх мэтээр үзэж л байна. Дөнгөж хоёрдугаар хэлэлцүүлэг өрнөж байна шүү дээ. Хүүхдийн мөнгөний хувьд цаг хугацааны асуудал бий. Өөрөөр хэлбэл, бүгдэд нь өгнө гэдэг бодлого хэвээрээ байгаа. Дахин хэлэхэд, төсөв хүндрэлтэй байгаа үед хаанаасаа, юугаа танах вэ гэдгийг л ярьж байна. Мэдээж эхний ээлжид алийг нь тэвчих вэ гэдгээ дотооддоо жаахан үзнэ, боломжууд гарах байх гэж харж байгаа.

 

-Хэмнэлт нийгэм рүү чиглэлээ, төр данхар бүтцээ багасгах болон төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулах боломж уг нь байна гэдэг шүүмжлэл ч байна?

 

-2016 оны төсвийн тодотголоор төсвийн байгууллагуудын урсгал зардлыг үндсэндээ 10-100 хувь хэмнэсэн шүү дээ. Хүмүүс яагаад хэмнэлтээ нийгэм, хүн рүү чиглүүллээ гэж яриад байна гэхээр хувь хүнд очиж байгаа нь илүү мэдрэгдээд байгаа юм. Түүнээс үүний хажуугаар хэмнэж танаж байгаа буюу бүр зогсоочихсон олон зуун их наяд төгрөгийн ажил, арга хэмжээ бий шүү дээ. Тэгэхээр энэ бүхнийг олон нийтэд давхар ойлгуулах нь чухал байгаа юм.

 

-Хэмнэлтийг хүн рүү чиглүүллээ гэж байгаа нь жижиг можаритар тогтолцоотой учраас УИХын гишүүн бүр тойрогтоо хөрөнгө оруулалт татах гэж улайраад байгаатай холбоотой ч гэж тайлбарлаад байгаа. Та төсвийг задалж үзэв үү. Хөрөнгө оруулалтын үргүй зардал гэхээр зүйл ирэх оны төсөвт байна уу?

 

-Ер нь орон нутгаас ирж байгаа болон Засгийн газраас оруулж ирж байгаа саналууд дотор огт хэрэггүй хөрөнгө оруулалт гэж байхгүй. Бүгд л ямар нэг хэмжээгээр хэрэгтэй, шаардлагатай учраас л төсөвт тусгасан байгаа. Ер нь бол энийг оруулаад ирсэн бол тэр нь буруу гэх мэт зарчмаар шүүмжлээд байвал шүүмжлээд л байна шүү дээ. Хүмүүс нэг л зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Төсвийнхөө орлогоос давсан зээл, зээлийн хүүгийн төлбөртэй байгаа үед яах вэ. Болгочих гээд л дотор нь эргэлдүүлээд үзээд л байна шүү дээ. Төсвийн алдагдлыг гэхэд бараг анх удаа 9.9 хувьтайгаар батлах гэж байна. Энэ нь ойрын хоёр жилийн амьдралыг залгуулахад маш их хэмжээний мөнгө дутагдалтай байна л гэсэн үг. Зээлэх үү бонд гаргах уу гэдгийг л бид өнөөдөр бодитой ярьж болох болохоос бусдыг нь одоо хэлэхэд эрт бөгөөд хэцүү цаг хугацаанд ажиллаж байна даа.

 

-Төсвийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр тухайлсан ямар санал орж ирсэн бэ?

 

-Яг өнөөдрийн байдлаар төсвийн орлогоо нэмэгдүүлэх асуудлууд нь үндэсний үйлдвэрлэлээ нэмгэдүүлэх татвараа багасгана гээд байгаагийн цаад санаа нь тэр хэрээр үйлдвэрлэл нэмэгдэнэ. Хүмүүс ажил, орлоготой болно. Орлогоосоо татвар төлнө. Энэ хэрээр төсвийн орлогыг тодорхой хэмжээгээр бүрдүүлэх эх үүсвэр гарна гэсэн санал орж ирсэн. Энэ бол хамгийн тод харагдах санал.

 

-2017 оны төсөвт өрийн босгыг хуулийн хязгаараас нь давуулаад 98 хувьд хүргэх нь гэсэн мэдээлэл байгаа. Хэрвээ ингэвэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх юм биш үү, өөр гарцгүй байгаа хэрэг үү?

 

-Манай улсын өрийн босго аль хэдийнэ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнээс давчихсан. Ер нь өр, зээлгүй улс гэж байхгүй л дээ. Тэр байтугай ДНБ-ээсээ давчихсан улс орнууд ч бий. Гол нь тэр улс орнуудын онцлог нь өнөөх өр, зээлээ хугацаанд нь төлөх бололцоотой буюу үйлдвэрлэл явуулж мөнгө олдог. Бидэндтэй харьцуулахад тухайн өр, зээлийнх нь нөхцөл харьцангуй уян хатан, цаг тулсан биш байдаг. Гэтэл бидэнд ойрын хоёр жилд тулгараад байгаа гол бэрхшээл бол богино хугацаа, өндөр хүүтэйгээр авсан зээлийн төлөх хугацаа нь хоолойд тулчихсанд байгаа юм. 2017 онд 6.6 их наяд, Сангийн яамны танилцуулснаар 2018 онд бараг найман их наяд төгрөг байна. Өнөөдөр ерөөсөө л асуудлын гол нь энэ их хэмжээний өр зээлийн эргэн төлөлт л байна.

 

-Ойрын хугацаанд эдийн засгийн хямралыг гэтэлгэх эхний алхам нь ОУВС-гийн хөтөлбөр л байх шиг байна. Цаашдаа эдийн засаг тогтворжих хугацаа хэр ойрхон байна вэ. Ойрын хоёр жилдээ бол байдал тэгтлээ сайжрахгүй бололтой юм?

 

-“Стэнд бай” хөтөлбөр бол түр зуурын л арга хэмжээ. Энэ бол манай улсын урт хугацааны бодлоготой хамаагүй асуудал. Яаж 2017, 2018 оноо хямрал багатай даван туулах вэ л гэдэг ойлголт. Ер нь эдийн засагч, шинжээч судлаачдын үзэж байгаагаар эдийн засаг тогтворжих хугацааг 5-8 жил гээд байгаа шүү дээ. Гэтэл бидэнд тэгж хүлээх зав байхгүй. Эхний хоёр жилийн дотор ямар ч байсан хямралаа давах 2020 он гэхэд эргээд ард түмний амьдрал дээшилсэн байх, юмны үнэ харьцангуй тогтворжсон, өрхийн бодит орлого нэмэгдсэн, мөнгөний ханш өссөн байх л зорилго дэвшүүлэх ёстой. Тэгэхээр бидэнд аль ч талаасаа бодсон 2-3 жилийн дотор эдийн засагт өсөлт гарах суурийг бий болгох ёстой.

 

-Засгийн газрын 100 хоног энэ өдрүүдэд болж байна. Засгийн газар энэ хугацаанд хэр ажилласан гэж та дүгнэх вэ?

 

-Чадлынхаа хэрээр л ажилласан гэж бодож байгаа.

 

М.Өнөржаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.179.31.98)

    2016-10-27

    Төсөв хэлэлцээд байгааг харахад зарим гишүүд хэтэрхий их тойрог бодсон явцуу байдлаар хандаад байна.Үнэхээр л улс эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа юм бол юун тойрог бодох.Тэвчих зүйлээ тэвчиж боломжит хувилбарыг бодмоор юм.Тойрогтоо ажил хийсэн дүр эсгэх гээд байх хэрэгүй дээ?

  • (103.26.193.124)

    2016-10-27

    монголыг өрөнд хийсэн ан- ы дээрэмчдэд хуулийн хариуцлага тооц: тэгэхгүй бол цаашаа явахгүй.