Засгийн газрын 100 хоногт-Сангийн яам

 

        Сангийн сайд Б.Чойжилсүрэн үүрэгт ажлаа 7 дугаар сарын 23-нд хүлээн авсан юм. Энэ хугацаанд юуны өмнө Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдлыг зөв зүйтэй, бодитоор тодорхойлж, эдийн засгийн хүндрэлээс гарах арга замыг эрэлхийлэн ажилласан бөгөөд 2016 оны Төсвийн тодотголыг УИХ-аар батлуулж, 2017 оны Төсвийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг боловсруулан ҮАБЗ-өөр хэлэлцүүлэхээр хүргүүлсэн зэрэг хэд хэдэн томоохон ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

 

Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан батлууллаа

 

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааныхөтөлбөрийнтөслийг УИХ-ын 2016 оны 9 дүгээр сарын 9-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулав. Засгийн газрын 2016-2020 оны үйлажиллагааны хөтөлбөрийнтөсөлньЭдийнзасгийнхүндрэлийгдавантуулахонцгой бодлого, Эдийн засгийн тогтвортой өсөлтийгхангахбодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчин, ногоон хөгжлийнбодлого, Засаглалынбодлого гэсэн нийт 5 бүлэг, 381 арга хэмжээтэй бөгөөдаргахэмжээбүрийн шалгуур үзүүлэлт, хүрэхтүвшин, шаардагдахсанхүүжилт, хөрөнгийнэх үүсвэрийг тооцооллоо. Дээрхаргахэмжээг хэрэгжүүлэхэд 2017 онд 2.8 ихнаяд төгрөг, 2018 онд 5.2 их наяд төгрөг, 2019 онд 8.4 их наяд төгрөг, 2020 онд 10.5 ихнаяд төгрөг, нийт 26.9 их наяд төгрөгийнсанхүүжилт шаардагдахаар байна.

 

Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголыг хийж батлууллаа

 

Эдийн засаг, төсөв санхүүгийн байдалтай дэлгэрэнгүй танилцахад Төсвийн тодотгол хийх зайлшгүй нөхцөл байдал үүссэн байсан.Монгол Улсын 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1,669.6 тэрбум төгрөгөөр буурах төлөвтэй мөн 2016 оны төсөв батлагдсанаас хойших хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулганаар баталсан хууль эрх зүйн орчны өөрчлөлт, мөн Засгийн газраас гаргасан шийдвэр болон бусадгадаад болон дотоод хүчин зүйлийн улмаас төсвийн зарлага нийт дүнгээр 2,372,4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-ий -20.6 хувьд хүрэхээр байсан нь 2016 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй нөхцөлийг бий болгосон байв.

 

Иймд 2016 оны төсөвт тусгагдаагүй, санхүүжигдсэн зардлуудыг төсөвт тусгажтөсвийн нэгдмэл байдлыг хангах нөхцөл бүрдүүллээ.

 

Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг өргөн бариад байна

 

Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,974.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.8  хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,564.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,589.2  тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудыг хангаж байна.

 

Төсвийг боловсруулахдаа юуны өмнө 4-5 тусдаа болоод байсан төсвийг нэгтгэж төсвийн нэгдмэл байдлыг хангах, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах бодлогыг баримталсан. Тухайлбал:

 

·  Монгол Улсын 2017 оны төсвийн жилд татварын орчныг тогтвортойгоор хадгалах, зарлагын өсөлтийг хязгаарлах, Засгийн газрын өрийг хуулийн хязгаарт багтаан тогтворжуулах, төсвийн тогтвортой байдлыг бий болгох замаар эдийн засгийн өсөлтийг хангах бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

·  Өмнөх жилүүдэд гэрээний дагуу ажлаа гүйцэтгэсэн компаниудын санхүүжилтийг Векселиэр санхүүжүүлж байсныг 2016 оны төсвийн тодотголд тусган төлж барагдуулахаар тогтсон төдийгүй Векселиэр санхүүжүүлэх харилцааг 2017 оны төсвийн жилээс эхлэн бүрэн зогсоохоор шийдвэрлэсэн.

·  Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор гаргах дотоод бондын хэмжээг бууруулах, өрийн удирдлагын оновчтой арга хэрэгслийг хэрэгжүүлэх замаар хүүгийн зардлыг өмнөх оны түвшнээс бууруулахаар тооцсон.

 

Азай буурлууддаа “Насны хишиг” олгож эхэлнэ.

 

·  МАН-ын Мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Насны хишиг” олгохоор зорилт тавьсан. Энэхүү зорилтын хүрээнд ахмад настай азай буурлууддаа “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлж, 2017 оны төсвийн жилээс хэрэгжүүлж эхлэхэд 20.5 тэрбум төгрөг тусгасан.

·  Тодруулбал Эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд байгаа хэдий ч ахмад настны  орлогын баталгааг сайжруулах зорилгоор 70 ба түүнээс дээш настай азай буурлуудад  билгийн улирлын тэргүүн цагаан сар болон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан  жилд 2 удаа 100-300 мянган төгрөгийн “насны хишиг” олгох тухай заалтыг Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгаад байна.

 

Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг тогтвортой үргэлжлүүлж, тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийг бүрэн олгоно.

 

·  Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2016 оны 47 дугаар тогтоолд төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад ажил олгогчоос олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан хугацааг нь харгалзан 36 хүртэлх сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээтэй байхаар холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах төслүүдийг өргөн мэдүүлээд байна.

·  Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг тогтвортой үргэлжлүүлэх зорилтын хүрээнд төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой өмнөх зохицуулалтыг сэргээх, үүнтэй уялдуулан ирэх онд тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн зардлыг 89.5 тэрбум төгрөгөөр тооцон төсөвт тусгаад байна.

 

Зорилтот бүлэг, салбарт чиглэсэн бодлогыг үргэлжлүүлж, шаардлагатай зардлыг төсөвт тусгасан.

 

·  Их, дээд сургуульд суралцагч оюутны санхүүгийн дарамтыг бууруулах зорилтын хүрээнд шинээр байгуулагдсан “Боловсролын зээлийн сан”-г бэхжүүлэх, үйл ажиллагааг жигдрүүлэх зорилгоор ирэх онд 101.5 тэрбум төгрөгийн зээл олгох эх үүсвэрийг төсвөөс санхүүжүүлэхээр тусгасан.

·  Төсвийн боломж, нөөцтэй уялдуулан эдийн засгийн  хүндрэлтэй байх төлөвтэй 2017 онд Хүүхдийн мөнгийг эмзэг давхрагын зорилтот бүлгийн хүүхдүүдэд үргэлжлүүлэн олгох, амьдралын боломжийн түвшинтэй өрхийн хүүхдүүдийн мөнгийг Эдийн засгийн нөхцөл байдал сайжрах төлөв бүхий 2019 он хүртэл хойшлуулаад нөхөж олгохоор тусгаад байна.

·  Дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний үйлдвэрт тушаасан малын арьс шир, ноос болон хүнсний улаанбуудайн урамшуулалд зориулж нийт 54.0 тэрбум төгрөгийг ирэх онд олгохоор байна.

 

Жижиг дунд үйлдвэрлэгчдээ татварын бодлогоор дэмжихээр боллоо.

 

Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөө сихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар буюу ногдуулсан татварыг 90 хувиар  хөнгөлөхөөр хуулийн төслийг боловсруулаад байна.

 

Хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, ажлын байр, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх таатай нөхцөл бүрдэх болно. Мөн түүнчлэн шинээр бизнес эрхлэх үйл ажиллагааг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг нэмж татах таатай  нөхцөлбүрдэнэ.

 

 “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-ийг өргөн барив

 

“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-ийн төслийг Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 21, 28-ны өдрийн хуралдаанаархэлэлцүүлж УИХ-д өргөн бариад байна. “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжүүлснээр Монгол Улсын төрийн бодлого, хэрэгжилтэд итгэх гадны хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас бодлогын болон санхүүгийн дэмжлэг авах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах бололцоо бүрдэнэ гэж тооцоолсон.

 

Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг Засгийн газрын хэлэлцүүлж, буурууллаа

 

Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэгдэхүүний үнэ өсөх хандлагатай байгаа, Монгол улсад ам.долларын ханш өсөлттэй байгааг харгалзан Импортоор орж ирэх шатахууны онцгой албан татварыг бууруулахаар боллоо.

 

Засгийн газар өнгөрсөн оны 11 дүгээр сард онцгой албан татварын хэмжээг хилийн үнэ, валютын ханшны хэлбэлзэлтэй уялдуулан автобензинд тонн тутамд 400 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 520 мянган төгрөг байхаар тогтоосон байсан юм.

 

Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх автобензинд ногдуулах онцгой албан татварыг тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянга, Эрээнцаваар оруулж ирэх автобензинд тонн тутамд 130 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 150 мянган төгрөг байхаар тогтоолоо. 

 

ЗАСГИЙН ГАЗРЫН 100 ХОНОГ-САНГИЙН ЯАМ

 

-  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд “Байгаль орчны бохирдлыг бууруулахад но-хау дамжуулах төсөл”–ийн II дахь шатыг 21 сая чех крон (886.0 мянган ам.доллар)-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр Чехийн талтай тохиролцож, төслийн гэрээг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр байгуулав. Дээрх төслийн хүрээнд Монголын төрийн байгууллагуудын байгаль орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх чадавхийг сайжруулах, бохирдлыг цэвэрлэх технологи нэвтрүүлэх юм. Мөн төслийн хүрээнд байгаль орчны бохирдлын менежментийг сайжруулах стандарт загвар боловсруулж, газарзүйн мэдээллийн системд суурилсан бохирдсон газрын мэдээллийн санг ашиглалтад оруулах бөгөөд холбогдох ажилтнуудын бохирдсон газрын судалгаа хийх болон нөхөн сэргээх технологи ашиглах чадавхийг сайжруулах юм.

 

-  Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн төлөвлөгөөг 2016 онд нийт 131.0 тэрбум төгрөг байхаар баталсан боловч, төсвийн орлогын бууралтыг тооцон 2016 оны төсвийн тодотголоор 120.3 тэрбум төгрөгөөр  батлан хэрэгжүүлж байна.Энэ оны эхний 8 сарын байдлаар төсвийн орлогын бүрдэлт болон төрийн сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй уялдуулан нийт 87.1 тэрбум төгрөгийн орлогын шилжүүлгийг хуваарилан аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд шилжүүллээ. Сум орон нутгийг хөгжлийг түргэтгэх, иргэдийн өсөж төрсөн нутагтаа таатай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, орон нутгаас нийслэл хот руу чиглэсэн нүүдлийг зогсоох, сумд жигд хөгжих бололцоогоор хангагдахад сум, дүүрэг бүрт байгуулагдсан “Орон нутгийн хөгжлийн сан” чухал үүрэг гүйцэтгэдэг.

 

-  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн эхний хагас жилийн биелэлтийг яамд, байгууллагуудаас ирүүлсэн материалд үндэслэн нэгтгэн гаргаж, хяналт, шинжилгээ, үнэлгээхийв. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн 5 бодлого, 22 зорилт, 158 арга хэмжээний биелэлт 2016 оны эхний хагас жилийн байдлаар 52.8 хувьтай гарлаа.

 

-   Төсвийн ерөнхийлөн захирагч нарын худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг дүгнэж үзэхэд улсын хэмжээнд нийт 4684тендер шалгаруулалт зохион байгуулахаас 4067 тендер зарлагдаж, 3728 гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан бөгөөд тендер шалгаруулалтын хэрэгжилт 80 хувьтай байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар 55.1 дэх хэсэгт заасны дагуу тендер шалгаруулалтын үр дүнтэй холбоотой тендерт оролцогчдоос ирүүлсэн 113 гомдлыг хянан шийдвэрлэсэн байна.

 

-   Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголоор улсын төсөв 303.6 тэрбум төгрөг, Хөгжлийн банк 70.7 тэрбум төгрөг, векселиэр санхүүжих төсөл, арга хэмжээний дүн 672.9 тэрбум төгрөгөөр тус тус батлагдлаа. Мөн Засгийн газар байгуулагдсан 100 хоногт нийтдээ 27.4 тэрбум төгрөгийн 701 ширхэг санхүүжилтийн эрх нээж, гүйцэтгэгч байгууллагуудад олголоо. Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжих төсөл, арга хэмжээнд 10.8 тэрбум төгрөгийн эрх нээж, санхүүжилтийг аж ахуйн нэгжид олгов. Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг яамны Iltod.mn цахим хуудсанд байрлуулан, олон нийтэд мэдээлэв.

 

-  Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах зорилгоор шилэн дансны нэгдсэн цахим хуудас хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж, мэдээлэл байршуулах, хяналт тавих, хэрэгжилтийн тайлан гаргах бүх үе шатыг цахим хэлбэрт шилжүүллээ. Ингэснээр хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих ажилд дэвшил гарч байна.

 

-  Татварын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Онцгой албан татварын тухай хууль, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, танилцуулга, холбогдох судалгаа, тоо мэдээллийг боловсруулж,  хуулийн төслийг УИХ-ын Төсвийн Байнгын хороо болон УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэв.

 

-   Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжин “Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ын дагуу нийт 15 удаагийн сугалааг зохион байгуулсан. Энэ тохирлоор 151683 азтан тодорч 6.1 тэрбум төгрөгийн урамшууллыг олгохоос 9 дүгээр сарын байдлаар урамшуулал авах хүсэлтээ баталгаажуулсан 53838 азтаны 2.2 тэрбум төгрөгийн урамшууллыг олгоод байна.

 

-   Татварын хууль, тогтоомж, ebarimt, НӨАТ-ын урамшууллын системтэй холбогдох асуудалд хариулт өгөх, татварын өрийг дуудах зорилгоор Татварын үйлчилгээний төвийг байгуулан ажиллаж байна. Тус төвийн 1800-1288 тусгай дугаарын  утсанд 18748  татвар төлөгч хандан, 133 татвар төлөгч биеэр ирж, татварын хууль, тогтоомж НӨАТ-ын урамшууллын системийн талаар  зөвлөгөө авсан байна. Тус төвөөс 1.0 сая төгрөгөөс бага татварын өртэй татвар төлөгчийн өрийг дуудсанаар 1104 татвар төлөгчийн 497.7 сая төгрөгийг төлүүлэн, 968 татвар төлөгчөөс 514.5 сая төгрөгийн татварын өр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

-  Татварын ерөнхий газраас Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/33 дугаар тушаалаар “Авилгын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий төрийн албан хаагчдыг оффшор бүсэд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулахыг хориглох талаар холбогдох хуулийн төсөл боловсруулах” ажлын хэсэгт ажиллаж, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, танилцуулга, үзэл баримтлалд  чиг үүргийн хүрээнд санал хүргүүлэхээр ажиллалаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • иргэн (202.179.26.87)

    2016-10-28

    Сангийн яам санхүүжилтийн эрх нээхдээ зайлшгүй хэрэгтэй зардал мөн эсэхийг шалгаж хянаж өгдөггүй зүгээр л тушаал гарлаа өглөө.Тэр мөнгө анхан шатан дээрээяг юунд зарцуулагдаад байгааг мэдэхийг хүсдэггүй дотоод асуудалд орохгүй гээд өөрсдөөсөө зайлуулдаг.Эрх нээхдээ ядахнаа тэр мөнгийг юунд өгөх гээд байгааг байгууллагын санхүүгийн хүнийг дуудаж холбогдох баримтыг нь үзэж байж нээх хэрэгтэй тэгдэггүй юм шиг байгаа.Дарга нар нь л танил талдаа л өгөхийг шаарддаг тэр дагуу мэргэжилтэнгүүдэд нь эрхийг нээдэг.Үүнээсээ салаачээ Сангийн сайдаа.Хяналтаа сайжруулаачээ.Хууль журам дүрмээ бариачээ.Аудит Сангийн Яаманд оруулж буруу зүйлд эрх нээсэн хүмүүсэд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй.Мөнгө завших боломжийг Сангийн ЯАм олгож байгаад ЗГ анхаараачээ.