С.Баянцогт: ББСБ-ууд ямагт ашигтай байх нь ховор

 

        Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-ын газрын дарга С.Баянцогттой ярилцлаа.

 

-Манайд өнөөдөр хэчнээн ББСБ үйл ажиллагаа явуулж байна вэ?

 

-Одоогоор 509 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 18 хувиар нэмэгдсэн тоо. ББСБ-ын тусгай зөвшөөрлийг СЗХ-г байгуулахаас өмнө 2002 онд баталсан хуулийн дагуу Монголбанк өгч байсан. Тэгэхээр тухайн үеэс тусгай бие даасан аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эхэлсэн гэж үздэг. Харин 2006 онд Санхүүгийн зохицуулах хороог байгуулаад ББСБ-ын үйл ажиллагааг зохицуулах үүргийг Монголбанкнаас манайд шилжүүлсэн байдаг.

 

-Эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй өнөөгийн нөхцөлд ББСБ-ууд хэрхэн ажиллаж байна вэ?

 

-Компаниуд зах зээлд олноор бий болж, өрсөлдөөн нэмэгдэж, зээлийн хүү буурах ёстой гэж бид тооцдог. Гэтэл харамсалтай нь, ББСБ-уудын тоо олширсон хэдий ч үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдээгүй, зээлийн хүү буураагүй байна. Эдийн засгийн идэвхжил буурч, бизнесийн үйл ажиллагаа олон салбарт доголдсоноос болж иргэдийн орлого багасч, банк бус санхүүгийн зах зээл дээр зээл олголт ихээхэн саарсан дүнтэй байгаа. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар зээл олголт ердөө 13.7 хувиар өссөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.3 пунктээр буурсан үзүүлэлт болж байна. Дээр нь хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ он гарснаас хойш зургаадугаар сарыг дуусталх хугацаанд 19.7 хувьд хүрлээ. Өнгөрсөн оны хоёрдугаар улирлын байдалтай харьцуулбал, хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 31.9, чанаргүй зээлийн үлдэгдэл 70 гаруй хувиар өссөн байна.

 

-Сүүлийн үед ББСБ олноор бий болж байгаа нь энэ салбарыг ашигтай ажилладаг гэх хардлагыг төрүүлж байна?

 

-ББСБ-ыг байгуулах санал, хүсэлт манайд цөөнгүй ирдэг. Өөрөөр хэлбэл, банкнаас арай өндөр хүүтэйгээр зээл олгодог учраас их ашигтай юм байна гэж хүмүүс ойлгоод байх шиг. Салбарын дүнгээр нь харахад ашигтай гарч байгаа ч нийт банк бусын багагүй хувь нь алдагдалтай ажилласан байдаг. Мэдээж ашиг олоод мэргэжлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нэг хэсэг байхад зарим нь сэтгэлийн хөөрлөөр уг салбарт орсноор маш их хэмжээний алдагдалд хүрсэн нь ч бий.

 

-Чанаргүй зээлийн хувь өсчээ. Энд голлон нөлөөлж буй зүйл юу вэ?

 

-Чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа нь зээлдэгчид эргэн төлөлтөө хугацаанд нь хийхгүй байгаатай шууд холбоотой. ББСБ нь хуулийн этгээдэд тодорхой хугацаатай зээл олгодог. Гэтэл зээлдэгчийн эргэн төлөлт буюу төлөвлөсөн орлого нь цаг хугацаандаа орж ирэхгүйгээс болоод ББСБ-ын ангилалд нөлөөлөөд байгаа юм. Эдийн засгийн хямралтай холбоотойгоор маш олон чанаргүй зээл шүүхэд оччихсон, шүүхийн процесс нь удаашралтай байгаа нь мөн нөлөөлж байна.

 

-Манайд ББСБ-ын үйл ажиллагаа явуулдаг охин компанитай банк бий юү?

 

-Улаанбаатар хотын банкны охин компани болох “Улаанбаатар кредит” нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулдаг. Ерөнхийдөө манай хорооноос тавьдаг шаардлагыг хангасан бол банкууд охин компаниараа дамжуулан банк бусын үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн хууль эрх зүйн орчин байдаггүй.

 

-ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ оны эцэс гэхэд нэмэгдэж, шинэчлэгдсэн байх ёстой юм билээ. Тухайлбал, энэ шаардлага хэр хангагдаж байна вэ?

 

-Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу ББСБ-ын хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх дүрмийн сангийн хэмжээг СЗХ тогтоодог. Хороо энэ оны гуравдугаар сарын 11-ний 72 дугаар тогтоолоороо хөрөнгө, удирдлагын үйл ажиллагаа эрхэлдэг ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нийслэлийн төвийн дүүргүүдэд хоёр тэрбум, Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Дархан-Уул, Орхон аймагт 500 сая, бусад аймгийн төвд 100, сумдад 50 сая гэж заасан. Түүнчлэн зээл, санхүүжилтийн үйл ажиллагаа эрхэлдэг ББСБ-уудынх нийслэлийн төвийн дүүргүүдэд 800 сая, Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Дархан-Уул, Орхон аймагт 200 сая, бусад аймгийн төвд 50, сумдад 20 сая төгрөг байхаар тогтоосон. Мөн гадаад валютын арилжаа, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйл ажиллагааг хавсран эрхэлдэг ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нийслэлд 200 сая, бусад бүсэд 100 сая төгрөг, зөвхөн гадаад валютын арилжаа эрхэлдэг ББСБ-ынх нийслэлд 100, бусад бүсэд 50 сая төгрөг байхаар заасан. Харамсалтай нь, хувь нийлүүлсэн хөрөнгөө тогтоосон хэмжээнд хүргэн нэмэгдүүлж чадах ББСБ тун цөөн байна. Өнөөдрийн байдлаар энэ үүргээ бүрэн биелүүлж чадаагүй 230 орчим ББСБ байгаа. Энэ нь нийт ББСБ-уудын бараг хагас нь гэсэн үг.

 

-Үйл ажиллагааны үзүүлэлт нь хууль, журмын шаардлага хангаагүй ББСБуудыг яах вэ. Ер нь банк бус санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх талаар хороо ямар бодлого баримталж байгаа юм бол?

 

-Зах зээл дээрх эрсдэлийг бууруулж, үйл ажиллагаа, үзүүлэлтийг сайжруулах үүднээс цаашид тооноос илүү чанарын асуудлыг авч үзэхээс өөр аргагүй байдалд хүрч байна. Бид шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг улам нарийвчлах, өндөрсгөх арга хэмжээ авч байна. Үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэх талаарх зайны болон газар дээрх хяналт шалгалтын чанар, үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч эхлээд байгаа. Санхүүгийн тайлангийн зарим мэдээг улиралд биш, сар бүр авдаг болсон. Гэхдээ шахалт шаардлага, хяналт шалгалтаа чангалаад, дарамт учруулаад байна гэсэн үг бас биш. Хорооноос батлан мөрдүүлж байгаа журам, заавар болон холбогдох хууль, тогтоомжоор тавигддаг дэг сахилга, тоо хэмжээ, давтамж, цаг хугацааг ягштал баримталж ажиллаж байгаа ББСБ-уудаа алхам алхмаар хяналт шалгалтыг бууруулах, зөөлрүүлэх зэргээр дэмжиж ажиллана. Харин шаардлага биелүүлэхгүй, шалгуур үзүүлэлт хангахгүй байгаа ББСБ-уудад хуулийн дагуу сануулж анхааруулах, торгохоос гадна шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээ авдаг.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.70.46.238)

    2016-10-30

    .baahan huvitsaa ntr ezemshsen humuuseer uls tur udirduulahiin gai n garch bndaa

  • (122.201.25.46)

    2016-10-28

    худлаа шаах юмдаа новш чинь

  • zochin (203.91.115.45)

    2016-10-28

    banknuudiin zahialgaar bcbb g humih gj bga yum bn gj oilgoloo.......tiim yum baihgui shu