”Их хайрын зөрөг”-т урьж байна

 

        Дуу хуурын өлгий Дундговь нутгийн эгч дүү гурван бүсгүй хоолой хоршуулан дуулахыг ард түмэн шимтэн сонсох болсоор чамгүй хугацаа өнгөрчээ. Энэхүү өнгөрөгч хугацаанд  эгч дүү гурван бүсгүй уран бүтээлдээ өсч өндийж, өдгөө урлагийн талбарт өөр өөрсдийнхөө буурийг зассан томоохон уран бүтээлчид болсныг уншигч та надаар хэлүүлэх юун. Ард түмэндээ “Өнөр бүл” киноны Цэрмаагийн дүрээр хүндлэгдэх болсон УГЖ Ц.Чулуунцэцэг, СТА дуучин Ц.Отгонцэцэг, Ц.Туяацэцэг гэхээр ард түмэн андахгүй мэдэж таарна. Эгч дүү гурван бүсгүй хамтарсан уран бүтээлийн цэнгүүнээ удаа дараа ард олондоо толилуулсан билээ. Тэгвэл энэ удаад Ц.Туяацэцэг  нь ДБЭТ-ын дуучин Б.Мөнхтөртэй хамтарсан “Их хайрын зөрөг” тоглолтоо толилуулахаар бэлэн болжээ. “Их хайрын зөрөг” тоглолт нь өнөөдөр буюу аравдугаар сарын 28-ны 19 цагаас Монгол бөхийн өргөөнөө болох аж. 

 

       Хоёр залуу уран бүтээлч маань “Их хайр”, “Хослох зүрхний уянга”, “Хайрын наран” гээд олон сайхан дууг ард түмнийхээ зүрх сэтгэлд хосоороо эгшиглүүлж байгаа дуучид.  Энэ үдэш нийслэлийн анир гүмийг эвдэх “Их хайрын зөрөг” тоглолтод Б.Туяацэцэгийн эгч УГЖ Ц.Чулуунцэцэг, Ц.Отгонцэцэг нар оролцон ая дуугаа өргөхөөс гадна СТА Л.Банзрагч, Б.Гомбо-Очир, Н.Төмөрсүх, дуучин Н.Бизъяа нарын уран бүтээлчид ч ая дууны дээжээ өргөх юм. 

 

        Мөн хоёр уран бүтээлчийн ажиллаж, уран бүтээлээ тууривдаг  ДБЭТ, ХЦДБЧ-ын уран бүтээлчид оролцох юм. Тоглолтын эзэд Б.Мөнхтөр, Ц.Туяацэцэг нарын хувьд ч Монголын урлагын их үүр уурхай болсон СУИС-ийг төгссөн мэргэжлийн уран бүтээлчид төдийгүй, мэргэжлийн урлагийн байгууллагад тасралтгүй ажиллаж өнөөдөрт ирсэн чадварлаг уран бүтээлчид юм. Нөгөө талаар тоглолтод оролцох уран бүтээлчдийн хувьд ч мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллагсад юм. Энэ утгаар нь авч үзвэл “Их хайрын зөрөг” тоглолт нь ямар нэг уран сайханчдын, сайн дурынхны бус мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдах нь тодорхой харагдаж байна. Тэгэхээр дуу хуурандаа дуртай түмэн минь “Их хайрын зөрөг”-т тухлан саатаж, нэгэн үдшийг дуу хуурын тансаг эгшигэнд өнгөрүүлэх нь зүй буй заа. 

 

 

С.Баяр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)