Өмнөд Солонгосын армийн сүлжээнд Умардынхан халджээ

 

        Өмнөд Солонгосын армийн дотоод сүлжээнд Умардын хакерчид нэвтэрсэн талаар BBC агентлаг онцоллоо. Уг мэдээллийг Сөүлийн талаас баталжээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэлд “Умард Солонгосын хакерчид манай армийн дотоод сүлжээнд халдаж баримт бичиг, зарим нэгэн нууц мэдээллийг хулгайлсан” гэж тэмдэглэсэн байна. Умард Солонгосын, Өмнөд рүү хийж буй кибер халдлагын тоо, давтамж энэ оны гуравдугаар сараас хойш огцом өссөн талаар тагнуулын агентлагийн эрх баригчид мэдээлж байсан юм. Умардынхан Өмнөд Солонгосын төмөр замын хяналтын систем, санхүүгийн институтийн компьютерийн сүлжээг хакердах оролдлогыг удаа дараалан хийж байжээ. Түүнчлэн гадаад харилцаа, аюулгүй байдалтай холбоотой цэргийн албан тушаалтан 300 гаруй хүний ухаалаг гар утсыг хакердаж байсан аж. Умард Солонгосын хакерын бүлэглэл банк санхүү, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хакердаж байсан ч батлан хамгаалах салбарт хэзээ ч нэвтэрч байгаагүй. Энэ удаагийнх анхных гэдгийг армийн удирдах албан тушаалтнууд онцолж байна. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Мүн Сан Гын хэлэхдээ “Армийн дотоод сүлжээнд холбогдсон зарим компьютерийн терминалуудад вирус халдварласан” гэжээ. Тэрбээр мөн “Зарим бичиг баримт тэдгээрийн дотор улсын нууцад хамаарах цэргийн чухал баримтыг мөн хакердсаныг мөрдөн шалгалтаар тогтоосон. Уг кибер халдлагыг Умард Солонгосоос үйлдсэнийг илрүүлсэн” хэмээн ярьжээ. Өнгөрсөн жилүүдэд Умард Солонгосын талаас онц ноцтой кибер халдлагыг удаа дараалан хийж байжээ. Тухайлбал, өнгөрсөн 2013 онд болсон “Харанхуй Сөүл” халдлагын улмаас Өмнөдын томоохон банк, хэвлэл мэдээллийн байгууллага, телевизийн 48 мянган компьютер ажиллагаагүй болж, сүлжээ нь гэмтэн, хард диск дээрх бүх мэдээлэл нь арчигдан алга болсон юм. 820 сая ам.долларын хохирол учруулсан энэ халдлагаар хакерууд компьютер дахь бүх мэдээллийг устгах зорилготой байжээ. Хэрэв халдлага илүү өргөн хүрээг хамарч, өөр олон банк, санхүүгийн байгууллага өртсөн бол тус улсын санхүү мөнгөний бүртгэл мэдээлэл тэр чигээрээ устгах аюултай байсан аж. Уг үйл явдлаас жил гаруйн дараа Өмнөд Солонгосын хамгийн чухал байгууллагуудын нэг болох цөмийн операторын компьютерийн сүлжээ мөн халдлагад өртжээ. Талууд уг үйл явдалтай холбоотой байр сууриа илэрхийлсэн мэдэгдэл хийгээгүй ч шинжээчдийн дүгнэж буйгаар энэ удаагийн үйл явдал нь Умардад удаа дараалан тавьж буй хориг арга хэмжээнд эсэргүүцлээ илэрхийлж буй хэлбэр байж магадгүй аж.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)