БНКУ-ын Элчин сайд ИЖБ барилаа

 

        Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Куба Улс /БНКУ/-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд Раул Дэлгадо Консепсион өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг барилаа.

 

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг хүлээн авч уулзав.

 

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн 9 дүгээр сард БНКУ-ын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастрогийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж, Раул Кастротай албан ёсны хэлэлцээ хийн хоёр орны харилцааны урт хугацааны түүхэнд шинэ хуудас нэмсэнийг онцлон тэмдэглэлээ.

 

Куба нь Америк тивийн улс орнуудаас Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны улс бөгөөд Монгол Улс, Куба Улсын хооронд 1960 оны 12 дугаар сарын 7-нд дипломат харилцаа тогтоосон байна.  

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны хооронд боловсрол, хүмүүнлэг, хөдөө аж ахуй, анагаах ухаан, эмзүй, спорт  зэрэг салбарт урт хугацааны харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж ирснийг онцолж, Монголын олон оюутан Кубын их, дээд сургуулиудад суралцан мэргэжил эзэмшиж, эх орондоо үр бүтээлтэй ажиллаж байгааг дурдлаа.

 

Мөн хөдөө аж ахуйн их, дээд сургуулиудын хооронд сайн харилцаатай явж ирснийг хэлээд Элчин сайдын үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам туслалцаа, дэмжлэг үзүүлж ажиллах болно гэдгийг илэрхийллээ.

 

Элчин сайд Раул Дэлгадо Консепсион Куба Улс Монгол Улстай удаан хугацаанд сайн харилцаатай явж ирснийг тэмдэглэн энэхүү харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллана гэдгээ илэрхийлэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр талын хооронд биенесийн болон бизнес эрхлэгчдийн харилцаа холбоо өргөжин хөгжинө гэдэгт итгэж буйгаа мөн хэлээд Элчин сайдад ажлын амжилт хүсэн ерөөв. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)