Баянзүрх дүүрэг сонгуулийн маргаанаа шийдвэрлэж чадахгүй явсаар л байна

Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийг сонгох сонгууль 2016 оны аравдугаар сарын 19-ний өдөр болж өндөрлөсөн. Гэвч энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийслэлийн Баянзүрх дүүрэг сонгуулийн маргаанаа шийдвэрлэж чадахгүй явсаар л байна. Сонгуулиар БЗД-ийн ИТХ-ын 41 төлөөлөгч сонгогдох ёстойгоос дүүргийн Сонгуулийн хорооны шийдвэрээр МАН-ын 19, АН-ын 16 нэр дэвшигч төлөөлөгч түр үнэмлэхээ гардан авсан бол 6 нэр дэвшигчийн асуудал шүүхийн шатанд маргаантай явж байна.

Тодруулбал, АН-аас нэр дэвшсэн зургаан хүн сонгогчдын саналыг худалдан авахыг оролдсон гэх үндэслэлээр шалгагдаж байгаа юм. Гэвч өчигдөр/12.13/ БЗД-ийн АН-аас хэвлэлийн хурал зарлаж, шүүхэд шалгагдаж буй зургаан хүнийг гэм буруугүйг тогтоосон гэх мэдээллийг өгсөн. Мөн БЗД-т АН олонх болж, Засаг даргынхаа нэрийг өргөн барьсан байхад хотын дарга С.Батболд асуудлыг улс төржүүлж, томилгоо хийхгүй байна гэсэн юм. Үүнээс шалтгаалж, хотын даргыг шүүхэд өгч шалгуулахаар болсон тухайгаа ч мэдэгдсэн билээ.

Тэгвэл БЗД-ийн МАН-аас хариу мэдэгдэл хийлээ. Тэд "шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй, одоо ч асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа атал АН-аас худал мэдээлэл хийж байна. Шударга ёс ярих дуртай нам өөрсдөө шударга байж чадахгүй байна” хэмээн мэдэгдлээ. Мөн АН-ын нэр дэвшигчид сонгуулийн хуулийг зөрчиж, хэрхэн мөнгө тарааж байгаа тухай дүрс бичлэгийг хэвлэлийнхэнд үзүүлсэн юм.

Уг нь сонгуулиас хойш 20 хоногийн дотор дүүргийн иргэдийн төлөөлөгчид анхдугаар хурлаа хийх ёстой. Гэвч тухайн үед зарласан анхдугаар хуралд Сонгуулийн хорооноос нэрийг нь батламжлаагүй, шүүхэд асуудал нь шалгагдаж байгаа хүмүүс ирж сууснаас болоод цуцлагдсан байна. Удалгүй олонх болсон МАН-ын 19 төлөөлөгч хуралдаж, дүүргийн сонгуулийн хорооноос нэр дэвшигчдийг төлөөлөгчөөр батламжилсанаар анхдугаар хурлаа зохион байгуулсан тухай БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгчид мэдээлж байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)