Хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна

 

        Нийслэлийн статистикийн газраас арванхоёрдугаар сарын III долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ. Танилцуулгыг гаргахдаа томоохон хүнсний зах, худалдааны төвд хийсэн 26 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн мэдээлэлд тулгуурласан байна.

 

Махны дундаж үнэ 

 

Хонины ястай нэг килограмм мах дунджаар 4260 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5625 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.1 хувиар буюу 60 төгрөгөөр буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 5400 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна. Хонины ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Баянзүрх”, “Хар хорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 4000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7000 төгрөгөөр худалдаалж байна.

 

Гурилын үнэ 

 

Хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байв. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

 

Төмс, хүнсний ногоо

 

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.4 хувиар буюу 10 төгрөгөөр, байцаа 9.6 хувиар буюу 110 төгрөгөөр өсч, харин лууван 1.5 хувиар буюу 15 төгрөг, манжин 7.0 хувиар буюу 95 төгрөгөөр тус тус буурчээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)