Уул уурхайн салбараас ашиг хүртэгчдийг зарлах эрх зүйн орчин дутмаг байна

 

        Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер Н.Дорждарь “Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд жинхэнэ эзнээ ил болгох сонирхол бага байдаг” гэж Нээлттэй нийгэм форумаас зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр ярив. Манай улсын хувьд олборлох салбарын компаниудын өмчлөгчдийг нээлттэй болгох төрийн тодорхой бодлого байхгүй, хуулийн зохицуулалт дутмаг байдаг тухай хэлэлцүүлэгт оролцогчид өгүүлж байна. УБЕГ болон ТЕГ­аас компаниудын жинхэнэ өмчлөгч, ашиг хүртэгч эздийн бүртгэлийг хөтөлдөг боловч тэдгээрийг ил тод, нээлттэй болгох бодитой алхам хийхгүй байсаар өдийг хүрчээ. Үүнийг хууль эрх зүйн зөрүүтэй заалтуудаас үүдэлтэй байж болохыг судлаачид онцолж байв. Тодруулбал, нэг талдаа иргэдийн мэдээлэл авах эрх нээлттэй байх нь хуулиар зохицуулагдсан байдаг бол эсрэг талд нь компанийн нууц гэж үзсэн бүхнийг хуулиар хамгаалах үүрэгтэй. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тухай мэдээллийг “Холбогдох этгээд өөрөө бичгээр зөвшөөрсөн тохиолдолд гаргаж өгнө” гэж зохицуулсан зэрэг нь ил тод байх эсэхийг зөвхөн эздийн хүсэл зорилгоос хамаарах байдалд хүргээд байгаа аж. Товчхондоо, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд уул уурхайн хязгаарлагдмал хувьцаат компанийн жинхэнэ өмчлөгч, ашиг хүртэгч эздийн талаарх мэдээлэл хаалттай байна. Үүнийг нийтэд ил тод мэдээлэх ямар ч боломжгүй гэсэн үг юм. Хэрэв эзэн нууц гэж үзвэл ил тод байдлаа далдлах бүрэн боломжтой. 

 

Тэгвэл олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниудын ашиг хүртэгч жинхэнэ эздийг ил болгох судалгааг Нээлттэй нийгэм форумаас хийжээ. Судлаач Ч.Отгочулуу “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх гол зарчим нь ил тод байдал юм. Ил тод байх тусам гадаад, дотоодын хөрөнгө оруулалт сайжирдаг олон улсын туршлага ч байна. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нь нээлттэй хувьцаат компани, төрийн өмчит компани, хамтарсан гэсэн зарчмаар явдаг. Төрийн компаниуд нь Шилэн дансны хуулиар ил тод байдлаа боломжийн төвшинд хангаад явж байна. Харин хагас хариуцлагатай компаниудын ил тод байдал нэлээд хүндрэлтэй. Мөн судалгааны хүрээнд ашиг хүртэгч жинхэнэ эзнээ тодорхойлох нэгдсэн ойлголт байхгүй. Хүн бүр ашиг хүртэгч жинхэнэ эзнээ өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж байна. Тиймээс бид богино хугацаанд нэгдсэн ойлголттой болох шаардлагатай. Мөн ил тод байдлыг хэрхэн хангах тухай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой болж байна” гэв. Харин гадаадын томоохон хөрөнгийн биржүүд дээр бүртгэлтэй компаниудын хувьд биржийн дүрмийн дагуу хувь эзэмшигчийн мэдээллийг нийтэд мэдээлдэг. Гэвч 100 хувь зөвхөн англи хэлээр байдаг тул иргэд мэдээлэл авахад мөн л төвөгтэй байдал үүсдэг байна. Судалгаанд эрдэс баялагийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 200 гаруй компани оролцсоноос 25­30 хувь нь л ашиг ологч эздийнхээ мэдээллийг ил болгосон байна.

 

Манай улсын хувьд ашигт малтмалын нөөц ихтэй. Тэр хэрээр авлига, хээл хахууль, мөнгө угаах, татвараас зайлсхийх гэмт хэргийн эрсдэл өндөртэй орны тоонд зүй ёсоор багтдаг. Уул уурхай, ашигт малтмалын салбар нь хөрөнгө оруулалт ихээхэн шаарддаг, улсын төсөвт төвлөрүүлэх татварын хувь хэмжээ нь аль ч салбартай харьцуулахад өндөр байдаг. Тиймээс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын стандартын шаардлагыг хангаснаар аж ахуй нэгжүүдээс улсын төсөвт төвлөрөх орлого өсөх давуу талтай гэсэн байр суурийг олон судлаач өгүүлж байв.

 

Манай улс 2006 онд энэхүү санаачлагад нэгдэн орж, 2010 онд ОҮИТБС /Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын стандарт/­ын шаардлагыг хангасан дөрөв дэх орон болж, улмаар 2011 онд ОҮИТБС­ын тайландаа тогтвортой ахиц үзүүлж байгаа хэмээн үнэлэгдсэн аж. Мөн 2010 онд тус байгууллагын нэрэмжит шагналыг хүртсэн байдаг аж. Тэгвэл ил тод байдлын санаачлагыг хэрэгжүүлэгч улс орнууд 2020 он гэхэд ашиг хүртэгч эздийн мэдээллийг олон нийтэд ил тод зарлах үүрэг хүлээжээ. Энэхүү шаардлагыг хэрэгжүүлэх үүднээс тус санаачлагыг хариуцсан ажлын хэсгийг Ерөнхий сайдын дэргэд байгуулж, компаниудын ашиг хүртэгч эздийн ил тод байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулжээ. Энэ хүрээнд ашиг олох эзнийг тодорхойлох, ямар мэдээллийг ямар байгууллага цуглуулах вэ гэдэгт нэгдсэн байр суурьтай байхыг эрмэлзэж байгаа аж.

 

Санаачлагыг хэрэгжүүлэгч улс орнууд олборлох салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын өмчлөгч буюу жинхэнэ өмчлөгч, ашиг хүртэгч эздийн талаарх мэдээллийг сайн дураар нийтэд ил тод нээлттэй зарлаж байхаар тогтсон байдаг гэнэ. Энэ нь төрийн эрх мэдэлтнүүд давуу эрх олж авахаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль нэгэн компани бага татвар төлөхийн тулд халхавч компани ашиглаж байгаа эсэхийг илрүүлэх зэрэг ач холбогдолтой. Харин манай улсад зориуд нууц байлгах сонирхол түгээмэл. Байгалийн баялагийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер Н.Дорждарь “Дэлхий нийт ашиг олох эздийн ил тод байдлыг хангахад анхаарлаа хандуулж байгаа энэ цаг үед Монгол Улс ч гэсэн ил тод байдлыг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч эхэлж байна. Жинхэнэ ашиг олох эздийг нээлттэй болгох нь олон нийтийн эрх ашиг, бизнесийн цэвэр орчин бүрдэх боломж юм. Хариуцлагатай бизнес, уул уурхайтай байх ёстой гэж үзэж байгаа бол бид ашиг олох эздийн ил тод байдлыг хангах нь зайлшгүй чухал” гэж ярив. Тэгэхээр шинэ шаардлагын дагуу манай улсын хувьд тендерт оролцсон, хөрөнгө оруулалт хийн олборлолтын үйл ажиллагаа явуулж буй корпораци, аж ахуйн нэгжийн өмчлөгчийн тухай, тэдний эзэмшлийн хувь хэмжээний талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй бүртгэдэг мэдээлдэг байх шаардлага тулгарч байна.

 

Д.Ганбаатар

Монголын үнэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.57.94.121)

    2016-12-23

    БОЛЬЁ ОО