О.Оюунцэцэг: Долларын тэрбумтан болчихоод Монголдоо орчин үеийн тоног төхөөрөмжтэй хүүхдийн эмнэлэг байгуулах юмсан гэж боддог

 

        Австрали улсад сэтгүүлч мэргэжлээрээ суралцахын зэрэгцээ дэлхийд алдартай “RackCorp” компанид PR менежерээр амжилттай ажиллаж байгаа О.Оюунцэцэгтэй онлайнаар холбогдож, ярилцлаа. Тэрбээр Сиднейн Технологийн их сургуульд сэтгүүлч мэргэжлээр хоёр дахь мастертаа суралцахын зэрэгцээ өөрийн нэрийн “OOGII” брэндийн бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахаар ажиллаж байна.

 

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Танаас асуух олон зүйл байгаа ч хамгийн түрүүнд хоёр сарын дараа нээлтээ хийх ажлаас тань ярилцлагаа эхлүүлье гэж бодлоо. Таны загварыг нь гаргасан “OOGII” брэндийн гоёмсог, дэгжин өндөр өсгийт худалдаанд гараагүй байхдаа охид бүсгүйчүүдийн харааг булааж байна. Та энэ салбарт хэдий үеэс ажиллах болсон юм бэ?

 

-Та бүхэнд маш их баярлалаа. Бүх л эмэгтэйчүүд хөлд эвтэйхэн, загварлаг, чанартай гуталд дуртай байдаг байх. Миний хувьд ч адилхан. Тэр дундаа өндөр өсгийтөд бүр их хоббитой гэж хэлж болно. Ер нь Hermes-ээс бусад бүх л алдартай брэндийн туфлиэр гангарч байлаа. Гэвч зарим брэндийн туфль харахад чамин хэрнээ өмсөхөөр бүр нэг шийтгүүлээд байгаа юм шиг хөл өвтгөдөг. Эсвэл хөлд эвтэйхэн ч загвар муутай байх тал бий. Заримыг нь маш өндөр үнээр худалддаг. Ингээд боломждоо тааруулаад хямд үнэтэйг авчихаар хоёр ч өмсөхгүй элэгдэх зэрэг асуудал байдаг л даа. Миний хувьд 10 гаруй жил өндөр өсгийт өмсөхдөө тэдгээрээс давуу болон сул талыг нь сайтар анзаарсан юм. Тэгээд л хөлд эвтэйхан, загварлаг, чанартай хэрнээ боломжийн үнэтэй брэнд гаргах бодол төрсөн. Ингээд судалж эхэлсэн л дээ. Өөрийн гэсэн брэнд гаргана гэдэг хоол хийхтэй адилгүй шүү дээ. Загвар, материал, борлуулалт, үйлдвэр гээд судалгааг олон улсын төвшинд, нэлээд өргөн цар хүрээнд хийсэн. Энэ бүхнийг мундаг, чадварлаг залуусын хамт хийснээр энэ ажлын маань эхлэл тавигдлаа.

 

-“OOGII” брэндийн туфлийн материал нь могойн арьс гэсэн байх аа?

 

-Тийм ээ. Могойн арьсаар хийвэл илүү классик болно гэж төлөвлөсөн. Могойн арьс өртөг өндөртэй учир энэ материалыг ажиглаж байгаа. Харин урт түрийтэй гутлаа одоогоор үхрийн ширээр хийж байна. Хөлд эвтэйхэн байлгахын тулд манай багийнхан маш их цаг зарцуулсан. Би гоё сайхан юманд дуртай, чанарыг эрхэмлэдэг учир бусдад үүнийхээ эсрэг зүйлийг өгч чадахгүй. Тиймээс ч дахин дахин сайжруулах хэрэгтэй болсон. Одоо гарч байгаа эцсийн бүтээгдэхүүн маань бүсгүйчүүдийн хамгийн сайн найз нь байж чадна гэдэгт итгэлтэй байгаа шүү.

 

-Загварын ертөнц хязгааргүй. Тиймээс цаашид хүрээгээ тэлэх бодол бий юү?

 

-Цаашдаа загваруудаа улам сайжруулж олон нэр төрлийн гутал гаргах бодол бий. Дан ганц гутал гэлтгүй цүнх, түрийвч, тэлээ, бүс зэргийг үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

 

-Бүтээгдэхүүнийхээ нээлтийг ирэх хоёрдугаар сард хийнэ гэж сонссон. Хаана худалдаанд гарах вэ. Магадгүй охид, бүсгүйчүүд маань энэ талаар сонирхож байгаа байх?

 

-Эхний ээлжид Австрали болон Шинэ Зеландад худалдаалахаар гэрээгээ хийсэн. Одоо Монгол руугаа хүргэх тээвэрлэлтийн асуудлыг судалж байна. Яваандаа дэлхийн бүх улс оронд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.

 

-Энд нэг зүйлийг асуумаар байна л даа. Та туфлиэ могойн арьсаар хийж байгаа гэсэн. Олдоц нь хэр байдаг вэ. Магадгүй түүхий эд материалаасаа болоод бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хүлээлт үүсэх эрсдэл бий юү?

 

-Могойн сайн арьс олох гэж бид нэлээд зүдэрсэн. Гэхдээ одоо могойн сайн чанарын арьс нийлүүлэх компанитай гэрээ байгуулчихсан байгаа. Тийм учраас бид энэ тал дээр санаа амар байх боломжтой болсон.

 

-Та өөрийн фэйсбүүк дээрээ “Шинэ жилийн бэлгээ би өөртөө барилаа. Өчигдөр өөрийн загварууд маань эцсийн бүтээгдэхүүн болоод гар дээр ирэхэд хүүхэд шиг уйллаа” хэмээн бичсэн байсан. Загварын санаагаа өөрөө гаргадаг учраас бүтээл болгоноо яг хүүхэд шигээ хайрладаг байх. Ямар зүйлээс сэдэл авч бүтээлийнхээ загварыг гаргадаг вэ?

 

-Би чинь өөрөө сэтгэл хөдлөл ихтэй хүн л дээ / инээв/. Загваруудаа өмсөхөөс ч хайрлаад байгаа юм чинь. “OOGII” брэндийн гутал өмссөн бүсгүйтэй хаа нэгтээ таарвал баярлаад уйлах байх аа /инээв/. Өндөр өсгийт нь дотроо бүдүүн, нарийн өсгийтэй, платформ, сандал зэрэг өөр нэр төрлийн 26 загвартай байдаг. Үүнээс эхний ээлжид бид нарийн өсгийтэй туфль болон өндөр өсгийтэй, түрийтэй гутал хийхээр шийдсэн. Бидний гаргаж буй усан цэнхэр өнгөтэй, өнгө нь солигддог туфлийг Мармайд буюу далайн гүнжийн сүүлнийх нь солигддог өнгөнөөс санаа авч гаргасан. Олон өнгө хольж энэ өнгийг гаргаж авсан. Загварын хувьд охид бүсгүйчүүдийн дуртай нарийхан өсгий, шөвгөр хоншоортой байхаар хийсэн.

 

-Брэндийнхээ албан ёсны нээлтийг Монголд хийх үү?

 

-Австралид хийхээр болсон. Үүнийхээ дараа Монголдоо албан ёсоор худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа. Одоо бэлтгэл ажлаа хангаж байна.

 

-Хамтран ажилладаг загвар зохион бүтээгч бий юү. Ер нь та энэ салбарынхантай хэр ойр ажилладаг вэ?

 

-Яг одоогоор гутал, цүнхний тал дээр хамтарч ажилладаг загвар зохион бүтээгч байхгүй. Гэхдээ манай “OOGII” онлайн дэлгүүртэй Оросын алдартай загвар зохион бүтээгч Аника Керимова болон Липинская нар хамтарч ажиллахаар болсон. Тэд өөрийн зохион бүтээсэн загваруудаа манай дэлгүүрт нийлүүлэх гэрээ байгуулаад байна.

 

-Энэ салбарт цаашид хийхээр зорьж буй ажлынхаа талаар танилцуулна уу?

 

-Ойрын гурван жилдээ зөвхөн эмэгтэй хувцас, гутал дээр төвлөрч ажиллана. Мэдээж эхнийхээ ажлыг амжилттай дуусгасны дараа бусад ажил руугаа орох нь зүйтэй байх. Яваандаа манай онлайн дэлгүүр эрэгтэй хувцас нийлүүлэх байх аа.

 

-Амьдрал баялаг гэдэг шүү дээ. Хүн өөрөө хичээвэл хүссэн зорилго, амжилтдаа хүрнэ гэдэгт би итгэдэг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

 

-Тийм шүү. Би урьд нь нэг их анзаардаггүй байсан юм билээ. Хүний хичээл зүтгэл, тууштай байдал, хандлагаас гадна суурь хүмүүжил гэдэг зүйл хамгийн чухал байдаг юм байна. Хараад байхад эцэг, эхээ хайрлаагүй, энэрээгүй хүн хэзээ ч хэнийг ч хайрладаггүй юм шиг ээ. Энэ ч утгаараа ийм хүмүүс хэчнээн хичээсэн ч амжилтад хүрэхгүй. Хүрсэн юм шиг харагдавч гэр бүлийн байдал эсвэл эрүүл мэндийн хувьд асуудалтай байгаад байна уу гэж хардаг. Тиймээс хамгийн түрүүнд эцэг, эхийгээ хайрлаж, ачилж хүндлээд дараа нь өөрийнхөө зорилгыг тодорхойлж, түүндээ хүрэх алхмаа судалж бичээд зүтгэвэл амжилтын үзүүрээс атгаж болно гэдэгт итгэдэг.

 

 

 

-Би тантай ярилцлага хийхийнхээ өмнө бусад хэвлэлд гарсан таны талаарх нийтлэлийг уншаад бахархах сэтгэл төрж байлаа. Та Австралийн Сиднейн телевизэд сэтгүүлч, продюсерээр ажиллаж байсан юм билээ. Ер нь анхнаасаа л сэтгүүлч болох зорилго, хүсэл эрмэлзэлтэй байв уу. Эсвэл одоо ажиллаж байгаа салбар таны мөрөөдлийн нэг хэсэг байсан уу?

 

-Хүүхэд байхдаа би нэвтрүүлэгч болохыг хүсдэг байсан. Гэвч бодит амьдрал дээр гараад өөрийгөө таньж мэдсэний дараа сэтгүүлч мэргэжил л миний хамгийн их хүсч, мөрөөдөж байсан ажил юм байна гэдгийг ойлгосон. Одоо бол би өөрийн бизнесээс гадна Австралийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “RackCorp” компанид Олон нийттэй харилцах албыг нь хариуцан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, миний хийх ёстой үүрэг нь тухайн компанийнхаа үйл ажиллагаа болон шинээр гарсан технологийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, энэ талын мэдээллээр сэтгүүлч, сурвалжлагчдыг хангах явдал гэж ойлгож болно. Одоо хийж байгаа ажил маань сэтгүүлч мэргэжилтэй минь салшгүй холбоотой.

 

-Сэтгүүлчид их сониуч хүмүүс байдаг шүү дээ. Энэ нь зарим талаар таныг амжилтад хүрэхэд нөлөөлсөн байх?

 

-Би таван настайдаа уншиж, бичиж сурсан. Тэр үеэс л номонд дуртай, мөн юу ч хамаагүй бичдэг хүүхэд байлаа. Өдрийн тэмдэглэл гэх үү дээ. Тухайн өдөр юу хийснээ өөрийнхөө хэмжээнд бичдэг байв. Мөн “яагаад” гэсэн асуултаар хүмүүсийг “залхаасан” сэргэлэн охин байлаа. Одоо ч яг тийм /инээв/. Харин өнөөдөр ёс суртахуун гэдэг зүйлийг эрхэмлэж, сониуч зан, этик хоёр салшгүй холбоотой юм байна гэдгийг ойлгодог болсон. Миний хувьд энэ сургуульд сурч, хажуугаар нь олон нийттэй харилцах ажил хийж байгаа. Мөн хувийн бизнестээ анхаарч байна. Үүнтэй холбоотойгоор маш олон хүнтэй ажил хэргийн шугамаар уулзах шаардлага гардаг. Мундаг хүмүүстэй уулзах тусам өөрийгөө чамлаж, илүү ихийг сурч мэдэхийг эрмэлдэг юм байна. Тухайлбал, аливаа компаниад PR, олон нийттэй харилцах мэргэжилтэн хийхийн тулд наанадаж таван улсын хэлээр чөлөөтэй ярьдаг байх шаардлага тавьж эхэлсэн. Ер нь өөрийгөө улам хөгжүүлэхийг хичээгээд л явж байна. Надад сурч, мэдэх зүйл маш их бий.

 

-Та Монголын нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн ярилцлагадаа, Австралид хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлч болох зорилготой хэмээн ярьсан байсан. Таны энэ зорилго хэвээрээ юу. Аль салбарт нь хүч үзье гэж бодож байна вэ?

 

-Би мэдээнд дуртай. Мэдээний сэтгүүлчээ хийнэ ээ. Гэхдээ одоогоор өөрийн хувийн амьдрал болон бизнестээ анхаарлаа хандуулж байгаад дараа нь хэвлэл мэдээллийн салбартаа, ялангуяа Австралийн ABC юм уу SBS телевизэд сэтгүүлчээрээ ажиллана гэж төлөвлөж байгаа. Сэтгүүлч хүн бусдад худалдагдахгүй, ямар ч үед нэг шугамд зогсох ёстой. Тэгэхийн тулд санхүүгийн хувьд бие даасан, эрх чөлөөтэй байх ёстой юм болов уу гэж боддог. Манай Монголд “Худалдагдсан сэтгүүл зүй, сэтгүүлч” гэж их ярьдаг, харддаг юм билээ. Ялангуяа сошиал орчноос ийм таагүй мэдээлэл их олж хардаг. Энэ нь манай сэтгүүлчдийн цалин хөлс бага байгаатай холбоотой болов уу. Зарим хүн “Сэтгүүлчийн цалингаар ингэж амьдарна гэж юу байдаг юм бэ” гэж ярихыг хүртэл сонссон. Нөгөө талаасаа хэн нэгэн улстөрч юм уу, бизнесмэн сэтгүүлчдэд мөнгө өгч хүссэн мэдээ, нийтлэлээ бичүүлэхийг хүсдэгтэй ч холбоотой байж мэднэ. Нэг талаараа тухайн сэтгүүлчээр захиалгат мэдээ, нийтлэл, сурталчилгаагаа бичүүлж байгаа хүн ажлын хөлс болох урамшууллыг өгөх нь зүйн хэрэг. Нөгөө талаас нь харахад, энэ нь өнөөх “худалдагдсан сэтгүүлч” гэх нэрийг зүүлгэж байгаа юм. Мөн миний бас нэг ажигласан зүйл бол манай сэтгүүлчид хаа нэг тийшээ томилолтоор явж, мэдээ сурвалжлага бэлтгэхдээ санхүүгийн хувьд баригдмал байдаг юм билээ. Магадгүй нэг халуун сэдвийн араас өөрийн хүсэлтээр орон нутаг, цаашлаад гадаад руу явж сурвалжлага бэлтгэе гэхэд тухайн хэвлэл мэдээллийн редакц төсөв гаргах болдог. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед цалингаа яаж тавих вэ гэж бодож байгаа хэвлэл мэдээллийн удирдлагууд тэр бүр томилолтын зардал өгөх боломж хомс байдаг байх. Тэгээд л нөгөө Улаанбаатар тэр дундаа Төрийн ордон тойрсон үйл явдлынхаа мэдээнд бөөн бөөнөөрөө очихоос өөр аргагүй байдаг юм шиг ээ. Хэрэв тухайн сэтгүүлч санхүүгийн хувьд өөрөө бие даасан болон ажил мэргэжилдээ дуртай байгаа тохиолдолд арай өөрөөр сэтгэж, холыг харж, түүнийг хийхэд дөхөм байх болов уу гэж би боддог.

 

-Та өнгөрсөн жил “Ийгл ньюс” телевизэд сэтгүүлчээр ажиллаж байсан байх аа?

 

-Тийм ээ, би өнгөрсөн жил эх орондоо очиж хагас жил орчим болохдоо “Ийгл ньюс” телевизийн мундаг хамт олон дунд хэсэг хугацаанд ажилласан. Үнэхээр чадварлаг, найрсаг хамт олон намайг угтан авч, олон зүйлийг зааж сургасан. Тус телевизэд ажилласан маань миний амьдралын нэг том сургууль байсан гэж хэлж болно. Манай Монголын сэтгүүлчдийн цалин бага ч тэд амьдралынхаа ихэнх цагийг ажилдаа зарцуулдаг юм билээ. Үнэхээр чин сэтгэлээсээ ажилладаг гэдгийг би биеэрээ мэдэрсэн.

 

-Монголын сэтгүүлчид гадаадад мэргэжлээрээ ажиллах боломж хэр байдаг вэ. Та Австралийн телевизэд сэтгүүлч, туслах продюсероор ажиллаж байсан юм билээ. Цалин, хангамж нь мэдээж сайн байх, тийм үү?

 

-Сэтгүүлчээр ажиллах боломж байлгүй яах вэ. Гол шалгуур нь хэлний мэдлэгээс гадна тухайн хүний суурь мэдлэг маш чухал. Үүнээс гадна хувь хүний хүмүүжил, багаар ажиллах чадвар, шуурхай, биеэ авч явж байгаа байдлыг чухалчилж үздэг юм билээ. Энд бол сэтгүүлчдийн цалин, хангамж сайн. Тухайлбал, “Тhe Age”, “The Ausrtalian”, “The Sydney Morning Herald” зэрэг Австралийн томоохон өдөр тутмын сонины сэтгүүлчдийн бичсэн мэдээ, нийтлэлийг үг бүрээр нь үнэлдэг. Нэг үг бичихэд нэг австрали доллар байх жишээтэй. Тэгэхээр тухайн сэтгүүлч мэдээндээ 300 үг ашиглалаа гэхэд тухайн мэдээнийх нь үнэлгээ 300 доллар гэсэн үг. Телевизийн сэтгүүлчийн нэг жилийн дундаж цалин 64.000 доллар байдаг юм билээ.

 

-Та олон улсын сэтгүүлч. Дэлхийн халуун цэгүүдэд очиж сурвалжлага бэлтгэх бодол байдаг уу?

 

-Энэ бол миний мөрөөдөл. Гэвч хүү маань жаахан байгаа болохоор одоогоор ийм эрсдэлтэй алхам хийж чадахгүй л байна. Надад ямар нэгэн муу зүйл тохиолдвол хүү минь яах билээ гэж боддогоо нуугаад яах вэ. Хүүгээ жаахан том болохоор нь дэлхийн халуун цэгүүдэд очиж, газар дээрээс нь сурвалжлага бэлтгэнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. Тэр үед олон эрсдэлтэй алхам хийсэн сахилгагүй сэтгүүлч нэгээр нэмэгдэх байх аа /инээв/.

 

-Сэтгүүлчээр ажиллах хугацаандаа бэлтгэсэн сонирхолтой ярилцлага, сурвалжлагын түүхээсээ хуваалцана уу?

 

-Бага зэрэг эрсдэлтэй алхам хийсэн сурвалжлага маань Австралийн нутгийн уугуул иргэдийн Ёлонгу аймаг дээр очиж хүн хөдөөлүүлэх болон хөвч хөндөх ёслолыг сурвалжилсан томилолт байлаа. Мэдээж алдаа оноо байсан. Энэхүү сурвалжлага маань надад өөртөө итгэх итгэлийг өгч, олон сайхан зүйлийг амьдралд маань үлдээсэн, сайхан дурсамж дүүрэн үйл явдал болсон. Саяхан Ёлонгу аймгаас хэдэн хүн Сиднейд ирж эндхийн бага сургуулиудад ан амьтны талаар болон Ёлонгу ёс заншлын талаар сургалт явуулж, хичээл заасан. Тэд намайг өөрсдийнхөө “охин” гэж дуудаад хүүг минь хүртэл тэдний хүү гээд бэлэг сэлт авчирч өгсөн. Ёлонгу аймгийнхан надад захиа явуулсан байсан. Хүү бид хоёрыг одоо тухайн аймгийн иргэн гэж хүлээн зөвшөөрсөн учраас Австралийн Засгийн газраас Аборижинал гэдэг утгаараа тэтгэмж авч болно гэсэн захидал ирүүлсэн.

 

-Тэгвэл одоо тэтгэмж авна гэсэн үг үү?

 

-Хүү бид хоёр хүсвэл долоо хоногт 500 гаруй долларын тэтгэмж авах боломжтой юм байна билээ. Гэхдээ миний хувьд ирээдүй маань гэрэл гэгээтэй, хийж бүтээж байгаа ажилтай байж тэтгэмж авна гэж юу байх вэ. Өөрийнхөө гараар л амьдралаа босгох хэрэгтэй. Би эдгээр хүмүүсийн сайхан сэтгэлийг ашигламааргүй байна.

 

-Ингэхэд та спортын салбарт хүч үзэх бодолтойгоо дурдсан байсан. Бодибилдинг, фитнессийн тэмцээнд оролцохоор бэлтэл хийж байгаа гэл үү?

 

-Одоогоор яг мэргэжлийн бэлтгэлээ зогсоочихсон байгаа. Гэхдээ өглөө бүр 5-7 км алхдаг. Тэмцээнд оролцож өөрийгөө сорих бодол хэвээрээ байгаа. Ажлаа нэлээд цэгцэлж байж орохгүй бол бэлтгэлийн үеэр хоолны дэглэм барихаар бага зэрэг сульдах гээд байдаг юм билээ. Миний хувьд зөвхөн фитнесс миссийн төрөлд өрсөлдөх байх. Гэр бүлийнхэн маань уураг уух нь биед сөрөг нөлөөтэй гээд мэргэжлийн бэлтгэл хийхэд дурамжхан байгаа юм.

 

-Ер нь биеийн галбираа хадгалахын тулд хэрхэн анхаардаг вэ?

 

-Одоогоор зөвхөн алхаж байна. Гэхдээ зөв хооллохыг эрмэлздэг. Мөн ус сайн уудаг.

 

-Нэг удаа та цахилгаан шатанд санаандгүй байдлаар одоо ажиллаж байгаа группийнхээ захиралтай танилцсан тухайгаа фэйсбүүктээ бичсэн байсан. Одоо тэр хүн таны ажлын хамтрагч болсон гэл үү?

 

-/инээв/ Тийм ээ. Одоо ч харилцаатай байгаа. Их сайхан хүн бий.

 

-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан хазайлгаад таны хувийн амьдрал руу орж болох уу. Аав, ээжийнхээ талаар танилцуулаач. Монголд байдаг уу?

 

-Аав, ээж хоёр минь Монголд амьдардаг. Ханилаад 37 жил болж байгаа сайхан хос бий.

 

-Таныг амжилтад хүрэхэд гэр бүлийн тэр дундаа ээжийн тань нөмөр нөөлөг их байсан байх. Ээжийнхээ ямар зан чанарыг өвлөж авахыг хүсдэг вэ?

 

-Миний ээж маш үзэсгэлэнтэй, дайчин, шударга эмэгтэй. Аав, ээж хоёр маань өөрийн гэсэн жижиг бизнес эрхэлдэг. Хөөрхөн хөтлөлцөөд л явж байдаг юм. Манай аав их зөөлөн хүн. Ер нь уурлаж, бухимдана гэж байхгүй шүү. Харин ээж маань хатуу үедээ хатуу. Гэхдээ ээжийн хэлсэн, зөвлөсөн бүхэн нь зөв байдаг. Миний хувьд зөрүүдэлж, толгой мэдэж гаргасан ганц нэг шийдвэр маань дандаа л надад сургамж болж үлдсэн дээ.

 

-Чөлөөт цаг гарвал Монголд ирдэг байх. Эх орондоо ирээд хийж бүтээхийг хүсдэг зүйл бий юү?

 

-Одоохондоо урдах ажлаасаа өндийж чадахгүй л байна. Монголдоо очиж аав ээждээ эрхэлмээр л байдаг /инээв/. Ажил маань амжилттай яваад долларын тэрбумтан болсон үедээ би эх орондоо ганцхан зүйлийг л хийж өгөх юмсан гэж боддог. Тэр нь орчин үеийн тоног төхөөрөмжтэй, хүүхдийн эмнэлэг байгуулж өгөх. Эмч, мэргэжилтнүүдийг нь дэлхийн шилдэг сургуулиудад байнга мэргэжлийн сургалтад хамруулдаг, боломж муутайхан айлын хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзэж, оношилж, эмчилдэг байвал гоё биз дээ. Ийм том мөрөөдөлтэй л явна. Санаж явбал бүтнэ гэдэг шүү дээ / инээв/.

 

-Хүний нутагт байгаа болохоор эх орноо санах үе бишгүй л байдаг байх. Ийм үед та яадаг вэ?

 

-Үнэнийг хэлэхэд би айлын эрх охин. Аав, ээждээ үнсүүлээд, ээжээрээ толгойгоо илүүлээд, сүүтэй цай уугаад хэвтэхийг хүсдэг. Харин энд Монголоо санахаараа хүүдээ эрхэлчихдэг юм. Миний хүү ээжийгээ сүрхий эрхлүүлнэ шүү дээ /инээв/.

 

-Ярилцах саналыг минь хүлээн авч, цаг зав гарган асуусан асуулт бүрт минь чин сэтгэлээсээ хариулсан танд баярлалаа. Таны цаашдыг ажилд тань амжилт хүсэе.

 

-Баярлалаа. Та бүхнийхээ итгэлээр жигүүрлэн ажиллах болно.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (11)

  • Zochin (202.179.23.206)

    2016-12-29

    Mundag busgui baina

  • Sonirholtoi (49.0.160.32)

    2016-12-29

    Uneheer mundag bn amjilt husiy... hunii hj bga ymiig dandaa doosh ni hj bhiin eniig odoo ataarhaj bga hun l bichij bga da.. goy gutalnuud bn ter har gutalnaas awnaa

  • Setgegdel (60.227.67.80)

    2016-12-29

    https://wholesaler.alibaba.com/product-detail/OEM-black-snake-skin-womens-pumps_60382856706.html?spm=a2700.7765678.1998649852.6.sCz3FY

  • setgegdel (60.227.67.80)

    2016-12-29

    Ene emegtei bas xudlaa tom tom yarinaa. Gexdee yum xiix geed ooriin bair suuritai bolox gej baigaa n l sonirxotoi yum da. Ene gutal ni Alibabagaar duuren l baina. Yag ooroo yug n xiisen yum bol ????

  • batchimeg (202.70.46.215)

    2016-12-28

    ene niitleliig unshaad setgel ih hudulluu. hudulmurch daichin uhaalag uzesgelentei iim mundag busguin bodson buhen n butej sanasan buhnee bieluulj bgaarai. ajiliin undur amjilt husiii.

  • Зочин (202.179.25.218)

    2016-12-28

    Сайхан мөрөөдөл байна. Монголд орчин үеийн тттэй хүүхдийн эмнэлэг баригдтал хол байна даа.

  • (103.9.90.50)

    2016-12-28

    САЙН БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЕ. МОНГОЛЫНХОО НЭРИЙГ ДЭЛХИЙД ГАРГААРАЙ.

  • Монгол (202.9.43.217)

    2016-12-28

    Сайн бүсгүй юмаа. Зорилготой тэмүүлэлтэй, түүндээ хүрч яваа. Илүү их амжилт гаргахыг хүсье.Чи чадна аа.Ийм залуус л Монголоо хөгжүүлнэ.

  • (202.9.42.218)

    2016-12-28

    MONGOLD ULSIIN MONGONOOS L HULGAILAHGUI YUM BOL DOLLARIIN TERBUM BOLNO GEJ ULGER SHUU

  • zochin (59.125.186.124)

    2016-12-27

    namhan ultai har gutalnii deer n bga tumurgui hiih bolovu? tegvel avnaa.

  • (202.9.40.20)

    2016-12-27

    Доллрын турбумтан - ГЭЖ ЮУГ ХЭЛДЭГ ЮМ. ГАРЧГАА ЗЕВ БИЧИХ АМЬТАН ЛГА УУ