Х.Гэрэлчимэг: Жизель бол миний дүр

 

        Цаг хугацааг ухрааж болдогсон бол “Зууны манлай балетын жүжигчин”, Ардын жүжигчин Ю.Оюун гэх хүний тоглосон “Хунт нуур”-ыг үзэж дэлхий даяар шагшруулсан түүний гайхалтай гарыг ганцхан удаа боловч харахсан. Мөн түүний дараагийн үеийн Монголын балетын урлагийн томоохон төлөөллийн нэг болох Х.ГЭРЭЛЧИМЭГ гэх хатагтайн “Жизель” балетын Жизелийн дүрийг хэрхэн бүтээж байгааг зүрх даран үзэхийг өнгөрсөн цаг хугацаанаас хүсмээр... Гэвч ирж буй мөч бүхэн өнгөрсөн цаг хугацаанд байснаас ч илүү сайн сайхан, гайхамшигт авьяастнуудыг төрүүлнэ гэдэг итгэл найдвараар энэ удаагийн ярилцлагаа эхлүүлье. Өнөө цагийн Монголын балетын урлагийг “өнгөлж” буй Дуурь бүжгийн эрдмийн театрын тэргүүн зэргийн эмэгтэй гоцлоочид болох гавьяат жүжигчин Ч.Ганчимэг, Г.Цолмон, СТА Г.Батчимэг, Б.Саруул нар бол Х.Гэрэлчимэг гэх энэ хатагтайн бэлтгэсэн өнөө цагийн гайхамшигт цагаан, хар хунгууд төдийгүй гайхамшигт Жизелиүд билээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэгтэй ярилцлаа.

 

-Дуурийн театр гэлтгүй дэлхий нийтээр шинэ жилийн энэ өдрүүдэд яах аргагүй П.И.Чайковскийн “Шелкунчик” балетаар амьсгаллаа.

 

-2013 оноос хойш үзээгүй явсан “Шелкунчик” балетыг саяхан би үзлээ.

 

-Та бол энгийн үзэгчид шиг балетыг зүгээр л сонирхоод өнгөрөх хүн биш. Таны хамгийн сүүлд үзсэн “Шелкунчик”-т тоглосон балетчдын ихэнхийг та бэлтгэсэн байж таарна. Тэд хэр зэрэг бэлтгэл сургуулилттай, ямар төвшинд бүжиглэж байна вэ?

 

-Энэ удаагийн “Шелкунчик”-т богино хугацаанд бэлтгэсэн ч юм уу бүжигчид маань их цуцсан харагдсан. Ялангуяа гоцлол бүжигчид их ядарсан болох нь ажиглагдлаа. Уг нь удирдлага болон багш нар нь бүжигчдийнхээ ачааллыг зөв тохируулах хэрэгтэй. Харин Хөгжим бүжгийн коллежийн хүүхдүүд их хөөрхөн байсан. Тэд маш сайн жүжиглэлттэй, хөгжмийг сонссон, мэдэрсэн болох нь ажиглагдсан. Аливаа сайн зүйлд алдаа, оноо бий. Тэр алдаагаа дараагийн тоглолтдоо засч залруулаад явах хэрэгтэй. Нэг ажигласан зүйл гэвэл балетын багш нар нь “Болж байна” гэх сэтгэл ханачихсан өнгө аястай юм шиг санагдсан. Гэвч үгүй юм. Мэргэжлийн нүдээр харахад алдаа бол хэзээд байна. Алдааг зөв ухаарч хүлээж авч заах хэрэгтэй л дээ. Балет бол “хатуу гар”-аар урагшаа явна. Өнөөдрийн монгол залуусын нэг том алдаа бол эзэмшсэн мэргэжилдээ дурлаж чадахгүй байна. Түүнээс ч хэцүү асуудал нь ёс суртахуун гэдэг зүйл алга. Жишээлбэл, би бүжиглэдэг байхдаа гавьяат жүжигчдийнхээ болон ахмад үеийнхнийхээ өрөө рүү орохоос эмээдэг байсан. Зөвхөн тэр хүмүүсийг хүндлэх ёстой гэдэг мэдрэмж л давамгайлдаг байлаа. Одоо үеийн хүүхдүүд ахмад үеийнхэнтэй тоглоом шоглоомоор харилцаж байна. Мөн хүний үг авдаггүй. Балет гэдэг бол багийн ажил.

 

-Та балетын жүжигчнийхээ хувьд тайзнаас хэдэн насандаа буусан юм бэ?

 

-Би бүжиглээд 16 дахь жилдээ буюу 34 настайдаа тайзнаас буусан. Нэлээд хожуу ээж болсон. Их орой төрөх нь бүжигчин хүнд нөлөөлдөг. Өмнө нь хийж байсан зүйлээ яг тэр хэмжээнд хүртэл хийж чадахгүй байх вий гэсэн айдас суучихдаг юм билээ. Олон жил бүжиглэх тусам эрч хүчтэй, урам зоригтой болж ирдэг гэж ярьдаг ч хүн тэр хэмжээгээр айж, заримдаа шантрах тохиолдол илэрч байдаг. Туршлагын хувьд маш их зузаарна. Гэхдээ тайзруу их гарах тусам а айдас хуримтлагдаад л эхэлдэг. Айдас болгоныг давж тайз руу гарна гэдэг сүүлдээ дарамт болоод ирдэг. Миний тайзнаас буусан шалтгааны эхнийх нь энэхүү айдас байсан. Хоёр дахь нь, балетын багш болох хүсэл маань давамгайлж эхэлсэн.

 

-Тайзнаасаа буусан дуучин, балетын жүжигчдийн яриаг сонсч байхад их том дуурьт эсвэл, хүсч явсан бүтээлдээ дүрээ мөнхлөхийг хүсч мөрөөддөг юм билээ. Таны хувьд тайзнаас буухдаа сэтгэл тань хэр эмзэглэв. Хамгийн сүүлд тоглосон балетын жүжиг тань бас юу байв?

 

-Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Түүнтэй адил уран бүтээлч хүн маш шунахай байх ёстой. Ганц уран бүтээлээр зогсч хэрхэвч болохгүй. Аль болох л цаашаа явахыг бодох хэрэгтэй. Та өнөөдөр хоёр алхсан бол маргааш гурав дахь алхмаа заавал хийж байх хэрэгтэй. Ингэж байж мэргэжилдээ өснө. Мөн энэ урлагтаа илүү дурлаж эхэлнэ. Миний бүжиглэж байх үед одоогийнхтой адил тайлан тоглолт хийдэг байсангүй. Би 1981 онд сургуулиа төгсч ирснээс хойш тоглосон бүтэн хэмжээний балетын анхны жүжиг гэвэл А.Аданы “Жизель” байсан. Энэ миний тоглосон балетын анхны жүжиг байсан бөгөөд О.Батсайхан, Д.Батхүрэл хоёртой энэхүү жүжгийн гол дүрийг бүтээж байлаа. 1996 онд тайзнаа гарахдаа “Энэ миний сүүлийн тоглолт шүү” гэдгээ хэнд ч хэлээгүй. Гэвч миний сүүлчийн тоглолт өнөөх А.Аданы “Жизель” байж таарсан. Тухайн үед би дотроо бодож байлаа. Энэ театрт орж ирээд анхны тоглосон балетын жүжиг “Жизель” байлаа. Тиймээс энэ л жүжгээрээ хаалтын тоглолтоо хийх ёстой байж гэж бодож зогссон.

 

-Санамсаргүйгээр таны анхны бөгөөд сүүлчийн удаа тоглох балетын жүжиг “Жизель” байж таарсан хэрэг үү, та ингэж тааруулсан юм уу?

 

-Санамсаргүй ингэж давхцаж таарсан. Сүүлчийн удаагийн тоглолтод орохдоо би хувь тавилан гэдэг цаанаасаа л ингэж зохицууллаа гэж бодож байсан шүү. Тайзаа орхихдоо би бодсон л доо. Хувь балетчныхаа хувьд би өөрийн зүгээс хийхээ хийчихлээ. Надад цаашид шунаад байх уран бүтээл байхгүй. Далд хүсэлд минь балетын урлагт шавьтай болох юмсан гэсэн бодол л хүчтэй төрж эхэлсэн. Ийм бодол төрсөн шалтгаан бол тухайн үед Монголын балет дандаа эрэгтэй багш нартай байсан. Эрэгтэй багш нар техник тал руугаа илүү хардаг. Харин эмэгтэй хүний торгон мэдрэмжийг дүрээр гаргах тэр академизмийг эмэгтэй хүн л нэгэндээ хэлнэ шүү дээ. Тиймээс би бүжиглэдэг байхдаа “Эмэгтэй багш байсан бол энэ дүрийг ингэж хийвэл илүү гоё болох болов уу” гэж боддог байлаа. Дараа нь дүрээ бүтээхдээ өөртэйгөө их ажилладаг болсон. Д.Баасанхүү, Т.Баянжаргал, О.Ганбаатар зэрэг багш нар маань миний техник тал дээр их ажиллана. Яг нарийн мэдрэмжид ажиллахад эрэгтэй хүн бас хэцүү. Тиймээс би багш болоод эмэгтэй бүжигчдийг бэлтгэвэл яах бол гэсэн нууцхан хүсэлтэй болж ирсэн. Түүндээ ч хөглөгдөж явсаар өнөөдрийг хүртэл багшилж байна. Ер нь хүн тайзнаас сэтгэл хангалуун л буух хэрэгтэй.

 

-“Жизель” гэж таныхаар хэн бэ, энэ ямар дүр вэ?

 

-Жизель бол маш их жүжиглэлт шаардсан дүр. Энэ дүр тэр чигээрээ академизм, балетын дэг жаяг шингэсэн дүр. Бүжиглэж байгаа хүнээсээ мэргэжлийн маш өндөр ур чадвар шаарддаг. Жизелийг хийж чадах, чадахгүй ч хүн гэж байна. Жишээлбэл, Жизельд тохирсон хөл гэж байна. Энэ дүрийг бүтээж байгаа хүний хөл маш уян хатан байх ёстой. Яг л дарахад түлхэлт аваад буцаад ойдог пүржин шиг хөл. Мөн Жизель гэдэг хүний дотоод ертөнцийг сайн ойлгосон байх ёстой. Хайр дурлал бол энэ балетын жүжгийн гол сэдэв. Тариачин охин Жизель ямар эмзэг, нандин сэтгэлтэйг ойлгох хэрэгтэй. Жизелийн дотоод ертөнц маш эмзэг. Тэр харц буруулсан, ичингүйрсэн харилцаа гээд энгийн тариачин охины хайр дурлал ямар хүчтэй вэ гэдгийг энэ балетын жүжгийн хоёрдугаар үзэгдэл болох сүнсний хэсэгт харуулдаг. Альберт гэдэг дурлалт залуугаа аврахын тулд ямар их золиос гарган байж амьд авч үлдэж байна вэ. Төгсгөлд нь Альбертын шарил дээрээс авч байгаа тэр цэцэг... Энэ хайр дурлал гэж хэчнээн аугаа зүйл болохын тухай өгүүлж байгаа хэсэг юм. Хайр үхсэн хойно хүртэл амьдардаг шүү гэдэг гол санааг үзэгчдэд ойлгуулахад оршиж байгаа юм. Энэ бол маш хэцүү.

 

-Мэдээж та хамгийн сүүлд 1996 онд энэ жүжигт тоглохдоо Жизелийг ойлгосон байсан байх. Гэвч нэг дүрийг ойлгох хүртэл хэр цаг хугацааг зарцуулсан бэ?

 

-1996 онд Жизельд тоглохдоо би энэ дүрийг ойлгосон байсан. Гэхдээ бас л дутуу байсан. Ер нь дүрийг төгс гарган бүтээсэн хүн байдаг л байх. Би мэдэхгүй юм. Учир нь, би өөрөө өөртөө үргэлж шүүмжлэлттэй ханддаг хүн. Шавь нарыгаа ч та нар төгс шүү гэж хэзээ ч хэлдэггүй. Хэзээ ч... Өнөөдөр дэлхийд гайхагдаж байгаа балетчид болох Диана Вишнёва, Светлана Захарова нар бүтээсэн дүрийнхээ тухайд ярихдаа “Сэтгэлийн минь гүнд үргэлж дутуу мэдрэмж төрөөд байна” гэсэн байдаг. Тэд ч бас төгс хийгээгүй болохоор л ингэж ярьж байгаа хэрэг. “Би болчихлоо” гэж ханаагүй байна. Сонгодог урлагийг судлаад л яваагийн илрэл энэ юм. Тиймээс энэ урлаг олон жил амьдраад байна. Би энэ дүрийг бүтээчихлээ, болчихлоо гээд л хүн бүр хэлээд байсан бол энэ урлаг өнөөдөр байх эсэх нь эргэлзээтэй.

 

-“Жизель бол миний дүр” гэж та хэлсэн. Үнэхээр энэ дүрд дурласан болоод та ингэж хэлэв үү. Ер нь уран бүтээлч хүн “Энэ бол миний дүр” гэж бардам хэлэхийн цаана ямар шалтгаан байдаг юм бэ?

 

-Ямар ч уран бүтээлч шалтгаангүйгээр “Энэ миний дүр” гэж хэлэхгүй л дээ. Жизель надад ойрхон дүр байсан. Вагановын сургуульд сурч байхад Ф.И.Балабина, Оросын Ардын жүжигчин, Марийнскийн театрын гоцлооч байсан Шатилов багш нар маань надад “Жизель”- ийн хоёрдугаар үзэгдлийн хэсгийг бэлдүүлдэг байсан нь энэ дүрд тохирох эсэхийг хараад л байсан хэрэг. Мөн “Чи бол эсрэг дүрийн бүжигчин биш, чи бол романтизм талын дүрийг бүтээх жүжигчин болно” гэж Ф.И.Балабина багш маань надад хэлдэг байлаа. Ардын жүжигчин О.Ганбаатар дараа нь “Гэрлээ, Жизель бол яг чи, энэ бол чиний дүр” гэж хэлдэг байсан. Хоёрдугаар үзэгдлийн хөгжим бол миний зүрх сэтгэлд үнэхээр суусан. Хамгийн анх багш болоод Туяаг Жизельд бэлтгээд түүнд хоёрдугаар үзэгдлийн галзуурдаг хэсгийг зааж байхад би өөрөө уйлаад босч ирж байсан. Жизелийн дүрийг анх зааж зогсоход тэр хөгжим миний зүрх сэтгэлд эгшиглэж, бүжиглэж байсан үеэ, хамтран бүжиглэж байсан хүмүүсээ бодоод өөрийн эрхгүй нулимс гарч байлаа. Тиймээс хүний зүрх сэтгэлд дүр, тэр хөгжим хоногшино гэж байдаг. Тэгж хоногшуулсан тулдаа би өнөөдөр шавь нараасаа гайгүй Жизелиүдийг төрүүлсэн гэж боддог юм.

 

-Гавьяат жүжигчин Ч.Ганчимэгийг Жизелийн дүрд бүжиглэж байхыг хараад та өөрийгөө олж хардаг гэж хэлсэн. Тиймээс та шавь нартаа Жизель, хунгийн дүрийг өвлүүлж, балетын академийг сайн суулгаж өгч чаджээ. Гэвч цаашид таны өвлүүлсэн энэ дүрүүд үргэлжилж чадах болов уу?

 

-Ч.Ганчимэгийг надтай их адилхан гэж ярьдаг юм. Балетчин хүн гэдэг их сонин. Өөртөө хийдэг байсан нүүрний будалтаа шавь дээрээ яг л адилхан хийдэг. Тэгэхээр нүүр нь хүртэл адилхан харагдаад ирнэ. Ганчимэг бол намайг соронзон мэт нэг л зүйлээрээ татаж чадсан. Одоог хүртэл бид багш, шавийн харилцаатай. Хүссэн ч, хүсээгүй ч өөрийнхөө зүйлийг хүнд дамжуулахдаа өөрийгөө л суулгадаг юм билээ. Цолмонг анх төгсч ирэхэд нь гранд жүжигт тоглож чадахгүй бүжигчин гэж ярьж байсан. Гэтэл надад тэгж харагдаагүй. Жизелийн дүрийг бүтээж чадах юм шиг харагдсан. Цолмон ч чадна гэдгээ баталж, харуулсан. Миний бэлтгэсэн бүжигчид энэ уламжлалыг цааш аваад яваасай. Хойч үеэ бэлтгээсэй. Үнэн сэтгэлээсээ дурлаж байж бэлтгээсэй гэж л хүсч байна.

 

 

-Та 1996 оноос өнөөдрийг хүртэл балетын багшаар ажиллаж байна. Энэ хугацаанд нийт хэчнээн шавийг бэлтгэсэн байна вэ?

 

-Тоолох юм бол хэцүү. СУИСийн багш Д.Алтантуяа гээд тухайн үеийн Дуурийн театрын гоцлооч байсан энэ хүн ч миний шавь. Бид ганцхан насны зөрүүтэй. Тиймээс миний шавь гээд яривал их том цар хүрээг хамрах болно. Улсын ардын дуу бүжгийн чуулгын бүжиг дэглээч Д.Баярбаатар, Улаанбаатар чуулгын бүжиг дэглээч Д.Энхгэрэл, Түмэн-Эх чуулгын дарга Т.Отгонсүрэн бүгд л миний шавь. Яг сонгодог балетын жүжигчид гэвэл энэ Дуурийн театрт бүжигчин гэсэн үнэмлэхтэй байсан, одоо байгаа хүмүүс бүгд миний шавь. Харин энэ хүмүүс намайг багшаа гэж хэлэх, ярих нь тухайн бүжигчний зан чанар, ёс суртахууны асуудал байх. Гэвч энэ олон дундаас гоцлол бүжигчдийг гаргаж ирнэ гэдэг багш хүний хувьд багагүй хөдөлмөр байдаг. Санамсаргүйгээр тоолоод үзэхэд би 11 цагаан хун, 13 хар хун, найман Жизель бэлтгэсэн байгаа юм. Үүн дээр нэмээд ханхүү нар нь мөн багтана. Багшийн хамгийн сайхан зүйлийг сүүлд ойлгосон. Бэлтгэсэн гоцлол бүжигчдээрээ багш хүн бахархана. Шавь нар маань өнөөдөр над шиг багш болох гэж байна. Тэд Монголын балетын хойчийг авч явах хэмжээнд хүрчээ. Ингээд бодохоор би тэдэнд ганцхан бүжиглэхийг заагаагүй юм гэдгээ ойлгож байна.

 

-Магадгүй арван жилийн дараа та П.И.Чайковскийн “Хунт нуур”, А.Аданы “Жизель” балетыг Дуурийн театрын тайзнаа үзээд суух мөчид таныхаар Жизель нь Жизель биш, хун нь хун биш байх вий гэхээс та эмээж байна уу?

 

-Эмээнэ л дээ. Энэ урлаг олон зуун жил оршин тогтнож байгаагийн үндэс нь багшаас шавьд өвлүүлж буй уламжлал юм. Оросууд үүнийг гайхамшигтай хэрэгжүүлж чаддаг. Вагановын хамгийн сүүлийн шавь Ирина Калпакова гэх Оросын Ардын жүжигчин өнөөдөр Марийнскийн театр, Нью-Йоркийн балетын компанид, Англид ч ажиллаж байна. Энэ хүнээ Оросын сонгодог урлаг тэтгэвэрт гаргахгүй байгаа биз дээ. Учир нь, энэ хүн Вагановын хамгийн сүүлд хэлсэн үгийг нь сонсч байсан гэдэгт л утга учир, үнэ цэнэ нь байгаа юм. Ваганов гэх хүн, Вагановын академи өнөөдөр ч дэлхийн балетад ноёрхож байна. Хэн ч одоогоор дийлээгүй, дийлэхээргүй байгаа нь үүнтэй холбоотой юм шүү дээ.

 

Э.Одгэрэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (202.179.23.149)

    2017-01-06

    Sain bagsh. Tand amjilt xvsie