Д.Цогтбаатар: Гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1 хоёрдугаар сарын 27-нд тохионо

-НАР, САР, ОД НЭГ ЦЭГТ БАЙРЛАХ НЬ ХҮЙТРЭХИЙН ДОХИО Ч ХҮНДЭЭР ХҮЛЭЭЖ АВАХ ХЭРЭГГҮЙ-
 

 

        Монголын бурхны шашны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д.ЦОГТБААТАРТАЙ тахиа жилийн хаврын эхэн сар хэдийд эхлэх талаар ярилцсанаа хүргэе.

 

-Жил бүрийн өдийд Цагаан сарыг хэдийд тэмдэглэх талаарх маргаан дэгддэг. Хэд хоногийн өмнө Монголын үндэсний чөлөөт зурхайчдын холбооноос “Нэгдүгээр сарын 28-нд шинэлэх ёстой” хэмээн мэдээлсэн нь хүмүүсийг төөрөгдүүлээд байгаа юм. Энэ жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-н хэдийд тохиож байна вэ?

 

-Монгол зурхайн тооллын “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн хаврын тэргүүн бар сарын шинийн 1-н хоёрдугаар сарын 27-ны өдөр болно. Шар зурхайг бидний номын дээдэс, багш, эрдэмтэн мэргэд маань Алтан зурхай гэж нэрлэдэг байсан. Энэ нь ямар учиртай вэ гэхээр, Хятадын ханз үсэг “хуань” нь хаан, шар гэсэн хоёр утгыг илэрхийлдэг. Үүнийг монгол хэл рүү хөрвүүлж буй хүмүүсээс хамаарч Шар зурхай гэдэг үг гарч ирсэн болов уу. Түүнээс биш ийм зурхай байхгүй. Алтан зурхай нь хааны хууль цаазаар тогтоосон зурхайн тоолол юм. Харин Төгсбуянтын зурхай бол монгол зурхайн цагалбар юм. Энэ цагалбарыг 1747 онд монголч эрдэмтэн Сүмбэ хамба Ишбалжир “Төгсбуянт шинэ зурхайн эх, хөвгүүн судар” хэмээх номоо зохиосон. Цагийн хүрдний номлол, од гаригийн хөдөлгөөний үндсэн дээр монгол орны өргөн уудам газар нутагт хуваарьт нийцүүлэн гаргасан. Монголчууд бурхны болон төрийн үйл хэргийг Төгс буянтын цагалбарт нийцүүлж ирсэн уламжлалтай. Ер нь өвөг дээдэс маань Чингис хааны үеэс цагийн хүрдний зурхайг ашиглаж ирсэн. Дэлхий дээр гурван цаг тооллыг ашиглаж байна. Үүнд, аргын, билгийн, арга билэг хосолсон тоолол гэж бий. Монголчууд арга билэг хосолсон цаг тооллыг ашигладаг.

 

-Энэ хоёр зурхайн ухаан ямар ялгаатай вэ?

 

-Алтан зурхай бол хууль цаазын зурхай. Өөрөөр хэлбэл, нэг хааны зарлигт үндэслэн шийдвэрлэсэн зүйл гэсэн үг. Төгсбуянтын зурхай нь од эрхсийн хөдөлгөөнд үндэслэдэг. Хэн нэгэн хүний шийдвэрээр бус шинжлэх ухаанаар үндэслэдэг зурхайн ухаан юм.

 

-Энэ жилийн өвөл илүү сартай байгаа. Үүнээс Цагаан сар болох хугацаа шалтгаалах уу?

 

-Тэгэлгүй яахав. Аргын тооллоор дөрвөн жилд нэг удаа өндөр жил тохиодог, 366 хоногтой жилийг өндөр жил гэдэг. Аргын тооллоор жил 365 хоногтой, билгийн тоолол 353­355 хоногтой жил байдаг. Тэгэхээр билгийн тоолол жилд 10 хоногийн зөрүү гараад байгаа биз. Үүнээс шалтгаалж гурван жилд нэг удаа илүү сар тохиодог. Ингэж арга билгийн тооллыг зохицуулж өгч байгаа юм. Төгсбуянтын зурхайд илүү сарыг од эрхсийн хөдөлгөөнд түшиглэж гаргадаг юм.

 

-Өмнөх жилүүдийн илүү сартай өвөл хэзээ тохиож байсан бэ. Ямар онцлогтой байсан бол?

 

-Өвлийн дунд сар буюу хулгана сар илүү сартай байгаа. Өмнө нь 1990, 1997 оны өвөл илүү сартай байсан. Ер нь өвөл илүү сартай байдаггүй. Бусад улиралд ч гэсэн илүү сар гардаг. Онцлог тал гэвэл нэг илүү сартай байна гэдэг нь өвлийн улирал урт болно гэсэн үг. Гэхдээ энэ жилийн өвлийн өнгө, хүмүүсийн яриа, байгаль орчны үзэгдлийг ажиглахад энэ өвөл харьцангуй дулаан байх магадлалтай байна. Учир нь, тарвага болон могой зэрэг ичээнд ордог амьтад цасан дээр явж харагдсан талаарх яриа гарсан. Тэгэхээр амьтад ичихгүй байна гэдэг дулаан байгаагийн шинж.

 

-Гал тахиа жилийн өнгө шороон үхрийн зурлагаар хэрхэн гарсан талаар сонирхуулна уу? ­

 

-Тахиа жилийн хувьд дунд албан тушаалын залууст ээлтэй, тогтвортой байна. Харин дээд албан тушаалтнуудын хувьд нэлээд муу, ширүүн жил гарах нь. Мөн ирэх онд улс орны эдийн засаг сайжирч, ургац арвинтай дэлгэр сайхан зун, намар болно. Зун, намрын улиралд хур тунадас ахиу орно. Энэ нь нөгөө талаар үер усны аюул болж, байгалийн гамшиг тохиох магадлалтай.

 

-Ес эхэлсэн ч өмнөх жилүүдээс харьцангуй дулаан байна. Ер нь хаврын урь хэдийд ордог юм бэ?

 

-Монгол тооллоор жил нь 12 сар, дөрвөн улирал, 24 бага улирал гэж байдаг. Өөрөөр хэлбэл, 15 хоног болоод нэг бага улирал эхэлдэг гэж ойлгох хэрэгтэй. Тухайлбал, арванхоёрдугаар сарын 22­нд өвлийн туйл эхэлж байна. Өвлийн туйл хэмээх бага улирлаас ес эхэлдэг гэж үздэг. Хаврын урь орох бага улирал хоёрдугаар сарын 5­ны орчимд ордог. Энэ жил илүү сартай байгаагаас шалтгаалж цаг агаарын хувьд дулаан байгааг илтгэж байгаа хэрэг. Одоо ч гэсэн ес эхэлчихээд байхад тавиун байна.

 

-Нар, сар, од нэг цэгт байрласан явдал уржигдар болж хөгшчүүл “хүйтрэхийн шинж” хэмээн ярьцгааж байна. Зурхайн ухаанд үүнийг хэрхэн тайлбарлах бол?

 

-Байгаль дэлхийнхээ үйл хөдөлгөөнийг шинжиж, амьдрал ахуйгаа зохицуулж ирсэн манай ард түмний таамаглан хэлсэн нь үнэн байдаг. Тэр дундаа буурлууд маань цагийн өнгийг ажиж, ан амьтан, байгалийн элдэв үзэгдлийг шинжиж ирсэн нь их ухаан юм. Нар, сар, од нэг цэгт байрласан нь хүйтрэхийн дохио. Гэхдээ үүнийг хүндээр хүлээж авах хэрэггүй. Ийм үзэгдэл давтагдах нь олонтаа.

 

-Ер нь зурхайн ухаанаар байгаль, цаг уурыг шинжиж болдог уу?

 

-Жилийн төлөв байдлыг шинжих зурхайн зурлага гэж бий. Монголчууд шороон үхрийн зурлагаар жилийн төлөв байдлаа шинждэг. Өмнө нь хүрээ хийдийн дэргэд зурхайн дацантай байсан. Зурхайн дацан цаг тооны бичгээ гаргаж, хаврын тэргүүн сарын шинийн 1­нээс өмнө шороон үхрийн зургийг маш томоор зураад хүрээ хийдийнхээ өмнө хаддаг байсан. Ард иргэд маань шороон үхрийнхээ зурагын хараад жилийн шинжийг мэддэг байжээ, одоо ч мөн адил.

 

-Бичин жилийн зуд гарз хохирол дагуулдгийг хөгшчүүл ярьдаг. Харин энэ жилийн хувьд зурхайд хэрхэн бууж байгаа вэ?

 

-Бичин жилийн хувьд зуд турхан гайгүй. Харин тахиа жилийн сүүлчээр нэлээд цас унаж, өвөлжилт хүндрэх магадлалтай.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (122.201.22.29)

    2017-01-05

    Монгол улс цагаан сараа хийж чадахаа больж.Энэ хамба лам нэг вм хэлмээр жилийн жилд д маргаан яасанч дуусдаггүй юм