Д.Тунгалаг: Органик гэсэн хуурамч хаяг шошготой бүтээгдэхүүн хэрэглэгчид очих ёсгүй

 

        Органик хүнсний тухай хуулийг энэ оноос хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.ТУНГАЛАГТАЙ ярилцлаа.

 

-Органик хүнсний тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээр тухайн салбартаа ямар давуу тал бий болж байна вэ?

 

-Органик хүнсний тухай хууль нь хүнсний зөвхөн боловсруулах салбарыг хамаарч байгаа биш. Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг бүхэлд нь хамарч байгаа зохицуулалт. Тодруулбал, хэрэглэгчийн гар дээр хүрч байгаа бүтээгдэхүүнийг органик, байгалийн гаралтай, байгалийн цэвэр гэдгийг зохицуулах гол зорилготой. Мөн органик хүнсний үйлдвэрлэл нь хөдөө аж ахуй, хүнсний салбарыг тогтвортой хөгжүүлэх, хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, хүлэмжийн хийг багасгах, нийгмийн эрүүл мэндийг сайжруулах нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой. Гэтэл өнөөдрийг хүртэл органик хүнсний бүтээгдэхүүн тодорхой зохицуулалтгүй явж ирсэн. Өөрөөр хэлбэл, баталгаажуулалтгүй хүнсний бүтээгдэхүүнийг органик гэсэн хаяг, шошготойгоор нийтийн хэрэгцээнд нийлүүлж байсан гэсэн үг. Тиймээс энэ сарын 1-нээс хуулийг хэрэгжүүлж эхэлснээр дээрх асуудал зогссон.

 

-Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагууд одооноос органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой болж таарж байна уу?

 

-Органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь аж ахуйн нэгж, байгууллагуудын сайн дурын ажил. Тухайлбал, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж аюулгүй байдлын шаардлагыг хангаад бүтээгдэхүүнээ энгийн хаяг, шошготой гаргаж болно. Үүнийг хуулиар зохицуулж өгсөн. Харин органик бүтээгдэхүүний арга тенхнологийг хэрэглэж үйлдвэрлэсэн тохиолдолд органик, байгалийн гаралтай гэсэн хаяг, шошготойгоор нийлүүлэлт хийж болох юм. Ингэхдээ тухайн аж ахуйн нэгжид сүү нийлүүлж байгаа малчны мал зарчмын дагуу органик байх ёстой. Малд ямар нэгэн антибиотек тарьсан тохиолдолд органик байдлаа алддаг учир сүүг нь органик гэж үзэхгүй. Жишээлбэл, сүү үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжид ойролцоогоор 300 гаруй малчин сүү нийлүүлдэг гэж тооцвол тэд органик зарчимд шилжсэнээр органик сүү гаргана.

 

-Манай улсад органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчин нөхцөл бүрдээгүй учир ердийн аж ахуйгаас органик руу шилжихэд үйлдвэрлэгчдэд хүндрэлтэй байх болов уу?

 

-Орчин үнэхээр бүрдээгүй. Гэсэн ч бид эхний ээлжид хэрэглэгчдээ хуулиар хамгаалж байна. Хуулийг хэрэгжүүлж эхэлснээр органик гэсэн хуурамч хаяг, шошготой бүтээгдэхүүн хэрэглэгчид очих ёсгүй. Ердийн аж ахуйгаас органик руу шилжихийн тулд тодорхой хугацаа шаардлагатай. Одоо бид органик мал аж ахуй, газар тариалан, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх журмыг боловсруулж байна. Томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд энэ зарчимд шилжихийн тулд технологийн хувьд хүндрэлтэй байж магадгүй. Харин жижиг дунд, бичил аж ахуйн нэгж, байгууллагын хувьд боломж нь арай нээлттэй. Тухайлбал, арван малчнаас сүү авч түүнийгээ боловсруулаад аарц болгож нийлүүлдэг байя гэж тооцоход тухай малчин болон нийлүүлэлт хийж байгаа хүнтэйгээ баталгаажуулалтынхаа нөхцөлийг тохирох боломжтой. Органик, байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг зайлшгүй хууль болон түүнийг дагалдан гарсан дүрэм журам, олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэх ёстой. Ингэсэн тохиолдолд байгалийн цэвэр, байгалийн гаралтай, органик гэсэн хаяг шошгыг хэрэглэх эрхийг нээж өгнө. Эсрэг тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр хуульд тусгасан.

 

-Хуулийг хэрэгжүүлээд удаагүй байгаа учир органик, байгалийн цэвэр гэсэн хаяг, шошготой хүсний бүтээгдэхүүн нийтийн худалдаанд байна. Энэ тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?

 

-Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд “Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй түүнчлэн хуурамч болон шошгод тавих шаардлага хангаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан татаж аваагүй хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний хэмжээг 50, албан тушаалтанг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Энэ дагуу хариуцлага тооцох учиртай.

 

-Малчдын боловсруулдаг сүү сүүн бүтээгдэхүүнийг органик гэж үзэх боломжгүй гэсэн үг үү?

 

-Органик хүнсийг маш их мэдлэг шингэсэн үйлдвэрлэл гэж олон улсад үздэг. Учир нь, үйлдвэрлэгч нь өөрөө мэдлэг, туршлагатай байж органик аж ахуйг хөтөлж явуулдаг. Түүнээс хэн нэгэн органик бүтээгдэхүүн шууд үйлдвэрлэх боломжгүй. Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл сүлжээнийхээ эхний шатнаас явдаг. Малын идэш тэжээл, бэлчээрээс эхэлнэ гэсэн үг. Хэрэв малын бэлчээрийн ойролцоо алтны уурхай үйл ажиллагаа явуулдаг бол органик байх ямар ч боломжгүй. Учир нь, алтны уурхайгаас гарч буй хүнд металлаар бэлчээр бохирдох магадлал өндөр. Органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх дүрэм, журамд алтны уурхай ч юм уу бохирдох эрсдэлтэй зүйлээс хамгийн багадаа 500 метрийн зайд малаа бэлчээрлүүлэх ёстой талаар тусгасан. Мөн малын бэлчээрийг тодорхой хэмжээнд хашиж тусгаарласан байх бөгөөд бэлчээрийнхээ даацад таарсан малтай байх ёстой. Энэ мэт байдлаар техникийн шаардлагууд нь маш нарийн зохицуулалттай байдаг.

 

-Ердийн аж ахуйгаас органик руу шилжихийн тулд тодорхой хугацаа шаардлагатай гэлээ та. Органик бүтээгдэхүүн шууд үйлдвэрлэх боломж манай улсад бий юү?

 

-Шилжилтийн хугацаагүйгээр органик бүтээгдэхүүн шууд үйлдвэрлэх боломж бий. Гэхдээ энэ бол зөвхөн боловсруулах үйлдвэрүүдэд хамааралтай. Хуульд “Та органик бүтээгдэхүүн боловсруулж, нийтийн хэрэгцээнд гаргах гэж байгаа бол шилжилтийн хугацаагүй байж болно. Гэхдээ баталгаажуулалтын байгууллагатай зайлшгүй гэрээ хийх бөгөөд татаж авч буй бараа бүтээгдэхүүн органик сорстой байна” гэж тусгасан. Эхний ээлжид импортын органик улаан буудайн гурил болон хуурай сүүгээр органик нарийн боов үйлдвэрлэж болно. Энэ бол гарц. Үүний дараа дотооддоо органик сүү, гурил үйлдвэрлэдэг болох юм. Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийн мэдээллийг манай яам нэгтгэснээр олон давуу тал бий болно. Тухайлбал, органик нарийн боов үйлдвэрлэх аж ахуйн нэгжийн сүү нь органик байх ёстой. Тэгвэл ямар аж ахуйн нэгж органик сүү үйлдвэрлэж байгааг мэдээллийн сангаас харж, хамтарч ажиллах боломж бүрдэх юм.

 

-Баталгаажуулалтын байгууллага гэж юуг хэлж байна вэ?

 

-Органик бүтээгдэхүүнийг үйллдвэрлэх үйлдвэрлэлийн бүх үйл явцад хяналт тавьдаг гурван төрлийн байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар журамд тусгасан. Үүнд гаднын байгууллага байж болно. Мөн Стандарт хэмжил зүйн газраас итгэмжлэгдсэн дотоодын байгууллага. Түүнчлэн үйлдвэрлэлд оролцож байгаа хүмүүс нэгдээд өөрсдөө байгууллага байгуулж, бүтээгдэхүүнээ баталгаажуулж болох юм. Олон улсын стандартад нийцүүлэн боловсруулсан дүрэм, журмын дагуу үйдвэрлэлийн нөхцөл байдлаа хангаж, дээрх гурван байгууллагын аль нэгээр нь баталгаажуулалт хийлгэсэн тохиолдолд өөрсдийн дүрэм журмаа боловсруулж манай яаманд хандах ёстой. Түүнийг нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тухайн бүтээгдэхүүнээ органик, байгалийн гаралтай, байгалийн цэвэр гэсэн хаяг, шошго нааж нийтэд нийлүүлэх эрх нь нээгдэх юм.

 

-Ийм эрх авах боломжтой аж ахуйн нэгж, үйлдвэрлэл одоогоор манайд байгаа болов уу?

 

-Нэгдүгээрт, зөгийн бал. Энэ төрлийн аж ахуй эрхлэгчдэд бэлчээр болон өвлийн хоол тэжээлийн асуудал бий. Учир нь, олон услын зохицуулалтад өвлийн улиралд зөгийг органик элсэн чихэр эсвэл зөгийн балаар тэжээнэ гэж тусгасан байдаг. Гэтэл манай улсын зөгийн аж ахуй эрхлэгчдэд тийм боломж байхгүй. Үүнийгээ шийдэж чадвал органик зөгийн бал үйлдвэрлэж, импортод гаргах бүрэн боломжтой. Дараагийнх нь чацаргана. Жижиг дунд аж ахуйн нэгжүүд чацарганыг өөрсдөө тариад, хурааж аваад тээвэрлэж, борлуулдаг. Бүх сүлжээгээ өөрөө явуулж байгаа учир менежмент хийгээд түүнийгээ органик болгох боломжтой. Өөрөөр хэлбэл, хүнсний органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйл явц нь хүнсний сүлжээний бүх үе шатанд хэрэгжих ёстой. Газрын хөрс, малын идэш тэжээл, боловсруулах үйлдвэрийн хэрэглэдэг хүнсний нэмэлтүүд, тээвэрлэлт хийж буй аж ахуйн нэгжийн үүрэг хариуцлага зэрэг бүх асуудлыг хуулиар зохицуулж өгсөн.

 

С.Юмсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Бухимдаа (126.244.188.203)

    2017-01-07

    Манай хүнсний гэх үйлдвэрийг бодохоор, сонсохоор, харахаар нэг биш дээ. Болж л өгвөл мах гурил голдсон гэрийнхээ хоолыг л хүртэж байхаас илүү хэрэг тустай юм үгүй шиг бололтой. Зар сурталчилгаа нь зуун хувь худал, ер нь наймаачинд итгэж болохгүй гэж Чингис Наме хэмээх сударт Чингис хаан сургасан байдаг юм билээ...

  • ял оноо (111.220.94.70)

    2017-01-07

    хятадаас авчирсан меламинтай хуурай сүүг шингэлж хийсэн зүйлсээ манай сүүний бүх үйлдвэр " жинхэнэ монгол үнээний сүү " гэж 20 жил худал хэлж хуурч ирсний хариуцлагыг хүлээлгэж чадах уу . Үүнээс л уг хууль эхлмээр юм. Транс тосоор бүх хүнсний үйлдвэр боов печенье гурилан бүтээгдэхүүн хийж ирсэн атлаа цацгийтэй гэж худал бичиж олон хүнд хорт хавдар тусгаж буй гэмт хэрэгтнүүдэд ял оноох хэрэгтэй байна