Mobile хувилбар

Шинжилгээний сорьц тээвэрлэдэг болсноор урт дараалал ард хоцорчээ

2017 оны 1 сарын 9

 

        Иргэд ямар нэгэн шинжилгээ өгөхийн тулд үүрээр босч, дүүргийн Эрүүл мэндийн төвд очиж, урт дараалалд зогсдог байсан цаг ард хоцорсон. Тодруулбал, иргэд харьяа өрхийн эмнэлэгтээ хандаж, шинжилгээгээ өгснөөр сорьцыг нь дүүргийн эмнэлэг рүү тээвэрлэдэг болжээ. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүлээгдэл, чирэгдлийг бууруулах, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор Шинжилгээний сорьц тээвэрлэх журмыг Эрүүл мэндийн сайд өнгөрсөн оны аравдугаар сарын 21- нд гаргаснаар олон давуу тал бий боллоо. Энэхүү журмаар шинжилгээний сорьцыг эрүүл мэндийн байгууллага хооронд зөөвөрлөхтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулсан байна. Тодруулбал, өрхийн эмнэлэгт авдаггүй шинжилгээний сорьцыг дүүргийн Эрүүл мэндийн төв, гуравдугаар шатлал болон төрөлжсөн нарийн эмнэлэг рүү салбарын сайдын гаргасан журмын дагуу тээвэрлэдэг юм байна.

 

Үүнийг нийслэлийн дүүргийн болон орон нутгийн Эрүүл мэндийн төв хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Гэхдээ орон нутгаас ихэвчлэн В, С вирус тоолуулах, идэвхжилийг нь үзүүлэх шинжилгээний сорьцыг тээвэрлэдэг талаар Эрүүл мэндийн яамны Лаборатори, параклиник хариуцсан мэргэжилтэн С.Энхзаяа ярилаа. Тэрбээр “Орон нутгаас болон зарим өрхийн эмнэлгээс тээвэрлэсэн шинжилгээний хариуг цахимаар буцаадаг. Зарим тохиолдолд дараагийн шинжилгээний сорьцыг тээвэрлэж хүргэхдээ хариугаа авдаг. Цаашид эрүүл мэндийн бүх байгууллагыг цахимд холбохоор төлөвлөж байна. Ингэснээр бүр ч асуудалгүй болох юм. Мөн сорьц тээвэрлэх үйл явцын тээвэрлэлтийн асуудлыг яаралтай шийдвэрлэж, хэрэгжүүлнэ. Тодруулбал, Зам тээврийн яам болон тээврийн бусад байгууллагатай хамтарч ажиллах гэрээ байгуулахаар хөөцөлдөж байна. Сорьц тээвэрлэх журам нэгэнт гарсан учир орон нутгийн эмнэлгийнхэн заавал биднийг хүлээхгүйгээр өөрсдөө тээвэрлэлтийнхээ асуудлыг зохицуулаад сорьцоо тээвэрлэх боломжтой. Ингэснээр орон нутгийн хувьд хүндрэл багасч, шинжилгээний сорьц тээвэрлэлт жигдрэх юм” гэв. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв жишиг байдлаар сорьц тээвэрлэлт явуулж байгаа талаар дурдсан тул бид тус төвийг зорилоо. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв 2014 оны зургаадугаар сараас эхлэн өрхийн эрүүл мэндийн төвүүдээсээ шээс болон цусны шинжилгээг тээвэрлэдэг болжээ. Тус дүүргийн 19 хороонд өрхийн 16 Эрүүл мэндийн төв иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. Үүний таваас нь анх сорьц тээвэрлэдэг байсан бол өнөөдрийн байдлаар өрхийн эрүүл мэндийн бүх төвөө хамруулж чадсан байна. Гэхдээ 2015 онд шээсний шинжилгээний анализатор аппаратыг нийслэлийн өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өгсөн учир тус шинжилгээг тээвэрлэх шаардлагагүй аж. Үүнээс бусад шинжилгээний сорьцыг Чингэлтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн эмнэлгүүд дүүргийнхээ Эрүүл мэндийн төв рүү тээвэрлэдэг байна. Ингэснээр шинжилгээний тасгийн ачаалал 80­90 хувь багассан талаар тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн Чанарын албаны дарга Л.Уяахүү ярилаа. Шинжилгээний сорьц тээвэрлэлттэй холбоотой зарим зүйлийг түүнээс тодрууллаа.

 

Л.Уяахүү: Өдөрт 160-180 хүний шинжилгээний сорьц тээвэрлэлтээр ирж байна

 

-Харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүдээс танайд өдөрт хэчнээн шинжилгээний сорьц ирж байна вэ? ­

 

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сар гэхэд өрхийн эрүүл мэндийн бүх төв шинжилгээний сорьцоо манайх руу тээвэрлэдэг болсон. Өдөрт 160­180 хүний шинжилгээний сорьцыг тээвэрлэж байна. Үүнээс гадна хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсээс шинжилгээ авдаг.

 

-Шинжилгээний сорьц тээвэрлэхэд тулгарч буй асуудал бол тээвэр юм байна. Танай төв үүнийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

 

-Ойролцоо байрлалтай өрхийн эмнэлгүүд иргэдийн шинжилгээний сорьцыг автомашинаар ээлжилж тээвэрлэдэг. Тэд дүүргийн Эрүүл мэндийн төв болон ойролцоо салбар лаборатори, амбулаторид хүргэдэг.

 

-Хоёрдугаар шатлалын эмнэлэгт авдаггүй шинжилгээний сорьцыг дараагийн шатлалын эмнэлэг рүү нь танайх тээвэрлэж байгаа юу?

 

-Оношлуур өндөр өртөгтэй гэдэг ч юм уу манай Эрүүл мэндийн төвд хийдэггүй шинжилгээний сорьцыг даргын тушаалын дагуу энэ оны сүүлчээс эхлэн улсын клиникийн Нэгдүгээр эмнэлэг рүү тээвэрлэж, хариуг нь цахимаар авдаг болсон. Цаашид бусад эмнэлэгтэй хамтарч ажиллахаар төлөвлөж байна.

 

-Шинжилгээний сорьцыг тээвэрлэдэг болсноор эрүүл мэндийн салбарт ахиц, дэвшил гарч иргэдэд хүргэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, чирэгдэл багассан харагдаж байна. Үүнийг илүү боловсронгуй болгох чиглэлд анхаарах зүйл юу байна вэ?

 

-Шинжилгээний сорьц, тээвэрлэхээс өмнө иргэд манай Эрүүл мэндийн төвийн амбулаторийн үүдэнд урт дараалал үүсгэдэг байсан. Түүнийг дагаад хэрүүл маргаан, хулгай зэрэг маш олон сөрөг зүйл гардаг. Харин одоо энэ асуудал бүрэн зогссон. Иргэд харьяа өрхийнхөө эмнэлэгт очиж, шинжилгээгээ өгдөг болсноор аль аль талдаа олон давуу талыг бий болголоо. Цаашид лабораторийнхоо болон боловсон хүчнийхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

 

Стандартын дагуу гурван давхар цүнхэнд шинжилгээний сорьцыг хийж, тээвэрлэдэг

 

         Өрхийн эмнэлгүүд шинжилгээг 08.30­9.30 цагийн хооронд авч, сорьцоо 10.30 цаг гэхэд дүүргийн Эрүүл мэндийн төвдөө хүргэдэг байна. Ингэснээр яаралтай тохиолдолд шинжилгээний хариу цагийн дараа, энгийн үед тухайн өдөртөө гардаг. Шинжилгээний сорьцыг тээвэрлэхдээ аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал. Тиймээс стандартын шаардлага хангасан сав, баглаа боодолтой байх учиртай. Үүнийг хэрхэн хангаж ажиллаж байгааг ажиглаж, бид сорьц тээвэрлэн авч ирж буй үйл явцтай танилцсан юм. Энгийнээр тайлбарлахад овог нэр, нас, хүйс, он сар өдөр бичсэн хуруу шилтэй шинжилгээний сорьцыг дөрвөлжин хайрцагт байрлуулсан байв. Тухайн хайрцаг нь ямар зориулалттай болох, стандартын шаардлага хангасан эсэхийг нь Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн бага тойрог салбарын лабораторийн их эмч Э.Энхзаяагаас тодрууллаа. Тэрбээр “Стандартын дагуу гурван давхар цүнхэнд шинжилгээний сорьцыг хийж, тээвэрлэдэг. Тодруулбал, эхний сав нь шинжилгээний сорьцыг агуулсан, шингэн гоожихоос хамгаалсан, ус нэвтрүүлдэггүй. Хоёр дахь нь ус нэвтрэхгүй, бат бөх битүүмжлэгдсэн, дээж бүхий эхний савыг хамгаалах зориулалттай. Гурав дахь нь тээвэрлэлтийн үед гэмтэх, халах, норох, хөлдөхөөс хамгаалах зорилготой. Биохими, цусны дэлгэрэнгүй шинжилгээний сорьц сард тус бүр 2000 ирдэг. Эмч, сувилагч нарынхаа дунд шинжилгээ авах аргачлал зэргээр сургалтыг улирал тутамд зохион байгуулдаг. Хагалгаанд орох гэж байгаа хүн цусны бүлэгнэлтийн шинжилгээг заавал өгөх ёстой. Энэ шинжилгээг авдаг аппарат манай эмнэлэгт нэг байдаг. Ийм аппарат нэгийг амбулаторид байрлуулбал, бид энэ төрлийн шинжилгээ авах бүрэн боломжтой. Гэхдээ бид энэ шинжилгээнийхээ сорьцыг гуравдугаар шатлалын эмнэлэг рүү тээвэрлэдэг” гэлээ.

 

Шинжилгээний сорьц солигдохоос сэргийлж, хуруу шилэн дээр өмнөх товч мэдээллийг бичдэг байна. Үүнээс гадна дагалдах бичиг илгээдэг гэнэ. Үүнд, эрүүл мэндийн даатгалын хуудас, шинжилгээг илгээж буй болон хүлээн авах байгууллагын нэр, хаяг, утасны дугаар, цахим хаяг, сорьц авсан он, сар, өдөр болон ажилтны нэр, утасны дугаар, шинжилгээний нэр, төрөл, хийгдэх үзүүлэлт бүрийг тодорхой бичих ёстой аж. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн лабораторийн эмч нар шинжилгээний сорьц солигдох, гээгдэж үлдэх зэргээс урьдчилан сэргийлж тусгай дэвтэр гаргаж, тээвэрлэлтээр ирсэн шинжилгээг түүн дээрээ нэг бүрчлэн тэмдэглэдэг байна.

 

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулсанд талархаж явдаг

 

        Албаны хүмүүсийн өгсөн мэдээллийн дараа бид шинжилгээний сорьц тээвэрлэлтэд иргэд хэр зэрэг сэтгэл ханамжтай байгааг тодруулахад, бүгд ам сайтай байлаа. Түүнчлэн орон нутгийн сорьц тээвэрлэлтийг эрчимжүүлэх хэрэгтэй байгааг дуулгаж байв. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн иргэн Б.Батдорж “Эрүүл мэндийн салбар урагшаа алхаж байгаагийн нэг жишээ юм. Үүнээс өмнө шинжилгээ өгөх гэсэн иргэд дүүргийн эмнэлэг дээр урт дараалалд зогсдог байсан. Тэгээд бүр зарим нь цагтаа амждаггүй тохиолдол ч гардаг байлаа. Өндөр настан, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хаа холоос дүүргийн эмнэлэг дээр ирж, дараалалд зогсоход хүндрэлтэй. Энэ мэт олон хүлээгдэл, чирэгдлийг арилгаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулсанд талархаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Дашрамд дурдахад, Чингэлтэй дүүрэг 160­аад мянган хүн амтай бөгөөд түүнээс 4018 нярай байна. Сүүлийн үед томуу, томуу төст өвчин тархаж, дүүргийн Эрүүл мэндийн төвүүд ачаалалтай ажиллаж байгаа билээ. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв ч ялгаагүй ачаалал их, орны хүрэлцээ муу учир Мэдрэлийн тасгаа суллаж, хүүхдийнх болгосон байна. Ингэснээр одоогоор 170­180 хүүхдийг хэвтүүлэн эмчилж байгаа аж.

 

С.Юмсүрэн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...