Д.Оюунхорол: Цахилгаан халаагуур болон шөнийн тарифт тоолуурыг лизингээр авах боломжийг бүрдүүлнэ

 

        УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой агаарын бохирдол, аялал жуулчлал, Үндсэн хуулийн өөрчлөлт зэрэг сэдвээр ярилцлаа. 

 

-Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн Засгийн газрын анхны шийдвэр  гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн явдал байв. Эндээс ямар үр дүн гарах вэ?

 

-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгааны үнийг тэглэлээ. Цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах гэр хорооллын өрхүүд оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл үнэ төлбөргүй ашиглах, цахилгаан эрчим хүчний өргүй байх, стандартын шаардлага хангасан баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байх зэрэг зохицуулалттай. 146 мянган хэрэглэгч хамрагдах боломжтой. Гэр хорооллын айл өрхүүд маань энэ боломжоо зөв, бүрэн ашиглаж чадвал маш сайн үр дүн гарна. Иргэдээс, айл өрхөөс хамаарах зүйл их л дээ. Жишээ нь, гэр хорооллын нийт хэрэглэгчийн маань 75хувь нь тарифт тоолууртай байна. Гэхдээ өнөөдөр ард иргэд  маань бүгд  цахилгаан халаагуур авах боломжтой биш. Тиймээс    цахилгааны тарифыг хөнгөлсөн нь нөгөө талдаа стандарт бус цахилгаан халаагуур хямд авах, борлуулах боломжуудыг нээчих вий, галын аюул дагуулах вий гэдэг болгоомжлол байна. 

 

-Цахилгааны хөнгөлөлтийг ашиглаж чадвал  агаарын бохирдлыг бууруулж чадна гэж та ярьсан. Хэрэгжилтийг хангах талаар хэрхэн ажиллаж байгаа вэ?

 

-БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ хамтран 9, 10-ний өдрүүдэд “Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэн”-г Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулах гэж   байна. Дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүдийг танилцуулах зорилготой энэ үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцоно.    Энэ үзэсгэлэнд төрөл бүрийн цахилгаан халаагуур, шалны халаалт, гэрийн дулаалга, сайжруулсан түлш болон шингэрүүлсэн хий, сэргээгдэх эрчим хүч, агаар цэвэршүүлэгч, бохирдол бууруулах төхөөрөмжүүдтэй танилцаж, нэг дороос сонголтоо хийх боломжтой.

 

-Тарифт тоолуур болон цахилгаан халаагуураа шууд бэлэн мөнгөөр авах боломжгүй учраас иргэд нүүрсээ л түлнэ дээ гэж цахимаар бичиж байна. Санхүүгээ шийдэх талаас нь анхаарч ажиллаж байна уу?

 

-БОАЖЯ-наас Монголын банкуудын холбоотой хамтран гэрийн цахилгаан халаагуур болон шөнийн тарифт тоолуурыг лизингээр авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр бэлэн мөнгөөр цахилгаан халаагуур болон шөнийн тарифт тоолуур худалдан авч чадахгүй байгаа айл өрхүүд хөнгөлөлттэй зээлээр шөнийн тарифын хөнгөлөлтдөө  хамрагдах боломжийг бүрдүүлж өгнө.

 

-Ер нь дэлхийн улс орнууд агаарын бохирдлоо хэрхэн шийдвэрлэж ирсэн бэ?

 

-1952 оны Лондон, Лос Анжелосын утааг авч үзъе. 1952 оны 12 дугаар сарын 5-нд Лондон хотод аймшигт хар өдөр тохиолдсон. Хүйтэн агаарын хуйлрал тогтсоноос утаа үүлэн доогуур хуйларч өтгөрсөн. Хот даяараа хөл хөдөлгөөн хааж гудамжинд яваа хүн өөрийнхөө хөлийг ч харахааргүй болсон. Энэ гамшигт өдрийн эцэст 12 мянган хүн амиа алдсан байдаг.  Англи улс Цэвэр агаарын хууль баталж, угаагаагүй нүүрс хэрэглэх, ил гал түлэхийг хуулиар хориглосноор 1952 онд агаарын бохирдлын PM10 тоосонцор хэмжээ 1200-1600 микрограм/м3  байсныг 1956 онд 27.1-69.2 микрограм/м3 болгож бууруулж чадсан. Иргэдийн халаалтын асуудлыг шийдвэрлэх зардлын 70 хувийг Засгийн газар нь даасан. Хяналтынхан дэлгүүрээр явж хууль бус нүүрс зарж байгаа эсэхэд хяналт тавьдаг байж. Бас торууль шийтгэл нь ч хатуу байсан. Хууль зөрчвөл 100 фаунтаар торгох, бүр хорих  хүртэл арга хэмжээ авдаг байж. Утаа гаргадаг аливаа төхөөрөмж суурилуулах нь хууль бус болсон гэсэн үг л дээ. Лондонгийн хар өдрөөс сургамж авч 1960 оноос дэлхийн бусад улс нүүрсний хэрэглээгээ хянаж эхэлсэн байдаг. Үүний үр дүнд ахуйн хүрээнд нүүрс шатаахыг эрс бууруулж чадсан.

 

Лос Анжелосын хувьд  утааны гол үүсгэвэр нь автомашин байсан. Машины стандартад шинэчлэл хийсэн. Машиндаа шүүлтүүр заавал суулгах шаардлага тавьсан. Байгаль орчны хамгаалалтын газар ямар ч шинэ машиныг шалгах эрхтэй. Хэрвээ үйлдвэрлэгч стандарт зөрчсөн бол уг машин үйлдвэрээс гарсан өдрөөс эхлэн өдөрт 25 мянган долларын торгууль тавьдаг. 1970 оноос Лос Анжелосын машин гурав дахин нэмэгдсэн ч агаарын бохирдол нь 75 хувь буурсан.

 

-Утаа маш их болсон үед гамшиг зарлаж болох уу?

 

-Хятадад өнгөрөгч оны сүүлээр 70 хотод агаарын бохирдол өндөр түвшинд хүрсэн учир үйлдвэрүүд, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Хятадад агаарын чанарын индексийн шар эсвэл улаан гэрэл асвал юу хийх вэ гэдгийг тодорхой заагаад өгчихсөн. Манай улсад Агаарын чанарын индекс ийм төвшинд очсон үед ингэж арга хэмжээ авна гэсэн онцгой байдлын стандарт одоогоор алга. Уг нь газар хөдлөх үед яах ёстой вэ гэдэг сургуулилтыг сайн хийдэг шигээ агаарын чанарын индекс хэд байхад ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэг зүйлийг мөрдүүлдэг болох хэрэгтэй байна. Жишээ нь, хоёр өдрийн өмнө  салхи тогтож, утаа үүлэн доогуур хуралдаж амьсгалах аргагүй боллоо. Ийм үед бүх хүн маскаа зүүдэг болох хэрэгтэй. Хорт утаа бидний биеийг  үл эзэгдэх сүнс мэт далдуур хордуулж байгааг бид хараад зүгээр сууж болохгүй. Тиймээс агаарын бохирдол ихэссэн үед шуурхай арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулж, утааны хэмжээг ангилан иргэддээ сэрэмжлүүлэг өгөх, утаа их ялгаруулдаг үйлдвэр, ААН-ыг зогсоох, хорт утаа ихээр ялгаруулж байгаа автомашины хөдөлгөөнийг хориглох зэрэг арга хэмжээ авах шаардлага тулгарах байх. Олон улсад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний жишиг нь ийм байна. 

 

Харин бүх үйл ажиллагааг зогсоогоод гэртээ суувал гэрээ ихээр галлаж нөгөө утаа чинь улам нэмэгдэнэ. Бээжингийн агаарын бохидлын гол үүсвэр нь үйлдвэрийн утаа, манайх бол гэрийн яндан, автомашины утаа шүү дээ.

 

-Ер нь төр засаг нь зоригтой шийдвэр гаргаж байж л утаанаас салсан байна шүү дээ. Түүхий нүүрсийг шууд хориглох боломж бий юу?

 

-Түүхий нүүрсээ юугаар орлуулах вэ гэдгээ тууштай шийдэж байж л хориглож чадна. Цаашдаа түүхий нүүрсний хэрэглээг аажмаар багасгаж бүр хэрэглээнээс гаргах л хэрэгтэй. Английн туршлагаас харахад нүүрсээ уурхайн аманд дээр нь угаадаг болсноор хот руу түүхий нүүрс оруулах, түүхий нүүрс хэрэглэхийг шууд хориглосон. Нүүрсийг угаахад тортог нь 80 хувь хүртэл буурдаг байна.

 

-Түүхий нүүрсээ угаана гэхээр бас л их зардал гарах байх даа?

 

-Зардал гаргахгүйгээр утааны асуудлаа бид шийдэж чадахгүй. Нүүрс олборлогчоос авч байгаа төлбөрийг нүүрс угаахад зарцуулах боломжтой. Түүхий нүүрсний хэрэглээг хориглочихвол хэрэглэгчид очих үнэ нэмэгдэх байх. Энэ зөрүүг нь төр засгаас шийдвэрлээд явах ёстой. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд зааснаар олборлосон нүүрсний нэг кг тутамд 1 төгрөг, импортлосон, үйлдвэрлэсэн органик уусгагчийн нэг кг тутамд 10 төг, автомашины ангиллаас хамаарч жилд 1800-9500 төгрөг татвар хурааж, жил бүр 30 орчим тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлж байна. Гэтэл 2017 оны улсын төсөвт гэхэд агаарын бохирдлыг бууруулахад 5 тэрбум төгрөг төсөвлөсөн.

 

-Гэр хорооллын яндангаас гадна автомашины асуудалд  та нэлээд анхаарлаа хандуулж байгаа. Ямар гарц шийдлүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

 

-Улаанбаатар хотод явж буй нийт тээврийн хэрэгслийн 60 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай  байгаа нь  агаарын бохирдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна.  Цаашид насжилт ихтэй автомашины татварыг нэмэгдүүлж  хэрэглээнээс хасах асуудлыг тавина.  Нийтийн тээврийн автобуснуудын дизель түлший хийн түлшээр солих шаардлагатай. Автомашины үзлэгийн  чанарыг сайжруулах, жолооч нарын үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх,  сайн чанарын шатахууны импорт, хэрэглээг дэмжих зэргээр автомашинаас ялгарч байгаа хорт утааг бууруулах боломжтой. Нийслэлийн замын түгжрэлд зогсож байхдаа автомашинууд илүү их хорт утаа ялгаруулдаг учраас жолооч нар эко жолоодлогын дадал хэвшилд суралцах шаардлагатай.

 

 -Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос ойрын үед авч хэрэгжүүлэх ажлууд юу байна?

 

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулах, холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж Агаарын бохирдлын эсрэг сан байгуулах, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх,  хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төслийг дэмжин ажиллах, тавдугаар цахилгаан станц барих ажлыг эрчимжүүлэх, нүүрс олборлогчийг газар дээр нь нүүрсээ угаах, боловсруулалт хийхэд нь дэмжлэг үзүүлэх гээд олон ажлыг хийхээр зорьж байна.   

 

Ер нь утаанаас салах, тав тухтай амьдрах  эцсийн шийдэл бол орон сууцжуулах  асуудал. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж, орон сууцжуулах хөтөлбөрийг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой. Хятадын 50 сая юанийн буцалтгүй тусламжийг энэ хөтөлбөрт зарцуулахаар шийдвэрлэсэн. 

 

- Та парламентад хамгийн олон жил суусан туршлагатай улстөрчдийн  нэг. Үндсэн  хуульд өөрчлөлт оруулах асуудлаар та ямар бодолтой байна вэ?

 

- Монгол төр хариуцлагатай, илүү цэгцтэй, зохион байгуулалттай байх ёстой. УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хуваарилалтыг илүү сонгодог зарчим руу нь оруулах, аймаг, сум, хороодын Засаг дарга нарыг сонгодог өнөөгийн тогтолцоог өөрчлөх, засаг захиргааны нэгжийн хуваарилалтыг шинэчлэх шаардлага бий болсон. Төрийн эрх мэдлийг хуваарилах асуудлыг Үндсэн хуулиар зохицуулдаг учраас өөрчлөлт ярихаас өөр гарцгүй.  Бид олон жил ярьж байна. Өнөөдөр бидэнд цаг үеэ мэдэрч, өнгөрснөөсөө сургамж авч  алдааг залруулж урагшаа гишгэх ухаан, хичээл зүтгэл, зүрх зориг, эрч хүч аль аль нь хэрэгтэй байна. 

 

-Өнгөрсөн 7 хоногт Засгийн газрын хуралдаанаар “Аялал жуулчлалын хөгжлийн төв” байгуулах Засгийн газрын тогтоол батлууллаа. Энэ төв ямар чиг үүргээр ажиллах вэ?

 

-УИХ-аас баталсан 2030 он хүртэлх Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд “Монгол Улс нүүдлийн соёл-аялал жуулчлалын төв болж хөгжинө” хэмээн тодорхойлсон. Аялал жуулчлалын салбар бол хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай, улс орны экспортыг нэмэгдүүлж, орон нутгийн иргэдэд ажлын байр олноор бий болгодог, соёл, түүх, байгалийн нөөцдөө түшиглэсэн, шавхагдашгүй нөөц бүхий салбар. Манай улс аялал жуулчлалын салбараа хөгжүүлснээр эдийн засгийг төрөлжүүлэх, гадаад валютын урсгал, экспортыг нэмэгдүүлэх замаар тогтвортой, ногоон хөгжлийг бүрдүүлэх боломж бүрдэнэ. Дэлхийн 97 улсын 60 нь буюу 62 хувь нь аялал жуулчлалын үндэсний байгууллагатай байна. Манай улсад аялал жуулчлалын хөгжлийн талаар баримталж байгаа бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн хагалтгүй байгаа нь тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллагын бүтэц байхгүйтэй шууд холбоотой. Иймээс “Аялал жуулчлалын хөгжлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах асуудлаа Засгийн газрын хуралдаанд оруулж батлууллаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэд аялал жуулчлалын салбарын бодлогын хэрэгжилтийг хангаж, яамны ажилд дэмжлэг үзүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, статистик мэдээ, мэдээллийг нэгтгэн боловсруулж, судалгаа, дүн шинжилгээ хийх, зорилтот зах зээлээ тодорхойлох, олон улсад гадаад сурталчилгаа хийх, жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах зэрэг чиглэлээр ажиллах юм.

 

-Визний хөнгөлөлтийн асуудал бас яригдсан?

 

-Гадаадын зочид, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар хоорондын болон салбарын яам хоорондын санамж бичиг, гэрээг үндэслэн аялал жуулчлалын компаниудаар зуучлуулан ирэх гадаадын бүлэг жуулчдад Монгол Улсад  зорчих визийн хөнгөлөлттэй нөхцөл олгох Засгийн газрын тогтоол батлагдсан. Мөн дамжин өнгөрөх гадаадын иргэнд дараагийн улсад зорчих виз, нислэгийн тийзийг үндэслэн Монгол Улсад 72 цагийн хугацаанд визгүй зорчих орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Цаашид Монголын үндэсний агаарын тээвэрлэгч компанийн шууд нислэгтэй чиглэлээс ирэх гадаадын жуулчдын нислэгийн үнэ тарифыг жил бүрийн аравдугаар сарын 1-нээс дараа оны тавдугаар сар хүртэл бууруулах, хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулахаар Засгийн газар ажиллаж байна. 

 

-Таныг өмнөх засгийн үед найман сар сайдаар ажиллахдаа аялал жуулчлалын салбарт нэлээд ахиц гаргасан гэж боддог. 

 

-Өмнөх Засгийн газарт энэ салбарынхаа сайдаар найман  сар ажилласан. Энэ  хугацаанд ХБНГУ-д болсон “Ай Ти Би-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс анх удаа түнш  орноор оролцож, дэлхийн 180 оронд Монгол улсаа амжилттай сурталчилсан. Засгийн газраар “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, хөтөлбөрийг  хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулсан. 60 жилийн түүхтэй аялал жуулчлалын салбар түүхэндээ анх удаа Үндэсний хөтөлбөртэй болсон. Торгоны замын дагуух аялал жуулчлалын нэгдсэн зах зээлд Монгол Улсын байр суурийг бодитой болгох асуудлыг тавьж,  Засгийн газрын 2015 оны долдугаар сарын хуралдаанаар “Торгоны зам” төслийн нэгж байгуулахаар шийдвэрлүүлсэн.  

 

Эх сурвалж: Үндэсний шуудан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.72.242.181)

    2017-01-10

    Энэ санал зөв шүү.аль болох боломжийг ашиглан иргэдийг цахилгаан халаагуур тавих талд эрчимтэй хийж чадвал хамгийн зөв алхам үүнийг л би аль эрт хэлээд байсан харамсалтай нь хожуу эхлэлээ дээ.Одоо тэр халаагуураа хамгийн боломжтой нөхцөлөөр иргэдэд өгч. аюулгүй байдлыг нь шалгах хянах ажлыг сайн хийх нь чухал даа.. Том том компианууд хүртэл. дүүрэг хороодыг хэсэглэн авч. иргэдэд дэмжлэгэ үзүүлж өгвөл. утаа маш амархан бага болно доо