Утааг бууруулах бус багахан хордох хэвшилд суралцаж эхэллээ

 

        Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас арван эрсдэлт хүчин зүйлд агаарын бохирдлыг зүй ёсоор оруулжээ. Үүний улмаас хүн амын дунд амьсгалын замын эмгэг ихэсч, хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс илүү өртдөгийг судлаачид мөн нотолсон байна. Эрүүл мэндийн өнгөрсөн оны орчны төлөв байдлын статистик мэдээгээр манай улсад зүрх судасны өвчлөл хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчний улмаас эндэж байгаа аж. Ихэнх эрдэмтэн, судлаач Улаанбаатарын агаар дахь тоос, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж энд амьдарч буй хүүхдүүд гуурсан хоолойн цочмог болон архаг үрэвсэл, уушгины үрэвслээр өвдөх нэг шалтгаан болж байгааг өдөр тутам сануулсаар байгаа юм.

 

СУРТАЛЧИЛГАА БАС ХЭРЭГТЭЙГ АНЗААРАВ

 

“Энгийн дадлаар эрүүл амьдаръя” уриатай самбар Сонгино хайрхан дүүргийг чиглэх тусам олноор тавигджээ. Автобусанд яваа хүмүүс самбар дээрх үгийг уншиж, зарим хүн амны хаалтаа цүнхнээсээ гарган зүүж байгаа харагдав. Хүүхдүүд ч аав, ээжээрээ амны хаалт авахуулах тухай яриа өрнөж байлаа. Тус дүүрэгт “Энгийн дадлаар эрүүл амьдаръя” төсөл хэрэгжиж эхлээд сар гаруй болж байгаа аж. Энэ хугацаанд иргэд утаанаас өөрийгөө хэрхэн хамгаалах талаар мэдээ, сурталчилгаа сонссон гэсэн үг юм. Юутай ч автобусанд зорчих богинохон хугацаанд гудамжинд байршуулсан самбарын сурталчилгаа хүмүүст нэгийг хэлж, хоёрыг сануулж байгааг олзуурхав. Дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Манай дүүрэг агаарын бохирдол ихтэйг судалгаагаар тогтоосон. Утаа юунаас болж нэмэгдэж байгаа талаар маргах нь гол ажил биш. Иргэдээ энгийн дадлаар өөрийгөө утаанаас хамгаалдаг болгох нь чухал байна. Цаашид “Энгийн дадлаар эрүүл амьдаръя” төслийн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн” гэв. Уг төслийнхөн болон дүүргийн удирдлагууд, JCI капитал байгууллагын залуус “Open word” олон улсын хэлний сургалтын төвд сурдаг 500 хүүхдэд амны хаалт өгч, “Увс хүнс” компанийн халуун чацарганаар дайлсан. Мөн JCI капитал байгууллагын залуус уг дүүрэгт байрлах 117 дугаар цэцэрлэгт дөрвөн агаар цэвэршүүлэгчийг хоёр долоо хоногийн өмнө тавьж, үр дүн гарч байгааг дуулгасан.

 

Д.ЭНХБААТАР: НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА БИЕЛҮҮЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА

 

        Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн JCI капитал салбар байгууллагын төслийн хорооны захирал Д.Энхбаатартай цөөн хором ярилцлаа.

 

-Танай компани уг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг болохыг сая мэдлээ. Хүүхдүүдэд амны хаалт, чацарганыг байгууллагынхаа мөнгөөр авч бэлэглэж байна гэж ойлгож болох уу?

 

-Манай компани энд реклам чимэглэл, аялал жуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 500 хүүхдэд амны хаалт өөрсдийн хөрөнгөөр авч бэлэглэж, нийгмийн хариуцлагаа биелүүлж байгаадаа баяртай байна. Харин “Увс хүнс” компанийн чацарганыг өөрийн мөнгөөр авч сурагчдад халуунаар өгч байгаа JCI капитал байгууллагын тэргүүн С.Батмөнхдөө талархаж буйгаа илэрхийлье.

 

-“Open word” хэлний сургалтын төвийг сонгосон нь ямар учиртай вэ?

 

-Дүүргийн бүх сургуулийн төлөөлөл болох хүүхдүүд энд суралцаж байна. Тэр дундаа суралцагч хүүхдүүд нийгмийн идэвх сайтай. Амны хаалт хэрэглэхийн ач тусын талаар сонссон хүүхэд эргээд гэр бүл, найз нөхдөдөө хэлж эергээр нөлөөлнө. Цаашид бид ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Тэр дундаа утааны эсрэг тэмцэж байгаа ажлаа эрчимжүүлнэ.

 

-Утаанаас хамгаалах энгийн арга амны хаалт зүүхээс өөр юу байна вэ?

 

-Эрүүл агаарт алхах, анги танхимаа агааржуулж, чийгшүүлэх гээд олон арга бий. Гол нь энэ утааг арилтал яаж өөрсдийгөө хамгаалах вэ гэдэг асуудал өнөөдөр хэн бүхэнд тулгамдаж байна. Тиймээс амны хаалт зүүх, жимсний шүүс ууж дархлаагаа сайн байлгах зэрэг зүйлийг хэлж өгөх нь нэн чухал юм.

 

КОМПАНИУД УТААТАЙ ТЭМЦЭХЭД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛААСАЙ

 

Сургуулийн хүүхдүүдийн улирлын ээлжийн амралт эхэлсэн болоод ч тэр үү энэ чиглэлийн замын түгжрээ, зам талбайн хүмүүсийн хөл хөдөлгөөн өмнөхөө бодвол харьцангуй гайгүй байлаа. Үдэд очсон болохоор утаа униар ч бага байв. Сургуульд өрнөсөн ажлыг сурвалжлаад гарахдаа энэ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг компаниуд утаатай хамтран тэмцээсэй гэж бодогдов. Өөрөөр хэлбэл, хотын энэ том дүүрэг өнөөдөр 307 мянган хүн амтай. Орон нутгаас шилжин ирэгсэд тус дүүргийг сонгон суурьших нь элбэг байдаг аж. 1206 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Сонгинохайрхан дүүрэгт нийслэлийн эдийн засгийн салбарт томоохон байр суурийг эзэлсэн, Монголдоо нэр хүндтэй компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Тэдэнд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж “Энгийн дадлаар эрүүл амьдаръя” төсөлд нэгдэн утаатай тэмцээсэй гэж хүсэх гэсэн юм. Тодруулбал, “Мах импекс”, “Сүү”, “Алтан тариа”, “Талх чихэр”, “Тэсо”, “Жэм интернэйшнл”, “Мах маркет”, “Сүлжээ”, “Ган хийц”, “Буян”, “Сонсголон”, “Сутайн буянт” компаниуд байршиж үйл ажиллагаагаа эрхэлдэг аж. Түүгээр ч зогсохгүй мэдээллийн хэрэгслээр тус компаниудын үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний сурталчилгаа давалгайлдаг болохыг хэн хүнгүй мэднэ. Энэ давалгааг нийгмийн хариуцлагаа өндөржүүлж утаатай тэмцэхэд үргэлжлүүлбэл олон хүний эрүүл мэндэд өгөөжөө өгөх нь лавтай. Утаатай тэмцэхэд сайжруулсан зуух, гэрийн дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй сууц, шөнийн цахилгааны тэглэлт зэрэг олон ажил өрнөсөн учир одоо нэр хүндтэй компаниудын сэтгэл, зүтгэл шингэсэн ажил дутаад байна уу гэж бодогдсон юм. Ингээд тус дүүргийн зарим иргэний сэтгэгдлийг сонслоо.

 

ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН СААРВАЛ УТАА БАГАСНА

 

З.Оюунцэцэг Сонгино хайрхан дүүргийн X хорооны иргэн: -Манайх нам даралтын зуухаар халдаг байшинд амьдардаг. 1998 оноос энэ нутаг дэвсгэрт суурьшсан. Утаа сүүлийн гурван жилд эрс нэмэгдсэнийг би хотын төвлөрөлтэй холбодог. Нэг ёсондоо хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн саарвал утаа багасна. Тиймээс орон нутгийн дэд бүтцийг сайжруулах талаар их зүйл хийгээсэй. Манай дүүрэгт “Энгийн дадлаар эрүүл амьдаръя” төсөл хэрэгжиж утаанаас өөрийгөө хамгаалах талаарх сурталчилгаа сайн явж байна. Утаанаас энгийн аргаар өөрийгөө хэрхэн хамгаалдаг талаар өөрөөсөө асууж үзсэн. Гэвч би өөрийгөө огт хамгаалдаггүй юм билээ. Харин өнөөдөр эмийн сангаас амны хаалт авъя гэсэн бодол төрсөн.

 

ЦАХИЛГААНЫ ШӨНИЙН ТАРИФЫГ ТЭГЛЭСЭНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙГАА

 

Ж.Мядагмаа Сонгино хайрхан дүүргийн VII хорооны иргэн: -Манайх Баянхошуунд амьдардаг. Зуух, түлш гээд юуг хэрэглэвэл утаа бага гарах вэ гэж бараг айл бүхэн бодож, санаа зовж байгаа байх. Таван ханатай, дулаалгатай гэрт амьдардаг хүмүүс түлш бага хэрэглэдэг. Байшинд амьдардаг хүмүүсийн түлшний хэрэглээ бол их. Харин шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнд сэтгэл хангалуун байгаа. Учир нь, шөнөжингөө нүүрс түлдэг айл өрх цахилгааны хөнгөлөлтийг эдлэх бүрэн боломжтой. Үүний үр дүнд утаа багасна. Гол нь цахилгаан халаагуурын талаарх мэдээлэл иргэд бидэнд дутмаг байна. Сардаа манай гэр бүл түлшиндээ 100 гаруй мянган төгрөг зарцуулдаг. Гэр хорооллын айл өрхийн шөнийн төлбөрийг тэглэсэн учир энэ мөнгө багасах нь ойлгомжтой. Ер нь улс дэмжээд байхад айл өрх бид эрвийж, дэрвийхээрээ оролцож, хүний эрүүл мэндэд занал хийгээд байгаа хорт утаанаас хурдхан салахсан.

 

УТААТАЙ ТЭМЦЭХ ШИЛДЭГ ТӨХӨӨРӨМЖ БҮТЭЭНЭ

 

М.Амаржаргал: 62 дугаар сургуулийн 8б ангийн сурагч: -Сурагч бид утаанаас өөрийгөө хэрхэн хамгаалах талаар байнга ярилцдаг. Ямар сайндаа утаанаас зугтаж, эрүүл агаарт үе үе гардаг уламжлал тогтсон. Гэвч үргэлж агаарт явах боломж бидэнд хомс шүү дээ. Тэгэхээр амны хаалт зүүж хэвшвэл утаа бага ч гэсэн шүүгдэнэ гэдгийг ойлгосон. Тиймээс гэр бүлийнхэн маань бүгдээрээ амны хаалт зүүж хэвшихээр шийдсэн. Сургуулиа төгсөөд утаатай тэмцэх шилдэг төхөөрөмж бүтээе гэж бодож байгаа. Үүний тулд эхлээд гадаад хэл сайн эзэмших хэрэгтэй. Энэ зорилгоо “Open word” хэлний сургалтын төвөөс эхлүүлээд байна.

 

Б.Даариймаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)