Дотоод орчны агаарын бохирдол нь уушигны хавдар үүсэхэд нөлөөлдөг

Дотоод орчны агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэрт гадаад орчны агаарын бохирдол, гэрт гал түлэх, эрүүл ахуй, ариун цэврийн хангалтгүй байдал, тамхины утаа, барилгын материал болон тавилга, тамхины утаа, агааржуулалт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Эдгээр дотоод орчны агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдээс бий болсон нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, тоосонцор, дэгдэмхий органик нэгдлүүд зэрэг бохирдуулагч бодисууд нь арьс, амьсгалын замаар хүний биенд нэвтэрч уушигны хатгалгаа, бага жинтэй төрөлт, уушигны хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болдог.

Амьсгалаар ордог тоосонцор: Тоосонцрын диаметр 10 микроноос бага хэмжээтэйг амьсгалааар ордог тоосонцор гэдэг бөгөөд эдгээр нь харилцан адилгүй эрүүл мэндийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг. PM2,5болон PM10нь амьсгалаар ордог тоосонцрууд бөгөөд тэдгээрийн диаметр нь хэт бага учраас амьсгалын дээд замаар нэвтрэн орч, уушигны цулцанд хүрч удаан хугацаагаар байдаг. Түүнчлэн нарийн ширхэглэгт тоосонцрууд нь олон төрлийн химийн элемент агуулдаг учраас төрөл бүрийн хавдар үүсгэх магадлалтай.

Нүүрстөрөгчийн дутуу исэл: Түлшин дэх нүүрстөрөгч бүрэн шатаагүй үед үүсдэг. Нүүрстөрөгчийн дутуу исэл уушгиар дамжиж, цусны урсгалд орж, эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг гемоглобинтой нэгдэн “Карбоксигемоглобин” гэдэг нэгдэл үүсгэдэг. Иймээс хүний бие махбоди, эдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг. Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй хүмүүс, нярай хүүхдүүд нүүрстөрөгчийн дутуу исэлд илүү өртөмтгий байдаг. 2014 онд хийсэн судалгааны үр дүнгээр нүүрсний дутуу шаталтаас үүсч байгаа бохирдуулагчид нь дутуу төрөлттэй хамааралтай байгааг тогтоожээ.

Тамхины утаа: Тамхины утаа нь дотоод агаарын бохирдлын нэг гол хүчин зүйл юм. Агааржуулалт, агаарыг шүүх зэрэг нь дангаараа буюу хосолсон ч дотоод орчин дах тамхины утаанд өртөх өртөлтийг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл бууруулах боломжгүй. Нийслэлийн дотоод орчны агаарын бохирдлын агууламжийн хэмжээ нь халаалтын төхөөрөмж, тамхидалт зэргээс голчлон хамаардаг байна. Сүүлийн үед хийгдсэн судалгаагаар 2 өрх тутмын 1-д тамхи татдаг хүн амьдардаг гэсэн дүгнэлт гарсан байна. Дотоод орчны агаарын бохирдлын хэмжээ нь өвлийн улиралд тамхи татдаггүй орчинд бага байна. Иймээс гэртээ галладаг, тамхи татдаг тохиолдолд эрүүл мэндэд учрах сөрөг төдий их байна гэсэн үг юм. Тамхины утаа нь бүх насны хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ба тухайлбал эцэг эх нь тамхи татдаг хүүхэд хатгалгаа, гуурсан хоолойн багтраа, ханиалга, амьсгаадах, амьсгал давчдах буюу багтраа, дунд чихний үрэвсэл болон насанд хүрсэн хойноо зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл илүү байдаг.

Барилгын материал болон бусад эд зүйлсээс ялгарах химийн бодисууд: Тохилог сууц ялангуяа орон сууцны агаарын бохирдлын гол эх үүсвэрт орчин үеийн барилгын материал, дотоод засал чимэглэл, тавилга болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд ордог. Олон төрлийн барилгын материал, дотоод засал чимэглэлд ашиглаж буй материал болон бусад эд зүйлсээс барилгын дотоод орчинд ялгарч агаарыг бохирдуулдаг олон хортой дэгдэмхий органик нэгдлүүд байдаг. Ацетон, метил,бензол, толуол, үнэрт нүүрстөрөчид, альдегид, кетон зэрэг нэгдлүүд үүсдэг ба эдгээр нь хурц нөлөөлөл буюу нүд загатнах, амьсгалын замын эмгэг, толгой өвдөх, ханиалгах зэрэг шинж тэмдгүүд үүсгэдэг бол архаг нөлөөлөл буюу элэг, бөөр, цусны эргэлтийн болон төв мэдрэлийн тогтолцоог гэмтээх сөрөг нөлөөлөл үзүүлдэг байна.

Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)