Томуу, томуу төст өвчний дэгпэлт 13­-15 хувьд хүрсэн үед хориг тогтоодог

 

        Нийслэлд томуу, томуу төст өвчний тархалт оргил үедээ хүрч, сурагчдын амралтын хугацааг уртасгах, хязгаарлах арга хэмжээ авахад хүрсэн тул Эрүүл мэндийн яамнаас нийслэлийн Засаг даргад албан тоот хүргүүлжээ. Энэ талаар тус яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаас тодрууллаа.

 

-Ханиад томууны тархалтаас үүдэн сурагчдын амралтын хугацааг уртасгах зөвлөмж гаргасан талаар тодруулна уу?

 

-Ерөнхий боловсролын сургуулиудын амралт эхэлсэн ч нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаагаас эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 79.3 хувиар хэтрээд байна. Мөн амбулаторийн үзлэгийн 13­17, хүүхдийн түргэн тусламжийн 56 хувийг томуу, томуу төст өвчтөнүүд эзэлж байна. Амбулаторийн үзлэгээр 6812 хүн томуу, томуу төст өвчний оноштойгоос 82.3 хувь нь 0­9 насны хүүхэд байна. Тиймээс Эрүүл мэндийн сайдын 358 дугаар тушаалын дагуу уг өвчлөл амбулаторийн үзлэгийн 15 хувь буюу түүнээс давсан тохиолдолд ерөнхий боловсролын болон цэцэрлэг, үзвэр, үйлчилгээний газрын ажиллах цагийн хуваарийг богиносгох, олон нийтийг хамарсан ажлыг хязгаарлах зэргийг үе шаттай хэрэгжүүлэхийг зөвлөсөн. Энэ талаар холбогдох яамд, байгууллагууд хэлэлцэж, асуудлыг шийдэх байх гэж бодож байна. Мөн Эрүүл мэндийн яамны зүгээс хамгийн түрүүнд хөрөнгө санхүү, хүний нөөцийн асуудалд анхаарч сайдын тушаалаар их сургуулийн төгсөх курсын оюутнуудыг ачаалалтай эмнэлгүүддээ ажиллуулж байна. Нийт 400 эмч, 150 гаруй сувилагчийг дүүргүүдийн болон өрхийн эмнэлгүүдэд хуваарилж, томилсон. Мөн ирэх долоо хоногт ханиадны эсрэг вакцин захиалж оруулж ирэхээр ажиллаж байна.

 

-Хамгийн их ачаалалтай дүүргүүдэд ямар арга хэмжээ авч байна вэ?

 

-Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчлөл Чингэлтэй дүүрэгт 17.2, Сонгинохайрханд 16.8, Багануур дүүрэгт 13.3 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт байна. Ер нь бол 13­ 15 хувьд хүрсэн үед хязгаарлах, хориг тогтоох нөхцөл бүрддэг. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн амбулаторид нэг давхарт нэмж 50 ортой хүүхдийн тасаг байгуулсан. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс Сонгинохайрхан, Хан­Уул дүүргийн эмнэлгүүдэд 16 сая төгрөгийн тоног төхөөрөмж олгосон. Мөн цэргийн нэгдсэн госпитальд 50 ортой хүүхдийн тасаг нэмж байгуулан Баянзүрх дүүргийн зарим хорооны хүүхдэд үйлчлүүлэхээр шийдвэрлэсэн. Улсын хоёрдугаар төв эмнэлэгт 30 хүүхдийн ор нэмэлтээр дэлгэсэн бөгөөд үүнд, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хүүхдийг тус тус эмчлэхээр болсон.

 

-Ханиад томуу ихэсч байгаа нь утаанаас үүдэлтэй гэж сүүлийн үед ярих болсон. Мөн антибиотект дарагдахгүй байна гэх юм?

 

-Утааны улмаас харшлын гаралтай ханиад, томуу, уушгины хатгалгаанд нөлөөлж байна. Мөн антибиотект дарагдахгүй төрөл бүрийн вирусийн гаралтай ханиад элбэг байгаа учир эрүүл мэндийн газраас эмч, мэргэжилтнүүдэд зөвлөмж өгч байна. Мөн иргэд дур мэдэн эмийн сангаас антибиотек худалдан авахгүй байх, эмчийн заавар зөвлөмжийн дагуу эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна. Ханиад томууны дэгдэлт энэ оны хоёрдугаар сарын 20­ныг хүртэл үргэлжлэх магадлалтай байна.

 

Т.Дуламжав

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)