Диана гүнжийн захидлыг худалдав

 

        Уэльсийн гүнж Дианагийн гар бичмэлийн цуглуулгад байсан отгон ханхүү Харрийн тухай бичсэн захидлыг Кэмбрижийн “Cheffins”-ийн дуудлага худалдаагаар борлуулсан байна. Ханхүү Харриг төрснөөс тав хоногийн дараа буюу 1984 оны есдүгээр сарын 20-нд дээрх захидлыг бичжээ. Дуудлага худалдааны үеэр гүнжийн захидлын хэсгээс уншсан аж. Захидалд “Уилльям хүү минь дүүгээ үнэхээр их хайрлаж байна. Түүнээс алхам ч холдохгүй тэврээд, үнсээд л үргэлж Харригийн хажууд байх юм. Эцэг эх нь болсон нөхөр бид хоёрыг ч ойртуулахгүй бололтой. Энэ бяцхан хүн биднийг өөртөө ингэж автуулах гэж. Яг одоо мянга мянган цэцгийн баглааг энгэртээ тэвэрсэн мэт л санагдаж байна” гэж бичсэн байжээ. Дуудлага худалдааны ажилтны хэлж буйгаар уг захидлыг 400-600 фунт стерлинг хүрнэ гэж тооцоолж байсан ч 3950 ам.доллараар борлуулсан байна. Түүнчлэн гүнжийн 1992 оны аравдугаар сард бичсэн захидлыг мөн 2400 фунтээр худалдсан аж. Уг дуудлага худалдаагаар Букингемийн ордны ахлах нярав Сирил Дикманы хувийн цуглуулгад 50 гаруй жилийн турш хадгалж буй ханхүү Чарльз, гүнж Маргаретт, хатан хаан Элизабет, хунтайж Филипп нарын гэрэл зураг, дурсамж тэмдэглэлийг борлуулжээ.

 

А.Даваа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)