Агаарын бохирдлыг бууруулах үзэсгэлэн иргэдийг ААН-үүдтэй холбож өглөө

 

        БОАЖЯ, НЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэн  Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Засгийн газраас гаргасан шөнийн цахилгааны тарифыг тэглэх шийдвэрийг таатай хүлээж авсан иргэдийн дунд хямд хэрнээ чанартай, эрчим хүний зарцуулалт бага халаагуурыг хаана, ямар байгууллага зарж байгааг сонирхож эхэлсэн.  

 

“Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэнгийн үр дүнгийн талаар БОАЖЯ-ны Цэвэр технологи хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Уранчимэг ийн ярилаа.

 

Шөнийн цахилгааны тарифийг тэглэсэнтэй холбоотойгоор эрчим хүчний зарцуулалт багатай ямар халаагуур хаанаас авах вэ гэсэн мэдээлэл иргэдийн дунд дутмаг байсан. Үзэсгэлэнг зохион байгуулсны үр дүнд иргэдийг  аж ахуйн нэгжүүдтэй холбож өглөө. Иргэд хаанаас, ямар бүтээгдэхүүн авах сонголтоо хийсэн байх гэж бодож байна. Үзэсгэлэнгийн гол зорилго нь зөв бүтээгдэхүүнээ худалдан авахыг иргэдэд сурталчлах, хамгийн гол нь  аюулгүй байдлаа сайн хангах хэрэгтэй  гэдгийг ойлгуулах байлаа. Үзэсгэлэнд оролцож бүтээгдэхүүнээ танилцуулсан  цахилгаан зуухны 8,  төрөл бүрийн цахилгаан халаагуур 20,  шалны халаалт 10, байшин гэрийн дулаалга 8,   сайжруулсан түлшний 5  аж ахуйн нэгж байгууллагууд иргэдэд аюулгүй ажиллагаа, хэрэглээний  зааварчилгааг өгсөн. Иргэдийн дунд ийм танилцуулга мэдээлэл хүлээлттэй  байсан нь хоёр өдрийн турш үзэсгэлэнг үзэж сонирхсон иргэдийн хөл хөдөлгөөнөөс ажиглагдлаа.  БОАЖЯ-наас “Ногоон зээлийн санг” бий болгох ажлыг төлөвлөн ажиллаж байна. Мөн  аж ахуйн нэгж, иргэд, банкуудыг холбосон шат дараалсан арга хэмжээг зохион байгуулна. БОАЖЯ-ны Цэвэр технологи хөрөнгө оруулалтын хэлтсийн хариуцан ажиллаж байгаа Цэвэр технологийн мэдээллийн дэд санд бүх байгууллагын мэдээллийг үнийн санал, техникийн үзүүлэлттэй нь оруулна. Энэхүү мэдээллийн сангаас  хаанаас ямар худалдан авалт хийх вэ гэдгээ сонгох боломжтой юм. Цаашид ганцхан үзэсгэлэн зохион байгуулаад өнгөрөхгүй. Иргэдийн өмнө сонголт, шийдэл нээлттэй. 

 

 

              Уран зураг агаарын бохирдлыг бууруулна 

 

Уран зураг ч бас агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна гэвэл та итгэх үү. Хальт харахад ханын уран зураг шиг боловч хамгийн хямд орчин үеийн  эко халаалтын төгс шийдэл хэмээн  “Дэлгэр онон партнерс” ХХК  компанийн захирал Н.Дэлгэрцогт бүтээгдэхүүнээ онцолсон. Өөрөөр хэлбэл, нутаг усныхаа зургийг гэрийнхээ хойморьт тавиад дулаан орчин, тансаг хэрэглээг бий  болгох боломжтой болжээ.  Энэхүү эко халаагуур нь хэмжээнээсээ шалтгаалаад 100-870 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Хүрмэн чулуугаар хийсэн учир эдэлгээ сайн, халаах цагаа өөрөө тохируулдаг гээд уг бүтээгдэхүүний давуу тал их юм. Мөн ХААН, Хас банкны линзингээр авах боломжтой.
 

 

 

                   Зуухыг халдаг баганаар орлуулах шийдэл 

 

Таван ханатай гэрийг бүрэн халаах чадалтай халдаг гэрийн багана, ширээ иргэдийн сонирхлыг ихээхэн татаж байв. Үндэсний 13 компани нь нэгдэн  “Эрүүл орчин, зөв ахуй” ТББ-ыг байгуулан халдаг багана, ширээг үйлдвэрлэжээ. Энэхүү төхөөрөмжийг гэртээ суурилуулсан айл нүүрс хэрэглэснээс хоёр дахин бага зардлаар дулааны асуудлаа шийдэх боломжтой  юм. 

 

 

Самрын ясаар хийсэн    түлш иргэдийн сонирхлыг ихээхэн татав 

 

Иргэдийн хамгийн их сонирхол татсан зүйл нь   самрын ясаар хийсэн түлш байлаа. Утаа гаргахгүй илч сайтай гээд  давуу тал олонтой. 35 кг нь ердөө 7000 төгрөгийн үнэтэй юм. Эл түлшиндээ модны үртэс хийж, тусгай технологийн дагуу өндөр хэмд, өндөр даралтаар шахаж гаргадаг байна. Мөн бүрэн шаталтын дараа нүүрснээс 10-15 дахин бага үнс үлддэг ажээ.  

 

 

 

Хар нүүрсийг “Ногоон нүүрс” болгожээ 

 

“УСУ КОАЛ” ХХК  хар нүүрсийг “Ногоон нүүрс” болгох төсөл хэрэгжүүлээд эхэлжээ. Түүхий нүүрсний хэрэглээ багассанаар агаарын бохирдол арилна.   Иймээс шинэ технологи бүхий шахмал түлшийг иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэх шаардлагатай юм. Тус компани бүтээгдэхүүнээ “Алагтолгойн” дээд зэрэглэлийн нүүрсээр хийдэг ажээ. Шаталтын явцат 5200-5500 ккал/кг дулаан ялгаруулдаг бөгөөд түүхий нүүрстэй харьцуулахад шаталтын хугацаа 1,8 дахин удаан байдаг аж. “Ногоон нүүрс” –ийг хэрэглэснээр Багануурын нүүрс худалдаж авдаг байсан мөнгөнөөсөө жилд 140 мянган төгрөг, Налайхын нүүрс худалдаж авдаг мөнгөнөөсөө жилд 540 мянган төгрөгийг хэмнэх боломжтой хэмээн тус компанийн менежер Б.Энхбаяр бүтээгдэхүүнээ танилцуулсан.                                                                                                                                                                                                                                    

 

                                                                                                                                                        
                  Усан халаагуур  олон төрлөөрөө байна    

 

  Усан халаагуур   халаалтын хүчин чадал,  овор хэмжээнээсээ хамааран харилцан адилгүй үнэтэй байна. Гол нь өөрт таалагдсан, гэртээ тохирохыг нь сонгох чухал юм. Усан халаагуурын давуу  тал өрхийн эдийн засагт хэмнэлттэй, цэвэр орчинг бүрдүүлдэг гээд тоочвол их. “Гэрэлтэх нарны туяа” ХХК-ийн захирал Ч.Баттулга “Шөнийн цахилгааныг тэглэсэн энэ үед усан халаагуур хэрэглэх нь хамгийн зөв шийдэл. Төрөөс  олгож байгаа боломжийг иргэд ашиглах ёстой. Нүүрсээ түлсээр байгаа цагт утаагаа бид ярьсаар л байх болно” хэмээсэн юм. Таван ханатай гэрийн халаагуур 480 мянган төгрөг, амины орон сууцных 380, түргэн үйлчилгээний цэгт тавих зориулалттай халаагуур 180 мянган төгрөгөөр худалдаалж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)