Mobile хувилбар

П.Сайнзориг: Эрүүгийн тухай хуулийн 40 орчим хувьд нь ямар нэгэн өөрчлөлт оруулсан

2017 оны 1 сарын 11

 

        ХЗДХЯ-наас боловсруулж, өргөн мэдүүлсэн хуулийн төслөө олон нийтэд танилцуулах зорилгоор “Хууль төрөхийн өмнө” сэдэвт хэлэлцүүлгийг ХЗҮХ-тэй хамтран тогтмол зохион байгуулдаг болсон. Энэ удаагийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа. Хэлэлцүүлэгт ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, Дэд сайд Б.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, ХЗДХЯ-ны холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд, Улсын Дээд шүүх, ШЕЗ, ШШГЕГ, Авлигатай тэмцэх газар, ТЕГ, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбоо, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцов. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригтой ярилцлаа.

 

-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулах ямар шаардлага үүссэн бэ?

 

-Энэхүү хоёр хуулийн талаар иргэд, эрдэмтэн судлаачдаас нэлээд санал шүүмжлэл ирүүлсний дагуу хуулийг судалж үзэхэд түүнийг нэг мөр ойлголж, практикт зөв хэрэглэхэд хүндрэл үүсгэх, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших, түүний эрх зүйн байдлыг дордуулсан, утга найруулгын алдаатай зохицуулалт байсан. Тиймээс 2015 оны арванхоёрдугаар сарын 3, 4-нд УИХ-аас баталсан, энэ оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэн юм. Эрүүгийн хуулийн 40 орчим хувьд ямар нэгэн хэмжээгээр тодорхой өөрчлөлт оруулсан.

 

-Тухайн хоёр хуулийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх байсан боловч тодорхой хугацаагаар хойшлуулсан. Үүнд зарим хүн нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан?

 

-Эдгээр хуулийн хэрэгжүүлэх хугацааг хойшлуулсан нь тодорхой үндэслэлтэй. Тодруулбал, Процессын тухай хуулийг ёсчлон батлаагүй байсан. Мөн хуультай холбоотой дүрэм журмыг гаргаагүй, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулаагүй байсан. Хуулийг батлах нэг асуудал бол хэрэгжүүлэх гэж байгаа байгууллага түүнийхээ талаар мэдээлэлтэй байх нь бас чухал. Учир нь, тухайн хуулийн цэг, таслал бүр хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой тул нэг мөр хэрэгжүүлэх үүднээс тодорхой хугацаанд хойшлуулахаар болсон.

 

-Эрүүгийн хуулийг хүний эрхийг хангахад дэвшилттэй, шоронжуулах, шоронд гэмт хэрэгтэн бэлтгэхээс зайлсхийсэн гэж тухайн үед ярьж байсан. Одоогийн үйлчилж байгаа хуулиас илүү дэвшилттэй байж чадсан уу?

 

-Бодит байдалд эсрэгээрээ байгаа юм. Жишээлбэл, 2002 онд баталсан одоогийн үйлчилж байгаа Эрүүгийн хуулиар бүх гэмт хэрэгт хорих ял ногдуулдаггүй. Үнэн хэрэгтээ нийт гэмт хэргийн гуравны нэг нь огт хорих ялгүй тийм хууль одоо үйлчилдэг. Гэтэл түүнийг сайжруулж байгаа гэж яриад баталсан 2015 оны Эрүүгийн хуулиар бүх гэмт хэрэгт хорих ял шийтгэхээр болчихсон байсан. Тодруулбал, 440 заалтын гэмт хэрэг 100 хувь хорих ялтай байсан. Үүнээс үзэхэд харин ч эсрэгээрээ шоронжуулах бодлоготой хууль шинээр баталчихсан юм билээ. Үүнийг хүний эрхийн талд дэвшил гаргасан гэж хэлэхэд үнэхээр хэцүү.

 

-Дээрх асуудлыг нэмэлт өөрчлөлтөөр хэрхэн зохицуулсан бэ. Хорих ялын доод болон дээд хугацаа хэдэн жил байх вэ?

 

-Заавал хорихыг урьтал болгохгүй байх зарчмыг барьсан. Нөгөөтэйгүүр хорих ял ногдуулах тодорхой хугацааг багасгалаа. Ингэснээр хариуцлагыг хөнгөрүүлж байгаа юм биш. Хүний амь нас хохироосон гэх зэрэг хэргүүдэд хорих ялын хугацаа тодорхой төвшинд бий. Баталсан хуулиар хорих ялын хугацаа долоо хоногоос 15 жил байсан. Үүнийг нэмэлт өөрчлөлтөөр зургаан сараас 15 жил болгосон. Зарим хөнгөн гэмт хэрэгт хорих ял ногдуулахгүй байхаар тусгасан. Тухайлбал, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах зэргээр орлуулж, үр нөлөөг дээшлүүлж хэрэгжүүлэх нь зохистой гэдэг үүднээс энэ мэт байдлаар тодорхой өөрчлөлтийг оруулсан. 2015 оны Эрүүгийн шинэ хуульд нийтэд тустай ажил хийлгэх ялыг 440 заалтаас зөвхөн хоёрхон заалтад хэрэглэхээр тусгасан байсныг өргөтгөн хэрэглэхээр болж байгаа.

 

-Үүнээс гадна өөрчлөлт оруулсан онцлох ямар заалт байна вэ?

 

-Улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц зарим гэмт хэргийн шинжийг өөрчилж, ялын бодлогыг чангатгаж байгаа. Эдийн засгийн, авлигын, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт ногдуулах ялын бодлого хэт сул, зарим томьёолол нь гэмт хэрэгтэнд ял завшуулах боломж үүсгэсэн байсныг чангалж, гэмт хэрэгтэнд ял завшуулах нөхцөлийг бүрдүүлэхгүй байхад анхаарч ажилласан. Тиймээс авлига, албан тушаалын гэмт хэргийн бүлгийг бүхэлд нь шинэчилж ялын бодлогыг чангаруулахаар нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгасан. 2015 оны хуульд “Захиргааны хэм хэмжээний акт, гэрээ, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байсан. Иргэний асуудал нь тэр иргэний хуулиараа л явах ёстой. Зах зээл дээр үнэ унаад ногдол ашиг нь буурангуут нэг хувьцаа эзэмшигч нь нөгөөгөө анх ярьсан хэлсэн ашгаа өгсөнгүй, бага мөнгө өглөө гээд эрүүгийн хэрэг үүсгүүлээд шийтгээд байвал юу болох вэ. Нөгөө талаар Эрүүгийн хуулийн нэг том суурь зарчим бол зөвхөн тухайн хуульд заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуульд заасан ял шийтгэнэ гэх зарчим. Энэ нийтлэг онол, зарчимтайгаа нийцэхгүй байсан.

 

-Зөрчлийн тухай хуулийг мөн ямар үндэслэлээр шинэчлэн найруулсан бэ. Хэрхэн өөрчлөлт оруулав?

 

-Энэ хуульд ч мөн ялгаагүй тодорхой шийдэх асуудал урган гарч байгаа учир шинэчилсэн найруулга хийсэн. Тодруулбал, Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэргийн шинжтэй давхардуулсан, зарим төрлийн зөрчлийг тусгаагүй орхигдуулсан, мөн хуулийн ерөнхий анги нь хамарвал зохих, үүсч болзошгүй бүхий л харилцааг хамарч чадаагүй зэрэг нь хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэхээр байгаа учраас хуулийн гол үзэл баримтлалыг хөндөлгүйгээр хуулийг нэг мөр ойлгох, хууль ёсны зарчимд илүү нийцүүлэх, практикт хэрэгжихүйц байх нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилгоор боловсруулахад хуулийн нийт заалтын 50-иас дээш хувь нь хөндөгдсөн учраас шинэчилсэн найруулгын төсөл хэлбэрээр боловсруулсан. Тухайлбал, харьяалал тогтоохоос эхлээд асуудал үүссэн. Багцлаад, бүлэг бүлгээр нь хуульчилсан байсан асуудлын заримыг нь цагдаагийн байгууллага, нөгөө хэсгийг нь улсын байцаагч шалгах ёстой болж таардаг. Ингэснээр тухайн зөрчлийн харьяаллыг хэн хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт маргаан үүсэх жишээтэй. 230 гаруй хуулийг багцлаад зөрчлийн стандартыг бий болгоно гэсэн боловч үүний эсрэг зохицуулалт орсон байгаа юм.

 

-Ямар нэгэн зөрчил гаргасан тохиолдолд торгох шийтгэлийн мөнгөн дүнг бууруулсан гэж байсан. Энэ талаар тодруулна уу?

 

-Зөрчлийн хуульд торгох шийтгэлийн нэгж гэж бий. Үүний хэмжээ 2000 төгрөг байсныг 1000 төгрөг болгож бууруулсан. Нийтлэг байдлаар гаргадаг зөрчлүүдийг эргэж авч үзсэн. Жишээлбэл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуультай холбоотойгоор тодорхой зөрчлүүдийн торгуулийн хэмжээ хэт өндөр байсныг хэрэгжихүйцээр тэнцвэртэй болгосон.

 

-Хэдий нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулсан ч тухайн хуулийг энэ оны долоодугаар сараас хэрэгжүүлж эхэлнэ биз дээ. Хэрэгжүүлэх хугацааг нь дахин хойшлуулахвий гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна?

 

-Ер нь бол тийм төлөвлөгөөтэйгөөр Хууль зүй, дотоод хэргийн яам ажиллаж байна. Эрүүгийн хуулийн нэмэлт, Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан. Үүнтэй холбогдох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулснаар тухайн хуулиудыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм. Тиймээс эдгээр ажлыг ирэх долоодугаар сарын 1-нээс өмнө шат дараатай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

С.Юмсүрэн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...