Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэньтэй уулзахгүй байхыг хүсчээ

 

        Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь АНУ-ын сенатор Тед Круз болон Техас мужийн захирагч Грег Эбботт нартай өнгөрсөн ням гаригт Хьюстон хотноо уулзсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уг үйл явдлын дараа Хятадын эрх баригчид Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп руу утас цохиж энэхүү уулзалтад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд Д.Трампын шинэ засаг захиргаа “Нэг хятад” үзэл санааг дэмжих ёстойг дахин сануулжээ. Бээжингийн талаас Цай Инвэнийг Доналд Трамптай уулзахаас болгоомжилж түүний АНУ-д түр буудаллах аяллыг анхааралтай ажиглаж байгаа юм. Ерөнхийлөгч Цай Инвэнь болон Тед Крузз, Грег Эбботт нарын уулзалтын үеэр хоёр талын харилцааг сайжруулах, худалдаа эдийн засгийг өргөжүүлэх талаар санал солилцжээ. Конгресс дахь Техас мужийн төлөөлөгч, сенатор Тед Круззын хэлж буйгаар хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэх шаардлагатай бөгөөд АНУ Тайванийн зах зээлд нэвтэрснээр Техасын тариаланчид болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд ашигтай байх талаар хэлэлцсэн аж. Мөн уулзалтын дараа хийсэн мэдэгдлийнхээ үеэр сенатор Тедд Крузз “Хятадын консулын газраас конгрессын зарим гишүүнд хандан Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнийг дамжин өнгөрөх үеэр түүнтэй уулзахгүй байхыг сануулсан захидал илгээсэн. Бээжингийн тал АНУ ирсэн зочинтойгоо уулзах эсэхээ шийдвэрлэх эрхтэй орон гэдгийг ойлгох ёстой” гэж ярьжээ. Мөн тэрбээр “Ганцхан хятадын тухай ярьж байгаа зүйл биш. Энэ бол АНУ болон Тайванийн хоорондын холбоотны хуулийн дагуух харилцааны асуудал” гэсэн байна. Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэний Төв Америкийн орнуудаар хийх ес хоногийн албан ёсны айлчлал өнгөрсөн бямба гаригт эхэлсэн юм. Ингэхдээ Ц.Инвэнь АНУ-ын Сан Франциско болон Хьюстон хотод хоёр удаа түр буудаллаж, Гондурас, Никарагуа, Гуатемала, Эл Салвадор зэрэг орныг зорих гэнэ. Түүний айлчлалтай холбогдуулан БНХАУын зүгээс АНУ-д хандан Цай Инвэний айлчлалыг хориглож, тус улсад нэвтрүүлэхгүй байхыг уриалжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Д.Трамп Цай Инвэньтэй утсаар ярьж, шууд холбогдсон нь дипломат уламжлалыг эвдсэн хэрэг болж Бээжингийн талаас шүүмжлэл хүлээсэн юм. Мөн Тайваньтай холбоотой асуудалд нухацтай бөгөөд болгоомжтой хандаж аливаа дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохгүй байхыг БНХАУ уриалж байсан аж. АНУ нь 1979 онд Тайваньтай харилцаагаа тасалж, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоож байсан түүхтэй юм. Энэ үеэс хойш АНУ-ын Ерөнхийлөгч болон ерөнхийлөгчөөр сонгогдсон хэн ч Тайванийн удирдлагатай иймэрхүү харилцаа тогтоож, холбогдож байгаагүй аж. Тиймээс энэ удаа Д.Трамп Цай Инвэньтэй уулзвал Хятад Тайванийн эсрэг эрс хатуу арга хэмжээ авч, хоёр орны хоорондын харилцаанд сэв сууна гэдгийг урьдчилан сануулсан байна. Хятад улс нь Тайванийг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үздэг учраас БНХАУ-ын зүгээс “Нэг Хятад” үзэл санааг нь хүндэтгэхийг АНУ-аас шаардсан. Хятадын талын мэдэгдлийн дараа Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаанаас “Нэг Хятад” бодлогыг дэмждэг АНУ-ын байр суурь өөрчлөгдөөгүй гэсэн мэдэгдлийг давхар илгээж байжээ. Харин эдгээр өдрүүдэд болж буй үйл явдалд Д.Трампын зүгээс гарах хариу үйлдэл нь түүний засаг захиргааны Хятадын талаар баримтлах бодлогын цаашдын илрэл, байр суурь байх болно гэж шинжээчид үзэж байгаа аж.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)