Д.Хүрэлбаатарыг Ерөнхий аудиторт дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий аудиторт нэр дэвшигчийг томилох асуудлыг хэлэлцлээ. Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх болсонтой холбогдуулан Доржсүрэнхорлоогийн Хүрэлбаатарыг нэр дэвшүүлжээ. УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхий аудиторт нэр дэвшигчийн талаар танилцуулсан юм.

Д.Хүрэлбаатар нь 1961 онд Архангай аймагт төрсөн, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. 1986 онд Уралын Политехникийн дээд сургууль, 1993 онд Удирдлагын академи төгссөн, инженер-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. 1986-1992 онд Төв аймгийн Усны аж ахуйн удирдах газарт эдийн засагч, дарга, 1992 онд Төв аймгийн Засаг даргын тамгын газарт хэлтсийн дарга, 1993-1994 онд “Ажлын хувцасны” үйлдвэр, “Эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2007 оноос Үйлдвэр, худалдааны яам, 2008 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012 оноос “Монгол 555” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2016 оноос Барилга, хот байгуулалтын сайдын орон тооны бус зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр тус тус ажиллаж байгаа аж.

УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асуусангүй. УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр, Н.Амарзаяа, З.Нарантуяа, Ч.Хүрэлбаатар нар санал хэлсэн юм. Гишүүдийн зүгээс нэр дэвшигчид хандаж, Үндэсний аудитын газрыг улс төрөөс хараат бус байлгах, өмнө хийж хэрэгжүүлж байсан үр дүнтэй ажлуудыг үргэлжлүүлэх, дэлхийн аудитын байгууллагын чиг хандлага, олон улсын түвшинд хүргэх, шинэчлэлт өөрчлөлтийг зоримог эхлүүлэх, хувийн болон төрийн аудитын байгууллагад ажиллаж байгаа аудиторуудын ёс зүй, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд анхаарах, төсвийн сахилга бат, төсвийн үр ашигтай зарцуулалтад хяналт тавихад анхаарч, хамтран ажиллах хэрэгтэйг захиж байв.

Ингээд Монгол Улсын Ерөнхий аудиторт Д.Хүрэлбаатарыг томилохыг дэмжье гэсэн саналын томёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь уг асуудлыг дэмжив. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар уг асуудалтай холбогдуулж Үндэсний аудитын газрын даргаас А.Зангадыг чөлөөлж, Д.Хүрэлбаатарыг томилох УИХ-ын тогтоолын төслийг танилцуулсан юм. Уг асуудлыг хэлэлцсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)