Гэр бүлийн тогтворгүй байдал нь хүүхэд хүчирхийлэлд өртөх үндэс болдог

 

         Хүүхдийн эрх хамгаалал болон Гэр бүлийн тухай хуулийг өнгөрсөн онд шинэчлэн баталж, Хүүхдийн эрх хамгааллын тухай хуулийг есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Өмнөх хууль нь материаллаг шинжийг агуулсан байсан бол шинэчилсэн хуульд процесслог шинжийг илүү тусгаж өгснөөрө олон давуу талтай, харьцангуй сайн хууль болсон гэж мэргэжилтнүүд ярьдаг. Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Боловсролын газартай хамтран шинэчлэн баталсан Хүүхдийн эрх, Хүүхэд хамгаалал, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг сурталчлах зорилгоор хүүхдийн эрхийг хамгаалах асуудлын талаар ЕБС-ийн нийгмийн ажилтнуудад зориулсан сургалтыг өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр хүүхдийн эрх хаана зөрчигддөг, хүчирхийлэл хаана үйлдэгдэж байгаа болон өнөөдрийн нөхцөл байдлын талаар салбар бүрийн төлөөллийн байр суурийг сонслоо.

 

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ 9.2 ХУВИАР ӨССӨН

 

         Улаанбаатар хотын цагдаагийн газрын, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Э.Баярбаясгалан: -Өнгөрсөн онд нийслэл хотын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үүссэн 838 гэмт хэргийг бүртгэсэн. Энэ нь 2015 онтой харьцуулахад 9.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Эдгээр гэмт хэрэгт 780 иргэн хохирсон бөгөөд тэдгээрийн 34 нь хүүхэд, 712 буюу 90 хувь нь эмэгтэйчүүд, 44 нь эрэгтэйчүүд байна. Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах байранд өнгөрсөн онд 286 иргэнийг хамгаалалтад авч үйлчилгээ үзүүлсэн. Эдгээр иргэний 178 нь хүүхэд байна. Тэдгээрээс 0-5 насны 78, 6-17 насны 100 хүүхэд байна. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэй бүр 1-3 хүүхэд дагуулж ирдэг. Хүчирхийллийн хамгийн том хохирогч нь хүүхэд байдаг учраас эдгээр хүүхдийг хамгаалалтад авах ажиллагааг бид хийдэг. Шинэчлэн баталсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд маш олон төрийн байгууллагын үүрэг, оролцоог зааж өгсөн байгаа. Тухайлбал, сургуулийн нийгмийн ажилтныг хорооны хамтарсан багийн гишүүн болгон заасан. Сургуулийн нийгмийн ажилтан болон бүх шатны боловсролын ажилтан багш нар хуульд ямар үүрэг оролцоотой вэ гэдгийг тодорхой болгосон. Тэдгээр нь хүчирхийлэлд өртсөн хүүхдийн гэмтэл бэртэл, өвчин шаналал, хичээл таслалт, сэтгэл санааны өөрчлөлт зэрэгт шалгалт хийж, хорооныхоо хамтарсан багт мэдээллийг шилжүүлэх үүрэгтэй. Нийгмийн ажилтнаас ирсэн энэ мэдээллийг хорооны хамтарсан баг хүлээж аваад хүүхдийг хүчирхийллээс ангижруулах, хэвийн байдалд нь оруулах бүх төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар хуульчилсан байгаа. Хэрвээ сургуулийн нийгмийн ажилтан, багш нар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуульд зааснаар хариуцлага тооцох шийдвэрийг оруулсан. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг 1-30 хоног хамгаалах байранд байршуулдаг. Энэ хугацаанд хамгаалах байранд ирэх болсон шалтгааныг нь материалжуулж, хамгаалах байрнаас гарахад нь тухайн хүүхдийг хүүхэд гэр бүлийн төвтэй холбон зуучилж өгдөг. Ирсэн хүүхдэд ерөнхий эрдмийн боловсрол олгох, хүчирхийллээс өөрийгөө хамгаалах, сэтгэл санааг тайвшруулах сургалт явуулдаг. Цагдаагийн байгууллагад бүртгэсэн тоон мэдээллээс үзэхэд бие махбодын хүчирхийлэл буюу зодуур, тарчлаах үйлдлүүдээр ихэнх нь бүртгэгдсэн байдаг. Сэтгэл санаа, эдийн засгийн хүчирхийллийг тогтооход хүндрэлтэй байдаг. Хуульд хүүхдийг хүчирхийллээс хамгаалах тухай гэсэн бүлэг нэмж оруулсан байгаа. Үүнд, хэрвээ долоо буюу түүнээс доош насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн нь тогтоогдсон бол эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрлийг авалгүйгээр цагдаагийн ажилтан шууд хамгаалалтад авах үүрэгтэй гэж заасан.

 

ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХЫН ТУЛД ЭЦЭГ ЭХ, ХҮҮХДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ

 

Хүүхэд хөгжил, хамгааллын газрын дарга Ц.Алтанзаяа: -Хүүхдийн төлөө газрын утсанд өнгөрсөн онд 700 гаруй дуудлага ирсэн байдаг. Эдгээрийн 400 гаруй нь хүүхэд өөрөө сэтгэл зүйч, нийгмийн ажилтанд тулгамдсан асуудлаа ярьж, зөвөлгөө авах гэж залгасан байдаг. Үлдсэн 200 гаруй нь үе тэнгийнхэн болон багш сурагчдын хоорондох зөрчлөөс үүсч байгаа дарамт, хүчирхийллийн асуудлын талаарх мэдээлэл байсан. Хүүхдийн эрх хамгаалах тухай хуульд, Нийгмийн ажилтан нь тухайн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд нийгмийн үйлчилгээ үзүүлэх, нөхцөл байдлыг үнэлэх, асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд “Нийгмийн ажилтны ёс зүйн дүрэм”-ийг баталсан. Үүнд, боловсрол, халамж, эрүүл мэнд, сургууль, нийгмийн хамгааллын ажилтан тус бүр ямар үйлчилгээ үзүүлж, хэрхэн ажиллах ёстойг тодорхой болгож өгсөн.

 

ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХЭДТЭЙГЭЭ ҮРГЭЛЖ ЯРИЛЦАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ

 

Ирээдүй ахлах сургуулийн нийгмийн ажилтан Ц.Цэрэнчимэг: -Хүүхэд хүчирхийлэлд өртөж буй гол шалтгаан нь эцэг эхийн салалт, хойд аав ээжийн дарамт байдаг. Тиймээс бид гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эцэг эхтэй уулзах, гэрт нь очиж ярилцах зэргээр мэдээлэл цуглуулж асуудлыг шийдвэрлэдэг. Мөн өсвөр насны буюу ахлах ангийн хүүхдүүд асуудалд яг өөрийнхөө өнцгөөс ханддаг. Тиймдээ ч аливаа зүйлд дургүйцлээ илэрхийлэхдээ маш хүчтэй, ширүүн авир гаргах тохиолдол байдаг. Энэ нь тухайн хүүхэд өөрийгөө эцэг эхээсээ хөндийрүүлэх бас нэг шалтгаан болдог. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд хамгийн ойр байгаа хүндээ түрүүлж ханддаг. Хүүхдийн ихэнх цагаа өнгөрөөдөг газар нь сургууль учир эхний ээлжид анги удирдсан багш, нийгмийн ажилтандаа асуудлаа хэлдэг. Энэ нь ч зөв. Нөгөө талаар эцэг эхчүүд ялангуяа залуу гэр бүлийнхэн хүүхэдтэйгээ ойр дотно байж, үргэлж ярилцаж, хүүхдээ сонсох нь чухал. Тухайн хүүхдэд ямар нэгэн зүйл тохиолдоод дуугаа хураах, өөрийгөө тусгаарлах үед нь загнах биш эерэгээр ярилцаж, шийдвэрлэх боломжийг хайж байх хэрэгтэй. Ярилцах хамгийн таатай орчинг сонгох нь чухал. 2014 оноос өмнө хүүхэд хүүхдээ зодох, хүчирхийлэх, дарамталж мөнгө нэхэх хэргүүд олон гардаг байсан. Сүүлийн жилүүдэд энэ хэргийн тоо улам бүр цөөрч байна. Ялангуяа сургуулийн орчинд бүр ховор болсон. Энэ нь сургууль бүрийг камержуулж, цагдаа нийгмийн ажилтан нар хамтран ажиллаж буйгийн үр дүн гэж би боддог.

 

ХИЧЭЭЛ ОРОХ, ЗАВСАРЛАХ ҮЕЭР ХҮҮХДИЙН ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА

 

Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн нийгмийн ажилтан М.Батсайхан: -Хүүхэд сургууль дээр болсон хэргийг тухай бүрт нь нийгмийн ажилтанд хэлдэг. Нийгмийн ажилтан нөхцөл байдалтай танилцаад хөнгөн асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэдэг. Хүнд, хүндэвтэр асуудлыг хорооны хамтарсан багаар оруулан шийдвэрлэж байна. Зөрчлийн ихэнх хувь нь үе тэнгийнхэн хоорондын асуудал байдаг. Манай сургуульд гарч байгаа зөрчлүүдийн ихэнх хувийг үе тэнгийн охид хоорондын маргаанаас үүссэн асуудал эзэлж байна. Энэ нь цахим гэмт хэрэг, фэйсбүүктэй холбоотой. Нэг нэгнийхээ зураг дээр доромжилсон, харьцуулсан янз бүрийн сэтгэгдэл бичих зэрэг нь хүүхдийн эрх зөрчигдөх, түүнээс үүдэлтэй хэрүүл маргааны гол шалтгаан болж байна. Тиймээс бид нийслэлээс гаргасан “Цахим гэмт хэрэг цаашаа” урианы дагуу хороо, хорооны Засаг даргатай хамтран энэ хэргээс урьдчилан сэргийлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна. Саяхан 13 настай хүүхдийг хичээлийг нь хийлгэх нэрээр хойд аав нь биед нь хүрэх, цохих зэргээр дарамт үзүүлж байсныг бид илрүүлж, хүүхдийг тусгаарлах байранд оруулж, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлсэн. Хүүхдүүдээс ихэвчлэн “дүн дарж байна, үнэтэй ном шахаж байна, хичээлээс хөөж гаргаж байна” гэсэн мэдээллүүд ирдэг. Хичээлийн завсарлагаан, хичээл орох, тарах үеэр хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдлууд гардаг. Энэ үед хүүхэд чөлөөтэй сэлгүүцэж гэмт хэрэг үйлдэх, холбогдох, хохирогч болох магадлалтай.

 

Л.Баяржаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)