Хуучин автомашин худалдан авах нь эрсдэлтэй

 

        Сүлийн үед иргэд бензин бага зарцуулдаг япон автомашин, тэр дундаа “Приус 20” унах нь элбэг болсон. Япон автомашины гаалийн татварыг өнгөрсөн зургаадугаар сард хөнгөлсөн ч автомашины үнэ ам.долларын ханшаас шалтгаалан оны өмнө өссөн байна. Өнөөдрийн байдлаар автомашины үнэ ямар байгааг сурвалжлахаар “Да хүрээ” захыг зорилоо.

 

       Энэ захад хамгийн хямд болон дундаж, өндөр үнэтэй авто машинуудыг ангилсан төвүүд байх аж. Монголд явж байсан дугаартай, он хуучин, хямд тэргүүдийг “Мөнгөн гүүр” авто захад худалдаалдаг байна. Хамгийн эрэлттэй буюу худалдан авалт сайтай нь “Приус 20” гэнэ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард уг машины үнэ өссөн ч одоо 800 мянгаа 1.5 сая төгрөгөөр хямдарсан талаар ченжүүд ярьж байв. Машинаа арцаар утан тойрч яваа ахаас учрыг нь асуувал “Долоо хоног зогсоход нэг ч машин зарсангүй, сард хоёрхон машин зарахтай үгүйтэй байгаа учир хурдан зарах ном уншуулсан арцаар даллага авч байна” гэв.

 

Мөн тэрээр “Иргэд бага мөнгөөр гоё машин авах санаатай эргэлдээд байх юм. Үнэд нь таарсан машин санал болгохоор голоод авахгүй хэрнээ боломжийн үнэтэй машиныг үнээ буулгаач гэж гуйгаад хэцүү байна даа” гэв. Тэгсэн хэрнээ гаднаас орж ирсэн машиныг хэдээр зарах юм гэж угтаж гүйлдэнэ. Зарим иргэд машинаа шууд ченжүүдэд хямд үнээр зарчихдаг бололтой. Харин ченжүүд иргэдээс авсан машин дээрээ 300-800 мянган төгрөг нэмж зардаг гэсэн юм. “Да хүрээ” захад 2-11 сая төгрөгийн үнэтэй машинууд эзнээ хүлээн эгнэн зогсох ч сонирхох хүн тун цөөн байлаа. 2004-2007 оны эрэлт ихтэй приус 6-9 сая төгрөгийн үнэтэй байв.

 

“Дизель хүрээ” захад дундаж үнэтэй арай л өнгө үзэмж сайтай машин худалдаалдаг юм байна. Жишээлбэл, “Ланд 100” гэхэд үзүүлэлтээсээ шалтгаалан 22-45 сая төгрөгийн үнэтэй бол харьер, зэрэг дунд гарын жипүүд 22-27 сая, кроун 10-25 сая төгрөгийн үнэтэй байв. Эдгээр машин борлуулалт сайн байдаг ч одоогоор худалдан авагч тун цөөн байгаа талаар ченжүүд ярьж байв. Тэд “Сард ганц, хоёрхон машин зарахтай үгүйтэй байдаг. Гэтэл нэг машины зогсоолд сард 60 мянган төгрөг төлдөг. Өндөр үнэтэй байхад авсан машинаа одоо эргээд хямдруулан зарж байна. Цагаан сар дөхөөд, эрэлт нэмэгдэхээр үнэ бага зэрэг өсөх байх” гэв.

 

“Дизель хүрээ” захад байрлах автомашины дундаж үнийг сонирхлоо. Приус, стимо 6.5-8 сая төгрөгийн үнэтэй байна. Харин 2007-2008 оны приус 12 сая, 2012 оных 22-25 сая төгрөг байх бөгөөд оноосоо шалтгаалан 50 сая хүртэл төгрөгийн үнэтэй байлаа. Сүүлийн үеийн гэгдэх автомашинуудын үнэ хоёр, гурван жилийн дараа энэ үнээсээ 8-15 сая төгрөгөөр хямдардаг гэж байв. Энэ нь автомашин үйлдвэрлэгч компаниуд жил бүр загвараа шинэчилж байгаатай холбоотой аж.

 

Дээр дурдсан хоёр захын зүүн талд нь тансаг зэрэглэлийн, өндөр үнэтэй автомашинуудыг зардаг бололтой “Ланд 200”, Хаммер зэрэг машинуудыг эгнүүлжээ. Гэвч үүнийг зах гэхээсээ зогсоол гэж андуурмаар харагдаж байв. Учир нь энд худалдагч, худалдан авагчдын аль аль нь алга. Олонхи нь машиныхаа цонхон дээр утасны дугаар, үнээ бичиж үлдээсэн байлаа. Энд “Ланд 200”-ийг 65- 110 сая, евро хөдөлгүүртэй дизель түлшээр ажилладаг шинэ орж ирсэн нь 130 сая, бензинээр ажилладаг нь 95 сая орчим төгрөгийн үнэтэй байна. Мөн борлуулалт сайтай гэх хамер шинэ орж ирсэн нь 210 сая төгрөгийн үнэтэй бол LX 430, 570 маркийн автомашинууд үзүүлэлтээсээ шалтгаалан 90- 370 сая төгрөгийн үнэтэй байлаа. Эдгээр автомашинууд мөн л тансаг хэрэглээнийх атлаа хамгийн их борлуулалттай байдаг ажээ. Ченжүүд автомашинаа шинэ орж ирсэн гэх болов ч тухайн улсдаа тодорхой хугацаанд явж байсан учир “коммиссын” машинууд гэж нэрлэгддэг аж. Энд үйлдвэрээсээ шууд орж ирсэн шинэ, километр нь тэг заалттай сүүлийн үеийн өндөр үнэтэй автомашинууд ч мэр сэр харагдаж байлаа.

 

Ийнхүү комиссын захад сайн, муу олон янзын автомашинууд байна. Зарим нь эдэлгээ удаан даах сайн машин байдаг ч нэг хоёрхон сар яваад мотор нь дуу орох, амортизатор, агрегат засварт орох тохиолдол ч их байдаг аж. Иймээс машин худалдан авах гэж буй иргэд машин сайн мэддэг хүнтэй хамт явж сонголтоо хийдэг байна. Харин үнийн өсөлт, бууралт нь долларын ханштай шууд хамааралтай аж. Ченжүүд хэлэхдээ “Бид автомашинаа оруулж ирэхдээ гаалийн татвараа ам.доллараар төлдөг. Мөн хуучин автомашины татвар нэмэгдсэн тул хүндрэлтэй байна” гэв. Япон улсаас орж ирсэн 0-3 жил ашигласан автомашины импортын татвар тэглэгдэж, түүнээс дээш жил ашигласан хуучин автомашины гаалийн татварыг худалдан авсан үнийнхээ таван хувиар бодож төлдөг байна. Тиймээс сүүлийн үеийн өндөр үнэтэй автомашины үнэ буурч, эсрэгээрээ хуучин автомашины үнэ өссөн дүр зураг харагдаж байна. Үнэн хэрэгтээ бол ченжүүд явж байсан автомашиныг иргэдээс худалдан аваад дээр нь үнэ нэмж зардаг байна. Ингэхдээ татвар, гаалийн ханш зэргийг тооцож, зарах үнээ тогтоодог аж. Манай улс дотоод зах зээл дээр гадаад валютаар тооцоо хийхгүй гэсэн хуультай. Гэсэн ч кон-тейнерийн зардал, гаалийн Онцгой албан татварыг ам.доллараар авч байгаа нь автомашины үнэ 500-800 мянган төгрөгөөр нэмэгдэх нэг хүчин зүйл болдог байна.

 

Т.Дуламжав

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)