Тереза Мэй: Брексит Их Британид эерэг өөрчлөлт авчирна

 

        Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Брексит нөхцөл байдлыг улам дордуулна гэж үзэж буй хүмүүст хандан мэдэгдэл хийжээ. Тэрбээр Их Британи улс Европын холбоог орхисноор өөрийн зах зээлийн дүрмээр шинэ харилцаа холбоо тогтоож, бусад оронд улсынхаа талаар өөр ойлголт төрүүлэхийг хүсч байгаа гэдгээ онцолсон байна. Лондон хотноо хийсэн мэдэгдлийн үеэр тэрбээр нийгмийн бүрэлдэхүүн, бүлэг бүрт хамаарах “Хамтын нийгэмлэг” байгуулж ажиллах нь ач холбогдолтой гэдгийг уламжилжээ.

 

Т.Мэйн үзэж буйгаар бүтэц, бүлэг бүр хяналт тавих боломжтой “Хамтын нийгэмлэг” байгуулснаар нийгмийн эмзэг хүрээний нөхцөл байдал сайжирч, элит хүрээнийхнийг дээдэлдэг шударга бус байдал арилах давуу талтай аж. Түүний ирэх гурван сарын хугацаанд хийхээр төлөвлөсөн шинэчлэлийн бодлогод олон нийтийн сэтгэцийн эрүүл мэндийн байдалд хяналт тавьж, энэ төрлийн асуудалтай хүмүүсийн байдлыг сайжруулахад голчлон анхаарах чиглэл тавьжээ. Үүнээс гадна багш нарт зориулсан нэмэлт сургалт зохион байгуулж, хүүхэд багачууд болон өсвөр үеийнхнийг хамруулах цахим үйлчилгээг өргөжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн энэ үеэр Ерөнхий сайд Т.Мэй зарим асуудалд шүүмжлэлтэй ханджээ.

 

Тодруулбал, сүүлийн хоёр сард хамгийн доод төвшинд хүрээд байгаа фунт стерлингийн уналтад хэвлэл мэдээллийнхэн нөлөөлсөн гэсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Аливаа зүйл сайн, муу хоёр талтай. Улс орны хэмжээний ийм том асуудалд нухацтай хандах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Их Британи Европын холбоог орхих үйл явц нь улс орныг хямралд хөтлөх нь гарцаагүй гэсэн үзэл баримтлалыг нэвтрүүлж байгаа нь нийгмийн оюун санаа төдийгүй эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Миний Брекситийн сөрөг байдлын тухай ярьсан яриаг сонгон гаргаж байна. Би хувьдаа Брексит манай улсыг үндсээр нь өөрчлөх эерэг боломж олгоно гэж найддаг. Нэг зохицуулалттай зах зээлд шилжсэнээр бид худалдааны шинэ гэрээ, ашигтай хэлцэл хийх боломжтой болно” гэжээ.

 

Түүнчлэн Германы Канцлер Ангела Меркель брекситийн талаарх өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “Европын холбооны хамгийн нөлөө бүхий гишүүн улс холбооноос гарах гэж буй энэ чухал яриа хэлцэлд ач холбогдол өгч, нарийн хийх ёстой. Герман улсын хувьд Их Британитай сайн харилцаатай байх нь чухал гэж үзэж байгаа. Их Британи улс нэг зохицуулалттай зах зээлд үйл ажиллагаа явуулах боломжтой болох зорилго тавьсан бол Европын холбооны баримталдаг суурь дөрвөн бодлогыг хангах хэрэгтэй юм. Брекситийн асуудлыг аль нэг улсын ашиг сонирхлоор шийдэж болохгүй. Холбооны гишүүн бүх оронд ямар нэгэн байдлаар сөрөг үр дагавар авчрах болно. Тиймээс бусад орон ч мөн холбоотой” хэмээн мэдэгдсэн аж. Өнгөрсөн оны аравдугаар сард Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй тус улс Европын холбооноос гарах үйл явц энэ оны гуравдугаар сард эхлэх талаар мэдэгдсэн юм. Европын холбооноос гарахад дор хаяж хоёр жил шаардлагатай бөгөөд тус үйл явц 2019 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)