Насжилт өндөртэй автомашины импортыг хязгаарлана

Өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах тухай танилцуулга хийв.

Манай улс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэсэн хуультай. Энэ нь жолооны хүрд зүүн талдаа байхаар тооцож хууль, дүрэм, журам, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бусад үзүүлэлтийг тогтооно гэсэн үг юм.

Гэвч импортоор оруулж ирэх автомашины жолооны хүрдний байрлалд хязгаарлалт тогтоогоогүй учир сүүлийн 10 гаруй жил баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импорт эрс нэмэгджээ. Судалгаанаас үзвэл улсын хэмжээний нийт автомашины 48, Улаанбаатар хотын нийт автомашины 55 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад замын үзэгдэх орчин чухал бөгөөд баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашинаар гүйцэж түрүүлэх, тойрон гарах үед харах талбай 20-70 градусаар багасдаг нь осол гарахад голлон нөлөөлдөг байна. 2015 онд гарсан 41064 ослын 64,4 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй холбоотой байжээ.

Хотын утааг багасгахтай холбоотойгоор нийслэлийн удирдлагууд насжилт өндөртэй автомашинуудыг хилээр оруулахыг хориглох тухай ярьж байгаа. Харин Засгийн газрын энэ өдрийн хуралдаанаар насжилт өндөртэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах талаар салбарын сайдын танилцуулгыг сонссон байна.

2016 оны жилийн эцсийн байдлаар бүртгэлтэй 831552 тээврийн хэрэгсэл байгаагийн 766019 нь автомашин, үлдсэн нь механизм, чиргүүл, мотоцикль байна.

Зургаагаас дээш жилийн насжилттай автомашиныг өндөр насжилттай гэж олон улсад үздэг бөгөөд манай орны хувьд бүртгэлтэй автомашины 90 орчим хувь нь зургаагаас дээш жилийн насжилттай байна.

Өндөр насжилттай тээврийн хэрэгсэл, түүн дотроо суудлын автомашины эзлэх хувь буурахгүй байгаа төдийгүй агаарын бохирдол, зам, тээврийн ослын ихэнх хувь насжилт өндөр машинтай холбоотой байгаа нь судалгаагаар тодорхой болжээ.

Танилцуулгатай холбогдуулан баруун талдаа жолооны хүрдтэй болон насжилт өндөр автомашины импортыг хязгаарлах талаар тодорхой санал, шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулахыг салбарын сайдад даалгасан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)