Бог малын халдварт мялзан өвчний тархалтыг яаралтай таслан зогсооно

Бог малын мялзан өвчнөөр Монгол бөхөн  өвчилж ихээр хоргодож  буй асуудлаар өнөөдөр БОАЖЯ дээр МХЕГ, ОБЕГ, Мал эмнэлэг үржлийн газарын  холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид хуралдлаа. Хурлаар  Шадар сайдын тушаалаар БОАЖЯ, МХЕГ,ОБЕГ, Дэлхийн байгаль хамгаалах сан, ХХААХҮЯ,  эрдэмтэн судлаачдыг оролцуулсан  ажлын хэсгийг байгуулж, бог малын халдварт мялзан өвчний тархалтыг таслан зогсоох, бусад тууртан амьтдад халдварлахгүй байх арга хэмжээг авах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулахаар тогтлоо.

Олон нийтийн дунд зөрүүтэй мэдээлэл их гарч байгаа учир ажлын хэсгийнхэн мэдээллээ нэгтгэх үүднээс ирэх даваа гаригт дахин хуралдахаар болсон юм. БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Д.Даваасамба “Бусад амьтдад халдварлахгүй байх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөхөнгийн нийт тоо толгой болон хоргодлын тоо толгойн талаар зөрүүтэй мэдээлэл их гарч байна. Бөхөнгийн тархац нутаг,  Монгол бөхөн болон мялзан өвчний талаар бид  өөрсдөө бүрэн мэдээлэлтэй байх ёстой. Үүний дараа авч хэрэгжүүлэх арга замаа тодорхой болгох” шаардлагатай байна гэв. ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч  доктор Л.Амгалан “Монгол бөхөн малын гаралтай халдварт өвчнөөр үрэгдэж байгаа анхны тохиолдол энэ болж байна. Зуднаар хоргоддог ч богино хугацаанд өсч үрждэг амьтан. Хэвлэлээр бөхөнгийн тоо толгойн талаар их буруу ойлголттой байна. Эхлээд энэ амьтныхаа талаар үнэн зөв, нэгдмэл мэдээлэлтэй байх ёстой. Одоо нэгэнт өвчилсөн бөхөнг аврах ямар ч боломж байхгүй. Харин тархацыг нь өргөжүүлэхгүй  байхад л анхаарах хэрэгтэй байна. Орон нутагт үхсэн бөхөнг устгах ажил хийж байгаа ч хамгийн гол нь бэлчээрээр халдаж байгаад аюул байна. Хүйсийн говиос Шаргийн говьд орох замыг хааж, пост байгуулах хэрэгтэй” гэв.  Хамгийн эртний үүсэлтэй уг амьтан нь манай улсын Шаргын говь, Хүйсийн говь, Түргэний уулсын баруун талын нутгаар тархсан байдаг ажээ. Бог малын мялзан өвчин өнгөрсөн намар Ховд  аймагт гарахад малыг вакцинжуулж, хөл хорио тогтоон дарсан ч ийн дахин дэгдээд байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)