Д.Мөнхөө: “Тэр үеийн ачааны хүндийг МАН үүрсэн” гэж бид хэлэх эрхтэй, бас үүрэгтэй

 

        “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.МӨНХӨӨТЭЙ ярилцлаа.

 

-Монгол Улс шинэ Ардчилсан Үндсэн хуулиа 1992 онд баталснаас хойш 25 дахь жилтэйгээ золгож байна. Хуулийг батлалцсан есөн эмэгтэй депутатын нэг нь та төдийгүй тэдгээр эмэгтэйчүүдийг ахалж байсан шүү дээ. Таны тэр үеийн дурсамжаар яриагаа эхэлье?

 

-1980 аад оны сүүлээр дэлхий ертөнцөд нэгэн өөрчлөлт болсон. Тухайлбал, социалист системд хямрал нүүрлэсэн. Монголд өрнөсөн өөрчлөлт үүний нэг хэсэг байлаа. Өөрөөр хэлбэл, 1990 оны томоохон өөрчлөлтийн нэг үр дүн гэвэл бид 1992 онд дөрөв дэх шинэ Үндсэн хуулиа баталсан явдал байлаа. Ардын их хурлын 430 депутат, 76 хоног хуралдаж баталсны дотор төлөөлөгч есөн эмэгтэй байсан. Тэр есөн эмэгтэй Монголын хүн амын тэн хагас эмэгтэйчүүдээ төлөөлж шинэ Үндсэн хуулийг батлалцсан. Монголын гэр бүл, ахмад настан, хүүхэд, залуучууд гэсэн хүн амын бүлэг болон боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал халамж зэрэг эмэгтэйчүүдийн томоохон үүрэг гүйцэтгэдэг бүхий л салбарын эрх ашгийг илэрхийлэх, хамгаалах, шинэ хуулийн үзэл санаанд тусгуулах үүрэг хариуцлага тэр есөн эмэгтэйд оногдсон юм. Тэр үед эмэгтэйчүүдийн бүлэг байгуулж, би ахалсан. Тухайн үеийн Ардын их хурал тэр эмэгтэйчүүдийн бүлэгт томоохон боломж олгож байсан юм. Бид Үндсэн хуулийн тодорхой асуудлаар хийж байсан зөвшилцөх уулзалтад нэг саналын эрхтэйгээр оролцож байлаа. Нэг саналын эрхтэй гэдгийг депутатын тодорхой эрхтэй бүлэг юм уу, улс төрийн намтай ижил эрхтэй гэж ойлгоход болно.

 

-“Монголын ардчилал хамгийн их хэрэгжсэн үйл явц бол шинэ Үндсэн хууль баталсан явдал” гэж Та байнга ярьдаг. Энэ магадгүй таны хэлэх дуртай үг байх?

 

-Тиймээ. Энэ бол миний хэлэх дуртай үг. Яагаад гэвэл, дээр хэлсэнчлэн Монголын хүн амын 50 илүү хувийг эзэлдэг бүсгүйчүүдийг төлөөлсөн тэр есөн хүнд тодорхой хэмжээний боломж олгож байсан гэдэг нь ингэж хэлэх үндэслэлийг бүрдүүлж байгаа юм. Үндсэн хуулийн явц үнэхээр амаргүй байсан. Ер нь 1988 онд Ардын их хурлаас комисс байгуулж шинэ Үндсэн хуулийн төсөл дээр ажиллаж байлаа. Үүнийг зарим хүн сайн санадаггүй юм шиг байна билээ. Яагаад гэвэл социалист систем хямралд орсон учир бид тэр үеийн үнэт зүйлс, соёлын зарим хэсгийг эргэн харах, өөрчлөх, иргэдийн өмчлөх эрхийг бүрэн зөвшөөрөх болон хүний эрхийн асуудалд дэлхийн түгээмэл жишгийг Монгол Улсын эрх зүйн орчинд оруулж ирэх, түүнийг ажил хэрэг болгох гээд олон шинэ зорилттой тулсан. Тухайн үеийн өөрчлөлт хийхийг шаардаж, хөдөлгөөн зохион байгуулж, тэмцэл өрнүүлж байсан залуучууд, шинэ холбоо, улс төрийн шинэ хүчний зүгээс энэ асуудлыг маш хүчтэй тавьж байсан цаг үе л дээ. МАН-ын гишүүдээс бүрэн бүрэлдэж байсан, 11 дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурал шинэ Үндсэн хууль батлахаас өмнө Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Улсын бага хурал байгуулах, Ерөнхийлөгчийн албан тушаал буй болгох, анхны ардчилсан сонгууль явуулах эрх зүйн шинэ орчинг буй болгосон юм. Тухайн үеийн МАХН өөрийнхөө бүх эрхээс татгалзаж, Улс төрийн товчоо огцорсон. Эдгээр шийдвэр нь Монгол оронд явагдсан их өөрчлөлтийг тайван, үндэсний зөвшилцлийн замаар, ардчилсан зарчмаар хийсэн үйл явц байсан бөгөөд ууган улс төрийн хүчний залуу үедээ итгэсэн их итгэл, хүлээлт, тэвчээр, дэлхийн байдлыг бодитой үнэлсэн ухаалаг бодлого, эх орноо гэсэн үнэт зүйлийнх нь үр дүн байсан гэж би итгэдэг. Энэ шинэ Үндсэн хууль баталсан АИХ-ын депутатуудын 83 хувь нь тэр үеийн МАХН буюу одоогийн МАН-ын гишүүд байсан юм шүү дээ. Тиймээс би “1990- ээд оны Монгол оронд болсон тэр томоохон өөрчлөлтийн ачааны хүндийг МАН үүрсэн” гэдэг үгийг бас хэлэх дуртай. Учир нь, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, шинэ ардчилсан сонгууль явуулах, зохион байгуулахад тухайн үеийн МАХНын бүх гишүүн ажилласан юм. Энэ талаар манайхан чимээгүй байдаг. Учрыг нь олдоггүй юм болов уу гэж заримдаа би боддог. Харин тодорхой хэсэг хүн бүгдийг бид хийсэн гэж өөр дээрээ наадаг. Үүнийг би хэн нэгийг буруутган хэлж байгаа юм биш. Хойч үе минь ойлгоосой гэж хувьдаа бодож явдаг учраас хэлж байгаа юм. Тэр үйл явцын халуун тогоон дотор байсан, үйл явцыг нүдээр үзэж, чихээр сонсч, чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулж явсан амьд гэрчийн хувьд би ингэж хэлэх эрхтэй бөгөөд үүрэгтэй гэж бодож байна.

 

-Үндсэн хууль хэлэлцэх, батлах явц амаргүй байсан гэдэг. Энэ “халуухан” өдрүүдийн тухай ярина уу. Яагаад гэвэл жинхэнэ үнэнг олонд өгүүлж чадах хүний нэг бол та шүү дээ?

 

-Үндсэн хуулийг хэлэлцэж байх явцад олон янзын санал гарч, маргаан үүсч, зөвшилцөл хийх зэрэг амаргүй үйл явц өрнөж байлаа. Тодруулбал, сэтгэл зүйн “цусгүй дайн” болж байсан гэж хэлж болно. Тэр хурлын зааланд залуу сайхан генерал бурхны оронд явж байсан. Энэ нь сэтгэл зүйн “дайн” ямар үр дагавар бий болгож байсныг харуулах баримт. Учир нь, тухайн үеийн тэр шинэ зүйлийг хүлээж авахад нийгмийн сэтгэл зүй бүрдээгүй, бэлэн биш байснаас гадна амьдарч, ажиллаж ирсэн нийгмийн түүхийг бүхэлд нь харлуулсан, ахмад үе, түүхээ үзэн ядах үзлээр нийгмийн сэтгэлзүйг дагуулахыг хичээсэн сурталчилгаа мэдээллийн их аян өрнөж бидэнд танил биш технологиор явж байсан юм.Тухайн үед төрийн эрх барьж байсан хүмүүс, АИХын депутатууд ч хүлээж авахад бэлэн биш байсан. Өөрөөр хэлбэл, Монгол орныг тусгаар тогтнол, сэргэн мандуулсан тэр XX зууны амжилтыг бүхэлд нь үгүйсгэсэн ийм том сэтгэл зүйн “дайн” болсон. Тэр үеийн амьд гэрчийн хувьд бид бас хамгаалах, ойлгуулах ажлыг хийх түүхэн бөгөөд улс төрийн үүрэг бидэнд ногдсон юм. Тиймээс энэ үнэнг өнөөгийн залуус ойлгохгүй байж магадгүй. Бүх юмыг өөрөө хийчихсэн юм шиг ярьдаг. Энэ тухай би зарим номдоо бичсэн.

 

-Тэгвэл өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд УИХ өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй ч нэг нам олонх болсон энэ үед хүч түрж болохгүй гэсэн шүүмжлэл өрнөж байгаа. Тиймээс энэ цаг үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг та зөв гэж үзэх үү. Энэ талаар та байр сууриа илэрхийлнэ үү. Монгол Улсын Үндсэн хуульд өнөөдөр чухам ямар өөрчлөлт хэрэгтэй вэ?

 

-Өөрчилж болно. Ер нь 25 жил гэдэг нь зуун жилийг дөрөв хуваасны нэг. Хүүхдээр яривал нас бие гүйцлээ гэсэн үг. Тиймээс Үндсэн хуулийг хэрэгжүүлсэн энэ 25 жилд бид юунд сэтгэл дундуур, бас юунд сэтгэл ханамжтай байсан бэ. Энэ бүх асуудлыг дүгнэн, цэгнэх ёстой. Тиймээс яг өнөөдөр Монголын хөгжилд нэн хэрэгцээтэй ямар өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулбал Монголын төрд, монгол хүнд ээлтэй вэ гэдгийг жигнэж, шинжлэх ухаан, практик, олон улсын туршлагаас дүгнэн, үүндээ зөвшилцөл хийх шаардлагатай. Улс төрийн бүх нам, хүчин, эрдэмтэн судлаач, ард түмэндээ үүнийгээ ойлгуулж, дараа нь Үндсэн хуулиа өөрчлөх ажлыг хийх ёстой. Би “Яаран даарах ч учиргүй, бас хэт удааширч тайвшрах ч учиргүй” гэж үзэж байна. Эгнээнд нь хагас зуун жил болсон энэ улс төрийн хүчний өмнө Үндсэн хуулиа өөрчлөх том хариуцлага ирж байна. Ухаан, туршлага гээд бүх хүчээ дайчилж үндэсний эв нэгдэл, үзэл санааг нэгтгэсэн тийм томоохон нэгдсэн ойлголтод хүрч, Үндсэн хуулиа өөрчлөх ажлыг хийх нь зөв гэж боддог. Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбогдуулж засаглалын эрхийн асуудлаар хүмүүс нэлээд зүйл ярьж, санаа оноогоо илэрхийлж байна. Үндсэн хууль баталж байх үед парламентын засаглалтай болно гэсэн хуулийн төсөл орж ирсэн. Түүн дотор Ерөнхийлөгчийн засаглалтай байх ёстой гэсэн депутатуудын бүхэл бүтэн бие даасан бүлэг байсан. Энэ маш том асуудал болж хэлэлцүүлэг, олон зөвшилцөл хийсэн. Тэр зөвшилцлийн нэг парламентын засаглалтай оронд Ерөнхийлөгчийг сонгох тухай асуудал гарч ирсэн. Олон улсын парламентын засаглалтай орнуудын хүлээн зөвшөөрч шийдэж ирсэн түгээмэл хандлагаас арай жаахан өөрөөр шийдсэн Үндсэн хууль баталсан. Парламентын гишүүд болон Ерөнхийлөгчөө ард түмнээрээ сонгодог болсон. Бүгдээрээ ард түмнээс эх үүсвэртэй болсон юм. Гэхдээ надад өөрчлөлт оруулах талаар бодож явдаг нэг зүйл бий.

 

-Энэ тухайгаа бидэнтэй хуваалцаж, тодруулна уу?

 

-Монгол Улс хоёр танхимтай парламенттай байх ёстой гэж боддог. Ер нь дэлхийн хөгжсөн орнуудын туршлагыг харахад хоёр танхимтай парламенттай байдаг. Дээд танхимд тухайн улс орны хөгжлийн болон урт хугацааны үндэсний зөвшилцөл хийсэн шинэ бодлогуудыг шийдвэрлэдэг. Тухайлбал, тухайн улс орон тогтвортой хөгжих бодлогыг тодорхойлдог байх хэрэгтэй юм. Өнөөдөр Монголд хөгжлийн алс хэтийн бодлогоо үндэсний зөвшлийн аргаар тодорхойлоод хэрэгжүүлж байна уу. Миний мэдэж байгаагаар гурван бодлого баталсан. Биднийг УИХ-д байхад “Үндэсний хөгжлийн үзэл баримтлал”-ыг Ч.Улаан гишүүн Үндэсний хөгжлийн газрын дарга байхдаа оруулж ирж батлуулсан. Дараа нь 1996-2000 онд АН эрх барьж байхдаа “Тогтвортой хөгжлийн бодлого”-ыг баталсан. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан хөгжлийн бодлого”-ыг боловсруулах ажлыг зохион байгуулж УИХ-аар батлуулсан. Энэ бүхнийг эргэн харж байгаа улс төрийн хүчин, улс төрийн зүтгэлтэн байна уу. Тиймээс Монголын төр, олон нийт урт хугацааны үндэсний хөгжлийн бодлогоо тодорхойлж, бий болгох ёстой. Нөгөө талаас энэ нь бас Үндсэн хуульдаа сууж, баталгаажсан байх учиртай.

 

-Тэгвэл таны бодлоор Монгол Улсын хөгжлийн хурдыг түргэсгэхэд хамгийн сайн нөлөөлж чадах зүйл юу вэ?

 

-ХХ зуунд Монгол Улс дөрвөн Үндсэн хууль баталсан. 1924 онд баталсан Үндсэн хууль Бүгд найрамдах, Үндсэн хуульт улсыг байгуулах, 1940 оны Үндсэн хууль капиталист биш хөгжлийн замыг сонгож хөгжих, 1960 оны Үндсэн хууль социализмын материал, техникийн бааз байгуулах явдлыг хөгжлийн алсын хараа болгон тодорхойлж байлаа. Харин 1990 оны Үндсэн хуулиар хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм байгуулна гэж зорьсон. Гэхдээ эдгээр нь яг бодитойгоор хэрэгжиж байна уу гэдэг өөр асуудал. Тиймээс хоёр парламенттай болъё гэхээр зарим хүн гайхдаг. Би бол үүнийг гурван зүйлийн үндсэн дээр болно гэж боддог. Нэгдүгээрт, дээд танхим нь орон тооны бус. Жилд нэг удаа хуралддаг өөрөөр хэлбэл дээд танхим маягийн байхгүй юу. Монгол Улсын хөгжлийн хамгийн том асуудлыг шийддэг байх, тухайлбал, төсвийн асуудал байна. Дээр нь хөгжлийн том бодлогын асуудал орно. Томоохон үндэсний зөвшилцөл хийх, тэр зүйл нь дээд хурлаар батлагдаж байх учиртай. Өөрөөр хэлбэл, хот, аймаг, сумын төлөөлөл тэр танхимд суудаг байх нь чухал. Депутат энэ тэр гээд тэднийг юу гэж ч нэрлэж болно. Харин байнгын парламент бүх хуулиа боловсруулдаг, төрийнхөө ордонд сууж бүх зүйлээ хийдэг байх ёстой. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга гурав буухаар манайхан хатуухан хэлэхэд “гудамжинд” хаячихдаг. Харин бусад оронд төр өөрчлөгдөхөөр тэр хүмүүс дээд танхимдаа ороод суулгачихдаг. Тэд өмнө нь явуулж байсан бодлогуудынхаа залгамж чанарыг хадгалах, ойлгуулах, сурталчлах тэр бүх ажлаа дээд танхимдаа үргэлжлүүлэн хийдэг. Англи, Япон зэрэг оронд ийм туршлага бий.

 

-Хэрэв парламентын дээд танхимтай болчихвол та орж суух уу?

 

-Тэр ч юу юм бэ. /инээв/. Туршлагатай парламентчид, бодлогын залгамж холбоог хадгалах нэг арга нь юм. Гадаадад тэр дээд танхимд хамгийн туршлагатай хүмүүс сууж, санал бодлоо хэлдэг. Мөнгө нэхдэггүй. Зарим хүн олон даргатай байхад энэ юу вэ гэж эсэргүүцдэг. Тэгэхээр нь би “Өргөн уудам нутагт бэлчээрийн аж ахуй эрхэлсэн манай орны нөхцөлд төрийн нэгдмэл нэг бодлого, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхэд асар том үүрэг гүйцэтгэнэ. Залуу улстөрч, төрийн зүтгэлтнүүдийг бэлтгэхэд энэ дээд танхим их үүрэг гүйцэтгэнэ” гэдэг юм.

 

-Монголын төрд туршлагатай хүмүүс мэдээж ус, агаар шиг их хэрэгтэй санагддаг. Үндсэн хуулийн өөрчлөлтөд өөр нэн түрүүнд тусгаасай гэсэн ямар санал байна вэ?

 

-Үндсэн хуульд оруулаасай гэж бодож байгаа зүйл гэвэл төрийн албыг тогтвортой баталгаатай болгох хэрэгтэй. Дэлхийн хамгийн хөгжсөн гэж байгаа орнуудад төрийн алба нь тогтвортой байдаг. Төрийн албан хаагч нь бүх насаараа ажиллаж, амьдрал нь баталгаатай байх жишээтэй. Улс төр болон ийм, тийм гэж санаа зовох зүйл байхгүй. Төдөн жил ажиллавал, таны цалин ингэж нэмэгдэнэ. Тэр бүү хэл, өндөр хөгжсөн олон оронд төрийн албан хаагч болох нэг чухал шалгуур үзүүлэлт нь төрийн албан хаагчийн гэр бүлд төрж, өссөн байх явдал байдаг жишиг байна. Энэ бол том шалгуур. Төрийн албаны үе дамжсан ажилтан бий болгоход чухал нөлөөтэй. Яагаад гэвэл миний бодлоор Монголд үүнийг хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ бол төрийн өөрийнх нь чадавх, бодлогын залгамж чанарыг хадгалахад нөлөө үзүүлнэ.

 

-Ингэхэд та Үндсэн хууль батлалцсан хүмүүстэйгээ хэр ойр байдаг вэ. Ялангуяа бүсгүйчүүдтэйгээ. Ойрд тэдэнтэйгээ уулзалдав уу?

 

-Үндсэн хууль баталсны 20 жилийн ойгоор нэг уулзалдсан. Эмэгтэй есөн депутатын тав нь хүний их эмчийн мэрэгжилтэй байсан юм. Одоо Ховдод ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын хүний гавьяат эмч Даваабал, Дундговьд байгаа Монгол Улсын хүний гавьяат эмч Жагаа нартайгаа л холбоотой байна даа. Манай Жагаа, АИХ-ын орлогч дарга хийж байсан. Ер нь тэднийхээ тухай номдоо байнга дурсч бичдэг дээ.

 

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд орон нутгаас хот руу шилжиж ирэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай захирамж гаргасан. Шилжин суурьших нь Үндсэн хуульд заасан хүний эрхийн асуудал боловч нийслэлийн утаа гамшгийн хэмжээнд хүрсэнтэй холбогдуулж ийнхүү шийдвэрлэсэн. Эл захирамж болон шилжилт хөдөлгөөний талаар ямар бодолтой явна вэ?

 

-Энэ мэдээж хүний эрхийн асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ хотод суурьшил их бий болж, хөдөө орон нутаг эзгүйрсэн. Хамгийн гол нь төрийн тодорхой бодлогоор тухайн хүний эрх ашиг, улс орны эрх ашгийг эн тэнцүү авч явах учиртай. Шилжилт хөдөлгөөн гэснээс би гадаад паспорт өвөртлөөд харийн оронд олон мянган залуучуудаа явуулж хүний эрхийг хангаж байна гэсэн бодлоготой бүрэн санаа нийлдэггүй. Эрүүл, боловсролтой, нөхөн үржихүйн насны хэчнээн залуусаа гадаадад очиж хар ажил хийхийг дэмжээд байна вэ. Тэдний оюунд нь оруулсан хөрөнгө нь үнэгүйдэж, бүтээн босгосон амьдрал, гэр бүл нь хэврэгшиж байна. Тэр хүмүүс гаднын соёлын нөлөөлөлд автаж, үр хүүхэд нь монгол хүний дархлаа султай болж байна. Тэгэхээр энэ бид бүхний дахин бодох асуудал мөн үү гэвэл бас мөн. Манай хүн ам 30, 300 сая биш. Монголчууд ердөө гуравхан саяулаа. Тэгэхээр өнөөдөр Монголд амьдарч байгаа бүх хүн орших, эс оршихуйн тухай асуудлыг ярих хэрэгтэй. Үндэсний эрхэм эрх ашгаа дээдэлж явах учиртай. Зуу зуун, мянга мянган жилийн түүхтэй энэ Монгол эх орон, монгол төрийн өмнө үүрэг хүлээж байгаа XXI зууны иргэд бид Монгол орны оршин байх аюулгүй байдал, монгол дархлаатай, монгол бахархалтай монгол хүний тухай бодож төрийн бодлогоо түшээд чамбайруулж, гэр бүлийн удам судраа дээдэлж, өвгөдийнхөө яс өндөлзүүлэхгүй амьдрах, үр ачаа хүн болгон төлөвшүүлэх иргэний үүргээ биелүүлэхэд их анхаарал тавих түүхэн цаг ирээд байгаа юм биш үү.

 

-Саяхан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталсан. Та гэр бүлийн сайн сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүний хувьд хуулийн талаар юу хэлэх вэ?

 

-Монгол гэр бүлийн хөгжил төрийн бодлогын төвд байх ёстой, хамгийн том асуудал. Одоо дэлхий ямар хандлагатай болсон гэхээр нийгмийн бүх асуудлыг гэр бүлд төвлөрүүлэн явуулж байна. Гэр бүлийн хамтын амьдралыг дэмжиж, нийгмийн хамгааллыг нь баталгаажуулж өгсөөр байгаа. Улс үндэстний дэвшил, соёл, уламжлал дараа үед өвлөгдөх тэр том соёлыг тэнд хадгалж байна. Үүнд төрийнх нь том бодлого явж байна. Мөн тэд гэр бүлийн хамтын амьдралыг дэмжиж, тусгай бодлого хөтөлбөр хэрэгжүүлдэг. Эрдэмтэд Монголд гэр бүлийн задрал явж байна гэсэн дүгнэлт хийдэг. Үнэхээр ч таван гэр бүл тутмын нэг нь өрөөсгөл болж үнэмлэхүй дийлэнхийг эмэгтэйчүүд толгойлж байна. Гадаадад хоёр жилээс дээш ажиллахаар явж байгаа гэр бүлтэй залуучуудын 30 орчим хувь нь салж байна Нөгөөтэйгүүр манайхан гэр бүл гэхээр үр дагавар биш үзэгдэлтэй нь тэмцээд байх болжээ. Арга хэмжээ авч байгааг би буруу гэж байгаа юм биш. Арга хэмжээ авах ёстой. Гол сөрөг үзэгдлийг бий болгож байгаа үндсэн асуудал руу нь төрийн бодлого орж шийдэх ёстой. Үндэсний эрх ашиг гэж юуг хэлдэг юм бэ. Өнөөдөр эзэн Чингисийн үр сад гээд хөөрөөд байгаа улс дараа үедээ энэ гал голомтыг яаж хүлээлгэж өгөх вэ. Энэ бас л бидний сэтгэл зовоосон асуудлын нэг. Үндсэн хуулийн өөрчлөлт хийхэд энэ талаар эрх биш үндэсний эрх ашгийн үүднээс бодож үзэх ёстой гэж би боддог доо.

 

-Та гэр бүл гэж олон жил ярьж байна. Тэгээд ч таны тэргүүлдэг “Гал голомт” төрийн бус байгууллага 20 жил гэр бүлийн асуудлаар ажиллаж байгаа. Монгол Улсын төрөөс хамгийн түрүүнд энэ чиглэлээр ямар асуудал шийдээсэй гэж хүсч байна вэ?

 

-Бид олон жил төрийн өндөрлөгүүдэд тавьж байгаа Гэр бүлийн асуудал хариуцсан төрийн мэргэшсэн тогтолцоог бие даалган Засгийн газраас сум, дүүрэг хүртэл буй болгож ажиллуулах, төрийн аливаа шийдвэр, эрх зүйн орчинг бүрдүүлэхдээ гэр бүл, түүний хамтын амьдралд ямар эерэг, сөрөг үр дагавар үзүүлж болоход үнэлгээ дүгнэлт өгч холбогдох зохицуулалтыг хийдэг болох, гэр бүлийн боловсрол тасралтгүй олгох албан ба албан бус сургалтын болон мэдээллийн орон зайг ашиглах тогтвортой эрх зүй, үйл ажиллагааны орчинг буй болгох, нүүдэлчний соёлын дэвшилт уламжлалыг хойч үедээ өртөөлүүлэх бодлого тодорхойлж хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулахыг санал болгож байна.

 

Б.Даариймаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Hujaa (59.153.112.221)

    2017-01-14

    Hetsuu baisiin bol bolchihooch dee bi garch bgad hogjuuleed ogii