Үндсэн хуулийн ойн барилдаанд Э.Даш түрүүллээ

 

        Ардчилсан шинэ үндсэн хуулиа баталсaны түүхт 25 жилийн ойн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө боллоо. Барилдаанд у.а Н.Батсуурь, у.з Б.Пүрэвсайхан, у.х Ш.Уламбаяр, А.Цацабшир, Т.Баасанхүү, Ж.Амартүвшин, Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий нар магнайлан у.ар -1, у.з -1, у.х -6, у.н 26, а.ц.а -60, а.ц.з -19, а.ц.х -42, а.ц.н 69 бөх оролцон барилдсанаас Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат Зэвсэгт хүчний Алдар спорт хороо Түшээтханы аварга дэвжээний бөх улсын начин Э.Даш 8 даван түрүүлж,Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харъяат,Хутагтын хүчтэн дэвжээний бөх улсын харцага А.Цацабшир үзүүрлэлээ.

Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат,Сүлд спорт хороо,Увс нуур дэвжээний бөх улсын харцага Н.Жаргалбаяр,Говь-Алтай аймгийн Цогт сумын харъяат,Хилчин спорт хороо,Хантайшир дэвжээний бөх өсөх идэр начин Л.Цэрэнтогтох нар шалгарлаа.

 

Дунд шөвгийн наймд а.х.а Ш.Мөнгөнбаатар, Б.Эрдэнэхүү, а.з Б.Түмэндэмбэрэл нар үлдэв. А.з Б.Түмэндэмбэрэл сайхан барилдаж, зүүн барууны магнай арслан, заан хоёрыг дараалан шороодуулав. Гурав дээр начин Ч.Ганзориг, дөрөвт арслан Батсуурь хоёрыг хагалж татаад, тав дээр заан Пүрэвсайханыг хавирахад нь давхар шуудагнаас түрж хөөн давж, зургаад Даш начинтай тунаж барилдан өвдөг шороодсон юм.

 

Гурвын даваанд шинэхэн харцага Баасанхүү, Бат-Өлзий нар амалж авсан бөхчүүддээ тахим буулгав. Хөвсгөл аймгийн арслан Сандагдорж Баасанхүү харцагыг сугадсан барьцнаас хавирахад нь сөрж дайраад гэдрэг нь дарчихав. Бат-Өлзий харцага Өвөрхангайн а.з Батсайханы хөлд орсон боловч өөрөө өвдөг шороодсон юм. Батсайхан заан дараагийн даваанд Пүрэвсайхан заантай бас л сайн үзсэн боловч барьц сонгуулан унасан билээ.

 

Мөн гурвын даваанд Пүрэвсайхан харцага, Эрдэнэхүү арслан хоёрын давуулж гуядах мэх тун чиг даацтай байв.

 

Өсөх идэр начин Цэрэнтогтох энэ даваанд Тогтохбаяр начныг амалсан агаад талбай дээр тэд маргалдаж, мөргөлдөж үзэгчдийн дургүйг багагүй хүргээд авсан.  Хөлийн цэц хоёуланд нь сануулга өгснөөр барилдаан үргэлжилж, Цэрэнтогтох начин давлаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)