П.Нямлхагва: 3 цагийн турш шүлгээ уншсан анхны яруу найрагч нь би

 

        Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч П.Нямлхагватай ярилцлаа. Тэрээр энэ сарын 19-нд “Машид тунгалаг” яруу найргийн тоглолтоо Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулах гэж байгаа юм.

 

-Юун өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Тоглолтондоо чухам яагаад ийм нэр өгөх болсон бэ?

 

-Гол утга учир нь хүмүүний сэтгэлийг гэрэл гэгээнд урих, ариусалд урих. Өөрөөр хэлбэл хүмүүс маань сэтгэлээрээ ариун байх, хүмүүний сэтгэл тунгалаг байхын гол утга учир нь яруу найраг юм. Тэгэхээр хүмүүсийг хиргүй тунгалаг сэтгэлтэй, ариун байхад уриалж байгаа тоглолт юм л даа. Тиймээс ирж буцах хүмүүсийн сэтгэлийг хиргүй тунгалаг болгоосой гэж “Машид тунгалаг” гэдэг нэр өгсөн.

 

-Та өмнө нь бас хэд хэдэн тоглолт хийж байсан.?

 

-Энэ тоглолт бол миний дөрөв дэх удаагийн тоглолт. Анх шүлгийг нь бичсэн дууг дуучид маань дуулаад, би шүлгээ уншаад 2008 онд тоглолтоо хийж байлаа. Сайхан тоглолт болсон. Тэр олон сайхан дуучдын хоолойн чадал, ур, хөгжмийн зохиолчдын тэр гайхамшигтай аялгуунууд миний шүлгүүдтэй нийлэн хоршоод их гайхамшигтай тоглолт болж байлаа. Харин дараа ягаад дан яруу найргийн бүтээлээрээ тоглолт хийж болохгүй юм бэ гэсэн санааг олсон. Хөгжмийн зохиолчид дан хөгжмийн бүтээлээрээ, дуучид дуулсан дуугаараа гээд тоглолт хийдэг. Тэгээд дан яруу найргаараа 2012 онд Монгол бөхийн өргөөнд тоглолт хийж байлаа. Гэтэл заал танхим нь зориулалтын биш учраас шүлэг бол тэнд их зохимж муутай юм билээ. Үг цуурайтаад үзэгч сонсогчидод яг юу хэлж байгаа нь сайн сонсогдохгүй зэрэг асуудал байсан учраас дараагийн цэнгүүнээ Тусгаар тогтнолын ордонд 2014 онд хийсэн. Энэ тоглолт маань маш гоё болсон. Тиймээс ч энэ удаагийн тоглолтоо Тусгаар тогтнолын ордонд хийхээр болсон.

 

-Тэгэхээр таны цэнгүүнд дан яруу найраг уншигдана гэж ойлгож болох уу?

 

-Тийм. Гэхдээ энэ удаагийн тоглолтын гол онцлог нь МҮОНРТ-ийн алдартай нэвтрүүлэгч нар миний шүлгийг уншина. Нэвтрүүлэгч Бямбацогт, Ичинхорлоо, Гантигмаа, Ганбаатар, Алтанбагана, Цовоо гэсэн эрхэм сайхан хүмүүс оролцох юм. Мэдээж бий шүлгээ уншина. Мөн Хөгжим бүжгийн 50 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний найрал хөгжимийнхөн бүтэн 2 цаг 30 минутын турш хөгжимдөнө.

 

-Тэгэхээр таны энэ удаагийн тоглолтонд нэг ч дуу дуулагдахгүй гэж ойлгож болох нь ээ?

 

-Болно. Гэхдээ дуучид болно ирнэ л дээ. Харин энэ удаад тэд тайзан дээр биш үзэгчдийн дунд суугаад тоглолтыг маань үзэх юм. Миний дотны найз нөхөд, олон сайхан алдартай дуучид ирнэ.

 

-Дан яруу найргийн бүтээлээр тоглолт хийх ер нь амаргүй байх, тийм үү?

 

-Би 2012 онд дан яруу найргаараа бүтэн гурван цагийн турш ганцаараа шүлгээ уншаад дан шүлгийн тоглолтыг Монголд анх би хийсэн юм. 2012 онд гурван мянган хүнийг шүлэг уншихаар уйдаад гараад явчих болов уу гэж бодсон. Гэтэл тоглолт дуусчихаад байхад л үзэгчид суугаад байсан л даа. 2014 оны тоглолтон дээр ч бас ингэсэн. Харин энэ удаад миний анхны тоглолт биш учраас би итгэлтэй байгаа. Ер нь Монголд ийм тоглолтыг олон хийгээч гэж яруу найрагчидаа би уриалдаг.

 

-Тэгэхээр энэ цаг үед хүмүүс яруу найргийг их хүлээдэг байх нь ээ?

 

-Тэгэлгүй яахав. Их тийм электрон хөгжмийн эрин үед амьдарч байна. Энэ нүргээнт байдлаас уйдчихсан, нэг их тийм сайхан намуухан, уянга яруугийн сайхныг мэдэрч суух тийм хүслээр цангачихсан байдаг юм билээ. Яахав “Хулангийн үдэш” ч гэдэг юм уу тиймэрхүү тоглолтууд болж байсан. Гэтэл түүн дээр нь олон яруу найрагчид урилгаар очиж шүлгээ уншицгаадаг. Эцэстээ яг л “Болор цом” шиг юм болдог юм. Харин би бол Монголд 3 цаг дан өөрийнхөө шүлгийг уншсан анхны хүн. Дахиад хэлэхэд үзэгчдээ уйдаахгүй гурван цаг яруу найргаа унших шүлэгтээ байна гэдэг яруу найрагч хүнд тийм амар юм биш.  

 

-Тоглолтын тасалбарын үнэ хэд вэ? Хаагуур зарж байгаа вэ?

 

-20000 төгрөгөөр зарж байгаа. Тусгаар тогтнолын ордон маань үүдэндээ зардаг газаргүй юм билээ. Уг нь ч суугаад зарвал болох л байх л даа. Гэхдээ цахим сүлжээ гэж нэг сайхан юм байна. Би л гэхэд 4000 найзтай байх жишээтэй. Тэгээд ч тоглолтын маань заал 700 хүний багтаамжтай болохоор ер нь дуусах тийшээ хандаж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)