Хоногийн хоолны “БАРЬЦААТАЙ” ухаалаг үнэмлэхийн үнэ цэнэ

 

        Ухаалаг!!! Ийм тодотголтой зүйлийг он гөрсөн жилүүдэд манайхан нэлээд олныг нэвтрүүлжээ. Тодруулбал, ухаалаг автобус, ухаалаг гар утас, ухаалаг будаа агшаагч, ухаалаг карт, иргэний ухаалаг үнэмлэх гэх мэт. Товчхондоо, бидний эдэлж, хэрэглэж буй бүхий л зүйл энгийнээс ухаалаг руу шилжсэн гэхэд болно. Тэдгээр бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн дийлэнх нь ухаалаг гэдгээ олонд харуулаад байгаа юм. Харин дээр дурдсан зүйлүүдээс ганцхан нь ухаалаг гэдгээ өнөөдрийг хүртэл баталж чадаагүй. Тэр бол иргэний ухаалаг цахим үнэмлэх. Хэр зэрэг ухаалаг гэдгийг нь мэдэхгүй ч өнгө зүсний хувьд өмнөхөөсөө арай дээрдсэн шар өнгийн чиптэй цахим үнэмлэх хүн бүрийн түрийвчинд бий. Түүнийг одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2012 онд ухаалаг цахим үнэмлэх нэртэйгээр иргэдэд олгосон. Гэтэл бид өдий хүртэлх хугацаанд иргэний үнэмлэхнийхээ ухаалаг ид шидийг үзэж мэдрээгүй л явна. Тиймээс тухайн үед юу болсныг эргээд товчхон сануулъя.

 

Иргэний шинэчилсэн бүртгэлийн нээлт 2010 оны долоодугаар сарын 5-нд болж, нийт иргэнийхээ 90 гаруй хувийг шинэчлэн бүртгэсэн юм. Ингэхдээ хурууны хээнээс эхлээд гэр бүлийн байдал, хүүхдийн тоо, боловсрол, амьдардаг газар, хаяг, төрсөн он сар өдөр гэх зэргээр тухайн хүнтэй холбоотой олон мэдээллийг авч байсан. Үүнээс хоёр жилийн дараа буюу 2012 оны гуравдугаар сараас иргэний шинэчилсэн бүртгэлд суурилсан ухаалаг үнэмлэх олгох ажлыг эхлүүлж билээ. Тухайн үед цэнхэр өнгийн хуучин үнэмлэхээ цоо шинэ, ухаалаг гэсэн тодотголтой цахим үнэмлэхээр сольж авсан. Энэхүү ухаалаг үнэмлэх нь маш өндөр нууцлалтайгаас гадна тусгайлан суулгасан чип нь хурууны хээ болон тухайн иргэнтэй холбоотой бусад мэдээллийн санг агуулсан байна гэж тодорхойлж байв. Түүнчлэн цахим үнэмлэхтэй болсноор төрийн байгууллага, аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллагууд чиптэй үнэмлэхийг нь уншуулаад мэдээллийн санг нь харах боломжтой болсноор хорооны Засаг даргын тодорхойлолтоос, нотариат дамжин цаасан дунд хөглөрөхөө болих талаар ч дурдаж байв. Харамсалтай нь, энэхүү сайхан амлалт зуун хувь биелж, хөрсөн дээр буусангүй. Харин ч сүүлдээ бүр иргэний үнэмлэх иргэдийн дунд үнэгүйдэх болсон. Тодруулбал, “...овогтой...-ний иргэний үнэмлэхийг олсон хүн байвал холбоо барина уу” гэх мэтээр хаясан, гээсэн тухай зарууд хаа сайгүй байх. Үүгээр ч зогсохгүй иргэд иргэний үнэмлэхээ ломбарданд тавьдаг, хоногийн хоолоо зээлээр авахад дэлгүүрт барьцаа болгож үлдээдэг, зарим нь ганц шил архиар сольж байх жишээтэй. Сольж гэдгийн утга нь тэд иргэний үнэмлэхний шаардлага гарвал хурууны хээгээ уншуулж, мэдээллийнхээ лавлагааг авч ажлаа бүтээчихээд хэдэн сар, жилээр биеийн байцаалтгүй явдаг гэсэн үг. Түүнчлэн хаясан, гээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд олдохгүй бол дахин шинээр авах захиалга өгчихдөг байна. Ингэсэн атлаа иргэний үнэмлэхээ авахгүй мөн л хэдэн сар, жил болох нь энүүхэнд. Энэ нь тухайн хүнийг Монгол Улсын иргэн гэдгийг нь нотлох цорын ганц баримт ямар ч үнэ цэнэгүй байгааг илтгэж буй үйлдэл юм.

 

Мэдээллийн лавлах 1950 утсанд өдөрт 50 гаруй иргэн бичиг, баримтаа гээсэн талаараа бүртгүүлдэг байна. Тус газарт өнөөдрийн байдлаар 20 мянга гаруй бичиг баримт олдсон гэж бүртгэгдсэн аж. Үүнийг иргэдийн хэнэггүй, хариуцлагагүй байдал гэж хэлж болно. Үүнээс гадна тухайн үеийн төр, засгийн ухаалаг бус үйлдэл ч гэж тодотгож болох юм. Товчхондоо, дэлхийн жишигт нийцүүлэн ухаалаг систем рүү шилжих нэрийн дор юу юунаас илүү үнэ цэнэтэй, чухал байх ёстой зарим зүйлийг үнэгүйдүүлж байж болох.

 

Бидний халаасанд байгаа цахим үнэмлэх дотор дараах мэдээллийг багтаасан байдаг. Ургийн овог, эцэг эхийн болон өөрийн нэр, он сар өдөр, хүйс, регистрийн дугаар, олгосон байгууллагын нэр болон он сар өдөр, хүчинтэй хугацаа, оршин суугаа хаяг ил харагдана. Харин далд буюу өнөөх чипэнд хурууны хээ, гарын үсэг, иргэний бүртгэлийн болон үнэмлэхийн дугаар гэх мэт нууцлалтай мэдээллүүд байгаа гэдэг. Гэвч эдгээр мэдээлэл ухаалаг нэрэндээ тохирохгүй байгаа юм. Хурууны хээг эс тооцвол бусад мэдээлэл нь энгийн нэг супермаркетын бонусын картанд хадгалаастай байдаг. Хэдийгээр ТҮЦ машин гээчийг байрлуулж, иргэний бүртгэлийн лавлагаануудыг авч байгаа ч энэ нь хангалттай бус. Мөн шилжилт хөдөлгөөнийг иргэний ухаалаг, цахим үнэмлэхээр зохицуулна гэж байсан боловч өнөөдрийг хүртэл нарийн цаас хавсаргаастай явна. Учир нь, шилжилт хөдөлгөөнийг үнэмлэх дээрх чипэнд шивдэг болсон талаар тухайн үед ярьж байсан ч асуудалтай хэвээр л байна. Оршин суугаа харьяаллаасаа хасалт хийлгэж, шинээр очиж буй газартаа бүртгүүлэхдээ нарийн цаасан дээр тодорхойлолт бичүүлж, түүнийгээ ухаалаг иргэний үнэмлэхтэйгээ хамт авч явах шаардлага байсаар байна. Уг нь энэ мэт наад захын мэдээллийг ухаалаг үнэмлэхэд багтааж болмоор санагдах юм. Ядаж ингэж байж л ухаалаг гэдэг шинж нь бага ч болов илрэх бус уу. Улсын төсвөөс багагүй буюу 10.1 тэрбум төгрөгийг зарцуулсан иргэний ухаалаг үнэмлэхийн утга учир хаана оршиж байна вэ. Олон улсын жишигт нийцүүлэн орчин үеийн техник технологийг нэвтрүүлж буй нэрийдлээр иргэний үнэмлэх улам бүр үнэ цэнээ алдаж байгаа нь харамсалтай. Иргэний цахим үнэмлэхийг хэзээ бид ухаалаг байдлаар нь ашигладаг болох талаар ОӨУБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.ЭНХЦЭЦЭГЭЭС тодрууллаа.

 

ЧИПЭНД МЭДЭЭЛЭЛ НЭМЖ ОРУУЛАХ БОЛОМЖТОЙ

 

-2012 оноос иргэний үнэмлэхийг шинэчилж ухаалаг болгосон. Иргэний ухаалаг үнэмлэхийн утга, учир нь юундаа байна вэ?

 

-Технологийн хувьд нууцлал өндөртэй. Мөн бичил санах ойтой. Санах ойд тухайн иргэний овог, нэр, нас, хүйс, анх үнэмлэх авч байсан үеийнх нь гэрийн хаяг, иргэний тоон зураг, хурууны хээ агуулагдаж байгаа. Цахим үнэмлэхийг иргэдэд үйлчлэх, төрийн болон нийтлэг үйлчилгээний банк санхүүгийн байгууллагууд бүртгэлийн үйл ажиллагаандаа хэрэглэж байна. Тухайн байгууллага бүртгэлдээ иргэний үнэмлэх дэх мэдээллийг татаж авч иргэнд төр, нийтийн үйлчилгээг үзүүлснээр цаг хэмнэх, тухайн байгууллагын мэдээллийн санд иргэний мэдээлэл үнэн, зөв орох үндэс болдог давуу талтай.

 

-Анх дээр дурдсанаас илүү олон мэдээллийг багтаах боломжтой талаар ярьж байсан. Гэтэл одоо бидэнд байгаа иргэний үнэмлэхэд энгийн хэрнээ цөөхөн мэдээлэл багтсан байдаг. Энэ нь юутай холбоотой вэ?

 

-Нэгдүгээрт, тухайн үед санах ойд ийм тийм мэдээллийг оруулна гэсэн журам гараагүй. Хоёрдугаарт, оруулсан байгаа мэдээллийг энгийн мэдээлэл гэж үзэж болохгүй. Яагаад гэхээр ямар ч байгууллага өөрийн мэдээллийн сантай. Тэдгээрийг иргэний регистрийн дугаар, овог нэрээр хайлт хийж илрүүлдэг. Гараар бичсэн тохиолдолд энэ мэдээлэл алдаатай орох магадлал өндөр учир ухаалаг үнэмлэхийн давуу тал олон байна. Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Иргэний бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ хуулийг баталбал иргэний үнэмлэхийн чипэнд мэдээлэл нэмж оруулах эрх зүйн орчин бий болно.

 

-Тодруулбал?

 

-Иргэний тоон гарын үсэг болон шилжин явж буй хүмүүсийн хаягийн мэдээллийг оруулж болно. Мөн Засгийн газраас иргэний үнэмлэхийн санах ойд ийм мэдээллийг оруулах хэрэгтэй гэж тогтоовол ямар ч мэдээллийг нэмж оруулах бүрэн боломжтой.

 

-Жилд хэчнээн иргэн үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн шалтгаанаар дахин захиалан авдаг бэ?

 

-Өнгөрсөн онд нийт 245009 хүн иргэний үнэмлэх дахин захиалж авчээ. Үүний 83900 нь үнэмлэхээ хаяж, гээгдүүлээд дахин захиалсан.

 

С.Юмсүрэн

Монголын үнэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • 000 (202.179.26.140)

    2017-01-17

    irgediin bichig barimtiig baritsaalj mungi huuldeg humuusiig huul, hinaltiinhan anhaaraldaa avah tsag bolson shyy

  • (103.212.119.86)

    2017-01-16

    ГЭР ХОРООЛЛЫН АЙЛУУД ЧИНЬ БҮХ ЮМ АА БАРИЦАНД ТАВИДАГ ШҮҮ