Олдохын талын хүү

 

        Цэнхэртэх хөх огторгуйн дор галын дөл бадамлуулж, сэтгэлийн цалгиа дэлгэн анд нөхөдтэйгээ инээж суух нь хүн зоны их хувь тавилангийн нэг юм.” Шинэ мянган” гэх тодотголтой нэгэн үеийн сайхан яруу найрагч анд нартайгаа уран бүтээлийн дөрөө харшуулж он цагийг туулан хатирах минь ч аз юм. Өнөөдрөөс өмнөх цаг үеийг эргэн дурсахад  бид хэн нэгнийхээ өмнөөс шаналах, баярлах сэтгэлтэй нөхөрлөлийн ган гинжээр холбогдож бас бие биеийнхээ уран бүтээлд шунан дурлаж өлгийдөж авсан шинэхэн номон дээр нь сэтгэлийн тарни мэт үнэт үг бичүүлэн гарын үсэг зуруулж авчихаад навсайтал унших минь найз нөхдөө хайрласандаа биш хийж туурвисан бүтээлд нь шунан дурласаных болов уу. Яг одоо ч би Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагвын “Машид тунгалаг” номыг навсайтал илээж сууна. Энэ бол бидний л мөн чанар юм. Ээжийгээ хайрлах, эх орноо хайрлах, эрт үеийнхээ түүх сударыг дэлгэн цэцэн мэргэдийн үгийг иш татсан энэ бүтээл машид тунгалаг болоод л цаасаа илээж булангаа  хуйларуулж буй юм. Дундговь аймгийн Хулд сум хувьтай юм. Ийм хийморьтой хүүг хорвоод тосч авдаг. Олдохын талаа олж төрсөн П.Нямлхагва ч азтай юм. “Машид тунгалаг” бүхнийг нутаг орноосоо бодол, ухаантайгаа сүлж түүсэн. Энэ залуугийн шүлгийг уншихаар нэг л их бардамнамаар болдог. 2001 онд Дорно дахины гүн ухааны дээд сургууль /ДДГУДС/-ийг төгссөн философич, утга зохиол судлаач мэргэжилтэй. “Мөнгөн цом”, хайрын шүлгийн “Цагаан уул”, “Ижий говь”, “Эх орны дуулал” зэрэг 10-аад яруу найргийн наадмын цомын эзэн. “Арслан цагаан дарс”, “Зүүдэн бүрдийн аглаг”, “Алтан хагсуурга” зэрэг яруу найргийн номууд хэвлүүлсэн. “Талын шүлгүүд” шигээ нэгэн. Ижий аав, энэрэл хайрын тухай бүтээл голчилно. Мөн 100 орчим дуутай. Тэгэхээр хэн нэгний сэтгэл хөндүүрлэсэн үед аялагдахаар, баярлахад дуулагдахаар тийм сайхан дууны яруу найраг олонд хүргэж чадсан нэгэн. Үгээр хүнийг сэхээж, үхүүлж болно. Үг гэдэг өөрөөсөө ид шид, эрч хүчийг ялгаруулж чаддагаараа мэснээс иртэй. Тарни ч гэж хэлж болно. Тэгэхээр үгийн шидийг бүтээгч анд минь

 

Дэлээн шаширлуулж хүлэг морьдын эрвийтэл дэргэх нь
Сэтгэл зүрхэнд тийм тод тунгалаг эх орны минь
Дээр нь цэнхэрлэх бадрангуй хөх тэнгэрийн өнгөн зүгээс
Сэм сэмээр омог зоригийг минь хурцлан
Дэлхийн дайдыг хэнжүүлжээ
Мөнх тэнгэрийн хүчин доорхи
Хөтлөхүйн дээд хөх монгол минь ээ... гэж “Хөх монгол” шүлэгтээ зүгээр нэг хэлээгүй нь мэдээж. Сонихон, гоёхон үг хэллэгтэй, гайхам сайхан бүтээлтэй энэ залуу “Машид тунгалаг” сэтгэлтэйгээр удахгүй бидэнтэй алтан тайзан дээрээс уулзах гэж байна. Бүр тодруулбал энэ сарын 19-нд Тусгаар тогтнолын ордны их танхимд. Тэнд хуран чуулсан бүхэн гэрэл гэгээт ертөнцийг дахин мэдэрч дотоод мөн чанартаа аз жаргалаар сүлэгдэнэ гэдэгт итгэнэм. Тиймээс ч “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийнхэн нэгэн андынхаа уран бүтээлд халуун алга ташин хүндэтгэл үзүүлэх эрхэм хүмүүн таньд мэхийж мэхийх нь зүй биз ээ. Олдохын талаасаа оюун ухаан түүсэн энэ хүүгийн очир эрдэнийн тарнитай бүтээл улам дэлгэрэх болтугай.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • алдаа нуль (124.158.112.56)

    2017-01-16

    илээж гэж ямар монгол үг бна. дурласаных хуйларуулж таньд дурласаных гэх мэт алдаа нуль нуль Үүнийг бичигч лаг яруу нйарагч гээд бгаа бас