Г.Золжаргал: Кино урлагийг үзэгчгүй болгосон нь хошин шогийнхон юм

 

-ДЭЛХИЙ ДЭЭР ХУУЛЬГҮЙ КИНО ХИЙДЭГ ЦОРЫН ГАНЦ УЛС БАЙМААРГҮЙ БАЙНА-
 

 

        Монголын кино урлагийн хөгжил, өнөөгийн байдлын талаар Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.ЗОЛЖАРГАЛТАЙ ярилцлаа.

 

-Монголын тайз дэлгэцийн урлагт шүүмж судлалын хоосон орон зай их байна гэж ярьдаг. Та энэ салбарт олон жил ажиллаж байгаа уран бүтээлч хүний хувьд Монголын кино урлаг ямар төвшинд байна гэж үздэг вэ?

 

-СУИС-ийн багш, театр судлаач Н.Ганхуяг 1970, 1980-аад онд гарсан уран сайхны кинонуудад хийсэн шүүмжийг эмхэтгэн ном бичсэн. Монгол кино үйлдвэр 1970-аад оноос жилд наймаас есөн уран сайхны кино бүтээдэг байж. Тэдгээр кино болгонд шүүмж бичдэг байсан. Шүүмжлэгчид нь урлаг, театр судлаач болон сэтгүүлч, уран бүтээлчид. Тэд киноны сэдэв, сэдвийг хөндөж гаргасан байдал, найруулагчийн арга барил, найруулга, зураглаачийн ажил, жүжигчдийн тоглолт болон хөгжмийг яаж бичсэн судлагдахуунд тулгуурлан шүүмж бичдэг байлаа. Тухайн үед кино үзэл суртлын хүчтэй зэвсэг байсан учир нийгмийн зорилтыг яаж гаргасан, социалист аж төрөх болон хамтын хөдөлмөрийн үр шим, хүмүүсийн хувиа хичээсэн зан чанарыг хэрхэн гаргасныг бичдэг байсан. Тухайлбал, “Тань руу нүүж явна” кино үзэл суртал гэхээсээ илүү хүний мөн чанар, амьдралын тухай бүтээл. Хүний дотоод сэтгэлийг уудалсан ийм өгөөмөр зан чанар, давчуу бачуухан сэтгэл хоорондын зөрчлийг үзүүлэхийн тулд найруулагч, жүжигчин болон зураг авалтынхан яаж ажилласныг бичдэг байжээ. Өөрөөр хэлбэл, нэг киног бүтээсний дараа дараагийн бүтээл хийх хүмүүст тус болохоор зөвлөгөө, шүүмжүүд гардаг байсан. Ингэж 1990 оныг хүртэл шүүмж идэвхтэй хөгжиж байлаа. Тэдгээр шүүмж бичсэн хүмүүсийн дотор Бүх холбоотны кино урлагийн дээд сургуульд кино судлаачийн анги төгссөн нэг, хоёр хүн байсан. Дан киногоор мэргэшиж, шүүмж бичдэг хүн гэвэл Цолмон гуай, Галмандах гээд шүүмж судлалын анги төгссөн хүн байсан юм. Үүн дээр урлагийн томчууд санал сэтгэгдлээ хэлэх маягаар тухайн киноны талаарх шүүмжээ хэлж байсан нь дараа үеийнхэнд их тус болсон. Тэр үед бүтээлийг олон талаас нь хянаж гаргахаас гадна шүүмжилдэг байв. Жирийн үзэгч зураглаачийн ажил ямар болсныг хэлж чадахгүй. “Энэ кино сайхан болсон байна. Бидний санааг зовоож байсан сэдвийг хөнджээ” гэхээс хэтрэхгүй. Тэгэхээр мэргэжлийн шүүмж судлал хөгжсөн тэр үед оператор, хөгжмийн зохиолч, найруулагч ч ажлаа үнэлж, дүгнүүлж чаддаг байжээ. Ийм механизм хүчтэй ажиллаж байсан учраас бүтээл чанартай гарсан байгаа юм. Чанартай байсан учир өнөөдрийг хүртэл тухайн үеийн хэдэн киногоороо гол зогоогоод, үндэсний үнэт зүйл болчихсон байна. Одоо гарч байгаа кино хэзээ үндэсний баялаг, урлагийн үнэт бүтээл болох вэ гэхээр олон хүний оюун санаа шингэхээс гадна шүүлтүүр сайн, улам илүү тунгаасан үед болно. Үүний нэгэн адил шүүмж судлал хэдий чинээ хөгжинө төдий чинээ чанартай бүтээл төрнө.

 

-Киноны шүүмж хөгжиж байсан тухайн үед ганц найруулагч, жүжигчин бус бүхэл бүтэн багаараа ажлаа дүгнүүлдэг байжээ. Гэтэл одоо шүүмж гэхээр хэдхэн хүнийг л тойроод явах юм. Энэ хэр оновчтой зүйл вэ?

 

-Тийм л дээ. Одоо киноны талаар ярихаар нэг бол найруулагч эсвэл зохиолч, жүжигчний талаар ярьдаг. Кино бол хамтын бүтээл. Тэгвэл бусад нь яах вэ. Эдгээр хүмүүсийн уран бүтээл, чадвар хөгжиж байна уу, эсвэл хөгцөрч байгаа юу гэдгийг мэргэжлийн шүүмж судлаачид хэлэх ёстой. Тухайлбал, киноны хөгжмийн зохиол дээр дагнан ажиллаж байгаа хүний бүтээлийг шүүмжлэгч “Сайн, ахисан байна” гэвэл тэр нь тухайн хүний дараа дараагийн ажилд нэмэр, дэм болно. Харин энгийн үзэгч “Энэ киноны хөгжим нь гоё болсон байна” гэвэл уран бүтээлч онгирохоос цаашгүй шүү дээ. Өнөөдрийн кинонууд шүүмжгүйгээр явж байгаа. Уран бүтээлчид нь заал дүүрэн оюутнууд авчраад 10 хоног тасралтгүй ажилласнаа “Сайн кино хийлээ” гэж боддог. Ганц үздэг зүйл нь “Академи авардс” байдаг. Хүмүүс “Цогтбаяр зохион байгууллаа” гээд хүнийг нь шүүмжлээд байдаг болохоос шүүгчдийн бүрэлдэхүүнд байх ёстой хүмүүс л ажилладаг. Тухайлбал, сүүлийн таван жилийнхэд найруулагч Б.Балжинням гуай байсан. “Академи авардс”-д Монголд хийж байгаа бүх киног оруулбал өөр хэрэг. Гэтэл нэрээ өгч байгааг нь шүүмжлэгч, судлаачид үздэг болохоос жилд гарч байгаа 45 киног энэ шүүлтүүрээр оруулбал бас л өөр зүйлийн талаар ярих байх.

 

-Сүүлийн үеийн уран бүтээлчид чанаргүй кино хийж байгаа нь юутай холбоотой вэ. Бүгд ашиг харж кино хийгээд байна уу?

 

-Олон зүйлээс шалтгаалж байна. Хамгийн түрүүнд яах гэж кино хийсэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Кино хийхийн тулд л хийсэн гэвэл худлаа зүйл болно. Хүмүүс амьдрахын тулд л кино хийж байж таарна. Кино найруулагч, зураглаачийн мэргэжил эзэмшсэн хүн ажилд оръё гэхээр орон тоо байхгүй, ажил олддоггүй. Кино хийхийн тулд хүмүүс юу үзэхийг хүсч байгааг мэдсэн байх шаардлагатай. Секс, байлдаан, хошин шог, зөгнөл эдгээр сэдэвт л эргэлддэг. Үүнээс нэгийг нь барьж аваад кино хийж, ашиг олохыг хүсдэг. Одоо бол ерөнхийдөө ийм маягаар л явж байна. Яах аргагүй киноны уран бүтээлчид хүн төрөлхтний асуудал, хүний мөн чанар, амьдралын үнэн худлын тухай сэдэвтэй кино хийхийг хүсдэг. Өнөөдөр ийм сэдэвтэй кино үзэх үзэгчид бий. Гэтэл өнөөдрийн кино үзэж байгаа үзэгч дунд тэр хэсэг нь бага байна.

 

-Энэ байдал цаашид үргэлжилсээр байх уу. Бусад орон яаж, ямар кино хийхээ мэдээд байдаг юм бэ?

 

-Зах зээлийн нийгэм нэлээд төлөвшсөн улсын кино урлаг нь голдиролдоо орчихдог. Өөрөөр хэлбэл, тэнд урлаг тал руу хийсэн бүтээл, ашгийн төлөө бүтээсэн кино хоёулангийнх нь систем бүрдсэн байдаг. Манайх тэдний хэмжээнд хүрэх болоогүй байна. Түүнээс өмнө үндэсний үйлдвэрлэлтэй болох хэрэгтэй. Урлагийн бүтээлд мөнгө зарах хэмжээний хуримтлал үүсгэсэн байх шаардлагатай. Тэр цагт л киноны тухай ярьж эхлэх байх. Ийм үед киноны туйлын болон нийгэмлэг зорилгын талаар ярихад эрт байна. Гэхдээ сайн кино хийхийн тулд эрсдэл гаргаж байгаа хүмүүс бий.

 

-Тухайлбал, хэн тийм кино бүтээж байна вэ?

 

-“Хувьсал” продакшны “Атганд үлдсэн эрдэнэ” байна. Энэ кинонд хүний амьдралын мөн чанар, зовлонгийн тухай гардаг. Жишээлбэл, нэг айлд хүү төрөхгүй байхад ямар ертөнцийг бий болгосон байна. Хүний шаналал, тарчлаан, зовлон гээд сэдвийн хувьд тэр болгон хөндөөд байдаггүй. Гэхдээ л амьдралд байдаг л зүйл. Энэ бүтээлд хөнгөн зугаа, алиа марзаганал байгаагүй. Мөн Нагнаадорж гуайн хийсэн дайны үеийн эмэгтэй сувилагчийн тухай кино гарсан. Гэтэл энэ киног залуучууд үзэхгүй байна. Кино урлагийг үзэгчгүй болгосон зүйл бол хошин шог. Сүүлийн 20 гаруй жил нийт үзэгчдийн оюун санааны хэрэглээг энэ салбар нөхсөн. Тайз, дэлгэцийн бүх бүтээл эхлэхэд инээхэд бэлэн үзэгчийг бий болгочихсон байгаа юм. Хошин урлаг сайн хөгжсөн ч өрөөл бусдад саад болчихсон байна. Бүр хавдар шиг үсэрхийлээд хошин шогийн жүжигчид кино урлагт ороод ирсэн. Мэдээж энэ сайн, муу хоёр талтай. Ямар ч байсан урлаг гэдэг зүйл байгаа нь сайн. Гэвч хүн, ертөнцийн агуу гоо сайхныг бүгдийг хошин урлагийн хэлээр ойлгуулах гэж оролдож болохгүй.

 

-Та хамгийн сүүлд ямар кино үзсэн бэ?

 

-Б.Чингүүний “Аз жаргал”, Б.Тулгаа найруулагчийн “Өвлийн тууж” киног үзсэн. Ер нь өнгөрсөн онд гарсан бүх киног үзсэн.

 

-Ингэж асуусны учир нь сүүлийн үеийн кинонд мэргэжлийн бус олны танил эрхмүүдээр дүр бүтээлгэж үзэгчдийг татдаг болжээ. Энэ нь эргээд киноны чанарт нөлөөлөөд байгаа юм болов уу гэсэн хардлага байна?

 

-Олны танил, аль хэдийнэ нэрд гарсан хүмүүсийг бүтээлдээ тоглуулах нь хүлээлт үүсгэдэг учраас энэ хэмжээгээр орлого олдог. Манайд ч гэсэн үзэгчдийн дунд хүлээлт үүсгэдэг жүжигчид байдаг гэж боддог. Үүнээс гадна мэргэжлийн бус хүмүүсийг кинондоо тоглуулж үзэгчдийг татах гэсэн оролдлого дэлхийд ч байдаг. Гэтэл кино сэтгэлийн урлаг учраас тийм хүмүүсийг тоглуулснаар урлагаа гутамшиг болгочихоод байгаа юм. Үүнийг би сохроор туршиж байгаа аз гэж боддог. Найруулагчид ч энэ аргыг туршаад амжилт олохгүй гэдгийг ойлгосон байх.

 

-Шинээр гарсан, гарч байгаа кинонуудаас сайн руу дөхсөнийг нь нэрлэвэл хэний бүтээлийг хэлэх вэ?

 

-Авлига, хээл хахууль, шударга бус нийгэмтэй холбоотой хоёр, гурван кино гарсан. Тухайлбал, “Ар хударга”. Энэ киноны уран бүтээлчид нийгмийнхээ хамгийн сүүдэртэй, тулгамдаад байгаа хэсгийг барьж авч бүтээл хийж чадаж байна. Дэвшүүлсэн асуудлынхаа хувьд сайн кинонд орно. Адал явдалтай жанрын хувьд “Маш нууц” киног хэлнэ. Дээр үед болсон үйл явдалд тулгуурлаад адал явдал болгож, сонирхолтой бүтээсэн кино. Хүмүүсийн эмгэнэлийн тухай гэвэл “Атганд үлдсэн эрдэнэ”-ийг нэрлэнэ. Гэхдээ эдгээр бүтээлд хийсэн сайн шүүмж одоо хүртэл гараагүй байна. Манайд шүүмж бичих хүн олон бий. Жишээлбэл, түүхийн ухааны доктор нэг кино үзээд шүүмжилж болно шүү дээ. Түүхэн талаасаа энэ кино ямар бүтээл болсон бэ гэдгийг шүүмжлэх хэрэгтэй. Болсон үйл явдлыг уран сайхны аргаар илэрхийлэхдээ хэтрүүлсэн болон дутаасан байдлын талаар бичиж болно. Мөн ахуй байдлыг дүрслэхдээ ёс зүй, гоо зүйн талаас нь гэхээсээ илүү өмсч байгаа дээл хувцас, хоорондын харилцаа гээд харах зүйл олон бий. Ер нь дээр үед шүүмж судлал байсан учраас киног нийгмээрээ хянаж чаддаг байж. Үзэгч, нарийн мэргэжлийн хүмүүсийн хяналтаас гадна бодлого барьж байгаа төрөөс хянадаг байсан . Ингэж хэлэхээр “Ямар кино бүтээхийг төр яагаад хянадаг юм бэ” гэж асуух байх. Гарч байгаа бүтээл улс орноо хөгжүүлье гэсэн чин зорилгод нийцсэн эсэхийг хянаж болно. Жишээлбэл, нэг кинонд ойрад хүн буриадтай маргалдаж, хагарал дайсагналын тухай үзүүлсэн байвал улс үндэстний эсрэг бүтээл болно. Дайсан нь манай тал, манай тал дайсан болчихсон агуулгатай кино мэр сэр гарсан шүү дээ. Ийм л зүйлд түүхч хүний оролцоо, шүүмж хэрэгтэй гэж боддог.

 

-Тааруухан кино зохиол дэлгэцийн урлагийн нэр хүндийг унагадаг. Тэгээд ч хүссэн хүн болгон киноны зохиол бичиж чадахгүй шүү дээ. Кино ямар утга агуулгатай, юу хэлэх гээд байгаа нь мэдэгдэхгүй байсаар хайран цагийг үр дүнгүй дэлгэц ширтэж өнгөрөөх тохиолдол ч гардаг?

 

-Кино уран бүтээл туурвих эрх хэнд ч бий. Энэ манай нийгмийн дэвшилттэй тал юм. Гэхдээ энэ бол нарийн, мэргэжлийн хөдөлмөр. Зохиолч хүнийг сургуулиар бэлтгэхгүй. Энэ нь амьдралд ирдэг, төрдөг хүмүүс шүү дээ. Зохиолч боловсрол, мэдлэгээрээ зохиол бичиж болно. Гэтэл энэ хүмүүсийн чадахгүй байгаа зүйлийг хийгээд авьяасаараа биднээс илүүг харж байдаг. Энэ хүмүүс яаж зөрчилдүүлж бичвэл сонирхолтой байхыг мэддэг учраас ийм төрмөл авьяастай хүмүүс оролцож байж кино сайн болдог. Өмнө нь киноны зохиол бичдэг хүнээр л бичүүлдэг байсан. Одоо сайн зураг авч явах хүн кино зохиол бичиж байгаа харагдаад байна. Гэхдээ яахав дээ, өөрөө мөнгөө олоод киногоо хийж байгаа хойно хожим л яг юу хийх ёстойгоо тэр хүн ойлгох байх. Бөөнөөрөө тойрч сууж байгаад зохиол бичдэг кино багийнхан байдаг. Яагаад гэвэл, орчин үеийн кинонд үйл явдал голлож байгаа учраас сонирхолтой байлгахаар ярилцаж байгаад хийчихдэг тал бий.

 

-Кино зохиолгүйгээр кино хийдэг гэх юм?

 

-Хүмүүс амьдрах, мөнгөтэй болох хэрэгтэй. Тиймээс эдгээрийг үгүйсгээд яах юм бэ. Аяндаа амьдрал цагийн аясаар шүүгээд гараад ирнэ. Бид дэлхийн кино зах зээлд гарах ёстой, Монголын киночид хөгжих ёстой гэж ярьдаг. Энэ бидний ярих ёстой зүйл мөн. Тэр цагт киноны зургийг ямар камераар авч, хэдэн төгрөгөөр хийсэн нь хамаагүй.

 

-Хэдийгээр орчин үеийн кино театртай болж, сайн технологийг эзэмшсэн ч шаардлага хангахгүй уран бүтээл хийсээр байна. Тэгэхээр хэзээ бид дэлхийн шаардлагад нийцсэн кино бүтээлийг хийх юм бол?

 

-Манайхан киноныхоо хуулийг хүлээж байна. Дээр дурдсан зүйлийг хуульд тусгаснаар стандарттай болж жигдэрнэ. Одоо хууль байхгүй учраас кино заалны техник үзүүлэлтийн хэмжээнд байвал болно гэж бодоод байна. Яваандаа дэлхийн хэмжээний нэгдмэл стандартаар хийх юм бол одоо байгаа олон жижиг продакшн нийлээд дундаасаа мөнгө босгоод нэг том кино хийж хуваан авах арга зам руу орох байх.

 

-Нэгдэнэ гэснээс одоо уран бүтээл хийж байгаа найруулагчид хамтраад яагаад Солонгос шиг Монголын соёл ёс заншлыг сурталчилсан бүтээл хийж болохгүй гэж. Уран бүтээлээрээ дамжуулан Монголын брэнд болсон, Чингис хаанаа сурталчилсан бүтээл хийж дэлхийн зах зээлд гаргаж аялал жуулчлалаа хөгжүүлэх боломжтой шүү дээ?

 

-Төр нь чиглүүлж өгөх хэрэгтэй. Кино урлагаараа улсаа сурталчилж байгаа нь Солонгосын соёлын менежмент. Солонгос соёл, хөгжлийг мэдсэн хүмүүс Самсунгийг худалдаж авч байна. Соёлоор дамжуулан улсынхаа зах зээлийг тэлэх ажлыг хийж байгаа юм. Тэд супер, мега хүчирхэг болж чаддаггүй юм аа гэхэд өндөр хөгжилтэй орны тоонд явдаг. Манайх тэдний дэргэд хүн ам цөөхөн байна. Үнэхээр урлагаар дамжуулан соёлоо сурталчлахаар бол дэлхийн хэмжээний томоохон бүтээл хийх хэрэгтэй. Үүний тулд уран бүтээлчид нэгдэх хэрэгтэй болно. 10-20 продакшн нэгдэж байж даацтай бүтээл хийнэ. Дээр нь Монгол Улс киноны хуультай болсон цагт энэ бүхнийг зохицуулах арга зам нээгдэнэ. Эрх зүйн зохицуулалт байхгүй урсгалаараа явж байгаа зүйл бол Монголын кино урлаг. Тиймээс Монгол Улс киноны хуультай болох хэрэгтэй байна. Дэлхий дээр хуульгүй кино хийдэг хамгийн сүүлчийн бөгөөд цор ганц улс баймааргүй байна. Киноны хуультай болбол кино урлаг зөв голдиролдоо орж, үүнийг дагаад шүүмжлэгчид гарч ирнэ. Шүүмж судлалын нэг талбай нь сонин, сэтгүүл байдаг. Тиймээс манайх дэлгэцийн урлагт зориулсан тогтмол хэвлэгддэг сэтгүүл, сонинтой болох хэрэгтэй. Энэ нь шүүмж судалгааны төв болох учиртай юм.

 

-Бид дахин давтагдашгүй зүйлээ тодорхойлж байж цааш алхана. Монгол киноны дахин давтагдашгүй чанар таны бодлоор юу вэ?

 

-Улсын хэмжээний бүтээл дахин давтагдашгүй чанартай гарч байсан. Энэ үед захиалагч, менежер нь Монгол Улс байсан. Улсын захиалга учраас хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, найруулагч Д.Жигжид, зураглаач Л.Шаравдорж, гол дүрд Н.Сувд, зохиолч С.Дашдооров, Л.Ванган, Ч.Лодойдамба, редактор нь С.Оюун гээд мундаг уран бүтээлчид нэгдэж хийсэн болохоор давтагдашгүй чанар энд л байгаа юм. Барилга байгууламжтай зүйрлэвэл ийм байшин амархан нурдаггүй. Харин зураг төсөлгүй буюу бидний зүйрлэж яриад байгаа киноны хуульгүй байвал амархан нурах эрсдэлтэй.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (202.179.29.108)

    2017-01-17

    Хошин шогийнхны хийсэн киноны нэрийг нь сонсоод л үзэх сонирхолгүй болдог. Дан болж бүтэхгүй, хар бараан сэдэвтэй кино хийдэг. Гэгээлэг сэдэвтэй кино үгүйлэгддэг .

  • (139.5.217.76)

    2017-01-17

    ЗӨВ ШҮҮ

  • zochin (139.5.216.70)

    2017-01-17

    ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮНИЙГ ЯГ ЯАДАГ ХҮН ЮМ ГЭЭД ХҮМҮҮС АСУУГААД БАЙХИЙН. БИ ЭНЭ ХҮНТЭЙ НЭГ БАЙРАНД АМЬДАРДАГ БАЙСАН ЮМ. ҮНЭХЭЭР ӨМНӨӨС НЬ ИЧМЭЭР БАЛМАД, МУНХАГ, ГАЖ ДОНТОЙ ХҮН БИЙ. 2000 ОНЫ ҮЕД ЭНЭ ХҮН БАЙРНЫХАА ЖООХОН ХӨВГҮҮНИЙГ ТАТАЖ ЧАНГААГААДВ ТЭРЭНДЭЭ БАНТААД НӨГӨӨ МУУ БАНДИЙГ БААХАН АЙЛГАЖ ШОГЛОСОН. ОДОО ЭНЭ ХҮН ЗАМЫН ЦАГДААГИЙН УРД ТАЛЫН НАРХАН ХОТХОНД АМЬДАРЧ БАЙГАА Ч БАС Л ЗҮГЭЭР БАЙЖ ЧАДАХГҮЙ ЭНЭ ХАВИЙН ЖООХОН ХӨВГҮҮДИЙГ ТАТАЖ ЧАНГААДАГ ГЭСЭН ШҮҮ

  • (122.201.31.201)

    2017-01-17

    Хошин шог үзэхээр үнэхээр хайран цаг санагддаг дэндүү бүдүүлэг харилцааг нийгэмд сурталчилдаг оюуны ядуурлын тод жишээ мөн.

  • (66.181.190.150)

    2017-01-17

    Хошин урлагийнхныг одоо харахаар уур хүрээд байдаг болсон. Гажиг гэх галзуу, марзан гэх маанаг доошоо орсон урлаг. Хааяа байж болох ч дандаа гэвэл галзуурна. Ийм л сэтгэлгээтэй Ерөнхийлөгч Элбэгдорж өнгөрсөн 8 жилд 10 шахам хошин шогчинд гавьяат цол олгосон байх юм. Үүнийг оюуны ядуурал гэхгүй өөр юу гэхэв. Ядуу сэтгэлгээтэй Элбэгдорж энэ бүхэнд хамаатай биш үү.